хэвлэх

цонхыг хаах


УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА: “СОНГУУЛИЙН МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГААНД
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ”

 Уулзалтын тэмдэглэл

 Уулзалт ярилцлагыг нээж МННХ-гийн Гүйцэтгэх захирал Стефэн Д.Вэнс үг хэлж Нээлттэй Нийгэм Форумын үталаар товч танилцуулав. Тэрбээр хэлэхдээ, Нээлттэй Нийгэм Форум үйл ажилллагаа ньө Монгол Улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн салбарт тулгамдаж буй аливаа асуудлуудын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх үйл ажиллагаанд иргэдийг татан оролцуулахад дэмжлэг үзүүлэх механизмыг бүрдүүлэх, түүнчлэн  бодлогын чанартай судалгаа, дүн шинжилгээг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой болохыг онцоллоо. Нээлттэй Нийгэм Форумын хүрээнд сар бүр чөлөөт ярилцлага, уулзалтуудыг зохион байгуулж байгаагийн нэг нь өнөөдрийн энэ уулзалт юм. Энэ уулзалт ярилцлагад Та бүхнийг тавтай морилж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүсч байна. Дараа дараагийн уулзалтад ч оролцоно гэж найдаж байна гэлээ.  

 Уулзалт ярилцлагыг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат хөтлөн явууллаа.

 П.Очирбат:
Өнөөдрийн уулзалт ярилцлага нь “Сонгуулийн сурталчилгаанд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг” сэдэвтэй бөгөөд гол зорилго нь сонгуулийн кампанийг үнэн зөв, тэнцвэртэй, шударга мэдээлэх, сурталчлахад тулгамдсан ямар асуудал байна вэ, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар тогтож ярилцах юм. Дотоод журмын хувьд бид гурван илтгэл сонсоод дараа нь чөлөөт хэлэлцүүлэг эхэлнэ. Ингээд илтгэлээ сонсъё.

“2000” оны УИХ-ын сонгуулийн мэдээлэл, сурталчилгаанд хийсэн мониторингийн танилцуулга” сэдэвт илтгэлийг Монголын хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн багш, хүүхдийн зохиолч Д.Батжаргал, “Сонгуулийн кампанит ажлыг мэдээлэхэд хэвлэл мэдээллийн гаргадаг алдаа, тулгардаг бэрхшээл” сэдэвт илтгэлийг “Зориг” сангийн зөвлөх, анхны чөлөөт хэвлэл “Шинэ толь” сонины эрхлэгч  С.Баяраа, “2004 оны УИХ-ын сонгууль: хэвлэл мэдээллийн тулгамдсан асуудлууд” сэдвээр “Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тойм” сэтгүүлийн эрхлэгч Д.Цэрэнжав  нар тус тус илтгэл тавьлаа. /Илтгэлүүдийг энэ сэдвээс үзнэ үү./

П.Очирбат: Хэлэлцүүлгийг хүрээнд:
1. Сонгуулийг тэнцвэртэй, үнэн зөв, шударга мэдээлэхэд сэтгүүлчдэд юу саад болж байна?
2. Сонгуулийн төлбөртэй сурталчилгаанд ямар нэгэн шаардлага тавигдах ёстой юу?
3. Нийгмийн эрх ашигт илүү сайн үйлчлэхийн тулд ХМХ хамтран юу хийж болох вэ?  гурван сэдвээр  ярилцаж санал солилцъё.

Р.Бурмаа /Сонгогчдын боловсрол төвийн захирал, СЕХ-ны гишүүн/:
10 дугаар сарын 24-нд батлагдсан Хүний эрхийн үндэсний хөтөлбөрт улс төрийн эрхтэй холбоотой зарим асуудлыг тодорхой тусгасан. Тухайлбал, сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэж заасан. Тэгвэл ирэх зургадугаар сард сонгууль болно гэж бодвол нэгдүгээр сараас өмнө Сонгуулийн хууль батлагдсан байх ёстой. Өөрчлөлт оруулна гэдгийг УИХ-ын гишүүд, дэд дарга, Байнгын хорооны дарга нар удаа дараа сониноор мэдээлсэн байгаа. Сонгуулийн хуулийн төсөл өнөөдөр олон нийтэд ил тод гарчихсан, үүний дагуу хэвлэл мэдээллийнхэн саналаа хэлээд хэлэлцүүлэг хийж байх ёстой байтал харамсалтай нь одоо болтол алга байна шүү дээ. Ажлын хэсэгт хэн орсон нь ч хүртэл тодорхой биш байна. Газар хувьчлалын хуулийг зөвхөн УИХ-ын гишүүдэд тараагаад  долоо хоногийн дотор Наадмын өмнө баталчихсан шиг Шинэ жилийн баярын уур амьсгалын үед мөн л долоохон хоногийн дотор батлагдчихвий хэмээн санаа зовж байна. Өнөөдөр энд Сонгуультай холбоотой асуудал хэлэлцэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс ахиухан хүн ирэх болов уу гэж харсан боловч цөөн харагдаж байна.

Хүний эрхийн үндэсний хөтөлбөрөөс гадна есдүгээр сард болсон Олон улсын бага хурлаас гаргасан баримт бичгүүдэд сонгуулийн асуудал нэлээн тусгагдсан. Энд Сонгуулийн хуулийг хэлэлцэхийн өмнө олон нийтийн хэлэлцүүлэг явуулж саналыг нь сонссон байх ёстой гэсэн байсан. Хурал болоод л деклараци батлаад өнгөрдөг юм биш, харин хуралд оролцсон Засгийн газар, байгууллагууд үүрэг хүлээж байна гэсэн  үг. Тэр тусмаа дараагийн хурал болтол энэ үйл ажиллагааг хариуцаж хийнэ гэдэг утгаараа Монгол Улс бүр илүү үүрэг хариуцлага хүлээж байх ёстой. Тийм учраас Монгол Улсын Засгийн газар үүргээ биелүүлэхийн тулд, тухайлбал, Сонгуулийн хуулиар нээлттэй хэлэлцүүлэг хийж олон нийтийн саналыг авсан байх ёстой юм. Хамгийн их ашиг сонирхлын зөрчилтэй хууль л даа. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр улс төрчид өөрөө өөрсдийгээ хэрхэн яаж дахин сонгогдох вэ гэдэг үүднээс уг хуульд хандах ёстой бус, харин ард түмэн төрөө барих эрх олгодог хууль учраас сонгогчдын эрх ашгийг хамгаалсан хууль байх ёстой. Тэгэхээр өнөөдөр энд хэвлэл мэдээллийнхэн ирчихсэн байгаа учраас уг асуудлаар өргөн хэлэлцүүлэг зохион байгуулаач гэж хүсмээр байна. Улс төрчид, ялангуяа хэт олонх байгаа улс төрийн нам, хүчнүүд өөртөө ашигтай байдлаар хууль гаргах ёсгүй. Өмнө иймэрхүү үйл ажиллагаа явагдаж байсан.

Сонгуулийн сурталчилгаатай холбогдуулаад хэлэхэд манайд хэвлэл мэдээллийн зохицуулалт хангалтгүй байдаг. Тухайлбал, Монголын үндэсний радио, телевизээр нэвтрүүлэх төлбөртэй нэвтрүүлгүүд адил тэгш боловч нөхцөлийг тодорхой зааж өгөөгүй байдаг. Жишээлбэл, 18 цагаас нэвтрүүлэх үү, 20 цагаас нэвтрүүлэх үү гэдэг нь хоёр өөр асуудал л даа. 18 цагаас явуулсан нэвтрүүлгийг ажлаа дөнгөж тарж буй хүмүүс үзэж амжихгүй, хөдөө орон нутагт бол 20 цагаас цахилгаан өгдөг тул мөн л үзэж чадахгүй. Харин 20 цагийн нэвтрүүлгийг олон хүн үзэх боломжтой байдаг. Иймэрхүү нөхцөл байдлыг бас шүүх хэрэгтэй болдог.

Төлбөртэй нэвтрүүлгийн хувьд дагнасан байж болохгүй гэдэг заалтаас үндэслээд зарим  нэр дэвшигчдийн талаар бага зэрэг оруулчихаад, нэг нам, эсхүл нэг нэр дэвшигчийн түлхүү сурталчлах боломжтой байгаа юм. Тэгэхээр бусад улсад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр төлбөртэй ч бай, төлбөргүй ч бай цаг хугацаа, нөхцөл нь бүх улс төрийн нам, хүчин, нэр дэвшигчдэд тэнцүү байх ёстой гэсэн шалгуурыг тавьдаг юм байна. Яагаад вэ гэхээр, хэдийгээр хувийнх ч , бусад олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ч гэсэн бүгд агаарын орон зайг эзэмшиж , агаарын долгионыг ашиглаж байгаа гэдгээрээ ийм үүрэг хүлээдэг байна. Хэчнээн хувийн хөрөнгөөр радио, телевизийг ажиллуулж байгаа ч гэсэн нийтийн агаарын орон зайг ашиглаж байгаа тул дээрх үүргийг хүлээдэг. Оросын Төрийн Думын сонгууль  болох гэж байна. Тэдний телевизийн нэвтрүүлгийн хуваарийг долоо хоногоор харвал сонгуулийн өдрүүдэд манайх шиг сонгуулийн сурталчилгааг бүтэн нэвтрүүлж буй зүйл ерөөсөө харагдахгүй байна. Телевизийн нэг суваг гэхэд өдөрт хоёр удаа ч юм уу нэвтрүүлж байж бүгдэд нь ижил тэгш боломжуудыг өгсөн байгаа. Үүнийг харьцуулж болно. Жилийн өмнө батлагдсан Оросын сонгуулийн хуульд дээрх зүйлийг сайн зааж өгчээ. Тухайлбал, 60.11-т зааснаар шодож дарааллыг тогтоож байна. Энэ нь тэгш байдлыг бий болгож байна шүү дээ. Манайх шиг Дээд Шүүхэд бүртгүүлснээрээ нэгдүгээрт бичигдэнэ гэсэн давуу эрхийг эдэлдэггүй. Саналын хуудас дээр тавигдах дараалал, тэр байтугай телевиз, радиогийн нэвтрүүлэгт орох дарааллаа хүртэл шодож тогтоодог юм байна.

Манай Сонгуулийн хуульд тэгш эрх гэдэг үг байдаггүй. Тиймээс л заавал тэгш байх шаардлагыг тавихгүй гээд байна. Нөгөө талаар тэгш эрх гэдгийгээ сонгогчиддоо хамааруулж хэлээд байдаг. Тэгш эрх гэдэг маань өөрөө нэр дэвшигчдэд, улс төрийн нам, хүчнүүдэд адил тэгш байх гэсэн утгатай. Тийм учраас эрх барьж буй хүчний мэдэлд байгаа радио, телевиз түүнд давуу үйлчлэх ёсгүй. Энэ бүхэн хууль дүрэмд сайн зохицуулагдсан байх хэрэгтэй. Манай Сонгуулийн хуульд байхгүй ч гэсэн Үндсэн хуулийн 1.1-д Монгол Улсын төрийн тулгуур бол тэгш эрхийн зарчим байдаг гээд тодорхой заачихсан байдаг. Иймээс Сонгуулийн хуульд байхгүй ч  Үндсэн хуулийнхаа заалтаар энэ тэгш эрхийг хангаж өгөх ёстой. Ингэж хангаж өгөхийн тулд хуульд тодорхой заалтууд байх ёстой юм. Үүнийг хангаж чадаж байгаа эсэхэд хяналт тавьдаг бие даасан, сонгуульд оролцож буй улс төрийн нам, хүчнүүдийн төлөөлөл бүхий олон нийтийн мэдээллийн хэрэгслийн зөвлөл гэж ажиллавал зүгээр. Энэ талаар 2000 оны сонгуульд Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгээс хийсэн ажиглалтын зөвлөмжид байдаг.

Энэ мэтчилэн хуульд оруулах нэлээд олон зүйлбайна.  Дээрх асуудлаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг явуулж сонгуулийн хуулийг ирэх сард батлах гээд байгаа УИХ-ын үйл явцад нөлөөлөх үйл ажиллагаа явуулахыг хэвлэл мэдээллийнхэн Та бүхэнд дахин уриалъя.

Ц.Ганболд /УИХ дахь цөөнхийн хэвлэлийн төлөөлөгч/:
2000 оны УИХ-ын сонгууль явагдаж байсан тэр байдал өнөөдөр яг хэвээрээ байна. Өөрөөр хэлбэл 2000 оны УИХ-ын сонгуульд манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улс төрийн ба эдийн засгийн бүлэглэлээс бүрэн хараат байсан, өнөөдөр ч энэ байдал хэвээр байна. Бид энд цуглаад дээрх байдлыг өөрчилж чадах уу гэвэл би хувьдаа эргэлзэж байна. Магадгүй үнэхээр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг долоо хоногийн дотор оруулж батлуулсан шиг гэнэт  Монголын радио, телевизийг олон нийтийн болгох алхам хийж болох юм. Гэсэн ч тэр нь нэг талаас байдал эрх баригчдын хяналтад байх болов уу гэдгээс эмээж байна. Манай хэвлэл мэдээллийн хэрэгсэл эрх баригчдаас, тодорхой улс төрчдөөс бүрэн хараат байдалд байсан, одоо ч хэвээр байна. Нөгөө талаас манай хэвлэл мэдээллийн байгууллагууд бизнесийн байгууллагууд болон хувирсныг тооцох ёстой. Нэг үгээр хэлбэл, түрүүн Д.Батжаргал хэлж байсан, 4 жилд нэг удаа болдог сонгууль үнэхээр хэвлэлийнхний хэдэн төгрөг олох алтан боломж. Энэ боломжийг нэгэнт л бизнес эрхэлж байгаа юм бол хэвлэл мэдээллийн байгууллагууд ашиглахыг хичээх болно. Эсхүл далдаас удирдаж байгаа улс төрийн хүчин, хүмүүсээс хараат, эсхүл тухайн бизнесийн байгууллагыг удирдаж байгаа /би хэвлэл мэдээллийн байгууллагыг бизнесийн байгууллага хэмээн энэ тохиолдолд нэрлэж байна/ энэ байдлаас мэдээлэл хараат явах тул сонгуулийг үнэн зөв, шударга мэдээлэх тухай асуудал хүнд. Угаасаа ч үнэн зөв, шударга гэдэг бол өөрөө харьцангуй, аль өнцөгөөс харахаас шалтгаална. Иймээс энд зөвхөн сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйд найдахаас бус, манай хэвлэл мэдээллийн өнөөгийн нөхцөлд үнэн зөв, шударга мэдээллийн тухай мөрөөдөж болох боловч ярихад түвэгтэй.

Миний ач холбогдол өгч  буй нөгөө нэг гол санаа бол тэнцвэртэй байлгаж чадах уу? Жишээлбэл, өнөөдөр Хууль зүйн яаманд бүртгэлтэй 1000 гаруй сонин байгаа. Үүнээс, магадгүй 40-50 нь л гарч байгаа байх. 40-50 сонины нийтлэлд бид нэр дэвшигчид, намуудын ухуулга сурталчилгааг тэнцвэртэй явуулж чадах уу? 2000 оны сонгуулийн байдлаас харахад огт чадаагүй. Ерөнхий сайдын гэргийгээр толгойлуулсан “Чөлөөт хэвлэлийг дэмжих сан” гэж хүртэл байгуулагдсан шүү дээ. Нэгэнт бизнесийн зарчмаар явж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагууд нэр дэвшигчийн сурталчилгааг тэнцвэртэй явуулж байгаа эсэхэд хэн хяналт тавьж чадах вэ гэдэг асуултыг би тавьмаар байна. Миний бодлоор бол Монгол Улсын Ерөнхийлөгч ч чадахгүй, төрийн байгууллагууд ч чадахгүй. Магадгүй, сонгуулийн сурталчилгааг тэнцвэртэй явуулж байгаа эсэхэд нөлөөлж чадахуйц цорын ганц байгууллага бол Сонгуулийн ерөнхий хороо болоод тойрог, хэсгийн хороод юм. Сонгуулийн ерөнхий хороо болоод тойрог, хэсгийн хороодод ихэвчлэн төрийн байгууллагад ажиллаж байсан, нам эвслийн төлөөлөлтэй хүмүүс ажилладаг. Тиймээс, бид үнэхээр энэ сурталчилгааг тэнцвэртэй явуулъя, сонгуулийн хороодын зүгээс нөлөөлөх ямар нэгэн механизмыг бий болгоё гэвэл сонгуулийн хороодыг нам бусчууд, иргэдээс бүрдүүлэх тал дээр нөлөөлөх тухай л бодох ёстой юм болов уу.

Үнэн зөв, шударга мэдээлэх энэ мөрөөдлийн цэгт хүрье гэж үнэхээр бодож байгаа бол бие даасан эрэн сурвалжлах сэтгүүлчдийн клуб ажиллуулаад, нэр дэвшигчдийн амлалт, тухайн УИХ-ын гишүүд амлалтаа хэрхэн биелүүлсэн талаар нийгмийн эрх ашгийн үүднээс нэр дэвшигчдэд шалгуур тавьж, хөндлөнгөөс ажигласан эрэн сурвалжлах шинжтэй нийтлэл, нэвтрүүлгүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тавих замаар сонгуулийн сурталчилгааны явцад нөлөөлөх нэг бололцоо байж болох юм гэж бодож байна. Энд редакциуд хамтраад ч юм уу, эсхүл Олон улсын байгууллагуудын, тухайлбал Соросын сангийн дэмжлэгтэйгээр байгуулагдаж болох юм.

Ж.ЗанааCEDAW Watch” ТТБ, Олон улсын иргэний нийгмийн чуулга уулзалтыг зохион байгуулах түр ажлын албаны зохицуулагч/:
Есдүгээр сард болсон Олон улсын иргэний нийгмийн чуулга уулзалтаар ардчилсан нийгэм дэх иргэдийн оролцооны талаар маш чухал асуудлуудыг хөндөж ярьсан. Уг асуудлыг мөн Засгийн газрын байгууллагуудын хурлаар ярьсан тухай Р.Бурмаа хэллээ.

 Сонгуулийн асуудал бол иргэдийн хувьд ч, улс төрийн намын хувьд ч маш том улс төр юм гэдгийг иргэдэд ойлгуулах ёстой. Сая улс төрийн намуудын сурталчилгааны асуудлыг нэлээн хөндөж ярилаа, одоо иргэний нийгмийн талаас яръя.  Иргэдийн хүсэл эрмэлзлэл, хүсээд байгаа зүйлийг нь яаж илүү сурталчлах вэ гэдэг асуудал дээр анхаарах ёстой юм. Хэвлэл мэдээллийнхний энэ үйл ажиллагаанд туслах нэг гарц ирж байна л даа. Энэ нь Олон улсын иргэний нийгмийн чуулга уулзалтыг зохион байгуулах явцад Монголын ардчиллыг дэмжих бүлэг гэж байгуулсан. Уг бүлгийн бүрэлдэхүүнд сэтгүүлчид, улс төрчид, судлаачид гэсэн янз бүрийн хүмүүс бий. Үйл ажиллагааны зорилго нь Монголын ардчиллыг ажиглах, иргэний нийгмийн индексийг боловсруулах явдал. Манай байгууллага дэлхийн 18 орны ийм индексийг боловсруулсан, мөн 100-гаад оронтой түншлэлийн харьцаатай CIVICUS гэж байгууллагын Монгол дахь түнш. Монголын ардчиллыг дэмжих бүлгээс гадна Иргэний сэтгүүл зүйн холбоо байгуулагдсан. Энэ холбоо нь эгнээндээ 140-өөд сэтгүүлчдийг багтаадаг, зөвхөн сэтгүүлчдээс бүрдсэн. Иргэний эрх ашгийг хөндсөн аливаа асуудлаар хамтран үйл ажиллагаа явуулж, төр засгийн сонорт хүргэх, тэдний анхаарлыг татаж байх гэсэн ерөнхий зорилготой. Бид үйл ажиллагааныхаа хүрээнд Сэтгүүл зүйн холбооны хүмүүстэй нэлээн ойр дотно ажиллах ёстой юм болов уу гэж бодож байна. Орон нутгийн өөрөө удирдах ёсны асуудал, иргэний нийгмийн индексийн асуудал, ардчилал, иргэний нийгэм, шударга ёсны асуудлаар нэлээн том том үйл ажиллагаа явуулахаар хөтөлбөртөө оруулсан байгаа.

Шударга үнэнийг бий болгох нь тийм ч хялбар бус юм. УИХ-ын ёс зүйн асуудлаарх хуралдаан дээр Алтай сонгуулийн хуулийг өөрчилнө гэж хэлж байсан. Гэхдээ өөрчлөхдөө сонгогчдыг худалдаж авахаас сэргийлэх зорилгын үүднээс тойргийг томсгох байх гэж итгэлтэйгээр хэлж байсан. 20000 сонгогчтой тойргийг 50 болгох юм уу? Гэтэл Үндсэн хуулиар 76 тойрог байх ёстой байдаг. Яаж томсгох гэж байгаа юм? Миний бодлоор сонгогчдыг худалдаж авахаас сэргийлж сонгуулийн тойргийг томсгох гэж байгаа бол Үндсэн хуулиа зөрчсөн асуудал болох гээд байна. Хоёрт, улс төрд жендерийн тэнцвэртэй байдлыг бий болгоход маш том садаа болох ийм хэлбэр бий болох гэж байна л даа.

Ц.Батмөнх /Конрад Аденауэрын сан/:
Сэтгүүлчдэд юу саад болж байна вэ гэдэг асуудлаар одоогийн манай улс төрийн байдлын шалтгаан дээр тулгуурлан нэг зүйлийг хэлье. Өнөөдөр үнэндээ юу саад болж байна вэ? Манай Монголын улс төрийн амьдрал маш субъектив шинжтэй болчихсон байгаа. Энд улс төр нь гардаггүй, дандаа улс төрч нь гараад яваад байдаг. Үүний гол шалтгаан нь сэтгүүлчидтэй холбоотой. Учир нь энд тодорхой хэмжээгээр улс төрчид, сэтгүүлчдийн хооронд тэмцэл явагдаж байна. Уг тэмцэлд манай сэтгүүлчид байнга ялагддаг. Сонгуулийн сурталчилгааны явцад энэ яг давтагддаг. Ерөөсөө л нөгөө хүнээ магтаад, түүнийг бодлогыг гаргаж тавьдаггүй. Намуудын бодлого гарч ирдэггүй. Сэтгүүлчдийн ёс зүйн болон мэргэжлийн шалгуурууд алдагдаж байгаагийн гол шалтгаан нь нөлөөнд автагдаад байгаад юм. Өнөөдөр зөвхөн Монголд төдийгүй бусад ардчилсан орнуудад визуаль хэвлэл мэдээллийн байгууллагууд /Интернет гэх мэт/ илүү давамгайлдаг болчихсон. Ялангуяа телевиз өнөөдөр сонгуулийн сурталчилгааны гол хэвлэл мэдээллийн хэрэгсэл болчихсон байгаа. Тэгэхээр ийм үед чухам яаж ажиллах ёстой вэ гэдэг шалгууруудыг сэтгүүлчид мэргэжлийнхээ төвшинд зайлшгүй ярьж, гаргаж тавих ёстой. Үнэхээр хуулиар зохицуулах нь хэцүү учир сэтгүүлчид өөрсдөө мэргэжлийнхээ хүрээнд зөвхөн улс төрийг нь илүү түлхүү гаргаж тавих үүднээс ажиллах боломж байгаа болов уу. Өнөөдрийн шаардлага ч энэ байна.

Сонгуулийн төлбөртэй сурталчилгаанд ямар нэгэн шаардлага тавих ёстой юу гэвэл мэдээж ёстой. Би сонгогч хүнийхээ хувьд тухайн нэр дэвшигчийн бодлогыг илүү харуулсан сурталчилгааг хүсч байна. Хэн нэгнийг гүтгэсэн, муулсан шинжтэй сурталчилгааг нэг бол авахгүй, эсхүл үнийг илүү өсгөж авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, улс төрчдийг илүү объектив тал руу нь хандуулсан сурталчилгаа явуулах хэрэгтэй. Энэ тал дээр сэтгүүлчид нэгдсэн байр суурьтай болох нь зүйтэй.

Д.Энхбат /”Датаком” компанийн захирал/:
Би сэтгүүл зүйн талаар сайн мэдэхгүй тул зоригтой яръя. Ер нь энэ 3 асуудлыг хараад байхад бид зарчмын нэг л зүйлийг шийдвэл эдгээрийг  зэрэг шийдчих боломжтой. Зарчмын нэг зүйл гээд байгаа нь дөрөв дэх засаглал. Дөрөв дэх засаглал маань үнэн чанартаа Монголд байхгүй болоод улс төрийн засаглалд үйлчлэх систем болоод хувирчихсан. Би сэтгүүлч биш учир сэтгүүлчдээс нэг зүйлийг асуумаар байна. Дөрөв дэх засаглал засгийн эрхээ хэзээ авах юм бэ? Улс төрийн намууд болон улс төрчидтэй ажиллах ганц зам бол сэтгүүлчид өөрсдийнхээ эрх мэдлийг гартаа авах явдал гэж би бодож байна. Түүний дараа юу саад болж байна, ямар шаардлага тавигдах ёстой, юу хийж болох вэ гэдэг асуудлууд бүгд шийдэгдэнэ. Тэгэхээр сэтгүүлчид яаж бие даасан иргэний нийгмийн институт болох вэ гэдэг асуудал хамгийн гол асуудал. Тодорхойлолтоор бол тухайн нийгмийн үнэт туршлагыг хуримтлуулсан бүтцийг иргэний нийгмийн институт гэж нэрлэнэ. Бид Монголд ардчиллыг коммунист аргаар байгуулах гэж оролдоод байна. Өөрөөр хэлбэл, намаар дамжуулж. Ардчилсан нам ч тэр, МАХН ч тэр 70 жил коммунист аргаар явчихсан, одоо ардчиллыг дахиад намаар дамжуулж байгуулах гээд байна. Нам нь сайн бол нийгэм нь сайн. Өөрөөр хэлбэл, сайн хаан төрөөд Монголын ард түмэн жаргав гэж үлгэр байдаг шүү дээ. Сэтгүүлчид дөрөв дэх засаглалаа яаж байгуулах вэ, энэ засаглал нийгмийнхээ төвшинд засгийн эрхээ гартаа авсан тохиолдолд улс төрийн намуудтай хэрхэн харьцах, улс төрийн амьдралд хэрхэн оролцох гэх мэт бүх асуудлууд өөрийн журмаар шийдэгдэнэ. Тиймээс би сэтгүүлч биш хүний хувьд манай сэтгүүлчид өөрийн нийгмийн институтыг байгуулаач хэмээн хүсмээр байна. Монголд ардчилал байгуулах хэрэгтэй. Та бүхний хийх ажил маш чухал. Улс төрчдийг орхи. Одоо хамгийн гол нь иргэний нийгмийн институтээ байгуулаач ээ. Та нар хүчтэй л байвал сайн, муу нам өөрөө засарна. 

В.Сайнзаяа /Эрх зүйн шинэтгэлийг дэмжих хуульчдын төвийн гүйцэтгэх захирал/:
Сэтгүүлчдэд юу саад болж байна вэ гэсэн асуулт тавихад сонгуулийн сурталчилгааны үеэр сонины хуудсууд болон телевиз өөрийн эфирийн цагийг намд хандивладаг. Намын дэргэдэх сонин хэвлэл бол өөр хэрэг тэгтэл бусад сонин хэвлэл яг ингэж хандивладаг. Тэд бизнесийн байгууллага болсон учраас ингэж байгаа. Энэ нам гарч ирснийхээ дараа надад хэрэгтэй гэдэг утгаар   бизнесменүүд бас хандивладаг. Тэр сонин сэтгүүлд ажиллаж байгаа сэтгүүлчид яах вэ? Сэтгүүлчдийн нийгмийн дуудлага, юугаа яаж хийх вэ гэдэг хамаг асуудал нь хэдийнэ хойш тавигдчисан. Иймээс сэтгүүлчид Та бүхнийг нэг талаас өөрсдөө авилгалч хүмүүс байна шүү гэж хэлэхэд нэг их буруудахгүй.

А.Гомбоцэдэн /МУИС-ийн Улс төр судлалын тэнхим/:
Сурталчилгаа  нь яваандаа тухайн сонгуульд өрсөлдөж байгаа улс төрийн хүчнүүдийн сурталчилгаа болдог. Цаашилбал, тухайн тойрогт өрсөлдөж байгаа улс төрчид, нэр дэвшигчийн сурталчилгаа нь өөрөө сонгуулийн сурталчилгаа болдог. Гагцхүү тэр сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл үнэн зөв явж байна уу гэдэгт хяналт тавих сэтгүүлчдийн зөвлөл байгуулах дээр акцент өгмөөр байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдийн үндэсний зөвлөл байгуулаад, стандартыг тодорхойлоод, түүнийхээ хүрээнд өөрсдөө хяналт тавьж ажиллавал улс төрөөс арай ангид байх болов уу.

О.Балдангомбо /Монголын Иргэний Ардчилсан Шинэ Либерал нам/:
Иргэний нийгэм гэдэг нь иргэн төвтэй нийгмийг хэлж байна гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл, нам төвтэй биш, төр төвтэй биш, төр нь иргэдээсээ сонгогдоод иргэдийн эрх ашгийн үүднээс эрх мэдэл аваад иргэддээ үйлчилдэг нийгмийг л иргэний нийгэм гэж хэлнэ Тэгэхээр  нийгмийн эрх ашиг гэдэг бол иргэний эрх ашиг юм. Иргэдийн эрх ашигт илүү сайн үйлчлэхийн тулд төр байгуулагддаг. Төр иргэддээ олон ургальч үзлийн талбар болж байгаа, үзэл бодлын уралдаан болж байгаа, улс төрийн өрсөлдөөн болж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслийг нээлттэй болгож өгөх хэрэгтэй. Эндээс үндэслээд сонгуулийн сурталчилгаа ч төлбөргүй байх хэрэгтэй юм. Сонгуулийн сурталчилгааг төлбөргүй болгож тэнцвэртэй цаг, нөхцөл өгдөг байх. Магадгүй 60 хоног биш 21 хоног ч болох сураг гарч байна. Тэр тусмаа төлбөргүй болгох нь зүйтэй. Ингэснээр жинхэнэ иргэдийн, нийгмийн эрх ашгийн төлөө  сонгуулийн мөнгийг зарж байна гэсэн үг.

Хоёрдугаарт, хэвлэл мэдээллийн байгууллага үүргээ биелүүлж аль нэг улс төрийн хүчний харъяа биш хамтын зөвлөл, хамтын хяналтын механизмд орж, үүнд нь зохицсон хууль гарч үйлчилж байж тэнцвэртэй байдал хэрэгжинэ гэж бодож байна. Нэгэнт олон ургальч үзэл, олон намын тогтолцоо, улс төрийн өрсөлдөөн гэдгийг хүлээн зөвшөөрч иргэний нийгэмд шилжье гэж байгаа юм бол хэвлэл мэдээллийн хэрэгслийг ийм төвшинд тавих хэрэгтэй байна. Энэ утгаараа төрийн мэдлийн телевиз, сонин гэдгийг даруй өөрчлөх цаг нь болжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэг намыг сурталчилсан, нэг хүнийг тахин шүтсэн, нэг хүний үгийг байнга бичиж байдаг хуучин тогтолцооны үеийн мэдээллийн хэрэгсэл биш болж, өөрчилж чадсан үед Монголын ардчилал ардчиллын төвшинд очих байх гэж бодож байна.

С.Оюун /Иргэний Зориг-БНН-ын дарга, УИХ-ын гишүүн/:
2000 оны УИХ-ын сонгуулийн үеэр сонгуулийн сурталчилгаа их аймаар байсан. 2004 онд бүр ч аймаар болох байх. Би дараагийн сонгуулийн сурталчилгаанаас их айж байна. Өрсөлдөхөөсөө айж байгаа юм биш. Заримыг нь тэнгэрт тултал магтаад, заримыг газар дор ортол муулна. Саяхан Монголын хамгийн том гэгддэг чөлөөт хэвлэлд би ярилцлага өгсөн. Дараагийн сонгуульд ямар бодолтой байна, яаж ажиллах вэ, хэнийг дэмжих вэ гэхэд мөнгө л мэднэ шүү дээ гэж шууд хэлж байсан. Ийм л байдалтай дараагийн сонгууль явагдах нь.

Энэ форумаас бид Ерөнхий сайд Н.Энхбаяр, Сонгуулийн ерөнхий хороонд нээлттэй захидал явуулъя. Уг захидалдаа сонгуулийн үеэр Үндэсний телевизээр явагддаг сурталчилгааны цагийг төлбөргүй болгоё, тэр цагийг бүгдэд адил тэгш өгье гэдэг зүйлийг бичье. Түрүүчийн сонгуулиар нам бүр долоо хоногт 20 минутын төлбөргүй цагтай, төлбөртэй цагийг хэдэн ч удаа худалдаж авах боломжтой байсан. Ингэхээр мэдээж хэн мөнгөтэй нь л саналыг худалдаж авна гэсэн үг. Нэлээд олон оронд байдал ямар байдгийг Та бүхэн мэднэ. Олон нийтийн гэж яригдаж байгаа радио, телевизийн сурталчилгаа үнэ төлбөргүй байдаг, төлбөртэй нэвтрүүлгийг цаанаасаа зөвшөөрдөггүй. Өнөөдөр үүнийг хэн шийдэж чадах вэ? Радио, телевизийн агентлаг Ерөнхий сайд Н.Энхбаярын мэдэлд байдаг, Сонгуулийн ерөнхий хороо ч үүнд хяналт тавьж болно. Тэгэхээр дараагийн сонгуулийн үеэр Үндэсний радио, телевизээр явах нэвтрүүлгүүдийг төлбөргүй болгож, намуудад эрх тэгш хуваарилж болохгүй юу гэдэг захидлыг явуулаад үзье. Мэдээж шийдэгдэнэ гэдэгт би эргэлзэж байна. Тэр хүмүүст тийм сэтгэлийн тэнхээ байна уу гэдгийг л шалгаад, совестийг нь үзвэл яасан юм бэ?

Ч.Базар /Иргэний Зориг-БНН-ын хэвлэл мэдээллийн албаны дарга/:
Үнэхээр Үндэсний телевизээр явж байгаа төлбөртэй нэвтрүүлгийг болиулбал ашигтай. Яагаад вэ гэхээр эрх баригчид бид төлбөрөө өгч байгаа гэдэг нэрээр маш их илүү цагийг авдаг, илүү мэдээлэл өгдөг.Тэр утгаараа бид өнөөдөр Форумаас ил захидал явуулчихаад дараа нь улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, сонгогчид хамтарсан шахалтыг эрх баригчдад үзүүлэхэд гэмгүй. Энэ нь өөрөө нийгэмд ч ашигтай. Энэ талаар С.Оюун гишүүний хэлж байгаа саналыг дэмжиж байна.

Сэтгүүлчдэд юу саад болж байна вэ гэдэг талаар хүмүүсийн санал ирж байна. Хэвлэл мэдээлэл жишээлбэл, төрөөс, эзнээсээ, редакциасаа, төлбөр өгч буй хүнээсээ хамаатай гэж байна. Сэтгүүлчийн толгой эргэвэл сонгогчийн толгой эргэнэ гэж 2000 оны сонгуулийн өмнө Дашдондог гуай хэлж байсан. Энэ нь сэтгүүлчдийн ёс зүйг сануулсан үг. Үнэн зөв, шударга мэдээлэх эсэх нь бидний өөрсдийн ёс зүйгээс хамаарах зүйл. Сонгуулийн өмнө ёс зүйн кодексоо бий болгох хэрэгтэй.

Тэнцвэртэй мэдээлэл гэдэг дээр хүмүүс их ярьж байна. Ашигтай, өөрөөр хэлбэл оргил цагийг хуваарилахад тэнцвэртэй байдал маш их алдагддаг. Энд тухайн хэвлэл мэдээллийн байгууллага, манай хэвлэл мэдээллийнхэн анхаарах хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн байгууллага маань сонгогчдыг сонголт хийхэд нь л нөлөөлөх сурталчилгааг явуулах ёстой. Нэр дэвшигч хэн нь хэн бэ гэдэг сурталчилгааг хийхийн тулд хэн төлбөр өгч байгаагаас үл шалтгаалан сонгуулийн үед өөрийн мэдээлэл өгөх үүргийг сайн баримтлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, мэтгэлцээн, халз ярилцлага зэргийг редакцийнхаа бодлого болгож явуулах, мөнгөнөөс үл хамааралтай нийтлэлийн бодлогуудад манай хэвлэл мэдээллийнхэн анхаарах учиртай.

Ц.Бат-Орших /Хууль зүйн үндэсний төвийн хэвлэл мэдээллийн алба/:
ргэн төвтэй нийгмийг л хүчтэй болгосноор энд хэлэлцэж байгаа асуудлыг шийдвэрлэнэ. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд хамгийн гол нь хуулиар хэрэгжүүлэх үйл ажиллагааг л сайн идэвхтэй зохион байгуулж, сурталчилгааны ажлыг идэвхжүүлмээр байна. Өмнө П.Очирбат гуай Ерөнхийлөгч байхдаа төр төмөр нүүртэй гэж хэлээд бөөн шуугиан болж байсныг Та бүхэн санаж байгаа байх. Манай сэтгүүлчдийн нэг хэсэг нь их дэмжиж, нөгөө хэсэг нь шүүмжилж байсан. Хэрэв үнэхээр төр гэж байдаг юм бол хуулийг хэрэгжүүлдэг, хуулиа хэрэгжүүлэхийн тулд төмөр нүүртэй байх ёстой. Хэн ч байсан хамаагүй, үнэний төлөө явж байгаа нь л ялж, шударга ёсыг тогтоох ёстой. Яагаад бид хэвлэл мэдээллийн эрх чөлөөний төлөө яриад энэ нь хэрэгжихгүй байна вэ? Нэгдүгээрт, хууль эрх зүйн орчин нь бүрдээгүй байна. Бид хэвлэл мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулаад хуулиа гаргачихсан, одоо 2 жил гаруй болж байна. Чөлөөтэй ажиллаад, бодож санаж буй үгээ хэлж байгаа сэтгүүлч байна уу гэвэл байхгүй. Яагаад? Гайгүй сэтгүүлчид маань одоо улс төржөөд сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалж чадахаа байчихсан. Сая ч гэсэн үг хэлсэн, манай гайгүй нэртэй сэтгүүлчид байсан, зарим нь энд сууж байна. Эд нар сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалж чадахаа байчихсан, эзэн болчихсон, улс төржөөд улс төрийн бодлого бариад, улс төрийн намуудын эрх ашгийг хамгаалаад явж байгаа улсууд хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн эрх чөлөөг хамгаална гэж байхгүй. Үнэхээр хэвлэл мэдээллийн байгууллагуудын 4 дэх засаглалын алдар нэрийг өргөж хэрэгжүүлье гэх юм бол /үүнийг олон жил л ярьж байгаа юм даа/ тэр хууль эрх зүйн орчинг бүрдүүлж өгөх ёстой.

Д.Ламжав /”Цэх” ТББ/:
Нэг дэх асуудлын хувьд мэдээллийг үнэн зөв тогтооход хажуугаар нь цензур давхидаг. Тиймээс сонгуулийн үеэр ярих нь ярьж л байг. Өнөөдрийн хувьд нийгмээс дуугарах механизм бий болгох хэрэгтэй. Сонгогчдыг хуурах явдал ямар ч улсын сонгуульд тодорхой байр, хувь эзэлдэг. Энэ асуудлыг хянахын тулд жишээлбэл, компетентный улсууд, чадварлаг сэтгүүлчид хамтраад долоо хоногт намууд юу ярьсан талаар эфирт гараад дүн шинжилгээ өгч, нийгэмдээ мэдээлэх юм бол эргээд иргэд худал үнэнг шүүх боломжтой болно. Сонгуулийн хуульд өөрчлөлт орох гэж байгаа, тойрог томсгох гэж байгаа гэж сая ярьлаа. Тэгж байж магадгүй юм. Ингэвэл тэгш эрх алдагдах нэг механизм байгаа шүү. Хэрэв тойргийг томсгох гэж байгаа бол аймгууд нэг тойрог, мандатын тоо хуучин байснаараа хэвээрээ, нийслэл, дүүргүүд нэг тойрог, хэдэн мандат байсан тэр хэвээрээ болох байх. Сонгогч бол мандатын тэнцүү тооны нэр дэвшигчийн төлөө юм уу, түүнээс цөөн тооны, хүрэхгүй байсан ч болно гэсэн иймэрхүү юм хийх байх. Би Сонгуулийн хуульд маш их санаа зовж байсан учраас нюансуудыг гадарладаг юм. Тэгэхээр энд тэгш эрх яг алдагдана. Яагаад вэ гэхээр сонгогчид аль тойрогт байгаагаасаа хамаараад нэг нь дөрвөн санал өгөх эрхтэй байхад, нөгөө газар хоёр нэр дэвшигчийн төлөө санал өгөх эрхтэй болоод, өрөөр хэлбэл сонгогчийн өгөх саналын жин тэнцүү биш болж нөгөө тэгш эрх алдагдана шүү. Хэрвээ тийм юм гарч ирвэл бид Үндсэн хуулийн Цэцэд хандах ёстой болно. Үндсэн хуулийн Цэц авч үзэх, үгүй нь тодорхойгүй, осолтой байгаа.

Ч.Чулуунбаатар /Ардчилсан нам/:
Сонгуулийн сурталчилгааг тэнцвэртэй явуулна гэдэг ерөөсөө л төрийн мэдэлд байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой ойлголт. Хувийн хэвшилд байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд асуудал байхгүй. Төрийн мэдэлд байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол сонгогчдод тэнцвэртэй биш сурталчилгаа явуулах боломжтой. Тиймээс хоёр зүйлийг анхаармаар байна. Нэгдүгээрт, Засгийн газар, төрийн байгууллагаас хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй сурталчилгааны гэрээ контракт байгуулах явдлыг зогсоох  хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар сэтгүүлчид, хэвлэлийн байгууллагыг худалдаж авах ийм байдал байгаа. Иймээс Засгийн газар, төрийн байгууллагаас сонгуулийн үед сурталчилгааны гэрээ контрактыг байгуулахгүй байхыг Та бүхнээс уриалмаар байна.

Анхаарал татмаар хоёр дахь зүйл бол ерөөсөө манай төрийн мэдэлд байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол өөрсдөө улс төрийн нэвтрүүлэг явуулж байгаа. Сонгуулийн кампанийн үед сонгуульд оролцож байгаа намуудын сурталчилгаанаас гадна төрийн мэдээллийн хэрэгсэл өөрөө улс төрийн нэвтрүүлэг явуулахыг зогсоомоор байна. Зөвхөн намууд өөрийн сурталчилгааны материалыг явуулах. Ийм л хоёр санал хэлмээр байна.

Р.Оюунцэцэг /Хэвлэлийн хүрээлэнгийн сургалтын албаны дарга/:
Хэлэлцүүлж буй гурван асуудлын эхнийх дээр сэтгүүлчдийнхээ талд орж өмөөрмөөр байна л даа. Юу саад болж байна вэ гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Хэвлэлийн хүрээлэн сүүлийн 6-7 жил тэнцвэртэй, үнэн зөв, шударга мэдээллийг хэрхэн түгээх вэ гэдэг чиглэлээр нэлээн сургалт, судалгаа, сурталчилгааг бүхий л хэлбэрээр явуулж ирсэн. Сэтгүүлдчийнхээ жаргал, зовлонг мэдэрдэгийн хувьд тэдний хувьд хамгийн том саад бэрхшээл юу байдаг вэ гэхээр ямар нэгэн хууль, ямар нэгэн нөлөө бус хамгийн том дайсан нь тэдний эзэд өөрсдөө байдаг юм шиг байгаа юм. Эздийн үгээр л хөдөлдөг, эздийн заасан чиг үүргийн дагуу л явдаг. Сэтгүүлчид сүүлийн үед өөрсдөө улс төрийн төвшинд гарч үзэлцдэг, томоохон улс төрчид болчихоод байгаа шүү дээ. Тэгэхээр бид эздэд чиглэсэн үйл ажиллагаа явуулаад ийм богинохон хугацаанд үр дүнд хүрэхгүй байх. Мэр сэр үйл ажиллагаа явуулдаг чөлөөт сэтгүүлчид байдаг юм шиг байгаа юм. Ер нь яг олон нийтийн эрх ашгийн төлөө үйлчлэх сэтгэл зүрхтэй тийм хэсэг сэтгүүлчид бас байдаг юм. Иймэрхүү бие дааж ажилладаг хүмүүсийн идэвх санаачлагыг, мөн тодорхой хэмжээнд тэднийг санхүүгийн хувьд дэмжээд уриалан ажиллавал үр дүнд хүрч магадгүй. Өнөөдрийн байдлаар чөлөөт сэтгүүлчид үнэхээр тэнцвэртэй, бодитой, үнэн зөв нийтлэл бичээд аль нэг хэвлэл мэдээллийн байгууллагад очлоо гэхэд түүнийг нь худалдан авах хэвлэл мэдээллийн байгууллага яг ний нуугүй хэлэхэд байхгүй. Бүгдээрээ л аль нэг талын нөлөөнд автчихсан байдаг. Санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэх чадвартай танай Нээлттэй Нийгэм Хүрээлэн тиймэрхүү сэтгүүлчдийг түшиж дэмжиж ажиллавал арай үр дүнд хүрэх юм.

Нөгөөтэйгүүр, олон нийтийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагын мэргэжилтнүүд, нэлээн чөлөөт, бие даасан үзэл бодолтой мэргэжилтнүүд, мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оруулаад зөвлөл байгуулж мониторинг, хяналт, сурталчилгааны явцыг хэлэлцээд түүнээ тодорхой хэмжээгээр олон нийтэд мэдээлдэг бол сэтгүүлчдийн өөрсдийн үйл ажиллагаандаа баримтлах ёс зүйн хэм хэмжээ ч эцэстээ тодорхой болно. Хоёрдугаарт, тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа сэтгүүлчдийн нэр хүндийн асуудал тодорхой хэмжээгээр үнэлгээ дүгнэлт авах боломж гарах болов уу гэж бодож байна. Ингэснээрээ сонгуулийн сурталчилгаанд тодорхой хувь нэмэр оруулж болох юм. Түүнээс биш яг өнөөдрийн байдлаар дөрөв дэх засаглал болон шууд ажиллана гэдэг бол хэцүү.

У.Эрдэнэтуяа /УИХ-ын Тамгын газрын судлаач/:
Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа УИХ-ын Сонгуулийн хуулийн 5 дугаар бүлгийн 21.4-т СЕХ-ноос баталсан цаг, хугацаанаас гадна бусад цагт сонгуульд нэр дэвшигч болон нам, эвсэл төлбөртэй нэвтрүүлэг хийж болно гээд заачихсан байгаа. Энэ заалтыг өөрчлөх, Сонгуулийн хуульд тусгах асуудлыг Ерөнхий сайдад бичих уриалгадаа тусгаж өгөхдөө яг Сонгуулийн хуулийн тухайн заалтыг тодорхой зааж өгвөл зүгээр юм.

Төлбөртэй сурталчилгаа байхгүй боллоо гэхэд манай хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдөө анхаарах ёстой зүйлүүд байх шиг байна. Тухайлбал, улс төрийн төлбөртэй рекламууд нэлээд явдаг. Нөгөө талаар мэдээллийн хөтөлбөр төлбөргүй хэрнээ улс төр, нэр дэвшигчийн сурталчилгааны их том талбар болж хувирдаг. Ихэнх телевизүүд мэдээллийн гол гол хөтөлбөрийнхээ цагийг нэмдэг. Энэ нэмсэн цагтаа өөрийн таашаасан нэр дэвшигч, нам эвслийн үйл явдлыг ихээхэн сурталчилдаг. Бусад орны туршлагаас харахад, өнөөдөр ч гэсэн манай Тамгын газар дээр Сонгуулийн хуультай холбогдуулаад Норвегийн Ослогийн Их Сургуулийн улс төр судлалын профессорууд ирж лекц уншсан. Тэнд улс төрийн реклам төлбөргүй байдаг. Улс төрийн сурталчилгаа нь гол төлөв мэтгэлцээн, маргаан хийх маягаар явагддаг. Илүү шинэлэг нэвтрүүлгийг үзэгчдэд өгөх, ингэснээрээ сонгуульд орж буй улс төрчид, сонгогчдын улс төрийн соёлыг дээшлүүлэхэд түлхэц үзүүлдэг. Манайд хийж байгаа арга барил нь бидний социализмын үед явуулж байсан ухуулга сурталчилгааны арга хэлбэрээс салж чадахгүй, нэр дэвшигч болон нам, эвслийг  магтан дуулах, бараг хэдэн хүүхэдтэй, хэдэн шүдтэй, хэдэн эхнэр, нөхөртэй гэх нь холгүй уянгын хөрөг найруулал, нийтлэлийн шинжтэй, ямар ч өгөөж үр дүнгүй нэвтрүүлгийг их хийдэг. СЕХ-ноос ногдсон цагтаа намууд нэр дэвшигчдээ ээлж дараалан магтуулах нэвтрүүлгийг их оруулдаг. Үүнийг намуудын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид анхаарахад илүүдэхгүй байх. Ногдсон цагтаа Мөрийн хөтөлбөрийнхээ гол зүйлүүдийг тайлбарлах, маргах, энэ хэлэлцүүлэгтээ сонгогчдыг аль болох түлхүү оролцуулах, мөн сэтгүүлчдийн мэргэшсэн байдлыг энэ тал дээр дээшлүүлэх, хөтлөгчдийг сайн бэлтгэх чиглэлээр цаашдаа нэвтрүүлгээ хийвэл ашигтай болох болов уу.

Л.Хатанбаатар /Уламжлалын Нэгдсэн намын ерөнхий нарийн бичгийн дарга/:
Сонгуулийн сурталчилгаанд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг маш их. 2004 оны сонгуулиар мэдээж мөнгө гол үүрэгтэй байх байх, хоёр дахь нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл байна. Эх орон-Ардчилал эвсэл миллиард гаруй төгрөг цуглуулж байна гэж яригдаж байгаа, нөгөө талд эрх баригч хүчин маань улсын төсөв дээр сууж байх шиг байна. Тэгэхээр энд хоёр том баатруудын тулаан болох гээд байх шиг байна. Харин хэвлэл мэдээллийн хэрэгсэл маань сонгуульд ялах хэрэгсэл болчихоод байна. Сонгууль нь олон цогц арга хэмжээнээс бүрддэг. Тэрний нэг болох хэвлэл мэдээллийн чөлөөт байдал Монголд байхгүй байна гэдгийг Та бүхэн ойлгож байгаа.

Сонгуулийг үнэн зөв, тэнцвэртэй, шударга мэдээлэхэд нэг талаас улс төрийн, нөгөө нь мөнгөний хараат байдал саад болж байна. Сонгуулийн төлбөртэй сурталчилгаанд ямар нэгэн шаардлага тавигдах ёстой юу? Тавигдах ёстой. Халз ярилцлага, мэтгэлцээнийг хувийн ч бай, олон нийтийн ч бай, аль ч телевиз үнэ төлбөргүй явуулах ёстой. Мэдээж маш их мөнгө цугларна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл мөнгөнийхөө бодлогыг барих байх, тэгэхээр холимог хэлбэртэй байх. Хяналт тавихад хэцүү, далайд гарсан залуургүй завь шиг л болно шүү дээ. Сонгуулийг зарласан УИХ-ын тогтоол гарахад л бүх зүйл мөнгөөр хэмжигдээд явчихна.Энэ бол ойлгомжтой зүйл.

 Л.Нинжжамц /”Дөрөв дэх засаглал” сонины эрхлэгч/:
Сонгуулийн сурталчилгаанд хэвлэл мэдээлэл, өөрөөр хэлбэл сонин маш их үүрэг хариуцлага, нөлөөтэй оролцдог гэдгийг бүгд мэдэрч байх шиг байна. Иргэний нийгэмд ч юм уу, эсхүл сонгууль ойртоод ирэхээр яагаад сонин өөрөө ийм их үнэ цэнэтэй болдог хэрэгсэл вэ гэдэг талаар би сониноо төлөөлөөд өөрийн ойлголтоо яръя. Сонин өөрөө цэвэр бизнес гэж би ойлгодог. Яагаад гэхээр хүмүүс талх үйлдвэрлээд зардаг шиг бид ч сониноо маш үнэтэй бүтээгээд ард түмэнд хүргэдэг оюуны талх хэмээн үздэг. Сонгууль ч дөхлөө, ер нь сэтгүүлчдийг заавал аль нэг намын харъяанд байлгах гээд байгаа ч юм шиг, эсхүл байдаг ч юм шиг ойлголттой байна л даа. Үүнийг би 100 хувь үгүй гэж хэлэхгүй, гэхдээ бас 100 хувь байдаг ч гэж хэлэхгүй. Бүх хэвлэл мэдээллийг энэ нь тэр намынх, энэ нь энэ намынх гэж үзээд байгаа бол эндүү ойлголт. Мөн сонгуулийн үеэр хэвлэл мэдээлэл үнэгүй сурталчилгаа явуулж ард түмнийг залах ёстой гэж ярьж байна. Тэр бол мэдээж, сонин хэвлэл ард түмнийг зөв сонголт хийхэд чиглүүлэх гол үүрэг гүйцэтгэх ёстой. Гэхдээ сонины нэг см зай маш үнэтэй гэдгийг манай захиалагчид, сонгогчид ойлгож харьцах ёстой байх. 1996, 2000, 2001 оны сонгуулийн үеэр би Сонины холбооны захирал байхдаа ч ажиллаж л  байсан. Намууд өөрсдөө Сонины холбоо, сэтгүүлчдийн байгууллагуудыг уриад хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурахыг санал болгодог. Энэ бол мэдээж хамтран ажиллах хүрээнд байдаг л асуудал байх л даа. Гэхдээ энэ нь сонинууд аль нэг намын харъяалалд байдаг гэж шууд зарлаад байх зүйл биш. Сонин өөрөө бизнес учраас сонгуулийн үеэр өөрийн талбайг үнэлэн тухайн намд худалдаж байгаагаас бус хандивлаж байна гэж ойлгохгүй байна.

 Сэтгүүлчдийн зөвлөл, ёс зүйн хороо гэдэг асуудлыг одоогоос 3-4 жилийн өмнөөс л ярьж байсан. АН-ын Засгийн газар байх үед ч ярьж байсан, одоо энэ Засгийн газрын үед ч ярьж л байсан. Сэтгүүлчдийн байгууллагуудаас, сонины газруудаас хүн оролцуулаад хамтарсан хороо байгуулаад ажиллъя гэж Хууль зүйн яаманд хүртэл ярьж байсан. Гэхдээ сэтгүүлчид өөрсдийгөө шүүх ч юм уу, эсхүл дүрмээ дагаад ажиллая гэхээр өнөөдөр манайд тийм нөхцөлөөр ажиллах хууль эрх зүйн орчин бүрдээгүй учраас боломжгүй зүйл гэдэг нь харагдсан. Энэ комисст манай Сонины холбооноос хүртэл хүн төлөөлөөд оролцож байсан. Одоо хүртэл хэрэгжсэн юм байхгүй л байна. Түрүүн Хэвлэлийн хүрээлэнгийн Оюунцэцэг гуай чөлөөт сэтгүүлчдийг нэгтгээд сайн дурын байгууллага байгуулаад, тэднийг санхүүжүүлээд ажиллуулах юм бол сонгуульд үр нөлөөтэй л гэж байна. Нэгэнт үүний араас заавал санхүүжилт гэдэг үг гарч байгаа болохоор бас л хараат болох гээд байна л даа. Энэ талаар бүгдээрээ бодох ёстой байх.

Сонгуулийн тэнцвэртэй, үнэн зөв, шударга мэдээлэхэд сэтгүүлчдэд юу саад болж байна вэ? Өнөөдөр чөлөөт хэвлэл яг өөрийнхөө үндэс сууриар хөгжих хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна. Өнөөдөр сэтгүүлчид хэн нэгний нэр төрд халдах юм бол шүүхийн өмнө байнга дуудагдаж байгаа. Энэ асуудлыг бид өнөөг хүртэл шийдэж чадаагүй байж үнэн зөвөөр ажиллахгүй байна гэдэг шүүмжлэлийг хүлээж авахад хэцүү л байна. Сая Эрүүгийн хууль шинэчлэгдэн батлагдахад сэтгүүлчид бид өөрийн эрх ашгийг хамгаалж  бүхий л хэлбэрээх тэмцэж, хамгаалж байсан ч амжилт олоогүй. Энд хууль эрх зүйн орчинг маш сайн бүрдүүлж өгвөл сэтгүүлчид ард түмнийг сэнхрүүлэх, сэргээхэд өөрсдийн хувь нэмрийг оруулна гэдэгт итгэж байна.

Ж.Сүхбаатар /СЕХ-ны нарийн бичгийн дарга/:
Юуны өмнө яг энэ асуудалтай холбоогүйгээр Сонгуулийн хуулийн асуудал тавигдаж байх шиг байна. Сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуулийг өөрчилнө гэсэн нэг ташаа ойлголт яваад байгаа. Тийм хуулийн заалт Монгол Улсын хууль тогтоомжид байхгүй. 1996 онд сонгууль болохоос өмнө Сонгуулийн хуулийг баталсан. Өөрөөр хэлбэл Сонгуулийн хуулийг 12 дугаар сард батална гэсэн мэдээллийг би л аваагүй. 12 дугаар сард батлагдана гэсэн магадлал байхгүй болов уу гэж бодож байна.

Сонгуулийн сурталчилгаанд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг гэж байна. Хэвлэл мэдээлэл сонгуулийн асуудлаар маш олон үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал, сонгуулийг зохион байгуулах, тайлбарлан таниулах, хяналтын чиг үүргийг гүйцэтгэхэд туслах гэх мэтчилэн олон функцийг энд хэлж болно. Хөтөлбөрт сонгуулийн сурталчилгаанд гэж тавьсан учир нэлээн нарийн хүрээнд оруулж байгаа юм байна гэж ойлгож байна. Сонгуульд оролцож байгаа намууд, нэр дэвшигчид сонгогчдод өөрийн үйл ажиллагааг сайтар таниулахад хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол үүрэг оршиж байна. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл арилжааны шинж чанартай болсон гэж хэлж байсан. Үнэхээр үнэн гэж бодож байна. Ирэх сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн мөнгөний урсгал маш их болно гэж боддог. Энэ нь сонгуулийн үйл ажиллагаанд хэвлэл мэдээллийн хэрэгслийг өөрийг нь мөнгөтэй холбоотой болгож байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл оршин тогтнох шатандаа үнэхээр мөнгө их шаардагддаг. Мөнгө төлсөн нь бүжиг захиална гэсэн яриа байдаг. Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч хэн илүү мөнгө төлсөнд үйлчлээд байх шиг байгаа юм. Үүнийг яаж тэнцвэртэй, үнэн зөв байлгах вэ? Хэвлэл мэдээллийн хэрэгслийн явуулж байгаа үйл ажиллагааны үнэлэмж шалгуур нь тэнцвэртэй байх нь чухал биш, үнэн зөв байх нь чухал биш, гагцхүү хэн их мөнгө төлж байгаа нь чухал юм шиг байна. Үүнийг өөрчлөхийн тулд үнэлэмж, шалгуурыг өөрчлөх хэрэгтэй. Жишээлбэл, торголоо, шүүхэд дуудлаа гэж Сонины холбооны Л.Нинжжамц хэлж байсан. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд өөрийнх нь гүйцэтгэх үүргийг ухамсарлуулах, хариуцлагыг нь өндөржүүлэх хамгийн чухал зүйл бол эрх зүйн хариуцлага юм. Ялангуяа иргэний хариуцлага. Гүтгээгүй л бол боллоо гэдэг. Гэтэл хууль зүйд  гутаана гэсэн ойлголт байдаг. Үнэн зөв боловч тэр хүний хувийн амьдралд оролцож гутаах байдал байж болно. Тэгэхээр энэ гутаагдсан нэр төрийн маш өндөр хэмжээгээр үнэлж шүүх тухайн хүний эрхийг хангаж байдаг. Манайд ийм  соёл байхгүй байгаа учраас тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд нь сэтгүүлчдээ турхирдаг, сэтгүүлчид нь ч гэсэн тодорхой улстай хуйвалдаад хувь хүнийг дайрсан довтолсон материал бичиж, өөрөөр хэлбэл ёс зүйн асуудал гарч ирдэг. Энд манайд, ялангуяа иргэний эрх зүйн хариуцлагыг нь өндөржүүлж, үнэн зөв боловч гутааж байгаа байдалд нь анхаарах ёстой.

Хамгийн гол мэдээлэл бол нэр дэвшигч, сонгуульд оролцож байгаа намын Мөрийн хөтөлбөр, тухайн хүний давуу тал, үзэл бодлыг мэдээлэх явдал болохоос өрсөлдөгчийг дайрч довтолж байгаа асуудалд зохицуулалт хийх хэцүү. Гол зохицуулалт бол хариуцлагын асуудал байна.

Нийгмийн эрх ашигт илүү сайн үйлчлэхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэл хамтран юу хийж болох вэ? Энэ бол чухал асуудал. 1974 онд байх Никсоныг Уолтер Гейтийн хэрэгт холбогдоход нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гаргаж ирсэн. Түүнийг нь Никсон шүүмжилсэн. Тэгэхэд бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл хамтарч түүн рүү дайрчээ. Дайрсны эцэст Никсоныг унагаж чадсан. Үүнийг судлаачид дөрөв засаглал гэдэг бол энэ юм гэж үзсэн. Өөрөөр хэлбэл дөрөв дэх засаглал төрийн төлөө бус, ард түмний талд үйлчилдэг гэдгийг харуулж өгсөн байна. Тэгэхээр Та нөхөд гол нь хоорондоо холбоотой, хамтарч эрх ашгаа хамгаалах асуудал дээр нэгдмэл байх хэрэгтэй байх.

Сонгуулийн төлбөртэй сурталчилгаанд ямар нэгэн шаардлага тавигдах ёстой юу? Тавигдах ёстой гэж ойлгож байна. Төлбөртэй сурталчилгааг ерөөсөө больвол яасан юм бэ гэж түрүүн зарим нь санал хэлж байсан. Хараахан тэгж болохгүй байх. Төлбөрийн хэмжээ, цагийн хэмжээ хязгаар ямар байх ёстой юм гэдэг шаардлагууд зайлшгүй тавигдах ёстой байх. Энэ бол хялбархан шийдчих асуудал биш.

Р.Бурмаа:
Хоёр зүйлд тайлбар өгье. Сонгуулийн хуулийг зургаан сарын өмнө өөрчилж болохгүй гэсэн хууль тогтоомж байхгүй гэж Ж.Сүхбаатар хэллээ. 10 дугаар сарын 24-нд УИХ-аас Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийг баталсан. Дээрх заалт энд орсон байгаа. УИХ-аас баталсан л бол заавал биелэгдэх ёстой. Тэгэхээр хуульд ороогүй ч гэсэн УИХ-аас тогтоолоор батлагдсан баримт бичигт орсон байгаа.

Хоёрдугаарт, тэгш эрхийн асуудал дээр Сонгуулийн ерөнхий хороо асуудал тавиад байгаа юм биш ээ. Сонгуулийн хуульд байхгүй байгаа юм. Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн дагуу тэгш эрх байгаа. Тиймээс Үндсэн хуульд тэгш эрхийг заасан гэдэг утгаар бусад хууль болон практик үйл ажиллагаандаа дагах ёстой.

Сонгуулийг үнэн зөв мэдээлэхэд сэтгүүлчдэд юу саад болж байна вэ? Албан ёсны мэдээлэл авах боломж сэтгүүлчдэд байдаггүй. Тиймээс тухайн нөхцөл байдлаас шалтгаалан янз бүрээр мэдээлдэг. Энд би дахин их хөршийнхөө жишээг авъя л даа. Бидэнд санаа авах зүйл Оросын телевизээр их гарч байна, хуульд нь ч их зүйл байна. СЕХ-нд очих мэдээлэл, СЕХороо эргээд олон нийтэд тухайн мэдээллийг ил тод байлгах үүргийн талаар тодорхой заасан байна. Энд радио, телевиз ажиллах талаар нарийвчлан заачихаад тухайн нэвтрүүлгийн хувийг 12 сар хадгална, мөн хэвлэл мэдээллийн бүх хэрэгслүүд бүх нэвтрүүлгийн нэг хувийг үнэ төлбөргүй СЕХ-нд өгөх үүрэгтэй. Сонгуулийн ерөнхий хороо нь бүх мэдээллээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтэд нээлттэй, ил тод байлгах үүргийг хүлээдэг байна. Зөвхөн сонгуулийн үеэр биш, сонгуулийн дараа хэвлэл мэдээллийнхний хянаж байх ёстой үүргийн талаар түрүүн илтгэгч Д.Цэрэнжав хэлсэн. Тэгэхээр амлалт, биелэлт хоёрыг нь харьцуулаад нэвтрүүлэг хийе гэхээр сонгуулийн үеийн сурталчилгааны мэдээллүүд олдохгүй, харьцуулалт хийхэд хэцүү байдаг шүү дээ. Тиймээс амлалт, биелэлт хоёрыг харьцуулан хянах Оросын хуульд тодорхой заажээ. /60.24-т/.

Улс төрийн намууд болон нэр дэвшигчид орлогын тайлангаа сонгуульд бүртгүүлэхдээ, сонгууль болохоос 10 хоногийн өмнө, сонгуулийн дараа нийт гурван удаа өгдөг юм байна. Ингэж өгөхдөө зүгээр өгчихөөд л болдоггүй. Татварын алба ч СЕХ-нд дээрхтэй зэрэгцээ мэдээллийг өгөх үүргийг хуулиар хүлээсэн. Энэ мэдээллийг СЕХ дараад байдаггүй мөн л ил тод байлгах үүрэгтэй. Уг мэдээллийг СЕХ-нд өгөхөөс гадна санал авах байранд мөн тавьдаг юм байна. Манайд ил тод гараад байдаггүй шүү дээ. СЕХ-нд л хадгалагддаг. Ил тод мэдээлж байх үүрэг СЕХ-нд байхгүй л дээ. Жишээлбэл, саяхан телевизээр гарсан л даа. Нэр дэвшигч мэдээлэлдээ Мерседес Бенц машинаа мартаад бичээгүй байтал Татварын албаны мэдээлэл дээр уг машин бичигдсэн байна. Ингээд нэр дэвшигчийн мэдээлэл, Татварын албаны мэдээлэл хоёр зөрөөтэй болсон. Үүнийг сонгогч саналаа өгөхийн өмнө харьцуулж хараад энэ хүн одоо худал мэдээлэл өгч байгаа юм чинь улсын төсвийн мөнгө, татвар төлөгчдийн мөнгийг хуваарилахдаа бидний төлөө ажиллах уу, шударга байж чадах уу гэдгийг харьцуулан, зөв сонголт хийх боломжтой болно. Энэ заалт манай хуульд орох ёстой заалт гэж би бодож байна.

З.Алтай /”25-р суваг” телевизийн захирал/:
Монголд дөрөв дэх засаглал үнэхээр байхгүй. Ойрын ирээдүйд ч бий болохгүй биз. Байх нөхцөл ерөөсөө байхгүй. Иймээс сонгууль шударга болох уу, мэдээлэл тэнцвэртэй байх уу гэсэн дэмий зүйл ярих ямар хэрэгтэй юм бэ? Телевиз харьцангуй нөлөө бүхий хэрэгсэл. Өнөөдөр телевиз хэний гарт байна вэ? Чи телевиз байгуулахад 7-8 жил хүчин зүтгэчихээд шударга байж чадаж байна уу гэвэл худлаа. Би шударга байж чадахгүй байна. Энэ бол өнгөрсөн цаг хугацааны практик. Цаашдаа би шударга болж чадах уу гэвэл бас л хэлэх үггүй болно. Энэ нь буруу менежментээс ч бас болохгүй юм шиг байгаа юм. Телевиз асар их хөрөнгө мөнгөөр бүтдэг, босдог, зовлонтой зүйл л дээ. Телевиз өнөөдөр Монголд бие даагаад, өөрийгөө санхүүжүүлээд явах боломжгүй. Нийгмийн хөрс байхгүй. Реклам өгдөг хэдэн пүүс, компани л бий. Гэтэл би телевизийн цагийг нэмнэ, техникээ шинэчилнэ, улам гоё болгоно гэж мөрөөдөж чадахгүй. Мөнгө хүрдэггүй. Цалингаа тавиад, өрөнд орчихгүй л явбал их юм. Тэгэхээр би хэн нэгнээс мөнгө царайчлах хэрэг гарна даа. Иймд ямар нэгэн байдлаар л хараат байдалд орно. Хэн нэгэн мөнгөтэй хүнийг дулдуйдана, тэр хэдэн цаас өгнө. Гэтэл бизнес хийж буй мөнгөтэй нөхөр чинь өөрөө бизнесээ гайгүй өргөн хүрээтэй, ирээдүйтэй явуулахын тулд эрх барьж буй ямар нэгэн улс төрийн хүчинтэй найзлана. Мөнгө өгсөн хүн чинь эргээд надаар юм хийлгэнэ гэнэ, би үгүй гэхэд хэцүү шүү дээ. Ингээд ямар нэгэн байдлаар би далд эздийн нөлөөнд орж л таараа. Би ордоггүй гэж хэлэхгүй. Өнөөдөр манай бизнес чинь дэндүү улс төрлүүгээ хутгалдаад орчихсон учраас мөнгө өгдөг, хамтран бий болгодог байгууллагын хүмүүс чинь цаанаа улс төрийн сонирхолтой л байдаг. Тэгэхээр хүссэн, хүсээгүй би орж л таарна. “25-р суваг” телевиз чөлөөт телевиз, агуу гэж хэнд ч би хэлж чадахгүй. Гэх мэтийн зовлон их бий. Энэ гамшиг зовлон маань ойрын хугацаанд эдгэрч чадахгүй учраас дөрөв дэх засаглал гэж телевизийн хувьд яриад хэрэггүй байх. Сонинг би мэдэхгүй. Телевизийн сувгийн зөвшөөрөл авах, телевиз байгуулах нь асар хэцүү хөдөлмөр гэдгийг бид энэ хэдэн жилийн хугацаанд үзлээ. Тендер зэрэг том барьертай болчихсон мөртөө хэдхэн сарын өмнө хэд хэдэн телевиз ногоон гэрлээр л шууд гараад ирсэн. Тэд ямар замаар, яаж гараад ирсэн, цаана нь хэн байгаа, ямар ашиг сонирхолтойг хэн ч мэдэхгүй шүү дээ. Орон даяар дөрвөн телевизийн суваг цацах эрхийг бид тендерээр олгоно л гэж байгаа боловч энэ аль дээр шийдэгдчихсан байгаа л асуудал. “Дэмий” юм ярьдаг “дэмий” нөхрийн телевизийг цаад улсууд чинь гаргахгүй л сонирхолтой байгаа.Ойлгомжтой. Тэгэхээр сонгогчид, ялангуяа хөдөө орон нутагт мэдээллийг хаанаас авах вэ? Манайд мэдээлэл асар аймшигтай цаг үе рүүгээ орж ирж байна л гэж хэлмээр байна. Өнөөдөр Монголд чөлөөтэй, өөрийн эрх дураар, хүссэн бодлоо, үгээ хэлээд явах цаг хугацаа асар хомсдож байна шүү. Чамайг шууд тоншчихгуй ч гэсэн ямар нэгэн хөндлөнгийн байдлаар байхгүй болгоно гэдэг зүйлийг хийгээд эхэлчихсэн шүү. Өнөөдөр тайван сэтгүүлчийн ажлаа хийнэ гэхэд аймшигтай. Би үүнээс асар их айж байна. Бид юу гээчийн юм руу хүрээд ирэв ээ, юу болох гээд байна вэ?  Үүнийг бид өнөөдөр ухаарах хэрэгтэй гэж хэлмээр байна.

Радио, телевизийг олон нийтийн болгочихвол зүгээр гэж байна. Одоо болгоод яах юм бэ? Ямар хэрэгтэй юм бэ? Юунд нь яарсан юм бэ? Хүчний харьцаа харьцангуй ойролцоо болсон үед л иймэрхүү асуудлыг шийдэж байя л даа.

Сонгуулийн дебат, хэлэлцүүлэг, мэтгэлцээн гэдэг бол үнэхээр зөв. Гэхдээ үүнийг би өнгөрсөн сонгуулиар хэд хэдэн удаа хийх гэж оролдсон. Ирдэггүй л юм даа. Аль нэгэн булхайтай бөгөөд хэлэх юмгүй улсууд чинь юу гэж олны өмнө гарч нөгөө сөрөг хүчинтэйгээ мэтгэлцэх юм бэ? Хичнээн уриад ч ордоггүй. Иймээс авчирсан хуурцгийг нь түлхээд л үнэхээр сайн хүн юм гээд хараад суухаас өөр зүйлгүй. Сэтгүүлч чинь хар цагаанаар нь ялгадаг хүн биш шүү дээ. Гэх мэтээр их гунигтай байна. Би бол сүүлийн үед их пессимист болчихоод байгаа. Ийм л байна. Мэдээлэл ингэж ихээр нэг гарт төвлөрөх юм бол юу л болох бол доо гэдгээс асар их айж байна.

Д.Уранзул /МОНЦАМЭ-гийн сурвалжлагч/:
Би 1990 оноос хойш сонгуулийн сурталчилгаанд ажилласан. Одоо төрийн хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байна. Сонгуулийг тэнцвэртэй, үнэн зөв, шударга мэдээлэхэд сэтгүүлчдэд юу саад болж байна вэ? Би мөнгө гэж хэлмээр байна. Өнөөдөр хэн ч амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхээд, мундаг ёс зүй ярьж явахгүй.Тэгэхээр энд хэвлэл мэдээллийнхнийг шударга хандуулъя гэвэл нэр дэвшигч нартаа сонгуулийн сурталчилгаанд зарцуулах мөнгийг нь тодорхой заагаад өгчих. Тэгээд телевиз, сонин алинд нь хандана, лимитэндээ багтаагаад ямар сурталчилгаа явуулна өөрийнх нь хэрэг гэж хэлмээр байна. Төрийн хэвлэл мэдээллийн байгууллагаар үнэгүй, ижил тэнш цагаар сонгуулийн сурталчилгаа явуулах тухай Ерөнхий сайдад хандах гэсэн С.Оюун гишүүний саналыг дэмжиж байна.

Б.Лутаа /”Нью Таймс Онлайн” сонины эрхлэгч/:
Сэтгүүлчдийн талаар өнөөдөр олон хүн ярьж байна л даа. Харамсалтай нь өнөөдөр яг сэтгүүлчдийг төлөөлөөд ярьчих хүн цөөн байна. Монголд 1600 орчим сэтгүүлчид байх шиг байна. Сэтгүүлчид маань, нэгдүгээрт их ядуу байгаа. Сарын 50-60 мянган төгрөгийн цалинтай ядуу сэтгүүлч хэзээ ч үнэн зөв бичиж чадахгүй. Энэ нь 60-70-аад он хүртэлх америкийн жишгээр ч батлагдсан. Та бүхэн хууль зүйн талаас нь аваад үз л дээ. Сэтгүүлчдийг хамгаалсан, дэмжсэн хуулийн хичнээн заалт байна вэ? Таван өгүүлбэр бүхий хууль байгаа ч тэр нь хэрэгжихгүй байна. Гэтэл урдаас нь 219 орчим хуулийн заалт хэвлэл мэдээллийг хязгаарлаж байна. 219-ийг харьцах нэг. Иймээс сэтгүүлчдийг ингэх ёстой, тэгэх ёстой гээд яриад байх хэрэггүй. Өнөөдөр төрийн хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа хүн төрийн албан хаагч уу, сэтгүүлч үү? Намын хэвлэл мэдээллийн албанд ажиллаж байгаа хүн намын ухуулан сурталчлагч уу, сэтгүүлч үү? Тэгэхээр өнөөдөр ямар ч хууль зүйн, нийгмийн хамгаалалтгүй хүмүүст шударга байх ёстой, үнэнг бичих ёстой, хүмүүсийг гэгээрүүлэх ёстой гэдэг шаардлагыг тавих нь утгагүй. Ядуу юм чинь мөнгө авахаас өөр аргагүй шүү дээ.

Өнөөдрийн энэ уулзалтыг би маш их бэлэгшээж байна. Бид 10 жилийн өмнө үндсэндээ хоёр зорилго тавьсан шүү дээ. Холимог эдийн засаг дээр тулгуурласан зах зээлийн эдийн засаг байгуулах нэг том зорилт тавьсан. Энэ нь 11 жил болоод үндсэндээ биеллээ олж байна. Хувийн сектор бий болчихлоо, төрийн компаниуд байна. Эдийн засгийн хувьд овоо гайгүй сайжирч байгаа. Эргээд хэвлэл мэдээлэлд хөрөнгө оруулалт хийх боломж нээгдэж байна гэж бодож байна. Хоёр дахь том зорилт нь иргэний нийгмийг байгуулах асуудал. Энэ асуудал одоо л жаахан яригдаж эхэлж байгаа. Жаахан мөнгөтэй болчихсон учир иргэний нийгмээ байгуулж эхэлж байна. Хэвлэл мэдээлэл бол иргэний нийгмийн нэг хэсэг. Монголд ардчилал дөнгөж төвлөрч, иргэний нийгэм байгуулах үйл явц нь эхэлж байна. Ингээд хэвлэл мэдээллийн салбарт тодорхой хэмжээгээр шинэчлэл хийх цаг болсон гэж ойлгож байна.

Хэвлэл мэдээллийн талаар дөрвөн жилд нэг удаа сэтгүүлчдийг дуудаад л, гэнэт хамгийн их эрэлт хэрэгцээтэй хүмүүс болдог. Бусад үед тэднийг хэн ч анхаардаггүй. Жишээлбэл, Улаанбаатар сонины сэтгүүлч Лхагвадорж  шүүх засаглалын бурууг илчлээд 2 сая төгрөгийн торгууль төлж ажлаас халагдаж байна. Хамгийн чөлөөт, хамгийн бие даасан “Ил товчоо” сонин байна, “Хөх толбо” сонин худалдагдсан. Тэгэхээр дөрвөн жилд нэг удаа биш, дөрвөн жилийн турш ярьж, энэ чиглэлээр тодорхой ажил зохиож байж хариуцлага, хуулийн орчинг цэгцэлж байж дараа нь 4 жилд нэг удаа ярьж болж байна. Ингээд иргэний нийгмийн тухай ярихад хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн эрх үүрэг, хариуцлага бас давхар яригдаад цаашдаа өөрчлөгдөх байх гэдэгт найдаж байна.

П.Очирбат:
Та бүхэнд баярлалаа. Ингээд санал шүүмжлэл, хэлэлцүүлгээ үүгээр дуусгая. Та бүхэн өөрийн үзэл бодлоо ил тод, чөлөөтэй илэрхийлсэн сайхан ярилцлага боллоо. Соросын сан маань өөрөө нээлттэй нийгэмлэг, тэр дотроо Нээлттэй нийгэм чуулга байгуулагдаад ажлын шинэ чиглэл, хэлбэр гаргаад ажиллаж байна. Нэгэнт Нээлттэй нийгмийн хүрээнд зохион байгуулсан ярилцлага учраас Та бүхний ярьсан зүйлүүд бүгд дэлхийд нээлттэй цацагдах болно. Бид хэн нэгэн хүнд бичиг аваачиж өгөхгүй. Та бүхний ярьсан бүхнээс монголын нийгэм ардчилагдаж байгаа нийгэм үү, ардчилсан нийгэм үү гэдгийг бараг хэлнэ. Манайд зохион байгуулагдсан Ардчиллыг шинээр болоод сэргээн тогтоосон улсуудын олон улсын хурлаас манайд онц дүн тавьсан гэсэн мэдээлэл гарсан. Ер нь дүн тавих гэж хуралдаагүй шүү дээ. Тэр дүнгийн асуудал бол их харьцангуй. Тэгэхэд тэр үед Монголд хэвлэл мэдээллийн хэрэгсэл 4 дэх засаглалын төвшинд хүрч чадаагүй, хаа байсан юм гэдэг үг л байсан бол тэгээд л дүн нь ойлгомжтой. Яагаад  вэ гэхээр хэвлэл мэдээллийн чөлөөт байдал чинь өөрөө ардчиллын салшгүй бүрэлдэхүүн хэсэг, бүтэц нь, эд эс, эрхтэн нь. Гэтэл тэр нь байхгүй, бид тэр тухай ярихад ч хэцүү байгаа. Энэ ойлголт чинь Монголын ардчиллын мөн чанар хаана байгааг хэлээд байгаа юм.

Тэгэхээр чөлөөт сэтгүүлчгүй хэвлэл мэдээллийн эрх чөлөө, тэрний 4 дэх засаглал гэж ямар юм байдаг юм бэ? Тэр чинь байхгүй байна, буй болоогүй байна, эсхүл байж байгаад хэвлийдээ хүндэрсэн юм байна гэж л буухаар болчихоод байна шүү дээ. Энэ чинь л их хачин. Төр өөрөө хэвлэл мэдээллийн хэрэгслийг өмчилчихсөн учраас сэтгүүлчид маань төрийн өмч болчихоод л чөлөөт, чөлөөт биш гээд ялгагдчихаж л дээ. Ер нь сүүлийн үед чөлөөт сэтгүүлчийг чөлөөт биш болгоход их амархан байдаг юм шиг харагдаад байна. Шагначихвал л чөлөөт биш болчихдог юм шиг байна. Шагналгүй чөлөөт байсан чинь шагналтай чөлөөт биш байснаас илүү энэ нийгэмдээ хэрэгтэй. Сонсоод байхад сэтгүүлчид Та нар чинь эзэнтэй юм байна. Энэ утгаараа чөлөөт байж чадаж байгаа юм уу, үгүй юу? Төртэй юм байна. Би Монголын төрийг бүхэлд нь яриагүй, өөрийн гэсэн төрийн тухай ярьж байна. Эсхүл төр Та нарыг өмчилчихсөн тэр утгаар нь. Мөнгө гэж нэг аюул байна гэж  ярьсан. Энэ болгоны үйлчлэгч нь болоод чөлөөт байдал нь алдагдсан байж магадгүй. Төр хэвлэл мэдээллийн хэрэгслийг өмчлөөгүй, өөрийн мэдэлд аваагүй бол сэтгүүлч хүн төрийн албан болж хувирахгүй шүү дээ. Чөлөөт нийгмийн 4 дэх засаглал гээч юм чинь  чухамхүү чөлөөт сэтгүүлчдээс бүрдэх учиртай. Хаана чөлөөт сэтгүүлчид байна тэнд ард түмэн үнэн мэдээллийн эзэд байдаг байна. Тиймээс ард түмэн төрийг удирдах, төрд хяналт тавих үйл ажиллагааг чөлөөт сэтгүүлчдээрээ дамжиж мэдэрдэг байна. Зөв нэр нь хэвлэл мэдээллийн чөлөөт байдал юм. Энэ болгоныг бид бодож, өөрсдийн явцуу эздээсээ чадвал мултараад Монголын ард түмэн, улсын эрх ашигт үйлчлэх ёстой хүн гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Төрийн эрх барьж байгаа хүчин солигдоод байгааг ч Монгол Улс, монголын ард түмэн байж л байгаа шүү дээ.Тэгэхээр хувиршгүй зүйлдээ хувиршгүй үйлчлэх хэрэгтэй.

Манай З.Алтай бол нэлээн чөлөөтэй, задгайдуу талын хүн шүү дээ. Ярьдаг ч хүн, яриулдаг ч хүн. Тэгсэн мань хүн аймшиг гэж яриад байх юм. З.Алтайд л айх юм байхыг бодоход нэг л бишээ. Мэргэжилдээ үнэнч байх гэж янзын юм байгаа шүү. Харин 1:219 гэж нэг айхтар тоо хэлсэн шүү. Үүнийг дэлхий сонсвол манай ардчилалд маш их эргэлзэнэ. Ингэвэл монголын сэтгүүл зүй яаж чөлөөтэй байж, 4 дэх засаглалын төвшинд явах вэ? Ийм л байгаа бол бид 4 дэх засаглалыг буй болгож байж Монгол улс өөрийнхөө ардчиллыг бэхжүүлэх нь байна. Энэ олон хөтөлбөрүүд, олон зорилтууд, хандивлагчдын олон зуун сая хөрөнгийн тодорхой хэсгийг 4 дэх засаглалыг бүрдүүлэхэд зориулах хэрэгтэй. Бидэнд амьдрах, ажиллах чөлөөтэй орон зай алга, байгаа нь явцуу байна гэдгийг л Та бүхэн хэлж болдоггүй юм уу. Монгол Улсынхаа үндэсний эрх ашигт үйлчлэх талаас хандах хэрэгтэй. Дөрөв жилд нэг удаа хэрэгтэй улс болоод л дараа илүү дутуу юм ярьсныхаа төлөө энд тэнд дуудагддаг маягийн улс болчих юм бол яаж болох вэ. Их сайхан магтаад өглөө гээд энд тэнд дуудагдаж байна гэж ерөөсөө сонсоогүй. Харин хатуу шүүмжилснийхээ төлөө дуудагдаад байна л гэж дуулсан. Ингэмээргүй л байна. Үүнээс шантрахгүй ажиллах хэрэгтэй.

Бидэнд ярилцах ийм сайхан боломж олгож өгсөн Соросын сан, Нээлттэй нийгэм форумд талархал илэрхийлье.

Уулзалтад оролцогчдын нэрс:

Төрийн байгууллагын төлөөлөл

1. У. Эрдэнэтуяа УИХ-ын Тамгын Газрын ажилтан
2. Ж. Сүхбаатар Сонгуулийн Ерөнхий Хорооны Нарийн Бичгийн Дарга
3. н. Элбэгсайхан Парламентийг бэхжүүлэх төсөл
4. Jon Норвегийн Парламентийг бэхжүүлэх төслийн мэргэжилтэн

Хөтлөгч

5. П. Очирбат “Очирбат” сангийн тэргүүн, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч

Ажлын хэсэг

6. Д. Батжаргал Монголын хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн багш
7. С. Баяраа Чөлөөт зөвлөх
8. Д. Цэрэнжав Монголын “ОНМХ-ийн тойм” сэтгүүлийн эрхлэгч

Хэвлэл мэдээллийн төлөөлөгчид

9. З. Алтай 25-р суваг телевизийн захирал
10. Д. Цэрэн Монгол Таймс сонины гэрэл зургийн сурвалжлагч
11. A. Ариунзаяа Монголын Хэвлэл мэдээллийн сүлжээний захирал
12. Ц. Бат-Орших Сэтгүүлч
13. Ч. Баяртогтох Их Монгол Сургуулийн сургалтын албаны дарга
14. н. Оюунбэлэг Их Монгол Сургуулийн багш
15. Ц. Ганболд УИХ-ын цөөнхийн эвслийн хэвлэлийн төлөөлөгч
16. Б. Лутаа Нью Таймс Онлайн сонин
17. н. Бүрэнжаргал Хэвлэлийн хүрээлэн
18. Ч. Туул Глоб Интернашнл ТББ-ын хуульч
19. Л. Нэнжжамц Дөрөв дэх засаглал сонины эрхлэгч
20. Н. Алтантуяа Зууны Мэдээ сонин
21. Д. Оюунцэцэг өдрийн сонины парламентын сурвалжлагч
22. Р. Оюунцэцэг Хэвлэлийн хүрээлэнгийн Сургалтын албаны дарга
23. н. Энхтөр Өнөөдөр сонин
24. Д. Сандагсүрэн Монголын Мэдээ сонины Ерөнхий эрхлэгч
25. Ш. Сүхбаатар Өдрийн сонины дэд захирал
26. Д. Уранзул МОНЦАМЭ-ийн сурвалжлагч
27. н. Цацрал Аригу компанийн Мэдээний албаны менежер
28. А. Энхбаяр Дөрөв дэх Засаглал сонин
29. Ц. Цэнгэл 111-р сургуулийн багш
30. А. Гомбоцэдэн МУИС-ийн Улс төр судлалын тэнхим

ТББ-уудын төлөөлөл

31. Ц. Батмөнх Конрад Аденаурын Сан
32. Р. Бурмаа Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүдийн Хөдөлгөөн
33. Ц. Уянга Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сангийн Гүйцэтгэх захирал
34. Д. Ганбат Улс Төрийн Боловсролын Академи
35. Лейтон Крофт Азийн сангийн суурин төлөөлөгч
36. н. Мөнхжаргал Бүгд Найрамдахчуудын Хүрээлэн
37. н. Даваасүрэн Хүний Эрх Боловсрол төв
38. Б. Сайнзаяа Эрх зүйн шинэтгэлийг дэмжих хуульчдын төв
39. Л. Сумати Сант Марал Сан
40. Г. Уранцоож Хүний эрх хөгжлийн төв
41. Ж. Занаа CEDAW Watch
42. Д.Ламжав “Цэх” ТББ

Бизнесийн төлөөлөл

43. Д. Энхбат Датаком ХХК

Улс төрийн намуудын төлөөлөл

44. н. Батболд Монголын Шинэ Социал Демократ Нам

45. О. Балдангомбо Монголын Иргэний Ардчилсан Шинэ Либерал Намын дарга
46. н. Алтанчимэг Монголын Иргэний Ардчилсан Шинэ Либерал Намын ЕНБ дарга
47. н. Хатанбаатар Монголын уламжлалын Нэгдсэн Нам
48. С. Оюун УИХ-ын гишүүн, Иргэний Зориг-Бүгд Найрамдах Нам
49. н. Владимир Монголын Либерал Ардчилсан Нам
50. н. Эрдэнэбүрэн Эх Орон - Ардчилал эвслийн хэвлэлийн албаны дарга
51. Ч. Чулуунбаатар Ардчилсан Нам
52. Ч. Базар Иргэний зориг намын хэвлэл мэдээллийн албаны дарга

МННХ-ийн төлөөлөл

53. Саха Мейнатхан МННХ-ийн Удирдах Зөвлөлийн гишүүн
54. Стефэн Д.Вэнс МННХ-ийн Гүйцэтгэх Захирал
55. П. Эрдэнэжаргал Нээлттэй Нийгэм Форумын Захирал
56. Б. Мөнхсоёл Нээлттэй Нийгэм Форумын менежер
57. Я. Соронзонболд Нээлттэй Нийгэм Форумын менежер
58. Д. Балжид Нээлттэй Нийгэм Форумын Мэдээллийн менежер
59. Д. Гантуяа Нээлттэй Нийгэм Форумын портал сайтын ерөнхий редактор
60. С. Норов МННХ-ийн Хэвлэл Мэдээллийн хөтөлбөрийн зохицуулагч
61. П. Бадамрагчаа Нээлттэй Нийгэм Форумын туслах
62. Б. Маймөнх Бичээч
63. Г. Батнягт Видео бичлэг

Хэвлэлийн төлөөлөгчид

64. н. Мөнхжаргал Монгол Телевизийн сувалжлагч
65. н. Машмаа Монгол Телевизийн редактор
66. н. Баясгалан Монгол Телевизийн зураглаач
67. н. Батпүрэв ТВ-9 –ийн сурвалжлагч
68. н. Туяа ММ агентлагаас
69. н. Гантуяа ММ агентлагаас
70. н. Ариунаа UBS –ээс
71. н . Оюунболд ТВ-5-аас
72. н. Тэмүүжин ТВ-5-аас