Дээд шүүхийн тайлбар нэр дэвшихийг горилогчдыг сандаргаж эхлэв (2008-04-25)
УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн “Нэр дэвшигч ялгүй байна” гэсэн заалтад Улсын Дээд шүүх тайлбар хийсэн нь ийм байдлыг үүсгэж эхэллээ. “Ялгүй байна гэдэг нь огт ял эдэлж, шийтгүүлж байгаагүйг хэлнэ” хэмээн Дээд шүүх тайлбарласан бөгөөд энэ тайлбараас үзвэл зөвхөн шоронд хоригдож байсан биш, торгуулж, албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхээ хасуулж, эд хөрөнгөө хураалгаж байсан хүмүүс ч үүнд хамаарах ажээ. Улстөрийн намууд, түүний нэр дэвшигчдэд хамаатай, халтай эл тайлбарыг цуцлахын тулд УИХ-ын гишүүд хүчээ нэгтгэж байна хэмээн “Өнөөдөр” сонинд /¹096/ мэдээлжээ. Хэрэв дээрх тайлбарыг мөрдвөл нийт нэр дэвшигчдийн бараг тал хувь нь хасагдана гэсэн албан бус тооцоо байгаа аж. Тус сонин шүүхээр ял шийтгүүлсэн улстөрчид, сонгуульд нэр дэвших гэж буй хүмүүсээс олонд мэдэгдсэн зарим баримтыг толилуулсан байна.
МАХН:
-С.Баяр /Ерөнхий сайд/:
10 жилийн сурагч байхдаа хүүхэд зодож танхайрсан хэргээр захиргааны хариуцлага хүлээж байсан. Одоо Сүхбаатар дүүргээс нэр дэвшинэ.
-У.Хүрэлсүх /УИХ-ын гишүүн/: Авлигын хэргээр анхан шатны шүүхээс 2.1 жилийн ял аваад буй. Тэрбээр энэ удаа сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ зарласан.
-Ш.Сайхансамбуу /“Нарантуул” олон улсын худалдааны төвийн захирал/: Татварын өрийн асуудлаар ял эдэлсэн. Одоо Завхан аймгаас нэр дэвшинэ.
АРДЧИЛСАН НАМ:
-Ц.Элбэгдорж /АН-ын дарга/: Улсын нууц задруулсан хэргээр тэнсэн харгалзах ял авч байсан. Чингэлтэй дүүргээс нэр дэвшинэ.
-Д.Баттулга: “Казиногийн” гэх хэргээр хэрэг үүсгүүлж, өөр асуудлаар гурван жил орчим шоронд ял эдэлсэн. Эдүгээ Сүхбаатар дүүргийн АН-ын дарга, дүүргээсээ нэр дэвшихээр болсон.
-Х.Байгаль: Мөн дээрх хэргээр хоёр жилийн ял эдэлсэн. Дорноговь аймгаас өрсөлдөх гэж буй.
-С.Эрдэнэ /Нийгмийн халамжийн газрын дарга/: Баянгол дүүргийн АН-ын дарга тэрбээр мөн дүүргээсээ өрсөлдөх гэж буй. Цэргийн сургуулийн сонсогч байсан тэрбээр дадлага хийж байхдаа цэрэг зодож егүүтгэсэн хэргээр ял эдэлжээ.
-Н.Батбаяр /УИХ-ын гишүүн/: 1990-ээд онд хүүхэд дайрсан хэргээр тэнсэн авсан гэдэг.
Улсын Дээд шүүх Эрүүгийн хуулиас давж, хүний эрхийг зөрчсөн ноцтой тайлбар гаргалаа гэсэн маргаан үүсч эхэлж байна. Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн “Ялтай байдал” гэсэн хэсэгт энэ талаар заажээ. Үүний дагуу хөнгөн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүн ялаа эдэлж дууссанаас хойш нэг, хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн бол үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш тав, хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн бол үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найм, онц хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд буюу онц аюултай гэмт хэрэгтэн үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш арван жилийн дотор тус тус гэмт хэрэг дахин хийгээгүй бол ялгүй болдог юм байна. Дээр нэр дурдсан эрхмүүдийн хувьд ял хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан аж.
СЕХ-ноос Сонгуулийн тухай хуулийн 26 заалтын талаар Улсын Дээд шүүхээс тайлбар хүсэлт тавьж энэ сарын эхээр хариугаа авсан аж. Тус хорооны нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Дээд шүүхэд тайлбар хүссэн заалтууд дотор “ялгүй байх” асуудлыг оруулаагүй хэмээн УИХ-ын байнгын хорооны хурал дээр мэдэгдсэн байна. Түүнчлэн СЕХ-ны дарга Б.Баттулга “Бидний гаргасан хүсэлтэд дээрх заалт ороогүй нь үнэн. Гэхдээ СЕХ бол хуулийг хэрэгжүүлдэг байгууллага. Тиймээс бид Дээд шүүхийн тайлбарыг мөрдөнө. Тодорхой нэр дэвшигч үүний дагуу хасагдах байх” хэмээн хэлжээ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос эл асуудлыг судлах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Баярцогт, Су.Батболд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.


Naranchuluun