Нээлттэй нийгэм форумын санаачилгаар 2021 оноос хойш хоёр жил тутам хэрэгжүүлж буй Монгол Улсын Шүүхийн индексийн судалгааны 2025 оны буюу гурав дахь удаагийн үр дүнг өнөөдөр танилцууллаа. Шүүхийн статистик мэдээлэл, олон нийтийн болон хууль зүйн салбарын мэргэжилтнүүдийн шүүхийн үйл ажиллагаанд өгсөн үнэлгээ, санал бодолд үндэслэн боловсруулдаг энэхүү судалгаагаар Монгол Улсын шүүхийн индекс 2025 онд 100 онооноос 57.33 оноо авчээ.

2021 онд 51,94, 2023 онд 53,22 оноо авч байсан бол энэ удаад өмнөх үнэлгээнээс даруй 4,11 оноогоор ахисан үзүүлэлттэй байна. Энэхүү ерөнхий оноо нь дараах агуулгын хүрээнд хэмжигддэг. Үүнд:
- Шүүхийн эрх хэмжээ, бие даасан байдал;
- Шүүхийн нээлттэй, ил тод байдал;
- Шүүхэд итгэх олон нийтийн итгэл;
- Шүүхийн дэд бүтэц, нөөц;
- Шүүгчийн ёс зүй, хариуцлага;
Шүүхийн үр ашигтай үйл ажиллагаа хамаарна.

Дээрх 6 үндсэн хэмжигдэхүүн нь 42 дэд хэмжигдэхүүн, 111 шалгуур үзүүлэлтийн хүрээнд задардаг. Түүнчлэн судалгааны өгөгдөл нь 21 аймаг, нийслэл хотын төлөөлөл нийт 2000 гаруй иргэнийг хамруулсан санаа бодлын асуулга, 500 гаруй хуульч, мэргэжилтнүүдийн үнэлгээ болон шүүхийн захиргааны статистик мэдээлэл, факт баримт гэсэн үндсэн гурван эх сурвалжаас бүрддэг байна.

2022 онд танилцуулсан анхны Шүүхийн индекс нь шинэчилсэн найруулгаар батлагдсан Шүүхийн тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнөх үеийн нөхцөл байдлыг үнэлсэн бол 2024 онд нийтэлсэн хоёр дахь тайланд шинээр байгуулагдан бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааг анх удаа үнэлэн тусгасан юм.
2025 оны хувьд шүүхийн үйл ажиллагаа 6 хэмжигдэхүүн тус бүрээр өсөлттэй гарснаас шүүхийн бие даасан хараат бус байдал, шүүхэд итгэх итгэл, шүүхийн нөөц, дэд бүтэц зэрэг хэмжигдэхүүн мэдэгдэхүйц өссөн нь нэгдсэн оноонд эерэгээр нөлөөлжээ. Тухайлбал, 2023 нийт хэмжигдэхүүнүүдээс хамгийн бага буюу 43,18 оноотой байсан “Шүүхийн дэд бүтэц, нөөц” хэмжигдэхүүн 2025 онд 50,41 оноо авч 7,23 оноогоор, “Шүүхэд итгэх олон нийтийн итгэл” хэмжигдэхүүн 2021 онд 53,17 онооноос 2023 онд 48,40 болж буурсан бол 2025 онд 55,73 болж даруй 7,33 оноогоор өссөн байна. Энэ мэтчилэн шүүхийн үйл ажиллагааг дэд хэмжигдэхүүн тус бүрээр буюу 42 үзүүлэлтээр үнэлсэн онооны өсөлт, бууралтыг судалгааны дэлгэрэнгүй тайлангаас харах боломжтой.

Шүүхийн индекс судалгааг 2021 оноос хойш Нээлттэй Нийгэм Форумын санхүүжилт, санаачилгаар “Оюуны-Инноваци” НҮТББ, Тунгаахуй өгөгдлийн студи, MMCG компани хамтран судалгааны өгөгдөл, мэдээлэл цуглуулах, боловсруулах ажлыг хариуцан хэрэгжүүлж ирсэн юм. Өнөөдрийн арга хэмжээг ННФ-ын Гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал нээж үг хэлсний дараа ННФ-ын Эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа индексийн дүнг танилцуулсан бол шүүхийн индекс тооцох аргачлалын талаар Оюуны Инноваци ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Төрболд, шүүхэд итгэх олон нийтийн итгэл сэдвээр Социологич, судлаач Д.Аюуш нар тус тус илтгэл танилцуулж, хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлэгт Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүхийн Академи, Монголын Хуульчдын холбоо, Улсын Ерөнхий Прокурорын газар, Авилгатай тэмцэх газар болон иргэний нийгэм, их дээд сургууль, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл оролцсон юм.
Судалгааны тайланг хүртээмжтэй, хэрэглэхэд хялбар байлгах үүднээс хэвлэмэл болон цахим хэлбэрээр танилцуулж буй бөгөөд судалгааны нийт өгөгдлийг нээлттэй байдлаар нийтэлсэн https://judindex.forum.mn/report/ хаягаас дэлгэрэнгүй танилцах, тайланг татаж авах боломжтой.
Нээлттэй Нийгэм Форум нь 2008 оноос эхлэн шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх зорилгоор судалгаа шинжилгээ, олон талын оролцоо бүхий бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулж ирсэн туршлагатай үндэсний төрийн бус байгууллага юм. Өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан судалгаа, шинжилгээний туршлага, олон улсад туршигдсан эрх зүйн салбарын үнэлгээний арга зүй, дотоодын эрдэмтэд, мэргэжилтнүүдийн санал, зөвлөгөөний дагуу үндэсний индексийн арга зүйг тодорхойлж Монгол Улсын шүүхийн нөхцөл байдлыг үнэлэх Шүүхийн индекс судалгааг 2 жилд тутамд хэрэгжүүлж, олон нийт бодлого боловсруулагчдад танилцуулж байх ажээ.


