Хүний эрх
Хүний эрхийн хөтөлбөр нь ННФ-ын ажиллаж ирсэн уламжлалт салбар бөгөөд хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, энэ чиглэлээр олон ургальч үзэл бодлыг уралдуулах хэлэлцүүлэг өрнүүлэх, ялангуяа хүний эрхийн тулгамдаж буй асуудалд олон нийт, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах замаар ахиц дэвшил гарахад нөлөөлөхийг зорьж ажилладаг билээ. Хүний эрхийн хөтөлбөр нь:
- Хүний эрхийн үндэсний механизмыг бэхжүүлэх
- НҮБ-ын хүний эрхийн механизмыг ашиглан монгол дахь хүний эрхийн нөхцөл байдлыг дээрдүүлэх
- Хүний эрхийн онолын судалгааг хөгжүүлэх, энэ чиглэлээр маргаан хэлэлцүүлгийг өрнүүлэхэд чиглэдэг.
Хүний эрхийн үндэсний механизмыг бэхжүүлэх хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-той идэвхтэй, үр бүтээлтэй хамтран ажиллах, иргэний нийгэм, төрийн бус байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд анхаарч ажилладаг. ННФ нь ХЭҮК-ын тухай хуулийг Хүний эрхийн үндэсний байгууллагуудын тухай Парисын зарчимд бүрэн дүүрэн нийцүүлэх, хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах, нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгоход хувь нэмрээ оруулахыг зоридог.
НҮБ-ын хүний эрхийн механизмыг ашиглан монгол дахь хүний эрхийн нөхцөл байдлыг дээрдүүлэх зорилтын хүрээнд Монголын Хүний эрхийн ТББ-ын Форум (ХЭФ)-тай урт хугацаанд хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд НҮБ-ын ХЭЗ, Тусгай илтгэгчид, Гэрээний хороодод тайлан илтгэл илгээх, хамтран ажиллах чиглэлээр зохих туршлага хуримтлууллаа.
ННФ нь хүний эрхийн ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, онолын түвшинд хөгжүүлэх, хүний эрхийн зарчим, хандлагыг бүхий л салбарт гүнзгийрүүлэхэд хувь нэмэр болох зорилгоор хүний эрхийн цуврал лекц (2012 оноос), “Хүний эрхийн тухай ярилцья” сар тутмын өглөөний уулзалт (2013 оноос)-ыг ХЭҮК-той, “Хүний эрхийн кино хэлэлцүүлэг” (2015 оноос)-ийг Эмнести интернэшнл монгол ТББ-тай хамтран хэрэгжүүлж байна.


Naranchuluun