card
ННФ жилийн тайлан2008Жилийн тайлан

Нээлттэй Нийгэм Форум 2008 оны жилийн тайлан

Зохиогч: Нээлттэй Нийгэм Форум
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2008
Төрөл: PDF
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Нээлттэй Нийгэм Форум 2008 оны жилийн тайлан
Хөтөлбөр: Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь


Нээлттэй Нийгэм Форум 2008 оны жилийн тайлан
-------------------------------------------------------------------------------------------------------

 

2008 он  парламентын тав дахь удаагийн сонгуулийн жил байв. Энэхүү сонгууль хамгийн будлиантай сонгууль, эсвэл будлиантай болсныг хамгийн их мэдсэн сонгууль болж монголын ардчиллын түүхэнд орлоо. Сонгуулийг шударга зохион байгуулж явуулах нь урьд урьдаас түвэгтэй болох нь улам бүр илэрхий болж байсан ч холбогдох төрийн байгууллагууд үүнийг гүнзгий ухамсарлан иргэдийн өгсөн санал өөрчлөгдөхгүй байх, иргэд тийм  итгэлтэй байх нөхлийг бүрдүүлж ажиллаж чадсангүй. Хэдийгээр дэлхийн санхүүгийн хямрал аль эрт аюулын харанга дэгдээгээд, жижиг ч гэсэн хүнс, түлшний импорт болон ашигт малтмал, мал аж ахуйн бараг боловсруулаагүй түүхий бүтээгдэхүүний экспортод дулдуйдах байдлаар даяаршсан Монголын эдийн засаг, зах зээлийг тэвдүүлэх нь тодорхой болоод байсан ч улс төрийн хүчнүүд хариуцлагаа огоорон, сонгогдох боломжоо хадгалан үлдэх ойрын зорилтоо шүтэн эдийн засгийн бодит байдлын талаарх гашуун ч гэсэн үнэн мэдээллийг ил болгоогүй төдийгүй амлах бэлэн мөнгөнийхөө хэмжээг олон дахин өсгөж энэ сонгуульд оролцов.

Нэг талаас, өдрөөс өдөрт дордох болсон айл өрх, иргэдийн амьжиргааны түвшин, нөгөө талаас, улс төрийн оновчтой шийдэл, шинэчлэлт, өөрчлөлтийн их хүлээлт сонгуулийн уур амьсгалыг бүрдүүлж байлаа. Гэсэн ч сонгуулийн дүн гарахад энэ агуулга бүрдээгүй нь илэрсэн юм. Үүнд эргэлзсэн байж болох олон хүн эсэргүүцлээ нэгдмэл байдлаар шууд илэрхийлж төв талбайд  цугларснаар сүүлдээ эмх замбараагүй мөргөлдөөнд хүргэж, Монгол Улсад анх удаа онц байдал зарлаж, эцсийн дүндээ таван хүн амь үрэгдэж, олон арван иргэн, хууль сахиулагчид гэмтэж бэртэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хохирол үүсч, мөн л олон арван албан хаагч, иргэд хууль, шүүхийн байгууллагын хаалга сахиж, хоригдож, ялтан болоод байна. Хожим түүхэнд Долдугаар сарын 1-ний хэрэг явдал хэмээн тэмдэглэгдэх энэ үйл явцын учир шалтгаан, үр дагавар, сургамж, бодит нөхцөл байдлыг нэгтгэн сайн шинжлээгүй байгаа хэдий ч чухамхүү яаж үнэлж цэгнэж, олон залуусын хувь заяа хаашаа эргэхээс хамааран бидний Монгол улс иргэнших түүхийнхээ хаана нь явааг илчлэх их сорилгын жилийн тооллыг эхлүүлсэн нь маргаангүй юм.

2008 он санхүү, эдийн засгийн хямралын эхлэл байв. Дэлхийн хөрөнгийн зах зээлийн уналтаас эхэлсэн давалгаа долгиолсоор “хямрал манайхыг тойрно” хэмээн амарлингуй суусан биднийг цохиж, нэн түрүүнд хөрөнгө оруулалтын салбарыг хамгийн ихээр хямрааж, уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарын хөгжлийг үндсэнд нь царцаагаад байна. Хөрөнгө оруулалтын таатай цаг мөчүүд хэдийнэ алдагдснаар хямралд шахуулсан өрөөсгөл шийдвэрүүд гарах аюултай цаг өдрүүдийг авчраад байна. Мал аж ахуйн түүхий эдийн зах зээл ч хямарч, иргэдийн мөнгөн орлого эрс буурсан нь сүүлийн үеийн судалгаа болон мэдээллээс илт мэдэгдэх болжээ. Байгаль, цаг уурын хатуухан нөхцлүүд ч нэрмээс болж байна. Мөнгөний эргэлт удааширч, үндэсний валютийн ханш тогтворгүйжснээр жижиг дунд бизнесийн салбар сөхрөх шинжтэй болов.

Үндсэндээ өнгөрсөн 2008 он нь улс төрийн тогтворгүйжил, мөнгө-санхүүгийн системийн хямрал, иргэний нийгмийн тэсвэр-сорилго дагуулсан харш хатуу жил байлаа.

Нээлттэй Нийгэм Форум үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөнийхөө дагуу 2008 онд дийлэнхи ажлуудаа амжилттай хэрэгжүүлж чадсан бөгөөд ийм хурц үйл явдлууд өрнөсөн цаг хугацаа, нөхцөл байдалд тохируулан мөн л хурдтай, оновчтой байхыг хичээсээр ирлээ. Тухайлбал, ННФ-аас санаачилан сонгуулийн үеэр  иргэний нийгмийн хяналт, оролцоог хангах зорилгоор “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээг бусад ТТБ-тай хамтран байгуулж, сонгуулийн ил тод байдал, шударга, хууль ёсны зарчмуудыг хэрэгжүүлэх  үүднээс Сонгуулийн Ерөнхий хороотой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж нэлээд арга хэмжээг хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өглөө.   Ерөөс энэ онд Нээлттэй Нийгэм Форумын санаачилгаар үндэсний хэмжээний дөрвөн сүлжээ буюу эвсэл байгуулагдаж үйл ажиллагаа нь жигдэрлээ. Үүнд дээрх сүлжээнээс гадна төсвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 13 иргэний нийгмийн байгууллага нэгдэн “Иргэд төсвөө хянана” сүлжээ, олборлох салбарын ил тод байдлыг хангах зорилготой 20 ТТБ-ын нэгдэл болох “Төлсөн авснаа нийтэл” эвсэл, хүний эрхийг хамгаалах зорилго бүхий 23 ТББ-ыг нэгтгэсэн “Онц байдалтай холбоотой хүний эрхийн мониторинг, хамгааллын эвсэл” орж буй юм. Ингэснээр тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллагууд хүч боломжоо тарамдалгүй, асуудалд ул суурьтай, хариуцлагатай, нэгдмэл байр сууринаас хандах нөхцөл бүрдэж, улмаар улс орны хөгжлийн дэвшлийн төлөөх үйл хэрэгтээ илүү их амжилт олно гэдэгт  бид итгэлтэй байна.

2008 онд Нээлттэй Нийгэм Форум өмнө хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдээ үргэлжлүүлсний зэрэгцээ хэд хэдэн шинэ ажил эхлүүлснийг дурдах нь зүйтэй болов уу.  Энэ оноос эхлэн манай Форум шүүхийн хараат бус байдлыг бодитоор үнэлэх, баримтжуулах зорилгоор мониторинг хийх асуудалд анхаарал тавьж ажиллах болов. Түүнчлэн нийгмийн даатгалын сангууд, ялангуяа тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн ил тод байдлын асуудлуудад дүн  шинжилгээ хийх зорилгоор тодорхой судалгаануудыг эхлүүллээ. Сургуулийн насны хүүхдийн чөлөөт цагийн хөтөлбөрүүд хэрэгжүүлж туршлага хуримтлуулах зорилгоор “Хүүхэд хөгжүүлэх хичээлээс гадуурх хөтөлбөр”-ийн төслийг  санаачилав. 2008 онд Бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөртөө томоохон өөрчлөлт оруулж, “Ахлах судлаач” хөтөлбөрийг шинээр бий болгосны зэрэгцээ багаараа судалгаа хийх явдлыг хөхиүлэн дэмжих боллоо.

Энэ мэт хийж бүтээсэн, бүтээхийг оролдон зорьж яваа үйл хэргээ Эрхэм танд толилуулж буйдаа таатай байна. Хэрэв Та Нээлттэй Нийгэм Форумаас авч хэрэгжүүлсэн, санаачилсан, санхүүжүүлсэн, иргэний нийгмийн бусад байгууллагатай хамтран гүйцэтгэсэн арга хэмжээ, үйл ажиллагааны талаар санал сэтгэгдлээ хуваалцах аваас бид талархан хүлээн авах болно.

 

Нээлттэй Нийгэм Форумын гүйцэтгэх захирал

 П.Эрдэнэжаргал

Зохиогч: Нээлттэй Нийгэм Форум
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2008
Төрөл: PDF
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Нээлттэй Нийгэм Форум 2008 оны жилийн тайлан
Хөтөлбөр: Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь