Мэдээлэл хүргэх, хүртэх технологи улам бүр энгийн хялбар, хүртээмжтэй болж буй энэ цаг үед Хөгжлийн Мэдээллийн төвийн гол үйлчилгээг онлайнаар авах боломж бүрдүүлэх нь 2010 оны гол зорилт байлаа. “Нээлттэй Нийгэм Форум” портал сайтын програм хангамж болон технологи шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Мэдээллийн төвийн онлайн сан өргөжих боломж бүрдэв. Мэдээллийн төвийн үйлчлүүлэгчид зөвхөн Монголын хөгжлийн сэдвээрх судалгааны тайлан, үнэлгээ төдийгүй дэлхийн олон оронд хүртээмжтэй Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (OECD), Жэй-Стор (JSTOR)-ыг шинээр ашиглаж эхэллээ. Өмнө нь хэрэглээнд байсан Дэлхийн Банкны И-номын сан шинэчлэгдэн, Кэмбриджийн онлайн сэтгүүлийн тоо нэмэгдэж, Оксфордын лавлагааны ном, тайлбар толийг ашиглах хүний тоо өсч 2010 онд нийтдээ 20,000 орчим хэрэглэгч онлайнаар үйлчилгээ авчээ.
Өнгөрсөн онд мэдээллийн төвд байгаа хэвлэмэл материалыг ангилан ялгаж, www.forum.mn вэбээс авч болох судалгааны онлайн сан, бодлогын цуврал, шинээр нэмэгдэж буй номын тухай мэдээллийг шинэчилж баяжууллаа. Хөгжлийн Мэдээллийн төвийн онлайн каталогиос хайлт хийхээс гадна Google Book болон Amazon.com-оос номын хайлт хийх шууд линкүүдийг бий болгов. Түүнчлэн Нээлттэй Нийгэм Форумын мэдээлэл түгээх нэг хэрэгсэл болохын хувьд Оюуны өмчийн газарт “Хөгжлийн Мэдээллийн төв”-ийн нэрийг бүртгүүллээ. Энэ нь хөгжлийн тухай төрөлжсөн мэдээллээр үйлчлэх статусаа баталгаажуулах төдийгүй бусад ижил төрлийн Мэдээллийн төвийн сүлжээний хамтын ажиллагааг тодотгож, шинэтгэхэд үр нөлөөтэй юм.
Одоогоор тус санд байгаа Монголын нийгэм, эдийн засгийн холбогдолтой 800 гаруй судалгаа, 5,000 орчим хэвлэмэл ном, сэтгүүлээс 2010 онд 28,860 удаа хайлт хийгджээ. 2005 оноос хойш нийтдээ 40,000 орчим хүн танхимын үйлчилгээ авсан байна. 2009 оны сүүлээс туршиж эхэлсэн гишүүнчлэлийн үйлчилгээг 1,367 хүн сонгоод байна. Хамгийн их ашиглагдсан 100 номыг авч үзэхэд ном тус бүр 15-50 гаруй удаа уншилтад гарсан ба (танхимд ашигласан тоог энд тооцоогүй болно) Эдийн засаг энгийнээр, Иргэний эрх зүйн хөтөч, Дэлхий дахины өрсөлдөх чадварын тайлан, Ардчиллын хэв загварууд, Далайг хагалах нь зэрэг ном 2010 онд хамгийн их хэрэглээтэй байжээ.
Мэдээлэл түгээх нь ННФ-ын үйл ажиллагааны анхаарлын төвд байсаар ирсэн ба энэ ажиллагааг Хөгжлийн Мэдээллийн төвөөс зохион байгуулдаг . Энэ хүрээнд ННФ-аас хэвлэн гаргаж буй ном, судалгааг бодлого боловсруулагчид, төрийн бус байгууллагууд, нийтийн болон хөдөө орон нутгийн номын сангуудад түгээж байна. 2004 оноос хойш нийтдээ 45,000 ном судалгаа тараажээ. Мэдээлэл солилцох, хүлээн авах хүрээнд Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк, Конгрессын номын сантай хамтран ажиллаж ирсэн ба 1,000 гаруй ном хүлээн авч ННФ-аас хэвлэсэн 10 орчим номыг Конгрессын номын сангийн ном солилцооны хөтөлбөрт илгээжээ.
Цаашид Хөгжлийн Мэдээллийн төвийн онлайн үйлчилгээг сурталчлах, чанаржуулах, электрон мэдээллийг янз бүрийн хэрэгслээр (Интернэт, И-Рийдэр, Ай-Пад) дамжуулж үзэх хувилбараар (PDF, ePub, Podcast) мэдээллийн сандаа оруулахыг чухалчлах ба аль болох өргөн хүрээнд чанартай мэдээлэл түгээж, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн шинэ ном, судалгаагаар баяжуулахыг эрхэм зорьж байна.