
Улсын Их Хурал (УИХ)-ын 2016 оны ээлжит сонгууль болох хугацаа дөхсөнтэй холбоотой сонгуулийн үйл явцыг хэрхэн зохион байгуулах, хуульд ямар өөрчлөлт оруулбал зохих талаар мэтгэлцээн идэвхтэй өрнөж байна. Энэ мэтгэлцээний гол сэдвийн нэг нь санал тоолоход автомат төхөөрөмж ашиглах тухай асуудал болж байна. 2012 оноос эхлэн сонгуульд ашиглаж буй энэ машиныг дахин ашиглах нь зүйтэй эсэх талаар талууд эргэлзсэн байр суурь илэрхийлж, зарим нь сонгогчдын саналыг гараар тоолдог болох санал дэвшүүлж буй. Аливаа бодлого, хууль тогтоомжийг сайжруулж өөрчлөхөд тухайн бодлогын хэрэгжилтийг системтэй үнэлсэн дүн шинжилгээ, бодит баримт нотолгоо суурь нь болох ёстой. Монгол Улс сонгуулийн санал тоолох автомат төхөөрөмжийг 2012 оны УИХ болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ашигласан туршлагатай билээ. Эдгээр сонгуульд иргэний нийгмийн зүгээс хийсэн мониторинг, ажиглалтын дүн, санал зөвлөмж болон олон улсын байгууллагуудаас сүүлийн жилүүдэд гаргасан судалгаа шинжилгээнд үндэслэн Монгол Улсад ашиглаж буй сонгуулийн санал тоолох автомат төхөөрөмжийн талаар санал боловсруулснаа хуулийн хэлэлцүүлэгт нэмэр болгох үүднээс тоймлон хүргэж байна.
|