ТӨК-ийн удирдах албан тушаалтны томилгоонд хийсэн хуулийн шинжилгээг танилцуулж, хэлэлцүүллээ

A- A A+
ТӨК-ийн удирдах албан тушаалтны томилгоонд хийсэн хуулийн шинжилгээг танилцуулж, хэлэлцүүллээ

Нээлттэй Нийгэм Форумаас Бодлогын асуудал цувралынхаа ээлжит дугаарыг ТӨК-ийн удирдах албан тушаалтны томилгоо: ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх удирдлага, чанар, бүтээмжийн менежерийн томилгоо сэдвээр бэлтгэсэн бөгөөд өнөөдөр олон нийтэд танилцуулж, хэлэлцүүллээ. Энэхүү шинжилгээгээр улсын төсөвт хамгийн өндөр орлого төвлөрүүлдэг “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг сонгон авч, 2020-2024 онд хийгдсэн удирдах албан тушаалтны томилгоон дахь хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийлээ. Энэ хугацаанд дээрх 3 компанид ТУЗ-ийн гишүүний томилгоо 10, гүйцэтгэх удирдлагын 7, Засгийн газрын БЭТ-ийн 1, чанар, бүтээмжийн менежерийн 9 томилгоо тус тус хийгдсэн байна. Ингэхдээ ТУЗ-ийн хараат бус гишүүдийн томилгоонд сонгон шалгаруулалтыг хэлбэр төдий зохион байгуулсан бол бусад нь огт сонгон шалгаруулалтгүй явагджээ. 

Энэ талаар судлаач Д.Тэгшбаяр хэлэхдээ “ТӨК-ийн ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх захиргаа, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг ЗГ-ын чиглэл, удирдамжийн дагуу нэр заан томилж байгаа нь хууль, компанийн дүрэм болоод засаглалын зарчимд нийцэхгүй. Компанийн үйл ажиллагаан дахь төрийн оролцоо зөвхөн томилгоогоор ч хязгаарлагдахгүй, бүх шатны шийдвэрт нь чиглэл өгч оролцож байгааг зогсоох шаардлагатай” гэсэн юм. 

ТӨК-ийн засаглалын нэг чухал шаардлага нь төрөөс хараат бусаар бизнесийн зарчмын дагуу бие даан ажиллах явдал билээ. Энэхүү хараат бус байдлыг хангахад ТӨК-ийн ТУЗ, гүйцэтгэх удирдлага, бусад эрх бүхий албан тушаалтны томилгоо нэн чухал бөгөөд нэр дэвшигчдэд тавих шаардлага, томилгооны үйл явцыг нарийвчлан зохицуулж, ТУЗ-ийн хараат бус гишүүд, гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулах учиртайг онцолсон юм.

Судалгааны тайлантай бүрэн эхээр нь Мэдээллийн сан цэсээс танилцана уу. Удахгүй энэ асуудлаар ярилцсан Форум подкастын шинэ дугаар танд хүрэх болно.