Сангийн яам 2005 оны улсын төсвийн төслийн талаар албан ёсны мэдээлэл гаргасан байна (2004.11.29)

A- A A+
Сангийн яам 2005 оны улсын төсвийн төслийн талаар албан ёсны мэдээлэл гаргасан байна (2004.11.29)

Сангийн яам 2005 оны улсын төсвийн төслийн талаар албан ёсны мэдээлэл гаргасан байна (2004.11.29)

УИХ энэ долоо хоногт 2005 оны улсын төсвийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийнэ.
Сангийн яамны хэвлэлийн албанаас 2005 оны улсын төсвийн төслийн талаар албан ёсны мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд явуулсан байна. Уг мэдээлэлд дурдсанаар:

Монгол Улсын төвлөрсөн төсвийн алдагдал 2005 онд 68.1 тэрбум төгрег буюу ДНБ-ий 3,5 хувьд хүрэхээр байгаа бөгөөд төсвийн урсгал ашиг 2005 онд ДНБ-ий 7,4 хувь буюу 142.8 тэрбум төгрөг болж байна. Нэгдсэн төсвийн нийт зарлага 2005 онд 796.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 41,2 хувь болохоор байна. Төсвийн зарлагын өсөлтийн 9,7 хувийг төрийн албан хаагчдын цалин, 16,5 хувийг бараа, ажил үйлчилгээний бусад зардал, 32,9 хувийг татаас ба урсгал шилжүүлэг болон 42,5 хувийг гадаад зээлийн ашиглалтын өсөлт бүрдүүлж байна.

Төсвийн орлогын төлөвлөгөө

Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого сүүлийн гурван жилд буюу 2002-2004 онд жилд дунджаар 17.6 хувиар өссөн нь ДНБ-ий өсөлттэй харьцуулахад хоёр пунктээр бага байна. Улсын нэгдсэн төсвийн орлого 2004 онд 644.5 тэрбум төгрөгт хүрч 2003 оныхтой харьцуулахад 90.6 тэрбум төгрөгөөр буюу 16.4 хувиар өсөх төлөвтэй байна.

Улсын нэгдсэн төсвийн 2005 оны орлогын тооцоонд нэг тн зэсийн үнэ 2355 ам.доллар, нэг унци алтны үнэ 437.5 ам.доллар, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1238 төгрөг, нийт импорт 1027.1 сая ам.доллар, үүний дотор татвартай импорт 720 сая ам.доллар байхаар тусгасан байна. Улсын нэгдсэн орлого 2005 онд 728.7 тэрбум төгрөгт хүрч ДНБ-д эзлэх хувь 37.7 болохоор байна. Улсын нэгдсэн төсвийн орлого 2005 онд энэ оныхоос 84.2 тэрбум төгрөгөөр буюу 13.1 хувиар өсөхөөр байгаа юм.

2005 онд 16.0 тн алт олборлож улсын төсөвт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр 16 тэрбум төгрөг, газрын төлбөрийн орлогыг 13.8 тэрбум төгрөг байхаар тооцлоо.

Төсвийн зарлагын төлөвлөгөө

Монгол Улсын төсвийн зарлагын 2005 оны төсөлд Засгийн газрын 2004 оны 42 дугаар тогтоолоор төрийн албан хаагчийн цалинг хоёрдугаар сарын 15-наас эхлэн нэмэгдүүлсний цалингийн сан, нийгмийн салбарын байгууллагын үндсэн үйл ажиллагаа, өөрөөр хэлбэл долоон настай хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд хамруулахад шаардагдах зардал, шинээр ашиглалтад орсон, өргөтгөсөн сургууль, эмнэлэг, соёлын байгууллагын урсгал зардал, зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслийн дотоодын санхүүжилтийг тооцож байна.

Улсын төсвийн нийт зарлагыг 2005 онд 728.8 тэрбум төгрөг түүний дотор төсвөөс санхүүжих бүтээгдэхүүн, төрийн албаны зардлын хэмжээ 584.5 тэрбум төгрөгөөр, нийт зарлага 2004 оныхоос 9.8 хувь өсөхөөр байна.

Бараа, үйлчилгээний зардлын өсөлтийг нэмэгдүүлж байгаа гол шалтгаан нь сүүлийн үед дэлхийн зах зээл дээрх нефть бүтээгдэхүүний үнэ өсч байгаагаас цахилгаан, дулаан, ус, шатахууны үнэд нөлөөлөхөөр байна.

Зээлийн үйлчилгээ

Монгол Улсын Засгийн газар 2005 онд нийт 180.2 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад зээлийг хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагуудаас авч ашиглахаар тооцож байна. Үүний 67.1 хувь буюу 120.9 тэрбум төгрөг нь төслийн зээл, 13.2 хувь буюу 23.7 тэрбум төгрөг нь автозамын зээл, 11.4 хувь буюу 20.5 тэрбум төгрөг нь санхүүгийн зээл, 8.3 хувь буюу 15 тэрбум төгрөг нь Олон улсын валютийн сангаас авч ашиглах зээл юм. Бидний хувьд дунд болон урт хугацаанд гадаадаас авах зээлийн хэмжээгээ бууруулж харин тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, мөн өөрийн орны экспортын хэмжээг нэмэгдүүлэх замаар төлбөрийн чадавхийг сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Монгол Улсын Засгийн газар 2005 онд нийт 58.5 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад зээлийн төлбөрийг хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагуудад төлж барагдуулахаар тооцоолж байна.