“НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ” ТББ-ААС ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ СОЛИЛЦЛОО
Төрийн аудитын үндсэн үүрэг нь нийтийн баялаг хариуцлагатай, үр дүнтэй зарцуулагдаж буй эсэхэд хөндлөнгийн, бодит үнэлгээ өгч, энэ үндсэн дээр төрийн байгууллагуудад хариуцлагатай, шударга, ёсзүйтэй байх, үйл ажиллагаагаа сайжруулах, иргэдийн итгэлийг хүлээхэд нь дэмжлэг үзүүлэхэд оршино. Энэ үүргээ үр нөлөөтэй гүйцэтгэхэд нь төрийн сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнууд, хэвлэл мэдээлэл, иргэдийн зөв ойлголт, дэмжлэг чухал ач холбогдолтой. Иргэдийн сонгосон төрөө хариуцлагатай байлгах боломж, нөхцлийг сайжруулах, иргэдийн оролцоог дэмжих нь сүүлийн үед аудитын байгууллагын үйл ажиллагааны нэг чиглэл болж байна. Энэ утгаараа олон улсад төрийн аудит иргэний нийгмийн байгууллагууд, идэвхитэй иргэдтэй хамтран ажиллах явдал өргөжиж, олон сайн туршлагууд бий болж, сайн засаглалыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болжээ. Үндэсний Аудитын газар ч энэ чиглэлээр тодорхой санаачлага гаргаж Иргэний танхим байгуулан ажиллуулж эхэлснийг тэмдэглүүштэй юм.
Нээлттэй нийгэм форум ТББ нь Үндэсний Аудитын газартай Монгол Улсад төрийн хяналтыг хэрэгжүүлэхэд төр, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд хамтран ажиллахаар тохирч санамж бичиг солилцлоо.
Энэ хүрээнд бид дор дурдсан чиглэлээр хамтарч ажиллах юм. Үүнд:
- Монгол Улсад төсвийн ил тод, хариуцлагатай байдлыг сайжруулах;
- Улс төрийн санхүүжилтийн хяналт, ил тод байдлыг сайжруулах;
- Төрийн хяналтыг хэрэгжүүлэхэд төр, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих зэрэг болно.
Хамтын ажиллагааны хүрээнд 2018 онд Үндэсний аудитын газраас Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийх нийцлийн аудитад Нээлттэй нийгэм форум шинжээчээр оролцон, хамтран ажиллах юм. Энэ нь Төрийн аудитын байгууллага болон иргэд, олон нийт, төрийн бус байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааны тогтолцоог бий болгох эхний ажил болж байгаагаараа онцлогтой юм.
НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ


Naranchuluun 