Бодлогын судалгаа хийхийг урьж байна

A- A A+
Бодлогын судалгаа хийхийг урьж байна

БОДЛОГЫН СУДАЛГАА ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА

Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийтийн баялгийн зохистой удирдлагыг дэмжих, хөгжлийн бодлогыг оновчтой тодорхойлоход хувь нэмэр оруулах, үүнд судлаачид, иргэний нийгмийн бүтээлч оролцоог дэмжих үүднээс бодлогын судалгаа, шинжилгээг дэмжиж ирлээ. Энэ хүрээнд шийдвэр гаргах үйл явцыг судалгаа, дүн шинжилгээнд суурилсан олон талт мэдээллээр хангахыг гол зорилго болгодог бөгөөд энэ удаа  дор дурдсан чиглэлийн хүрээнд судалгааны төслийн шалгаруулалт зарлаж байна.

  1. Сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр:
  • Монгол Улс дахь улс төрийн намын санхүүжилтийн бүтэц, үйл ажиллагааны харьцуулсан дүн шинжилгээ, намын төлөвшилд нөлөөлж буй хүчин зүйлс
  • Улс төрийн намын дотоод ардчилал, тулгарч буй асуудлууд, шийдвэрлэх арга зам
  • Улс төрийн намаас сонгуульд нэр дэвшүүлэх процессыг боловсронгуй болгох нь
  • Парламентын хяналтын чиг үүргийн хэрэгжилт
  • Сонгуулийн зардлыг бууруулах арга зам, зардлын дээд хэмжээг оновчтой тогтоох аргачлал
  • Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх процессыг боловсронгуй болгох нь
  1. Шударга ёсны салбарын байгууллагуудын дотоод ардчилал, хариуцлагын механизмыг үнэлэх чиглэлээр:  
  • Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын хөдөлмөрийн маргаан шийдвэрлэж буй өнөөгийн нөхцөл, сайжруулах арга зам
  • Хууль сахиулах байгууллагууд дах аливаа хэлбэрийн ажлын байрны дарамтын талаар мэдээлэл гаргах боломж, зохицуулалт
  • Шүүгчийн нөлөөллийн мэдүүлэг илгээх зохицуулалтын үр нөлөө
  • Прокурорт зүй бусаар нөлөөлөх, хараат бус байдалд нь халдах эрсдэлээс сэргийлэх арга зам
  • Шударга ёсны салбарын байгууллага дах өөрийн удирдлагын бүтэц, түүний үр нөлөө

Судлаач, судалгааны багт тавигдах шаардлага:

  • Судлах асуудал, судалгааны ажлын цар хүрээнээс шалтгаалан бие даасан судлаачаас гадна судалгааны байгууллага, судлаачдын баг төслийн уралдаанд оролцож болно.
  • Судалгаа, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай байх.
  • Сонгон авсан сэдвээр болон төстэй асуудлаар судалгаа хийж байсан бол давуу тал болно.
  • Судлаач нь сонгон авсан сэдвээр хараат бусаар бодлогын судалгаа хийхэд аливаа ашиг сонирхлын зөрчилгүй буюу нийтийн ашиг сонирхлын үүднээс судалгаа, шинжилгээ хийх эрмэлзэлтэй байх.

Судалгааны төслийн баримт бичиг:

  • Судалгааны сэдэв, цар хүрээ, зорилго, арга зүй, төсөв, хугацаа зэргийг багтаасан төслийг ННФ-ын судалгааны төслийн маягтын дагуу боловсруулсан байх шаардлагатай бөгөөд маягтыг дараах холбоосоор татаж авна уу.  Cудалгааны төслийн маягт

Судалгааны төслийн баримт бичгийг зөвхөн цахимаар хүлээн авах ба Нээлттэй Нийгэм Форумын [email protected] цахим хаягаар 2026 оны 04-р сарын 24-ний 18 цаг хүртэл хүлээн авна.  

Санамж: Судалгааны дээрх хоёр чиглэлээс сонгосон чиглэлийнхээ нэрийг и-мэйлийн Subject хэсэгт бичиж илгээнэ үү.