Танилцуулга

A- A A+
Танилцуулга

ИРГЭДИЙН ЭРХ ЗҮЙН ЧАДАВХЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ

Сүүлийн жилүүдэд хууль тогтоомжийн өөрчлөлт шинэчлэл эрчимтэй явагдаж, хууль зүйн шинэ боломж бий болж байгаа ч иргэд энэ талаар мэдээлэл муу байгаагаас хуулийн үр нөлөө бага байна. Мөн төрийн байгууллагын ажлын байрны тогтворгүй байдлаас шалтгаалж иргэдэд үзүүлэх анхан шатны үйлчилгээний чанар хүртээмж орон нутаг бүрт харилцан адилгүй байна. Монгол улсын 1 сая орчим иргэн сумдад амьдарч байгаа бөгөөд сумдын засаг даргын газар эрх зүйн ажилтан байдаггүй, аймгийн хууль зүйн хэлтсээс ирүүлсэн мэдээллийг иргэдэд дамжуулж байгаа нь иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байгаа юм. Монгол улсын хувьд хууль зүйн анхан шатны мэдээлэл хүргэх, эрх зүйн сургалт сурталчилгаа хийх үүргийг Хууль зүйн үндэсний хүрээлэн, аймаг, дүүргийн хууль зүйн хэлтэс хүлээн хэрэгжүүлдэг. Төрийн яам, агентлаг бүр цахим хэлбэрээр болон бусад хэлбэрээр мэдээлэл түгээдэг ч энэ нь иргэдийн бодит хэрэгцээ шаардлагад тэр бүр нийцэхгүйн дээр төрийн байгууллагуудын мэдээлэл хоорондоо зөрчилдөх зэрэг сөрөг дүр зураг байгааг дурдах нь зүйтэй.  Түүнчлэн Монгол улсын хэмжээнд 5300 гаруй бүртгэлтэй хуульчид  үйл ажиллагаа явуулж байгаа ч түүний 70 гаруй хувь нь зөвхөн нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа нь орон нутагт мэргэжлийн хуульчдын хүртээмжтэй, үнэ төлбөргүй үйлчилгээ авах боломжийг хааж байна.   


Иймд Монгол улсын иргэд, тэр дундаа алслагдсан хөдөө орон нутгийн иргэдэд хууль зүйн анхан шатны мэдээлэл үйлчилгээг эрх зүйн хөтчөөр дамжуулан хүргэх замаар тэдний эрх зүйн чадавхыг дээшлүүлэх боломжтой гэж шийдсэн юм.


Нээлттэй Нийгэм Форум 2002 оноос эхлэн Эрх зүйн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх хөтөлбөрийг эхлүүлж төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх  механизм бий болгох зорилгоор ХЗДХЯ-тай хамтран ажиллаж эхэлсэн юм. Тус хөтөлбөрийн хүрээнд 2004 онд Хэнтий аймаг болон Сонгинохайрхан дүүрэгт туршилтын журмаар эрх зүйн туслалцааны төвийг амжилттай ажиллуулж байв. 


2008 оноос эхлэн Засгийн газраас баталсан Төлбөрийн чадваргүй иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх тал дээр НҮБХХ-ийн Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба Хүний эрх төсөлтэй хамтран техникийн туслалцаа үзүүлэн ажиллав. 2012 онд эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай хууль батлагдаж төлбөрийн чадваргүй тодорхой бүлгийн иргэдэд төрөөс үнэ төлбөргүй өмгөөллийн туслалцаа үзүүлэх үндэсний бүтэц, механизм бий болоод байна.


Үүний зэрэгцээ Паралегал буюу эрх зүйн хөтөч төслийг хэрэгжүүлж “Эрх зүйн хөтөч” гарын авлагыг боловсруулан эрх зүйн ажилтнуудыг сургалтад хамруулан арга зүй болон гарын авлага материалаар хангасан юм. Дэлхийн банк, НҮБХХ зэрэг хандивлагчид энэхүү төслийг үргэлжлүүлэн дэмжиж байсан хэдий ч эрх зүйн хөтчийн үйл ажиллагаа тодорхой, албан ёсны механизм болж чадаагүй байсаар байна.


Нээлттэй Нийгэм Сангууд (ННС) олон улсын ашгийн бус байгууллагаас   хууль зүйн суурь үйлчилгээг эмзэг болон алслагдсан  бүлгийн иргэдэд хүргэх албан ёсны тогтолцоо бий болгох зорилгоор шинэ хөтөлбөр санаачилж, бүс нутаг, хөгжлийн түвшин, эрх зүйн тогтолцоо зэргийг харгалзан сонгосон 10 улсад дэмжлэг үзүүлж ажиллахаар болсны нэг нь Монгол Улс юм. 

Иргэдийн эрх зүйн чадавхыг дээшлүүлэх гэдэгт дараах цогц үйл ажиллагааг хамааруулна.

  • Иргэдэд амьжиргаагаа дээшлүүлж, эрх зүйн байдлаа бэхжүүлэх хууль зүйн боломж бололцооны талаар мэдэж авахад нь туслах (Know the law)
  • Хуулийн хүрээнд эрх ашгаа хангуулах, хамгаалуулахад нь аливаа саад бэрхшээл учирсан тохиолдолд зөрчигдсөн эрхээ нэхэмжлэн сэргээх чадвар, боломжоор хангах (Use the Law)
  •  Хууль, бодлогын хүрээнд иргэний ашиг сонирхол хөндөгдөж байгаа болон төрийн байгууллагаас гарах аливаа шийдвэр нь хууль ёсны ашиг сонирхолтой нь зөрчилдөж байна гэж үзсэн тохиолдолд төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад оролцож үзэл бодол, байр сууриа илэрхийлж, сонсгох боломжоор хангах (Shape the Law) зэрэг хамаарна.