Проф. Олхонуд Баярхүү
2007 оноос үүрэгт ажилдаа орж буй Пан Ги Мүн бол НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд өмнө нь энэ тушаалд Трюгве Ли (Норвегийн иргэн, 1946-1952 онд ажилласан), Даг Хаммаршөльд (Швед, 1953-1961 онд), У Тан (Мьянмар буюу тэр үеийн Бирм, 1961-1971 онд), Курт Вальдхайм (Австри, 1972-1981 онд), Хавьер Перес де Куэльяр (Перу, 1982-1991 онд), Бутрос Бутрос-Гали (Египет, 1992-1996 онд), Кофи Аннан (Гана, 1997-2006 онд) тус тус ажиллаж байлаа. Эдгээрийн дөрөв нь хөгжиж буй “Өмнөд” ертөнцийг, гурав нь хөгжингүй “Умард” ертөнцийг төлөөлж байсан. Харин одоо өндөр хөгжилтэй, шинээр аж үйлдвэржсэн улсын төлөөлөгчийг дахин дэвшүүлэн гаргаж ирсэн юм.
“Хүйтэн дайн”, хоёр туйлт ертөнцийн зөрчил тэмцэл, “Хүйтэн дайны” төгсгөл ба дэлхийн коммунист эвслийн задрал, олон улсын харилцааны шилжилтийн зааг үе гэхчлэн социализм, капитализмын аль руу нь ч туйлширч үл болох тийм цаг үеийг хүн төрөлхтөн туулахад (1980-аад оноос XXI зууныг гартал) гурав дахь ертөнцийн төлөөлөл (Перу, Египет, Гана) зайлшгүй чухал байсан гэх эхний үндэслэл байна. Тэгвэл эдүгээ XXI зуунд дэлхийн дийлэнх хэсэг нь хөгжлийн жам ёсоор зах зээлийн эдийн засаг, ардчиллын замд орж, улс орон хоорондын харилцан хамаарал гүнзгийрч, бүс нутаг, салбар бүсийн хэмжээнд улстөр, эдийн засгийн интеграц өрнөж, даяаршлын үйл явц хөгжлийн нийтлэг хандлагыг тодорхойлж хүмүүнлэгийн харилцаа өргөжин тэлэх шинэ бололцоо, цоо шинэ орчин, гарцыг нөхцөлдүүлэв. Энэ бол хоёр дахь үндэслэл юм.
Эдийн засаг-технологийн хувьд үсрэнгүй яваа, ардчиллын үнэт зүйлсийг дээдэлсэн БНСУ-ын төлөөлөгч чухам ийм үндэслэлүүдээр НҮБ-ыг удирдах боллоо гэх дүгнэлт ч гадаадын хэвлэлүүдэд үзэгдэж байна. Энэ томилгоо агуулга, бэлгэдэл аль аль талаасаа зүй ёсны сонголт байсныг нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Тэр дундаа арван хэдэн жил Африкийнхан НҮБ-ыг удирдахад энэ тив ядуурал, угсаатны цэвэрлэгээ, мөргөлдөөний голомтоосоо салж чадаагүйгээс гадна Африк руу НҮБ-аас чиглүүлсэн тусламж, урсгасан зардал, илгээсэн энхийг сахиулагчид, зуучлал талийж өгсөн.
Олон улсын хямрал судлах “Crisis Watch” сэтгүүл 2007 оны нэгдүгээр сарын байдлаар хамгийн ноцтой хямрал дагуулсан улс орнуудыг нэрлэжээ. Үүнд улам дордсон гэдгээр Испанийн Баскийн нутаг, Боливи, Eгипет, Фижи, Иран, Израилийн эзэлсэн нутаг, Kиргизстан, Сомали, Судан, Tуркменистаныг нэрлэж, бага зэрэг наашилсан гэдгээр Гвинейг, огтын өөрчлөлтгүй гэдгээр Aфганистан, Aлбани, Aлжир, Aнгол, Aрмен, Aзербайжан, Бaхрейн, Бангладеш, Беларусь, Босни & Хeрцеroвинa, Буркино-Фасо, Бурунди, Төв Африкийн БНУ, Чад, Чечень (Оросын), Колумб, Коморын арлууд, Кот д’ивуар, Кипp, Ардчилсан Конго, Эквадор, Этиоп, Эритрей, Гүрж, Гаити, Индонез, Ирак, Энэтхэг, Kaшмир, Kaзахстан, Koсoвo, Ливан, Либери, Maкедон, Maдагскар, Maвритан, Moлдовa, Mьянмар, Нагорно-Карабах (Aзербайжан), Балба, Нигериа, Умард Кавказ (Чечениэс бусад), Умард Солонгос, Умард Ирланд, Пакистан, Пeру, Филиппин, Руанда, Саудын Араб, Сенегал, Серби, Сьерра Леон, Соломоны арлууд, Сомали, Шри Ланка, Сири, Taйванийн хоолой, Taжикистан, Taйланд, Tимор-Леште, Toнга, Tурк, Уганд, Украин, Узбекистан, Венесуэл, Баруун Сахар, Зимбабве гэсэн жагсаалт гаргажээ. Энд Африкийн 26 улс нэр заагджээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мүний энэхүү шинэ томилолт нь дэлхий нийтийн анхаарлыг Арфик, Ойрхи Дорнодоос холдуулж, эрчимтэй төлөвшин буй Зүүн Азийн хамтын нийгэмлэг руу төвлөрүүлэх, цаашлаад өндөр технологи бүхий аж үйлдвэржсэн хөгжингүй АНУ, Европ, Япон, Австрали, Сингапурын хэрэгцээ, хэрэгцээгээ хангах бодлогыг НҮБ-д авчирч тохох эхлэл байж болох талтай. Эрчим хүч, нефть, байгалийн баялгийн гол түүхий эд нийлүүлэгч Африк-Ойрхи Дорнодыг бодвол тийм нөөцийг өндөр технологи бүхий бүтээгдэхүүн болгож хувиргадаг тийм бүс нутгийн төлөөлөгчөөр Пан Ги Мүн гарч ирж байна.
НҮБ хойшид даяаршлыг түргэсгэх, өндөр технологи түгээх хөгжүүлэх, хүлэмжийн хийг багасгах, озоны давхаргыг хамгаалах (Киотогийн протокол) гэхчлэн дэлхий нийтийн чанартай асуудалд анхаарлаа төвлөрүүлэх болж байна. Бүс нутгийн асуудлаас хамгийн их анхаарал татах нь Солонгосын хойг байх бололтой. БНАСАУ-ыг тойрсон сүүлийн үеийн үйл явдлуудыг авч үзвээс Пан Ги Мүнийг сонгосон нь онцгой ач холбогдолтой болж байна. Учир нь түүний эх орон хоёр хуваагдсан, өмнөд умард хоёр талаасаа сөргөлдсөн, Пхеньян дахь үл ойлгогдох, ирээдүй нь бүрхэг Ким Чен Ирийн дэглэмийг олон улсын хамтын нийгэмлэгт татан оруулах, олон улсын харилцааг бодитой, эрүүлээр хардаг болгоход Пан Ги Мүний үүрэг асар их гэнэ. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлыг Аюулгүйн Зөвлөл чухам одоо л бодит бодлого болгоно гэж нийтээрээ хүлээж байна. Хойд Солонгосын тоталитари дэглэмийн төгсгөлийг наашлуулахад Өмнөд Солонгосын төлөөлөл – НҮБ-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг ролийг баруунд хэт дөвийлгөж ойлгож байх шиг.
Өлсгөлөнгөөр сая гаран хүнээ алдсан, нурж унасан эдийн засагтай Хойд Солонгосын дэглэмийг торгоох сонирхол мэдээж хөрш Орос, Хятадад байгаа. Гэвч Өмнөд Солонгостой түүнээсээ хавьгүй өргөн харилцаатай, хөрөнгө оруулалт, худалдаа, бизнесийн асар их сонирхлоор нөхцөлдсөний хувьд Пан Ги Мүнд хэт хатуурхахгүй гэж үзэж байна. Тэгээд ч ОХУ-ыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн даргаар тавьсан нь Оросын хориг тавих эрхийг зөөлрүүлэх, нөгөө муйхраар зүтгэгч Хойд Солонгосыг баланслуулах зорилго агуулсан байж болох. Жишээ нь Гүрж, Хойд Солонгосыг нэгэн зэрэг буруушаасан тогтоол батлуулах мэт алхмыг Орос сонирхох биз. Хятадын хувьд Пан Ги Мүний сонголт онцгой анхаарлынх нь төвд байна. Зөвхөн АНУ-тай хэлэлцээ хийж, үл довтлох хоёр талын гэрээ байгуулна гэсэн Хойд Солонгосын байр суурийг Хятад анхнаас нь үл дэмжиж ирсэн ба цөмийн зэвсэгтэй бүс нутгийн гүрний хувьд тоглолтын гадна ажиглагчаар үлдэх хүсэл Хятадад байхгүй. Чухам энэ байр суурь нь Пан Ги Мүний томилолттой хослон Хойд Солонгосын талаархи Хятадын чиг шугамыг прагматик болгож болох талтай. “Наймын бүлэг” (“G-8”) хэмээх клуб рүү аажмаар болгоомжтой ойртох Хятадын сонирхол явсаар “G-9” болж хувирбал модернизац хийхийг үл сонирхогч Пхеньяны дэглэмийг тэр клубынхээ хүрээнд хуйвалдаанаар шийдвэрлэх магадлал бас байж болох. Тиймдээ ч Өмнөд Солонгосын сайдыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар өрсөлдөхөд Хятадын зүгээс үг дуугүй дэмжсэн. Хэрэв Хойд Солонгосын дэглэм нурвал “Хүйтэн дайны” хамгийн сүүлчийн цайз болохынхоо хувьд энэ нь глобал хэмжээний ач холбогдолтой үйл явдал болно.
Эрчим хүчний аюулгүй байдал, ялангуяа нефть-байгалийн хийгээр улстөрийн шахалт үзүүлдэг байдал (Орос, Иран, Венесуэл) НҮБ-ын анхаарлын төвд байнга байх бололтой. Европын эрчим хүчний харти маягийн олон улсын эрчим хүчний хууль тогтоомж (унирверсал дүрэм) боловсруулах үүрэг шинэ Ерөнхий нарийн бичгийн даргад ногдох байх. Эрчим хүчний түүхий эдийн хэрэгцээ байнгын өсч, ноцтой хэмжээндээ тулж буй Япон, Хятад, мөн БНСУ өөрөө энэ бүхнийг Пан Ги Мүний өнгөн дээр л хийж авахыг зорино. Олон улсын терроризмоос ангид хол оршиж ирсэн, энэ талаар төдийлөн төсөөлөлгүй Өмнөд Солонгосын төлөөлөгч энэ гамшигтай шууд тэмцэх эсэх нь бас нэг асуудал юм. Тэрээр Хезболла, Хамас, Аль-Каидын талаар өмнөх хоёр Ерөнхий нарийн бичгийн даргаасаа мэдрэмж сул, шийдвэр гаргах дээр алгуурлаж болох юм. Гэвч АНУ, Орос, Британи зэрэг Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүд энэ тал дээр том ар тал нь болно.
Өмнөд Солонгосын өөрийнх нь туулсан зам, туршлага дээр үндэслэн НҮБ-ын улстөрийн үйл ажиллагааг эдийн засагжуулах, өндөр технологи түгээх, банкны даяаршил, эдийн засгийн өсөлтийг хангах дэд бүтэц, глобал сүлжээ НҮБ-ын дэргэд байгуулахад шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга үлэмж анхаарах болов уу. Сүүлийн 15 жилд НҮБ-аас Африк, Өмнөд Америкийн орнуудыг ядуурлаас нь гаргах талаар чамгүй хүч чармайлт тавьсан боловч зорилгодоо хүрээгүй, харин ч ядуурлаар гул барьсан террорист бүлэглэлүүд нөлөөгөө тэлж, дэлхийн баялгийг тэгш хуваах террорист дайнд босчээ. Энэ бүхнийг эдийн засгийн дипломатийн бодлогоор зохицуулахыг Пан Ги Мүн зорино гэж улстөрчид, судлаачид үзэж байна. Өндөр технологийн тархалт гэдэг нь эрчим хүчний хангалт, эрчим хүчний шинэ эх үүсвэр эрж олох зэрэг дээр хэрэгжих ёстой бөгөөд нефть олборлогч бүс нутгуудад хямрал, терроризм хамгийн хурцаар илэрч байгааг энд бодолцож буй хэрэг.
Өмнөд Солонгосыг харцгаа, хөдөлмөр, нийгмийн ёс зүйгээрээ ийм лут амжилт олжээ хэмээн Пан Ги Мүнийг Ерөнхий нарийн бичгийн даргаар дэмжиж сонгуулсан их гүрнүүд даян дэлхийгээр нэг мессеж тарааж эхлээд байна. Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжих хугацааг наашлуулах талаар ч ихээхэн чармайлт гарч мэдэх нь. ДХБ, ОУВС, Дэлхийн Банк, валют-санхүүгийн бусад институциуд НҮБ-тай жинхэнэ түншлэх алхам одоо л эхлэж магадгүй.


Naranchuluun