НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА

A- A A+
НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА

НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА.

ННФ нь бодлого боловсруулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, бодлогын судалгаа шинжилгээг дэмжих үндсэн дээр төрийн бодлогын үндэслэлийг сайжруулах, бодлогын холбогдолтой мэдээллийг олон нийт түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой төрийн бус байгууллага юм.

ННФ нь Засаглалын хөтөлбөрийнхөө хүрээнд дараах чиглэлээр хараат бус бодлогын судалгаа, дүн шинжилгээ хийх сонирхолтой судлаач, судлаачдын баг, судалгааны чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагыг төслийн уралдаанд өргөнөөр оролцохыг урьж байна. Үүнд:

  • Шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжид хийх хөндлөнгийн дүн шинжилгээ
  • Төрийн хяналт, хариуцлагын механизмын үйл ажиллагаа, үр дүнг үнэлэх  

Шүүхийн шийдвэр, захирамжид хөндлөнгийн дүн шинжилгээ хийх

Энэхүү дүн шинжилгээнд шүүгчийн хараат бус байдал, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шударга байдал, шүүхийн практикт тулгамдаж буй асуудлыг тодорхойлох зорилгоор шүүхийн шинэтгэлийн хүрээнд олон нийтэд ил тод, нээлттэй болсон шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамжийг хамруулна.

Дүн шинжилгээ хийх тодорхой хэрэг маргааныг сонгохдоо хэрэг маргааны төрөл, хэргийн талуудын нийтлэг шинж, хэрэг маргаан шийдэгдсэн газар нутаг болон цаг хугацаагаар бүлэглэн авч үзэх боломжтой.  Түүнчлэн дараах тодорхой хэрэг маргааны төрлөөс сонгон дүн шинжилгээ хийж болно. Үүнд:

  • Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн хэрэг маргаан,
  • Хууль бусаар ажлаас халагдсан болон шилжүүлэн томилсонтой холбоотой хэрэг маргаан,
  • Газар эзэмших, өмчлөх эрхийг хамгаалахтай холбоотой шүүхийн шийдвэр, захирамжууд,
  • Хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбоотой маргаан,
  • Байгаль орчны эсрэг гэмт хэрэг,
  • Ялгаварлан гадуурхалт буюу үзэн ядалтын гэмт хэрэг,
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гадаад улсын иргэдэд хамаарах хэрэг, маргаан
  • Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шийдвэр болон бусад иргэн, захиргаа, эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байж болно.

Төрийн хяналт, хариуцлагын механизмын үйл ажиллагаа, үр дүнг үнэлэх 
Энэхүү судалгааны хүрээнд төрийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагуудын хараат бус ажиллах нөхцөл, ёс зүй болон үйл ажиллагааны дүрэм, журмын тодорхой байдал, тэдгээрийн хэрэгжилт,  тэрчлэн албан тушаалтны хууль бус шийдвэр, үйл ажиллагааг  холбогдох хяналтын байгууллагууд  хянан шалгах ажиллагааны зохицуулалт, түүний хэрэгжилт зэрэг асуудлыг авч үзэх ба дор дурдсан болон бусад тодорхой асуудлаар судалгаа хийх боломжтой. Үүнд:   

  • Төрийн өндөр албан тушаалтнуудын халдашгүй байдлын цар хүрээ, алба хашиж байх үед нь хянан шалгаж, хариуцлага тооцох боломж
  •  Захиргааны ерөнхий хуульд туссан хариуцлагын механизмуудын хэрэгжилт
  • Аудит, мэргэжлийн хяналт гэх мэт хяналтын чиг үүрэг гүйцэтгэдэг байгууллагаас тавих хяналтын шударга, тэнцвэртэй байдал, үр нөлөө
  • Худалдан авах ажиллагааны үйл явц дахь авлигын эрсдэл

Судлаач, судалгааны багт тавигдах шаардлага:

  • Судалгааны байгууллага, судлаачдын баг байж болно.
  • Багийн ахлагч болон гишүүд нь эрх зүйч мэргэжилтэй (зөвхөн шүүхийн шийдвэр, захирамжид дүн шинжилгээ хийхэд)
  • Судалгаа, эрдэм шинжилгээний ажил, тэр дундаа шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийсэн туршлагатай
  • Сонгон авсан сэдвийн хамаарах салбар эрх зүйн чиглэлээр судалгаа хийж байсан туршлагатай байх буюу сэдвийн талаар суурь судалгаа хийсэн байх,
  • Судлаач нь сонгон авсан сэдвээр хараат бусаар бодлогын судалгаа хийхэд аливаа ашиг сонирхлын зөрчилгүй буюу нийтийн ашиг сонирхлын үүднээс судалгаа, шинжилгээ хийх эрмэлзэлтэй байх
  • Судалгаанд ажлын цагийн 30 болон түүнээс дээш хувийг зарцуулах боломжтой байх 

Судалгааны төслийн баримт бичиг:

  • Дүн шинжилгээ хийх сэдэв, түүнийг сонгон авсан үндэслэл, зорилго, хэрэгцээ шаардлага, цар хүрээ, арга зүй, төсөв, хугацаа зэргийг тусгасан төлөвлөгөө
  • Өмнө хийсэн судалгааны бүтээлийн жагсаалт, холбоос (шаардлагатай тохиолдолд хэвлэмэл хувийг авна)
  • Судлаачийн танилцуулга (дэлгэрэнгүй CV), багаар гүйцэтгэх бол гишүүдийн танилцуулга, багийн гишүүдийн ажил үүргийн нарийвчилсан хуваарь

Дээр дурдсан төслийн баримт бичгийг MS Word хэлбэрээр нэг файлд багтаан 2018 оны 6 сарын 20-ны Лхагва гарагийн 23.00 цагаас өмнө [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.  Мэдээлэл өгөх уулзалт 2018 оны 5 сарын 31-ны Мягмар гарагийн 16 цагаас Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.  Бусад хэлбэрээр мэдээлэл өгөх боломжгүй.