“ОҮИТБС-ын хэрэгжилт: Эрчим хүчний шилжилт” хэлэлцүүлэг боллоо

A- A A+
“ОҮИТБС-ын хэрэгжилт: Эрчим хүчний шилжилт” хэлэлцүүлэг боллоо

Нээлттэй нийгэм форум, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын Ажлын алба хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд ОҮИТБС-ын хэрэгжилтэд оролцдог төрийн болон төрийн бус байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын төлөөлөл оролцож, эрчим хүчний шилжилтийн явцад ил тод байдал, олон нийтийн хяналт, оролцоо бий болгох талаар хэлэлцлээ. Эрчим хүчний шилжилт нь ОҮИТБС-ын үйл явцыг эрчимжүүлж, шилжилтийн үйл явцыг “шударга”-аар удирдан явуулахад нэн чухал ил тод байдал, олон нийтийн хэлэлцүүлгийн талбар болох боломжтой юм. Учир нь эрдэс баялгийн салбарт ил тод байдлыг хангах энэхүү санаачилга цар хүрээгээ тэлж, эрчим хүчний салбар, нэн ялангуяа шилжилтэд чиглэсэн бодлого, төлөвлөгөө, тэдгээрийн хэрэгжилт, төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалт, төрөөс хийж буй үнийн зохицуулалт, татаас зэрэг мэдээллийг нээлттэй болгох замаар иргэдийн хяналт оролцоог бий болгохыг шаардах болов.

Ийм учраас уг хэлэлцүүлэгт эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн сааруулах, дасан зохицох чадавх бэхжүүлэх асуудал хариуцсан Эрчим хүчний яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Статистикийн үндэсний хороо зэрэг байгууллагууд оролцож, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах талаар ярилцав. Тэрчлэн хэлэлцүүлэгт оролцогчид эрдэс баялгийн салбарт хэвшин тогтсон ил тод байдал, түншлэлийн тогтолцоонд тулгуурлан эрчим хүчний салбарт ил тод, нээлттэй байдлыг хангах боломжтой гэдэгт санал нэгдсэн төдийгүй энэ чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх алхмууд, талуудын үүрэг оролцоог тодорхойллоо.