Нээлттэй Нийгэм Форум, Тэгш хамруулах боловсролын иргэний нийгмийн сүлжээний байгууллагууд хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг судалж, хэлэлцлээ. 2016 оны 2 дугаар сард баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар өмнө нь баримталж ирсэн эрүүл мэндийн хандлагаас татгалзаж, тэдний эрх тэгш оролцоог хангахад чиглэсэн, урт хугацаандаа үр нөлөөтэй хууль болсныг онцлон тэмдэглэж байна. Уг хууль нь хөгжлийн бэрхшээлийг шинэ, хүний эрхэд суурилсан хандлагаар тодорхойлж, хөгжлийн бэрхшээлээр ялгаварлахыг эрс шийдэмгий хориглохын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах, бусад хүмүүстэй хамт боловсролд тэгш хамрагдах зэрэг эрхийг баталгаажуулжээ. Эрхийг тунхаглаад зогсолгүй хүртээмжтэй орчин, бүтээгдэхүүн үйлчилгээний түгээмэл загвар, хэрэгцээнд нийцсэн тохирох хэрэглэгдэхүүн зэрэг эрхийг хангах механизмыг тодорхой заасан нь уг хуулийн давуу тал юм. Хуулийн “Сурч боловсрох эрх” нэртэй 4 дүгээр бүлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бүх шатны боловсролд тэгш хамруулах зорилт дэвшүүлж, энэ чиглэлд төрөөс хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлжээ. Хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийг хангахад чиглэсэн бодлогын зорилт, үйл ажиллагааны чиглэл нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц, Тогтвортой хөгжлийн 4 дүгээр зорилтод нийцэж байгааг сайшаан дэмжиж, хуулийн дэвшилттэй, шинэлэг талыг цохон тэмдэглэхийн зэрэгцээ шүүмжлэлтэй зарим асуудлыг энэхүү Хуулийн шүүмжээр хүргэж байна.


Naranchuluun 