Төсвийн ил тод, хариуцлагатай байдлыг дэмжих иргэний нийгмийн зөвлөгөөн боллоо

A- A A+
Төсвийн ил тод, хариуцлагатай байдлыг дэмжих иргэний нийгмийн зөвлөгөөн боллоо

Зөвлөгөөнд оролцсон иргэний нийгмийнхэн аймаг, нийслэл, дүүргүүдийн төсөв, санхүү, худалдан авалтын ил тод байдлын өнөөгийн түвшин болон, төсөв, түүний зарцуулалт  ил болох нь төсвийн хариуцлагыг нэмэгдүүлэхэд бодит нөлөө үзүүлж буй эсэх талаар ярилцаж төсвийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр ирэх хоёр жилд явуулах үйл ажиллаганы төлөвлөлтөө хийлээ.

Тэрчлэн төсвийн мэдээлэл цуглуулж боловсруулах арга зүй, орон нутагт иргэний хяналт  хэрэгжүүлдэг олон улсын туршлага, Нийтийн сонсголын тухай хуулийн хүрээнд төсвийн хяналтын сонсгол хийх, нийтийн эрх ашгийг шүүхээр нэхэмжлэн хамгаалах боломжийн талаар мэдээлэл солилцож, харилцан туршлага судалсан юм.

Зөвлөгөөнд оролцсон иргэний нийгмийн байгууллагууд нь ННФ-ын дэмжлэгтэйгээр  Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэлсэн эхний өдрөөс эхлэн  нийт аймаг, нийслэл, дүүргүүдийн хэмжээнд 6 сарын туршид тасралтгүй хяналт тавьж байсан бөгөөд 2016 оны сонгуулийн дараа хуулийн хэрэгжилт саарч эхэлсэн тул 2016 оны сүүлээс эхлэн 2017 оны эхний хагас жил хүртэл дахин мониторинг хийсэн юм. Энэхүү ажиглалтын дүнгээс үзэхэд цалингаас бусад  5 сая төгрөгөөс дээш дүнтэй худалдан авалт, гүйлгээний мэдээллийг бүрэн гүйцэд ил тод болгох байдал хангалтгүй хэвээр байгаа бөгөөд зарим талаар ухралт гарч эхэлсэн байна.  

Иймд цаашид мониторинг хийсэн иргэний нийгмийн байгууллагууд нийт аймаг, Улаанбаатар хот, нийслэлийн 9 дүүрэгт иргэдийн хяналтын зөвлөл байгуулан, энэхүү хяналтын зөвлөлөөр дамжуулан төсвийн ил тод, хариуцлагатай байдлыг дэмжих, нийтийн сонсгол хийхийг шаардах, төсөв хөрөнгийг үрэгдүүлсэн, үр ашиггүй зарцуулсан зөрчлүүдийг захиргааны шүүхээр нэхэмжлэн хариуцлага тооцуулах зэрэг чиглэлд хамтран ажиллахаар боллоо.