Монгол Улс эрх зүйт төрийг бэхжүүлэх, шүүхийн тогтолцоог шинэчлэх чиглэлээр тууштай ажиллаж байгаа хэдий ч практик түвшинд зарим сорилтууд тулгарсаар байна. Нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдал, хүн амын хэт төвлөрөл болон иргэдийн эрх зүйн боловсрол дутмаг, цахим орчинд үүсэж буй шинэ төрлийн маргаан, кибер гэмт хэргийн сорилтууд шүүхийн ачааллыг эрс нэмэгдүүлж салбарыг илүү чадварлаг, хүртээмжтэй ажиллахыг шаардах боллоо. Улмаар шүүх эрх мэдлийн байгууллага шударга ёсны баталгаа болж хараат бус ажиллахад төсөв санхүүгийн бодлогын дэмжлэг, төсвийн төлөвлөлтийн оновчтой байдал нэн чухал болж байна.

Нээлттэй нийгэм форум нь шүүхийн хараат бус байдал болон төсвийн ил тод байдлыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлдэг үйл ажиллагааныхаа хүрээнд шүүхийн захиргааны байгууллагууд болон санхүү, төсвийн бодлого хэрэгжүүлэгч талуудын харилцан мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор “Шүүх эрх мэдлийн хөгжилд төсвийн бодлогын гүйцэтгэх үүрэг” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг 2026 оны 4 сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

Зөвлөлдөх уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн академийн төлөөлөл, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүд, ажлын албаны төлөөлөл, хараат бус судлаачид оролцож шүүх эрх мэдлийн төсвийн тулгамдсан асуудал, шийдлийн талаар мэдээлэл санал солилцлоо.

Нээлттэй Нийгэм Форумын Эрх зүйн хөтөлбөрийн хүрээнд “Шүүхийн төсвийн процессын шинэтгэл: Монголын нөхцөл ба олон улсын туршлага” сэдэвт бодлогын судалгаа захиалан гүйцэтгүүлж байгаа бөгөөд 2026 онд нөлөөллийн ажлыг холбогдох талуудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Шүүхийн төсвийн талаар 2025 онд нийтлэгдсэн Бодлогын асуудлыг энэхүү холбоосоор орж харна уу.


