Манай улсад ардчилсан, хариуцлагатай засаглалыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдол бүхий нэмэлт өөрчлөлтүүд Үндсэн хуульд орсон нь 2019 оны гол үйл явдал боллоо. Энэхүү нэмэлт өөрчлөлтөд Нээлттэй Нийгэм Форумын зүгээс сүүлийн 10 гаруй жил анхаарч ажиллаж ирсэн асуудлууд тусгалаа олсон нь бидний цаашдын ажил үйлсэд ихээхэн урам нэмлээ. Төрийн хариуцлагыг дээшлүүлэх, шүүхийн хараат бус байдлыг нэмэгдүүлэх, улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, сонгуулийг шударга болгох, төсвийн сахилгыг сайжруулах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нийтийн эрх ашгийг хамгаалахад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт чухал үүрэг гүйцэтгэх нь эргэлзээгүй. Бид үйл ажиллагаагаа жил бүр нэгтгэн тайлагнадаг уламжлал ёсоор 2019 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа уншигч олондоо үүгээр тоймлон танилцуулж байна.