Төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг явагдаж байна (2004.11.25)

A- A A+
Төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг явагдаж байна (2004.11.25)

Төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг явагдаж байна (2004.11.25)

УИХ-ын зарим байнгын хороо өчигдөр хуралдаж 2005 оны улсын төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн байна. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2005 оны төсөвт нэмж тусгасан хөрөнгө оруулалтад зарцуулах дөрвөн тэрбум төгрөгийг хэрхэн хуваарилсан талаарх Засгийн газрын хувилбарыг авч хэлэлцлээ гэж “Өдрийн сонин” мэдээлжээ. Засгийн газраас уг хөрөнгийн эх үүсвэрийг зарим сум руу эрчим хүчний щугам тавих, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болгох болон шинээр сургууль, эмнэлгийн барилга барих зэрэгт зарцуулахаар төлөвлөснийг тус байнгын хорооны гишүүд дэмжсэн байна. Мөн нэгэнт дөрвөн тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулах болсон тул гишүүдээс урьд нь гаргасан хөрөнгө оруулалтын саналыг татаж авахаар болжээ. Шинээр төсөвт нэмэгдүүлж тусгах 21,7 тэрбум төгрөгнөөс гадна зарим яамны төсвийг нэмэх, тухайлбал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Шинжлэх ухааны академийн үйл ажиллагааны зардлыг нэг тэрбумаар нэмэгдүүлэх, Эрүүл мэндийн яамнаас вакцинжуулалт, дархлаажуулалтад зарцуулах хөрөнгө дээр нэмж 480 сая, Гамшгийн асуудал эрхэлсэн сайдын багцад Гамшгаас хамгаалах тусгай ангийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгаа тул цалингийн санг 167,4 сая төгрөгөөр нэмэгдүүлэх санал гаргасныг гишүүд дэмжжээ.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас шинээр нэмэгдэх эх үүсвэрийн дөрвөн тэрбумыг ямар зүйлд зарцуулах талаарх Засгийн газрын хувилбарыг Төсвийн байнгын хороо дэмжсэн тул түүнд багтаагүй хөрөнгө оруулалтын саналуудыг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар оруулж санал хураалгах нь зүйтэй гэж шийдсэн байна.

Тэрчлэн Эдийн засгийн байнгын хорооны хурлаар 2005 онд төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогын талаар хэлэлцжээ. Ирэх онд инфляцийг Монголбанк долоо, Засгийн газар таван хувь байна гэж үзэж байгаа бөгөөд тус хорооны гишүүд таван хувь байх нь зүйтэй гэж тогтлоо. Монгол Улсын эдийн засгийг загварчлах ажлыг Монголбанк, Засгийн газартай хамтарч эхлүүлэх болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, үнэт цаасны газрын үйл ажиллагаанд хяналт тавьж шалгалт хийдэг Хяналт шалгалтын хороо байгуулах зэрэг саналыг дэмжсэн гэж “Өдрийн сонин мэдээлжээ. Харин банк санхүүгийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох тухай асуудал дээр барьцааны хөрөнгийг хэрхэх талаар хоёр хуульд өөр өөрөөр тусгагдсан талаар нэлээд ярилцаж, эсрэг тэсрэг заалтуудыг нэг мөр болгохоор хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж тус байнгын хорооны хурлаас үзжээ. Банкны тухай хуульд барьцааны хөрөнгийг банк захиран зарцуулах эрхтэй гэж заасан байдаг бол шинэ Иргэний хуульд барьцаа хөрөнгийг шүүхээр шийднэ гэж заасан аж.