Сангийн сайд Н.Алтанхуяг 2005 оны улсын төсвийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв (2004.11.19)
Сайд Н.Алтанхуягийн мэдэгдснээс үзэхэд 2005 онд улсын нэгдсэн төсвийн орлого энэ оныхоос 84.2 тэрбум төгрөгөөр өсч, 698,6 тэрбум төгрөгт хүрч дотоодын нийт бүтээгдхүүнд эзлэх хувь 37.7 болохоор байна. Улсын нэгдсэн төсвийн 2005 оны орлогын тооцоонд нэг тонн зэсийн үнэ 2355 доллар, нэг унци алт 437.5 доллар, төгрөгийн доллартай харьцах ханш 1238 төгрөг, нийт импорт 1027.1 сая доллар, үүний дотор татвартай импорт 720 сая доллар байхаар тусгажээ. Мөн онд 16 тонн алт олборлож улсын төсөвт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр 16 тэрбум төгрөг, газрын төлбөрийн орлогыг 13.8 тэрбум төгрөг байхаар тус тус тооцсон байна. Нэгдсэн төсвийн нийт зарлага 2005 онд 765.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдхүүний 41.2 хувь болж байна. Харин төсвийн алдагдал тус онд 67.1 тэрбум төгрөгт хүрэхээр байгаа бөгөөд төсвийн урсгал ашиг дотоодын нийт бүтээгдхүүний 7.4 хувь буюу 142.8 тэрбум төгрөг болохоор байгаа юм
2005 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус онд 55.9 тэрбум төгрөгийн барилга байгууламж, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тооцож байгаа нь энэ оны төлөвлөсөн 52.6 тэрбум төгрөгөөс 3.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. 2005 оны нийт хөрөнгө оруулалтын 63.1 хувийг эрчим хүч, дулаан, автозам зэрэг дэд бүтцийн, 19 хувийг боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын, 7.1 хувийг барилга, хот байгуулалт, хүнс, ХАА, үйлдвэр худалдаа, байгаль орчны салбарт болон гааль, татварын байгууллагуудад, 3.2 хувийг батлан хамгаалах, хил хамгаалал, нийгмийн хэв журам сахиулах, хууль эрхзүйн салбарт, 7.6 хувийг нийтийн ерөнхий үйлчилгээний байгууллагуудын хөрөнгийн зардлыг санхүүжүүлэхээр тус тус тооцжээ.
2005 оны улсын төсөвт хүүхдийн мөнгө, их өрийг дарсан зээлийн өр гэх мэт 50 тэрбум орчим төгрөгийн нэмэлт ачаалал гэнэт орж ирсэн байна. Мөн долоон настай хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургуульд сургаж эхэлсэнтэй холбогдсон нэмэлт зардлууд гарах аж. 2005 оны төсвийн орлогыг төлөвлөхдөө архи, тамхины онцгой албан татварыг хоёр дахин нэмэгдүүлж, дотоодын шар айрагнаас 20 цент, импортынхоос 40 центийн татвар авахаар тооцсон байна. Мөн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, усны зүй зохистой хэрэглээ бий болгох, усны нөөцийг хамгаалах зорилгоор усны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн ашиглаж буй усны төлбөрийн хэмжээг шоо метр тутамд 100 төгрөг болгохоор төсвийн төсөлд тусгажээ.


Naranchuluun