ТАН эвслээс газрын тосны үйл ажиллагаатай холбоотой журмуудад өгсөн санал

A- A A+
ТАН эвслээс газрын тосны үйл ажиллагаатай холбоотой журмуудад өгсөн санал

ХОЁР. ГАЗРЫН ТОС, УЛАМЖЛАЛТ БУС ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ, ХАЙГУУЛ,  ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ӨРТСӨН БАЙГАЛЬ ОРЧНЫГ НӨХӨН СЭРГЭЭХ АЖЛЫН  ҮР ДҮНГ ХҮЛЭЭН АВАХ ЖУРАМД:

  • Энэхүү журмын Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нийцсэн байдлыг бүхэлд нь үнэлж, нийцүүлэх шаардлагатай байна. Учир нь хуулийн заалттай давхардсан, зөрчилдсөн маш олон заалтууд журамд тусгагдсан байх бөгөөд энэхүү журмаар зөвхөн нөхөн сэргээлтийн ажлыг хүлээн авах харилцааг зохицуулах талаар Журмын Нэг ба Хоёрдугаар  бүлэгт дурдсан  байх боловч  байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг боловсруулах, батлуулахтай холбоотой хуулийн заалтыг зөрчсөн, журмаар зохицуулах харилцаанаас хальсан шинжтэй байна. Тухайлбал, Журмын Дөрөв ба Тавдугаар бүлэгт газрын тосны хайгуул, олборлолтын  ажилд ерөнхий үнэлгээ хийлгэхээр заасан нь тухайн төрлийн үйл ажиллагаанд нарийвчилсан үнэлгээ заавал хийлгэх Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний  тухай хуулийн шаардлагатай зөрчилдсөн байна. Түүнчлэн Журмын 2.3 хэсэгт “байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайлангийн хувийг Аймаг, нийслэлийн байгаль орчны газар” хүргүүлэхээр заасан нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд уг тайланг төсөл хэрэгжиж байгаа газрын Засаг дарга, мэргэжлийн хяналтын байгуулдагад хүргүүлэх хуулийн заалтыг зөрчсөн байна. Энэ мэтчилэн хууль тогтоомжтой уялдаагүй олон зүйл, заалтууд журамд тусгагдсан нь хууль хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжид ойлгомжгүй байдал,  эргэлзээ төрүүлэх эрсдэлтэй байна.
  • Ажлын хэсгийн үйл ажиллагаа, ямар шалгуурын дагуу, ямар хяналт шалгалт хийж, ямар хугацаанд нөхөн сэргээлтийн ажлыг үнэлэн хүлээж авах нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, Журам өөрөө нөхөн сэргээлтийн ажлыг хүлээн авах харилцааг зохицуулах зорилготой байх боловч ийнхүү хүлээн авахтай холбоотой үйл явц, ажлын хэсгийн гишүүдийн үүрэг хариуцлагыг зохицуулсан заалт огт тусгагдаагүй байна.
  • Ажлын хэсгийн дүгнэлт эцсийн шийдвэр байх уу, эсхүл уг дүгнэлт дээр үндэслэн аль нэг албан тушаалтны шийдвэр гаргах эсэх нь тодорхойгүй байна. Энэ нь журмын хэрэгжилт, түүнд хариуцлага тооцоход бэрхшээл үүсгэж, байгууллага, албан тушаалтны дунд бие биендээ найдсан, эсхүл хариуцлагаас зайлсхийх нөхцөл байдлыг үүсгэх, эцэстээ нөхөн сэргээлтийн ажил эзэнгүйдэх эрсдлийг үүсгэхээр байна.
  • Нөхөн сэргээлтийн ажлыг хүлээн авсны дараа тодорхой хугацаанд бий болох эрсдлийг хэн, хэрхэн хянах талаар зохицуулалтыг тусгах.
  • Нөхөн сэргээлтийн чанар, гүйцэтгэлээс үүдэлтэй эрсдэл бий болох тохиолдолд хор хохирлыг арилгах зардлыг гэрээлэгч хариуцах заалтыг журамд тусгах.

ГУРАВ. ГАЗРЫН ТОС, УЛАМЖЛАЛТ БУС ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ, ХАЙГУУЛЫН,
АШИГЛАЛТЫН ТАЛБАЙГ БУЦААН ӨГӨХ, ХҮЛЭЭН АВАХ ЖУРАМД:

  • Журмын 2.1 хэсэг дэх “Монгол улсын хууль хяналтын байгууллагаас өгсөн үүрэг, даалгавар, түүний хэрэгжилт” гэснийг тодорхой болгох. Ашигт малтмал, газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн хяналтын болон байгаль орчны асуудал эрхэлсэн төв, орон нутгийн байгууллага, орон нутгийн захиргаа, нутгийн өөрөө удирдах байгууллага гэх мэт байгаль орчны асуудлаар хяналт шалгалт хийх эрх хэмжээ бүхий байгууллагуудыг тодорхой дурдаж, хяналт шалгалтын үр дүн, түүний мөрөөр авсан арга хэмжээ, хяналт шалгалт хийсэн байгууллагаас хэрэгжилтийг хүлээн авсан тухай баримт бичиг, үнэлэлт дүгнэлт зэргийг хавсаргах талаар журамд тусгах.
  • Журмын 3.9 хэсэгт заасан “дараагийн шатны холбогдох байгууллага” гэснийг мөн тодорхой болгож, холбогдох байгууллагыг дурдах. Тухайлбал, Ашигт малтмал, газрын тосны газар, мэргэжлийн хяналт, байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага гэх мэтээр одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжтой уялдуулан хариуцах бөайгууллагыг нэр заан дурдах.
  • Газрын тосны эрэл, хайгуулын талбай хүлээн авах үйл ажиллагаанд ил тод байдал, иргэдийн оролцоог хангахад чиглэсэн зохицуулалтыг тусгах. Үүнд:
    • Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орон нутгийн ОҮИТБС-ын дэд зөвлөл, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулах,
    • Ажлын хэсгийн гишүүдэд тавигдах шаардлага тодорхой болгох,
    • Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, гаргасан дүгнэлт, түүний үндэслэл ил тод байх,
    • Ажлын хэсгийн дүгнэлт дээр үндэслэн эцсийн шийдвэр гаргаж байгаа төрийн холбогдох байгууллагын шийдвэр ил тод байх,
    • Журмыг бүхэлд нь 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэхэд анхаарах. Ажлын хэсэг  дүгнэлт гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн дагуу эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх талууд болох орон нутгийн иргэдээс санал авах “Сонсох ажиллагаа”-г зохион байгуулах шаардлагыг журамд тусгах.
  • Талбайн нөхөн сэргээлтийн нэмэлт зардлын хэмжээг Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Гэрээлэгч харилцан тохиролцож, тогтоох гэсэн нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн эрх бүхий байгууллагын оролцоог орхигдуулсан, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуультай зөрчилдсөн зохицуулалт байна. Нөхөн сэргээлтийн зардлыг тухайн төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль  орчны менежментийн ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд үндэслэн тогтоох ба эдгээр баримт бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам батладаг. Тиймээс  газрын тосны эрэл, хайгуулын талбайн нөхөн сэргээлтийн зардлыг тогтоох үйл ажиллагааг дээрх хуультай уялдуулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны яамны оролцоотойгоор тогтоох талаар журамд тусгах нь зүйтэй.
  • Журмын 6.1 дэх заалтад “ажлын хэсэгт” гэсний дараа “бичгээр” гэж нэмэх.  
  • Газрын тосны эрэл хайгуулын талбай, нөхөн сэргээлтийг хүлээн авсны дараа тодорхой хугацаанд бий болох эрсдлийг хэн, хэрхэн хянах талаар зохицуулалт тусгах.
  • Нөхөн сэргээлтийн чанар, гүйцэтгэлээс үүдэлтэй эрсдэл бий болох тохиолдолд хор хохирлыг арилгах зардлыг гэрээлэгч хариуцах заалтыг журамд тусгах.
  • Журмын 3.7 хэсэгт заасан 10 хоногийн хугацаа нь Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш эсхүл нарийвчилсан төлөвлөгөө батласнаас хойш тоологдож эхлэх эсэх нь  тодорхойгүй байна.

ДӨРӨВ. ГАЗРЫН ТОСНЫ ОРД АШИГЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНД ТАВИХ ШААРДЛАГАД

  • Шинжээчид тавих шаардлагыг хараат бус байдлыг хангах чиглэлээр тодорхой болгох
  • Мөн шинжээчдийн багийн бүрэлдэхүүн, түүнд тавигдах шаардлага, үүрэг хариуцлагыг тодорхой болгож, нийтэд ил тод байлгахтай холбоотой заалтуудыг нэмж тусгах.
  • Уг журмын 3.8.9 дэх хэсэгт нийгмийн нөлөөллийн үнэлгээг нэмж тусгах
  • Уг журмын 4.7 дахь хэсэгт Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралд шинжээч заавал биечлэн оролцох шаардлагыг журамд тусгах.