ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ 2018.05.09
“УЛС ТӨРИЙН САНХҮҮЖИЛТ: ЁС ЗҮЙ, ОРОЛЦОО, ХАРИУЦЛАГА” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО"
Монгол Улсад ардчилсан хувьсгал ялснаар нэг намын тогтолцоог халж иргэдийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах зарчимд суурилсан олон намын тогтолцоо бүрэлдэн тогтсон. Энэ цаг үеэс улс орны нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт шинэчлэл эрчимтэй явагдаж өөрчлөлт, хувьсал гарч байгаа ч улс төрийн нам, улс төр дэх мөнгөний харилцааг нарийвчлан зохицуулсан эрх зүйн орчны шинэчлэл орхигдсоор өнөөг хүрчээ. Энэ нь улс төрийн намын төлөвшилд сөргөөр нөлөөлж, шударга сонгуулийн зарчим алдагдахад хүргэж байна. Үүгээр ч зогсохгүй авлигын хөрс суурь болж буйг олон жишээ харуулдаг.
Сүүлийн үед хийгдсэн янз бүрийн судалгааны тайлан, баримт бичгүүдэд улс төрийн намууд нь манай улсад хамгийн их авлигад өртсөн болон өртөх эрсдэлтэй институцид тооцогдож байна. Сонгуулийн жилүүдэд кампанит ажлын санхүүжилттэй холбоотой зөрчил гомдол тасрахгүй байгаа нь ч энэ талаарх зохицуулалт хангалтгүй байгааг илтгэж байгаа юм. Энэ асуудлыг шийдвэрлэх эрх зүйн шинэчлэлийг хийж гүйцэтгэх, зарим маргаантай асуудлыг зохицуулах арга замыг тодорхойлоход улс төрийн намуудын зөвшилцөл чухал бөгөөд ийм зөвшилцлийг бий болгоход хөндлөнгийн бие даасан судалгаа шинжилгээ, үндэслэл нотолгоо бүхий мэдээлэл чухал юм.
Эдүгээ Улсын Их Хурлаас Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хуулиудыг шинэчлэх ажлын хэсгүүд байгуулан эрх зүйн шинэчлэлийн ажлыг эхлүүлээд байна. Энэхүү үйл явцад судалгаа мэдээллээр дэмжлэг үзүүлэх, оролцогч талуудыг мэдээллээр хангах, улс төрийн санхүүжилтийн ил тод байдал, хяналтыг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилгоор Нээлттэй Нийгэм Форум, Ардчилал, Сонгуульд Дэмжлэг Үзүүлэх Олон Улсын Хүрээлэн (International IDEA) хамтран “Улс төрийн санхүүжилт: ёс зүй, оролцоо, хариуцлага” төслийг Европийн холбооны дэмжлэгтэй хэрэгжүүлж эхэллээ. Төслийн хүрээнд Ардчилал, Сонгуульд Дэмжлэг Үзүүлэх Олон Улсын Хүрээлэнгийн мэргэжилтнүүд дотоодын бие даасан судлаачидтай хамтран эрх зүйн орчин болон түүний хэрэгжилт, тулгамдаж буй асуудлуудаар судалгаа шинжилгээ хийх ба улс төрийн намууд, төрийн хяналт шалгалтын байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл болон бусад талуудыг оролцуулсан цуврал сургалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах юм. Төсөл хоёр жилийн хугацаанд хэрэгжинэ.


Naranchuluun