Ардчиллыг хэмжих V-Dem аргачлалын талаар нээлттэй лекц, хэлэлцүүлэг боллоо

A- A A+
Ардчиллыг хэмжих V-Dem аргачлалын талаар нээлттэй лекц, хэлэлцүүлэг боллоо

Нээлттэй Нийгэм Форум өнөөдөр “Ардчиллыг хэмжих V-Dem аргачлал” сэдэвт нээлттэй лекц, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Норвегийн Бергений их сургуулийн Харьцуулсан улс төр судлалын профессор, Ардчиллын олон талт байдлын хүрээлэн (Varieties of Democracy – V-Dem)-ийн хэмжилт, арга зүйн төслийн менежер Кайл Л. Марквардт уригдан оролцож, лекц уншин, оролцогчдын асуултад хариулсан юм. 

Өнгөрсөн онд V-Dem хүрээлэнгийн үнэлгээгээр Монгол Улс анх удаа сонгуульт ардчиллын ангиллаас ухарч, сонгуульт авторитар хэв шинжид ойртож буй дүгнэлт гарсан нь олон нийтийн анхаарлыг татсан билээ. Илтгэлд Монгол Улсын 1911-2025 оны улс төрийн хөгжлийг олон төрлийн индексээр хэмжиж, ардчиллын өөр өөр үзүүлэлтүүд цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдсөнийг харьцуулан тайлбарлав. Тухайлбал, “Electoral Democracy Index” буюу Сонгуульт ардчиллын индекс нь сонгууль хэр чөлөөтэй, өрсөлдөөнтэй явагдаж буйг хэмждэг үзүүлэлт ажээ. Судалгаагаар манай улсын хувьд 1920-1989 оны социалист тогтолцооны үед энэ үзүүлэлт хамгийн доогуур түвшинд байсан бол 1990 оны ардчилсан өөрчлөлтийн дараа огцом өсөж, 1990-ээд оны дунд үеэс 2010-аад он хүртэл тогтвортой өндөр түвшинд хадгалагдсан байна. Харин сүүлийн жилүүдэд тодорхой хэмжээгээр буурах хандлага ажиглагджээ. Энэ нь Монгол Улс бүс нутагтаа ардчилсан орон хэвээр байгаа хэдий ч ардчиллын чанарт тодорхой сорилтууд үүсэж буйг харуулж байгааг илтгэгч онцолсон юм.

Мөн үг хэлэх эрх чөлөө, мэдээллийн хүртээмжийг хэмждэг үзүүлэлтээр Монгол Улс 1990 оны ардчилсан хувьсгалын дараа эрс ахиц гаргасан ч сүүлийн жилүүдэд хэвлэлийн хараат бус байдал, мэдээллийн орчны дарамттай холбоотойгоор үзүүлэлт буурсан талаар дурдав. Эвлэлдэн нэгдэх эрхийн үзүүлэлт нь улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд чөлөөтэй байгуулагдаж, үйл ажиллагаа явуулах боломжийг хэмждэг бөгөөд 1990 оноос хойш намууд болон иргэний нийгмийн байгууллагууд чөлөөтэй хөгжих боломж бүрдсэн байна. Тус үзүүлэлт 2000-аад онд хамгийн өндөр түвшинд хүрсэн боловч сүүлийн жилүүдэд мөн бага зэрэг буурсан дүр зураг ажиглагджээ.

Түүнчлэн сонгуулийн шударга байдал, санал худалдан авах, төрийн нөөц ашиглах, сонгуулийн луйвар зэрэг асуудлыг хэмждэг үзүүлэлтүүдээр Монгол Улс өмнө нь өндөр үнэлгээ авч байсан ч сүүлийн жилүүдэд буурсан нь улс төрийн өрсөлдөөний чанар, сонгуулийн шударга байдалд анхаарах шаардлагатайг харуулж байгааг тэмдэглэлээ.

Илтгэлд улс төрийн нам байгуулахад төрөөс учруулж буй саад, дарамтын асуудлыг мөн тусгайлан авч үзсэн байна. Үүнд нам байгуулах эрх чөлөө, сөрөг хүчний үйл ажиллагаанд үзүүлэх дарамт, намыг хориглох, бүртгэхээс татгалзах зэрэг үзүүлэлтүүд багтдаг аж. Судалгаагаар 1990 оны ардчиллын дараа энэ орчин эрс нээлттэй болсон ч сүүлийн жилүүдэд улс төрийн өрсөлдөөний тэгш байдалд эргэлзээ төрүүлэх асуудлууд нэмэгдэж буйг онцолж байна. Илтгэлийн төгсгөлд Монгол Улсыг Казахстан, ОХУ, Хятад, АНУ зэрэг улстай харьцуулсан график үзүүлж, Монгол Улс бүс нутагтаа харьцангуй өндөр ардчиллын үзүүлэлттэй хэвээр байгааг тэмдэглэв. Гэсэн хэдий ч Азийн орнуудын 2001 болон 2025 оны үзүүлэлтүүдийн харьцуулалтаас харахад Монголын ардчиллын индекс тодорхой хэмжээгээр буурч буй дохио ажиглагдаж байгааг дурдсан юм. 

V-Dem нь ардчиллыг зөвхөн сонгуулийн үзүүлэлтээр хэмждэггүй бөгөөд сонгуулийн, либерал, оролцооны, зөвлөлдөх, тэгш эрхт ардчилал гэсэн таван үндсэн индексээр үнэлдэг онцлогтой. Эдгээр индексээс харахад Монгол Улсад сонгуулийн ардчилал харьцангуй өндөр хөгжсөн боловч төрийн институцийн хяналт-тэнцэл, иргэдийн бодит оролцоо, улс төрийн тэгш боломж, бодлогын хэлэлцүүлгийн чанар зэрэг үзүүлэлтүүд харилцан адилгүй түвшинд байгааг харуулжээ.

Мөн энэхүү төсөл нь ардчиллыг нэг хэмжүүрээр бус, 500 гаруй нарийвчилсан үзүүлэлтээр хэмжиж, тэдгээрийг нэгтгэн ардчиллын олон талт ойлголтыг судалдгаараа онцлог аж. Тус төсөл нь дэлхийн улс орнуудын ардчиллын талаарх өгөгдлийг жил бүр шинэчилдэг бөгөөд судлаачид, бодлого боловсруулагчид болон иргэний нийгмийн байгууллагуудад өргөн ашиглагддаг байна.

Лекц, хэлэлцүүлгийн үеэр оролцогчид ардчиллыг хэмжихэд тулгардаг онол, арга зүйн асуудлууд болон Монгол Улсын ардчиллын үзүүлэлтүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Арга хэмжээнд эрдэмтэн, судлаачид, оюутнууд, төрийн болон төрийн бус байгууллагын 40 гаруй төлөөлөл оролцов.