card
Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих,  Нийтийн өмч, байгалийн баялгийн засаглал,  #ТөрийнӨмчитКомпанийнЗасаглал,  #БодлогынАсуудал,  Судалгаа,  2026, 

Чухал ашигт малтмалын бодлогын зураглал: Нийлүүлэлтийн сүлжээнд орон зайгаа эзлэх боломж ба сорилтууд

Зохиогч: Судлаач Н.Дорждарь, Д.Эрдэнэчимэг
Хэвлэн нийтэлсэн: ННФ
Он: 2026
Төрөл: Судалгаа
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Эрдэс баялгийн салбарын засаглал, Чухал ашигт малтмал, Судалгаа
Хөтөлбөр: Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь

Тайланг татаж авах - Чухал ашигт малтмалын бодлогын зураглал: Нийлүүлэлтийн сүлжээнд орон зайгаа эзлэх боломж ба сорилтууд

ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН БОДЛОГЫН ЗУРАГЛАЛ

Нийлүүлэлтийн сүлжээнд орон зайгаа эзлэх боломж ба сорилтууд

Authors

Н.Дорждарь

Д.Эрдэнэчимэг

Published

2026 оны 8 дугаар сар

1 Үндэслэл

Энэхүү тайлан нь Монгол Улсын чухал ашигт малтмалын салбарт хамаарах бодлогыг тодорхойлох явцыг судлах замаар түүнд иргэний нийгмийн байгууллага, иргэдийн идэвхтэй оролцоо, хяналтыг бий болгох боломжийг дэлгэн харуулж танилцуулах зорилготой. Хэрвээ нийгмийн хэрэгцээ шаардлагад тулгуурлах, иргэд, иргэний нийгмийн оролцоог хангах зэрэг суурь нөхцөлийг бүрдүүлэх аваас бодлого оновчтой гарч, үр дүнтэй хэрэгжих чадах юм.

Өнөөдөр дэлхий нийтийн өмнө тулгарч буй томоохон сорилтууд дунд уур амьсгалын өөрчлөлт онцгой байр суурь эзэлж байна. Улмаар улс орнууд эрчим хүчний цэвэр эх үүсвэрүүдийг түлхүү ашиглаж, шатдаг түлшний хэрэглээг багасгах зорилт дэвшүүлэн ажиллаж ирсэн. Хэдийгээр энэ үйл явц улс орнуудад харилцан адилгүй түвшинд байгаа ч алс хэтдээ эргэлт буцалтгүй өрнөх дүр зураг ажиглагдаж буй. Энэхүү өөрчлөлтийг бодитой болгохын тулд технологийн шилжилт хийх шаардлага эрчим хүчний эх үүсвэрийн хувьд ч, түүний хэрэглээний түвшинд ч өндөр байна. Технологи хурдацтай хувьсан өөрчлөгдөж, шинэ нээлт, ололтууд гарч туршигдсаар ирсэн буй нөхцөлд тэдгээрийг өргөн хүрээнд дэлгэрүүлж нэвтрүүлэхэд тодорхой төрлийн ашигт малтмалын хэрэглээ нэмэгдэх төлөвтэй боллоо.

Нөгөө талаар, Ковид-19 зэрэг дэлхийн хэмжээний цар тахал, геополитикийн тогтворгүй нөхцөл байдал зэрэг нь улс орнууд бусдаас эдийн засаг болон нийлүүлэлтийн сүлжээний сувгаар өндөр хамааралтай байхад үүсэх эмзэг байдлыг тодруулан харуулж, улмаар бие даасан байдлаа нэмэгдүүлэх сонирхлыг өдөөж байна. Улс орнууд зарим төрлийн ашигт малтмалыг дэлхийн болон тухайн улс орны хувьд онцгой чухал үүрэгтэй болохыг анхаарч, тэдгээрийг эрж хайх, олборлох, боловсруулах, хангамжийг урт хугацаанд баталгаажуулах зэрэг бодлогын алхмуудыг хэрэгжүүлэх болов.

Ийм нөхцөлд байгалийн баялаг ихтэй, эдийн засагт нь ашигт малтмалын олборлолт маш их үүрэгтэй улс орнуудын хувьд шинэ боломжууд нээгдэж байна. Тухайлбал, чухал ашигт малтмалын нөөцийг зөв зохистой ашиглаж чадвал улс орныхоо хөгжлийг түргэтгэж, эдийн засгийн өсөлтийг хангах, гадаад харилцаагаа өргөжүүлэх, шинэ хөрөнгө оруулалт, техник технологи татах орон зай бий болно.

Гэхдээ ашигт малтмалын нөөц баялагтаа түшиглэн хөгжих замыг сонгосон улс орнуудад өмнө нь гаргасан алдаа олон бий. Чухал ашигт малтмалыг ашиглахдаа дээрх алдаануудаа давтах аваас өмнөх туршлагаасаа сургамж аваагүй хэрэг юм. Өөрөөр хэлбэл, байгалийн арвин баялагтай хэрнээ хөгжиж чадахгүй байх буюу “баялгийн хараал”-д нэрвэгдэх эрсдэл бодитой бий. Ийм учраас чухал ашигт малтмалын ачаар үүсэж буй боломжийг ашиглахдаа уул уурхайн салбарын нийтлэг сорилтуудыг шинээр үүсэх асуудлуудтай хамтад нь шийдэхийг зорих шаардлагатай.

Байгалийн баялгийн арвин нөөцтэй Монгол Улсын хувьд чухал ашигт малтмалын бодлого чухал үр дагавартай байх нь дамжиггүй. Сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр бодлогоо тодорхойлж, хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх санал, санаачилгууд өрнөөд буй. Гэхдээ одоогоор бодлого, хуулийн зохицуулалт болж чадаагүй, тодорхой ажил хэрэг болон хэрэгжиж амжаагүй байна.1 Ийм эгзэгтэй нөхцөл байдалд ашигт малтмалыг эрчимтэй ашиглаж ирсэн сүүлийн гуч гаруй жилийн туршлагадаа тулгуурлаж, мөн олон улсын жишиг, чиг хандлагад нийцүүлэн бодлогоо оновчтой тодорхойлж, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Үүний тулд ашигт малтмалтай холбоотой бодлого, хууль тогтоомж, тэдгээрийн хэрэгжилтийг тойрсон нийгэм дэх зөрчил, маргаантай асуудлуудаас сургамж авч, ялангуяа иргэний нийгэм, иргэдийн бодит оролцоог хангах нь зайлшгүй чухал. Чухал ашигт малтмалын бодлогыг энэ үүднээс зураглахыг судалгааны хүрээнд зорьсон болно.

Судалгаанд улс төр, эдийн засгийн дүн шинжилгээний ерөнхий аргачлалыг ашигласан2 бөгөөд энэ аргачлалын хувьд бодлогын тулгамдаад буй асуудлыг томьёолох (Бүлэг 2), асуудлыг шийдвэрлэхэд тулгарах бүтцийн (Бүлэг 3) болон институцын (Бүлэг 4) шинжтэй сорилтуудыг шинжлэх, шинэтгэлийг хэрэгжүүлэхэд оролцох талуудын байр суурийг тодорхойлох (Бүлэг 5), улмаар эдгээр хүчин зүйлсийн харилцан уялдаа, хамаарлыг зураглаж (Бүлэг 6), хэрэгжиж болохуйц зөвлөмж (Бүлэг 7) гаргахыг зорив.

2 Асуудлын томьёолол

Монгол Улсын хувьд чухал ашигт малтмалыг дагалдах боломжийг ашиглахад геологийн нөөцөөс гадна оновчтой бодлого, институцын зохицуулалт, нийгмийн зөвшилцөл чухал.

Эрчим хүчний шилжилтийн нийлүүлэлтийн сүлжээнд байр сууриа эзэлж тэлэхийн төлөөх өрсөлдөөн дэлхий нийтэд эрчимжиж буй энэ үед Монгол Улс чухал ашигт малтмалын томоохон нийлүүлэгч орон болохыг зорьж буй. Гэвч улс төрийн байдал тогтворгүй, олон нийтийн оролцоо хязгаарлагдмал, хөрөнгө оруулалтын нөхцөл хүнд, хариуцлага, ил тод байдал маш хангалтгүй, институцын чадавх сул зэргээр тодорхойлогдох засаглалын орчинд оновчтой бодлого бүрэлдэхэд хүндрэлтэй. Засаглалын сорилтуудыг шийдвэрлэж чадахгүй тохиолдолд чухал ашигт малтмалын салбар нь тогтвортой, хүртээмжтэй хөгжилд хүргэхгүй бөгөөд эдийн засгийн боломжууд алдагдаж, нийгмийн үл итгэлцлийг дэгдээж, засаглалын доголдлыг улам гүнзгийрүүлэх эрсдэлтэй.

Ийм нөхцөлд Монгол Улсын чухал ашигт малтмалын бодлого, шийдвэр гаргалт болон түүний хэрэгжилтэд улс төр, эдийн засаг, институцын ямар хүчин зүйлс нөлөөлж байгаа, мөн эдгээр нь ил тод, хариуцлагатай, оролцоотой засаглалыг бүрдүүлэхэд хэрхэн дэмжлэг үзүүлж эсвэл саад учруулж байгааг ойлгох шаардлагатай. Улмаар бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцад оролцож буй гол оролцогч талууд, тэдгээрийн эрх ашиг, нөлөө, эрх мэдлийн харилцааг тодорхойлох хэрэгтэй байна.

Энэхүү судалгаа нь дараах үндсэн асуултуудад хариу өгөхийг зорьж байна. Үүнд:

  • Чухал ашигт малтмалын бодлогыг тодорхойлоход ямар хүчин зүйлс хамгийн их нөлөөтэй вэ? Тэдгээрийг шийдвэрлэх арга замууд юу вэ?
  • Бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэхэд нөлөөлөх гол оролцогчид хэн хэн бэ? Тэдний ашиг сонирхол, байр суурь юу вэ?
  • Нөлөөлөх хүчин зүйлс, оролцогч талуудын ашиг сонирхлын уялдаа хамаарал ямар байна?
  • Засаглалын ямар шинэчлэлүүд бодитой хэрэгжих боломжтой вэ? зэрэг асуултууд хамаарна.
NoteНэр томьёоны тухайд

Чухал ашигт малтмал гэх нэр томьёо бол нэг мөр тодорхойлж, тогтсон зүйл биш юм. Англи хэлний “критикал” гэх утга агуулгыг “чухал” гэж орчуулж, хэрэглэх санал гарч нэлээд дэлгэрсэн. Нөгөө талаар, “стратегийн”, “шилжилтийн”, “эрчим хүчний шилжилтийн”, “ногоон шилжилтийн”, “өндөр технологийн” гэх нэр томьёонуудыг ч өргөн хүрээнд хэрэглэж ирсэн нь бий. Зарим тохиолдолд эдгээрийг нарийн тодорхойлохгүйгээр хэрэглэдэг бол зарим ашигт малтмалыг нэр дурдан тодорхойлсон нь ч бий.

“Стратегийн” гэх ойлголтын хувьд тухайн ашигт малтмалыг олборлогч улс орнуудын өнцгөөс, харин “критикал” гэх ойлголтыг аж үйлдвэр, эдийн засагт чухал үүрэгтэй үйлдвэрлэлийн орц гэх өнцгөөс тодорхойлох хандлага нэг үе ажиглагдаж байсан бол эрчим хүчний цэвэр эх үүсвэрт шаардлагатай ашигт малтмал гэдэг өнцгөөс “шилжилтийн” гэх нэр томьёог хэрэглэх нь түгээмэл байв. Харин сүүлийн үед ялангуяа Ковид-19 цар тахал, мөн Украин, Ираны дайн зэргээс үүдэн тодорхой төрлийн ашигт малтмалыг цэрэг зэвсгийн болон эрчим хүчний зорилгод чухал ач холбогдолтой бөгөөд эдгээрийн хувьд бусад орноос хэт хамааралтай байх нь эрсдэл дагуулна гэх үүднээс “критикал” гэх үгийг түлхүү хэрэглэх байдал ажиглагдаж байна. Энэхүү судалгаанд “чухал” гэх нэр томьёог ерөнхийд нь хэрэглэх бөгөөд шаардлагатай бол бусад нэр томьёог тухайн агуулгаас хамаарч тайлбарлана.3

3 Бүтцийн асуудлууд

Бүтцийн шинжтэй улс төр-эдийн засгийн асуудлууд гэдэгт богино хугацаанд бодлогын шийдвэрээр амархан өөрчлөгдөхгүй, эсхүл бүр аль нэг улс орноос хамаарч өөрчлөгдөх боломжгүй хэдий ч чухал ашигт малтмалын бодлого, түүний хэрэгжилтэд зайлшгүй нөлөөлөх хүчин зүйлсийг хамруулан авч үзэхийг зорив. Тухайлбал,

  • эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор тодорхой ашигт малтмалын өсөн нэмэгдэх эрэлт хэрэгцээ
  • геополитикийн өрсөлдөөн ба олон улсын бодлогын орчин
  • дотоод эдийн засгийн бүтэц
  • чухал ашигт малтмалын тархалт ба нөөц
  • технологийн хувьсал
  • байгаль орчин, нийгэм, засаглалын хувьсан буй тогтолцоо зэрэг хүчин зүйлсийг энэ бүлэгт онцолсон болно.

3.1 Эрчим хүчний шилжилтийг дагах эрэлтийн өсөлт

Дэлхийн хэмжээнд эрчим хүчний шилжилт эрчимтэй явагдсанаар зарим ашигт малтмалын эрэлт өсөх хүлээлт бий. Тухайлбал, Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭХА)-ийн хувьд эрчим хүчний цэвэр технологи гэдэгт нарны фотовольтаик хавтан, салхин сэнс, цахилгаан машин, сүлжээний цахилгаан хуримтлуур, цахилгаан шугам сүлжээ болон ус төрөгчийн технологийг хамруулан авч үзсэн байдаг бөгөөд эдгээрт нийт 37 төрлийн ашигт малтмалыг чухал шаардлагатай гэж үзээд, тэдгээрийн эрэлтийн төлөвийг тооцоолсон байна.(ОУЭХА 2026) Эдгээрээс зарим гол гэх ашигт малтмалын эрэлтийн төлөвийг Зураг 1-д үзүүлэв. Тухайлбал, платины бүлгийн металлуудын эрэлт 66.5 дахин, манганых 29.2 дахин, литийнх 13.1 дахин өсөхөөр байна. Энд зөвхөн цэвэр эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор өсөх эрэлтийн хэмжээг үзүүлсэн болно.

Зураг 1. Зарим чухал ашигт малтмалын цэвэр эрчим хүчнээс хамаарах эрэлтийн төлөв

Чухал ашигт малтмалын эрэлтийн өсөлт зөвхөн цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлээс шалтгаалахгүй бөгөөд бусад хэрэглээ ч чухал үүрэгтэй. Тухайлбал, зэсийн хэрэглээ барилгын салбарын хөгжилтэй холбоотой өсөх хандлага бий. Түүнчлэн, эрэлтийг дагалдан нийлүүлэлт хангалттай нэмэгдэж, зах зээлийн тэнцвэр хадгалагдах явдал чухал. Зэс зэрэг зарим ашигт малтмалын хувьд нийлүүлэлт хангалттай өсөх нь эргэлзээтэй. Учир нь шинэ төслүүдийн эрж хайх, үр ашигтай олборлолт цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаарддаг. Ашигт малтмал газар зүйн хувьд тодорхой бүс нутгуудад төвлөрөх нь бий. Цаашилбал, олон улсын нөхцөл байдал, худалдааны саад хориг зэргээс хамаараад нийлүүлэлтийг богино хугацаанд нэмэгдүүлэх боломж хязгаарлагдмал байх магадлалтай. Хүснэгт 1-д зарим ашигт малтмалын хувьд эрэлт, нийлүүлэлтийн зөрүү ямар байх төлөвтэйг харуулав. Ялангуяа бал чулуу, зэсийн хувьд энэ зөрүү их байхаар байна.

Хүснэгт 1. Зарим ашигт малтмалын эрэлт, нийлүүлэлтийн зөрүү, 2040 он
Металл Нийлүүлэлт Эрэлт Зөрүү (мян.тонн)
Бал чулуу 4,542.2 16,755.9 12,213.7
 
Зэс 31,143.0 41,276.6 10,133.6
 
Никель 4,512.1 7,612.0 3,099.9
 
Лити 461.5 1,833.6 1,372.1
 
Кобальт 333.0 503.4 170.4
 
Газрын ховор 114.5 200.3 85.8
 
Эх сурвалж: ОУЭХА-ийн өгөгдөл ба зохиогчийн тооцоолол

Нүүрстөрөгч бага ялгаруулах эдийн засагт шилжих зорилтууд, сэргээгдэх эрчим хүчний өргөн хэрэглээ, цахилгаан тээврийн хэрэгслийн өсөлт, мөн эрчим хүч хуримтлуулах технологийн хөгжил нь зэс, лити, никель, кобальт, газрын ховор элемент зэрэг түүхий эдийн хэрэгцээг тогтвортой өсгөж байна. Цахилгаан үйлдвэрлэл, хэрэглээний дэд бүтэц, сүлжээний өргөтгөл нь зэсийн эрэлтийг хамгийн ихээр нэмэгдүүлж буй хүчин зүйлс болжээ. Мөн батарейн технологи, сэргээгдэх эрчим хүчийг хуримтлуулах нь лити, никель, бал чулуу зэрэг ашигт малтмалын ач холбогдлыг эрс нэмэгдүүлж буй.

Эрэлт ийнхүү өсөж, харин нийлүүлэлт эрэлтийг дагаж хангалттай хэмжээнд өсөхгүй байх ерөнхий чиг хандлага ажиглагдаж байгаа ч нэлээд ашигт малтмалын эрэлт, нийлүүлэлтийн зөрүү төдийлөн их биш байхаар байна. Энэ нь улс орнууд бодлогоо боловсруулахдаа чухал ашигт малтмалыг дотор нь ангилж авч үзэх шаардлагатай гэсэн үг юм. Учир нь эдгээр ашигт малтмалын нөөц, үйлдвэрлэлийн түвшин янз бүр төдийгүй нийлүүлэлтийн сүлжээ харилцан адилгүй юм. Тухайлбал, литийн зах зээлийн эрэлт огцом нэмэгдсэнээс үнэ нь өссөн хэдий ч нийлүүлэлтийг богино хугацаанд хангах боломжтой байсны улмаас хэдхэн жилийн дотор үнэ нь огцом унасан. Харин зэсийн хувьд шинэ ордыг ашиглалтад оруулах зэрэг нь удаашралтай байдаг бөгөөд нийлүүлэлтийг богино хугацаанд дорвитой нэмэх боломжгүй байх тул үнэ нь аажмаар жигд өсөх магадлалтай. Ийм нөхцөл байдлыг Зураг 2-аас ажиглаж болохоор байна.

Зураг 2. Зэс, литийн үнийн хувьсал, 2021-2026 он

Дэлхийн эрчим хүчний шилжилт, түүнд шаардлагатай ашигт малтмалын эрэлт, нийлүүлэлтийн төлөвийг судлан нийтэлдэг чухал байгууллага нь Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭХА) юм. Тус байгууллагa 37 чухал ашигт малтмалын өгөгдлийг цуглуулан мэдээлдэг (ОУЭХА 2026) бөгөөд жил бүр чухал ашигт малтмалын төлөвийн судалгааг гаргадаг. Дэлхийн дулааралтай холбоотойгоор эрчим хүчний шилжилтийг олон улсын түвшинд залан чиглүүлж буй байгууллагаар ОУЭХА-аас гадна Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг, Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх засгийн газар хоорондын бүлэг, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ийн суурь конвенц, Глазгогийн тэг ялгарлын төлөөх санхүүгийн нэгдэл, Дэлхийн банк, ОУВС зэргийг нэрлэж болно. Эдгээр оролцогчдыг Хүснэгт 17-д танилцуулсан болно.

Эрчим хүчний шилжилттэй холбоотой чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн нөөц боломжийн талаар Эс Пи Капитал зэрэг төлбөрт үйлчилгээний байгууллагууд иж бүрэн мэдээллийг төслийн түвшинд цуглуулан боловсруулж түгээх болжээ. Мөн тодорхой төрлийн ашигт малтмалын талаар байнгын судалгаа шинжилгээ хийдэг байгууллагууд ч олон бий. Тухайлбал, зэсийн салбарын төлөв байдлын талаар тоо баримт, судалгааг Зэсийн судалгааны нэгж, Олон улсын зэсийн судалгааны баг бэлтгэн гаргадаг бол газрын ховор 17 элементийн талаарх дэлхийн болон Монгол Улсын нөөц, төслүүд, зах зээлийн талаарх иж бүрэн судалгааг Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-аас гаргасан байдаг.4

3.2 Геополитикийн өрсөлдөөн ба олон улсын бодлогын орчин

Чухал ашигт малтмалын эрэлт нийлүүлэлтийг эрчим хүчний шилжилт гэх мэт эдийн засгийн томоохон өөрчлөлтүүд тодорхойлохоос гадна улс төр, геополитик, олон улсын харилцааны шинэ нөхцөл байдал хүчтэй нөлөөлөх төлөвтэй байна. Үүнд, АНУ, БНХАУ, Европын Холбоо, ОХУ зэрэг томоохон гүрнүүдийн үндэсний болон бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засагт нь онцгой үүрэгтэй аж үйлдвэрлэлд шаардлагатай ашигт малтмалын найдвартай ханган нийлүүлэлт, цэрэг, батлан хамгаалах, хиймэл оюун ухааны технологитой холбоотой өрсөлдөөн зэргээс хамаарч олон улсын болон хоёр талт хамтын ажиллагаа эрс идэвхжиж байна. Энэ нь улс орнуудын хоорондын эдийн засаг, улс төр, дипломат харилцааг тодорхойлох хандлага ажиглагдах болов. Иран, АНУ-ын мөргөлдөөн, Израил, Палестины зөрчилдөөн, ОХУ, Украины дайн зэрэг нь улс гүрнүүдийг цэрэг дайны чадавхдаа онцгой анхаарахад хөтөлж, улмаар чухал ашигт малтмалын бодлогыг үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг болгон тодорхойлох болов.

Улс орнуудын гаргасан чухал ашигт малтмалтай холбоотой төрөл бүрийн бодлогын баримт бичгийг судлан үзэхэд 2010 оноос тоо нь эрс нэмэгдсэн болохыг Зураг 3-т үзүүлэв. Чухал ашигт малтмалыг дэмжих агуулгатай нийт 667 бодлого бүртгэгдсэн нь давхардсан тоогоор 772 улс орныг хамарч байна. Харин өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй бодлогын тоо 579 байгаа бол 53-ыг шинээр зарласан, харин 35-ын хэрэгжилтийг зогсоосон төлөвтэй байна.

Зураг 3. Чухал ашигт малтмалтай холбоотой гарсан бодлогын тоо

Хүснэгт 2-т бүртгэлд орсноор хамгийн олон тооны бодлого гаргасан улс орнуудыг үзүүлэв. Жагсаалтыг АНУ, Австрали, Европын Холбоо тэргүүлж байна. Бодлогын ихэнх нь зөвхөн тухайн улс оронд үйлчлэхээр байгаа ч олон улсын болон бүс нутгийн түвшинд үйлчлэх бодлого ч цөөнгүй байна.

Хүснэгт 2. Чухал ашигт малтмалтай холбоотой гаргасан бодлого, 1970-2026 он
Улс
Түвшин
Нийт
Олон улс Улс үндэстэн Орон нутаг
АНУ 17 49 3 69
Австрали 8 32 15 55
Европын Холбоо 19 7 19 45
Канад 6 21 12 39
Хятад 0 29 0 29
Энэтхэг 13 16 0 29
Индонез 1 27 0 28
Их Британи 5 21 1 27
Франц 5 18 0 23
Бусад 88 240 3 331
Бүгд 162 460 53 675
Эх сурвалж: ОУЭХА-ийн өгөгдлийг зохиогч боловсруулав.
Зарим бодлогын хувьд нэг бус олон улс орныг хамарна.
Зөвхөн хүчин төгөлдөр бодлогыг нэгтгэв.

АНУ: Эдийн засгийн эрх ашгаа хангах алхмууд

Дэлхийн эдийн засаг, улс төрийн төв цэг болсон АНУ-ын байр суурь, бодлого сүүлийн жилүүдэд онцгой анхаарал татаж байна. Тус улс чухал ашигт малтмалыг эрчим хүчний шилжилтийн төдийгүй үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн өрсөлдөх чадвар, үйлдвэрлэлийн үндэс суурийг бэхжүүлэх стратегийн асуудал гэж үзэх болжээ. Үүний гол шалтгаан нь цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүч, батерей, хагас дамжуулагч болон батлан хамгаалах салбарын үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдийн эрэлт огцом өсөж, нийлүүлэлтийн сүлжээ цөөн тооны улс, ялангуяа боловсруулах хүчин чадлаараа давамгайлж буй БНХАУ-д төвлөрсөнтэй холбоотой юм. Зураг 4-д зарим чухалд тооцогддог ашигт малтмалыг боловсруулахад БНХАУ тэргүүлээд зогсохгүй давамгай байдлаа сүүлийн жилүүдэд улам бэхжүүлсэн болохыг харуулав. Иймээс АНУ болон бусад улсын бодлого нь нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулах, стратегийн түүхий эдийн тогтвортой хангамжийг бүрдүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийг дотооддоо болон холбоотон орнуудад хөгжүүлэхэд чиглэж байна.

Зураг 4. Чухал ашигт малтмалын боловсруулалт, байршлаар, 2020 ба 2024 он

2021 оноос АНУ нийлүүлэлтийн сүлжээний эмзэг байдлыг үндэсний хэмжээнд үнэлж, чухал ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, дахин боловсруулалт, үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг эрчимжүүлэв. 2022 онд батлагдсан Инфляцыг хумих тухай хууль нь цахилгаан автомашин, батерейн үйлдвэрлэлийн татварын хөнгөлөлтийг ашигт малтмалын гарал үүсэлтэй уялдуулан олгох болсон нь нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг өргөжүүлэх хүчтэй хөшүүрэг болсон.5 Энэ хөнгөлөлтийг дотооддоо боловсруулсан болон чөлөөт худалдааны хэлэлцээртэй улс орнуудаас нийлүүлсэн чухал ашигт малтмалыг ашигласан үйлдвэрүүдэд үзүүлэх юм. Харин зарим улс орноос гарал үүсэлтэй ашигт малтмалыг ашигласан бол татварын хөнгөлөлт эдлүүлэхгүй байх, Хойд Америк болон тодорхой улс орноос гарал үүсэлтэй чухал ашигт малтмалын жинг 30-аас 80 хувь хүртэл нэмэх зэрэг шалгуур тусгаж өгсөн байдаг.6 Үүний зэрэгцээ Батлан хамгаалахын зориулалттай үйлдвэрлэлийн тухай хуулийн хүрээнд лити, никель, кобальт, бал чулуу зэрэг стратегийн ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын төслүүдийг санхүүгийн болон институцын дэмжлэгээр хангах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.7

Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд АНУ 2022 онд Ашигт малтмалын аюулгүй байдлын түншлэл (АМАБТ) хэмээх санаачилгыг Япон, Канад, Австрали, БНСУ зэрэг 14 улс, мөн Европын Холбоотой хамтран үүсгэн байгуулав. Энэхүү санаачилгын зорилго нь хариуцлагатай уул уурхай, боловсруулах үйлдвэр, дахин боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалтыг дэмжиж, чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг илүү олон эх үүсвэртэй, тогтвортой, геополитикийн эрсдэлд тэсвэртэй болгоход оршиж байв.

2025 оноос АНУ-ын бодлого үндэсний аюулгүй байдлын чиглэлээр улам эрчимжиж, дотоодын олборлолт, зөвшөөрлийн үйл явцыг хурдасгах, боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, стратегийн нөөцийг бүрдүүлэхэд илүү их анхаарах болсон. Энэ хүрээнд ашигт малтмалын олборлолтыг үндэсний аюулгүй байдлын тэргүүлэх зорилт хэмээн тодорхойлж, дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлж байна. Улмаар АМАБТ-ийн залгамжлагч болох Баялгийн геостратегийн хамтын ажиллагааны форум гэх санаачилгыг АНУ-ын зохион байгуулсан Чухал ашигт малтмалын талаарх сайд нарын уулзалтын үеэр эхлүүлсэн байдаг.

Чухал ашигт малтмалтай холбоотой АНУ-д гаргасан эдгээр болон бусад бодлогын ерөнхий ангиллыг Зураг 5-д үзүүлэв. Үүнд АНУ-ын 104 бодлого бүртгэгдсэн байгааг эдийн засгийн бодлогын шинжтэй, эрх зүйн хүрээг бүрдүүлэгч, стандарт тогтоох буюу удирдамж зааврын шинжтэй, гүйцэтгэлд суурилсан урамшуулал олгох болон худалдаад зохицуулах гэсэн үндсэн таван бүлэгт хувааж үзэх боломжтой байна.

Зураг 5. Чухал ашигт малтмалыг дэмжих АНУ-ын бодлого

Түүнчлэн АНУ-ын сүүлийн үеийн чухал ашигт малтмалын бодлого нь Монрогийн доктрины шууд үргэлжлэл биш боловч Америк тивийг өөрийн стратегийн нөлөөллийн бүс гэж үздэг уламжлалт геостратегийн үзэл санаатай тодорхой хэмжээгээр нийцэж байна. Үүнд АНУ Америк тивд ноёрхлоо баталгаажуулах алхмуудыг стратегийн чиглэл бүрээр авч хэрэгжүүлэхийг зорьж байгаа бөгөөд чухал ашигт малтмалын хувьд Латин Америк, Хойд Америкийн улс орнуудтай хамтрах, Америк тивийн орнуудад БНХАУ-ын нөлөөг багасгаж, өөрсдийн нөлөөг улам бүр нэмэгдүүлэх бодлогыг явуулж эхлээд байна. Тухайлбал, лити, зэс, никель зэрэг чухал ашигт малтмалын олборлолтыг дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст нэмэгдүүлэх, Канад, Мексик, Чили, Аргентин зэрэг орнуудтай нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхэд хамтрах зэрэгт анхаарах болов. Тухайлбал, 2024 онд Аргентин улстай байгуулсан санамж бичигт литийн асар их нөөцтэй уг улстай хамтран ажиллах, тодорхой төслүүдэд хөрөнгө оруулах чиглэлийг гаргасан байдаг. Мөн лити, зэсийн их баялагтай Чили улстай худалдаагаа нэмэгдүүлэх, тус улсын БНХАУ-тай хийх арилжааг АНУ руу чиглүүлэх зорилгоор “нөхөдтэй хөршлөх” бодлогыг дэмжиж буйгаа ил зарлаж буй.8

Ерөнхийд нь авч үзвэл, АНУ-ын бодлогын үндсэн зорилго нь олборлолтын хэмжээг нэмэгдүүлэхээс илүүтэйгээр чухал ашигт малтмалын уул уурхай–боловсруулалт–үйлдвэрлэл–дахин боловсруулалт гэсэн үнэ цэнийн шат дамжлагыг холбоотон орнуудтай хамтран бүхэлд нь дахин зохион байгуулж, БНХАУ-д төвлөрсөн нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулах, стратегийн хувьд илүү найдвартай, уян хатан нийлүүлэлтийн тогтолцоог өөртөө бүрдүүлэхэд чиглэж байна.

Европын Холбоо: Ногоон хөгжлийн манлайлагч

Европын Холбоо (ЕХ) чухал ашигт малтмалын асуудлыг эрчим хүчний шилжилт, аж үйлдвэрийн өрсөлдөх чадвар, стратегийн бие даасан байдлыг хангах бодлогын салшгүй хэсэг гэж үздэг. Европын Ногоон хэлэлцээр (2019), Тэг цэвэр ялгарлын аж үйлдвэрийн тухай хууль (2023), Чухал түүхий эд, материалын тухай хууль (2024) зэрэг бодлогын хүрээнд сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашин, батерей болон цэвэр технологийн үйлдвэрлэлийн хэрэгцээг хангахын зэрэгцээ гадаад нийлүүлэлтээс хэт хараат байдлыг бууруулах зорилтыг дэвшүүлсэн.

2024 онд хүчин төгөлдөр болсон Чухал түүхий эд, материалын тухай хууль нь хамгийн цогц бодлогын баримт бичиг бөгөөд 2030 он гэхэд ЕХ-ны жилийн хэрэглээний дор хаяж 10 хувийг дотооддоо олборлох, 40 хувийг боловсруулах, 25 хувийг дахин боловсруулах, мөн аль нэг гуравдагч улсаас нийлүүлэх хэмжээг стратегийн түүхий эд бүрийн хувьд 65 хувиас хэтрүүлэхгүй байх зорилтыг тодорхойлсон. Үүний зэрэгцээ ЕХ нь Канад, Австрали, Чили, Намиби, Ардчилсан Конго, Украин, Замби, Казахстан зэрэг ашигт малтмалын нөөцтэй орнуудтай стратегийн түншлэл, санамж бичиг зэргийг байгуулан нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэхийг зорьж байна.

Чухал ашигт малтмалыг дэмжих ЕХ-ны бодлогын ангиллыг Зураг 6-д үзүүлэв. Эдийн засгийг дэмжих бодлогыг стандарт, удирдамж, зөвлөмж зэргийг гаргах бодлоготой хослуулах эрмэлзэл эдгээр бодлогын зураглалаас ажиглагдаж байна.

Зураг 6. Чухал ашигт малтмалыг дэмжих Европын Холбооны бодлого

ЕХ-ны онцлог нь зөвхөн нийлүүлэлтийн аюулгүй байдлыг бус байгаль орчин, хүний эрх, хөдөлмөрийн стандарт, ил тод байдал, хариуцлагатай олборлолтыг чухалчилдаг явдал юм. Иймээс ЕХ-ны бодлого нь нийлүүлэлтийн аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ тогтвортой хөгжил, тойргийн эдийн засаг, дахин боловсруулалтыг өргөжүүлэхэд чиглэж байна.

БНХАУ: Гол олборлогч биш байж болох ч гол боловсруулагч

БНХАУ нь чухал ашигт малтмалын салбарыг аж үйлдвэрийн өрсөлдөх чадвар, технологийн манлайлал, урт хугацааны эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үндсэн тулгуур гэж үздэг. АНУ-ын нэгэн адил нийлүүлэлтийн аюулгүй байдалд анхаарч байгаа боловч бодлогын гол ялгаа нь зөвхөн түүхий эдийн олборлолтыг бус олборлолт–боловсруулалт–материалын үйлдвэрлэл–батерей–цахилгаан автомашин–сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж гэх үнэ цэнийн сүлжээг бүхэлд нь хөгжүүлэхэд анхаарч ирсэн явдал юм. Үүний үр дүнд БНХАУ нь олон төрлийн чухал ашигт малтмалын боловсруулалт болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд дэлхийд тэргүүлэх байр суурийг эзэлжээ.

БНХАУ ашигт малтмалын дотоодын олборлолтыг өргөжүүлэхийн зэрэгцээ төрийн дэмжлэгтэй компаниудаараа дамжуулан Африк, Латин Америк, Зүүн өмнөд Азийн уул уурхайн төслүүдэд идэвхтэй хөрөнгө оруулж эхэлсэн. Ялангуяа Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Замби, Индонез, Чили, Перу зэрэг орнуудад зэс, кобальт, никель, литийн төслүүдэд хөрөнгө оруулснаар түүхий эдийн урт хугацааны нийлүүлэлтийг баталгаажуулахын зэрэгцээ боловсруулах үйлдвэрүүдээ тогтвортой түүхий эдээр хангах суурийг бүрдүүлжээ.

БНХАУ-ын өрсөлдөх давуу тал нь зөвхөн ашигт малтмал олборлоход бус боловсруулах хүчин чадалд төвлөрдөг. Тухайлбал, Чили, Перу, Монгол зэрэг улсаас импортолсон зэсийн баяжмалыг дотооддоо хайлуулж, цэвэршүүлэн цахилгаан тоног төхөөрөмж, сэргээгдэх эрчим хүчний систем, батерей, цахилгаан автомашины үйлдвэрлэлд ашигладаг. Үүнтэй адилаар лити, кобальт, бал чулуу, газрын ховор элементийн боловсруулалт, катод болон батерейн материалын үйлдвэрлэлд дэлхийн хамгийн том хүчин чадлыг бүрдүүлсэн нь олон улсын цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийн сүлжээнд төв байр суурь эзлэх боломжийг олгож байна. Зураг 7-д зарим чухал ашигт малтмалын боловсруулалт явагдаж буй газар зүйн байршил болон компаниудын өмчлөл дэх БНХАУ-ын оролцоог харуулсан болно.

Зураг 7. Чухал ашигт малтмалын боловсруулалт, байршил болон өмчлөлөөр 2024 он

Сүүлийн жилүүдэд АНУ болон Европын Холбоо нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор БНХАУ стратегийн ашигт малтмалын экспортын зохицуулалтаа чангатгах болсон. 2023 оноос галли, германий, графит зэрэг стратегийн ач холбогдолтой материалын экспортод зөвшөөрлийн тогтолцоо нэвтрүүлж, зарим газрын ховор элементийн боловсруулах технологийн экспортод хязгаарлалт тогтоосон нь чухал ашигт малтмал нь зөвхөн эдийн засгийн төдийгүй геополитикийн бодлогын хэрэгсэл болж байгааг харуулж байна.

Зураг 8-д БНХАУ-ын гаргасан чухал ашигт малтмалыг дэмжих бодлогын үндсэн бүтцийг үзүүлэв. Үүнд эдийн засгийн бодлогоос гадна худалдааны бодлогын арга хэрэгслүүд жин дарж буйг анзаарч болно. Мөн байгаль орчны стандартыг бэхжүүлэх чиглэлийн бодлого ч сүүлийн жилүүдэд гарч ирсэн нь анхаарал татаж байна.

Зураг 8. Чухал ашигт малтмалыг дэмжих БНХАУ-ын бодлого

Иймээс БНХАУ-ын бодлогын үндсэн зорилго нь түүхий эдийн тогтвортой нийлүүлэлтийг хангахын зэрэгцээ боловсруулах үйлдвэрлэл, өндөр технологийн үйлдвэрлэл болон экспортын өрсөлдөх чадвараа хадгалж, дэлхийн цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийн сүлжээнд тэргүүлэх байр сууриа бэхжүүлэхэд чиглэж байна. Энэ нь олборлолтоос илүүтэйгээр өндөр нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл болон технологийн давуу талыг хадгалах урт хугацааны аж үйлдвэрийн бодлоготой нягт уялдаж байгаа юм.

Япон, Өмнөд Солонгос: Нийлүүлэлтийн баталгаа

Зүүн хойд Азийн бүс нутагт Япон, Өмнөд Солонгос зэрэг улсууд чухал ашигт малтмалтай холбоотой олон улсын харилцаанд идэвхтэй оролцож ирсэн. Япон улс байгалийн баялаг, нөөцөөр хомс тул чухал ашигт малтмалын асуудлыг урт хугацааны эдийн засгийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах бодлогын хүрээнд авч үздэг. 1970-аад оны газрын тосны хямралаас сургамж авч, түүхий эдийн нөөцийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч ирсэн бөгөөд өнөөдөр тус бодлогоо өргөжүүлэн лити, никель, кобальт, газрын ховор элемент зэрэг стратегийн ашигт малтмалын нийлүүлэлтийг баталгаажуулах, эх үүсвэрийг нь төрөлжүүлэхэд анхаарч байна.

Япон нь Метал, эрчим хүчний аюулгүй хангамжийн байгууллагыг 2004 онд байгуулж, түүгээрээ дамжуулан гадаадын хайгуул, олборлолтын төслүүдэд хөрөнгө оруулалт хийх, хөнгөлөлттэй санхүүжилт олгох, эрсдэлийн баталгаа гаргах бодлогыг хэрэгжүүлдэг. Мөн Австрали, Канад, Чили болон Зүүн өмнөд Азийн орнуудтай урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлж, стратегийн нөөц бүрдүүлэх, дахин боловсруулах технологийг хөгжүүлэхэд ихээхэн хөрөнгө оруулж байна.

БНХАУ 2010 онд Сенкакугийн загасны усан онгоцны зөрчлөөс үүдэн Японд газрын ховор элемент нийлүүлэхэд хязгаарлалт тавьсан нь түүхий эдийн хамаарлыг бууруулах бодлогыг шат дараатай хэрэгжүүлэхэд хүргэж, тухайлбал газрын ховор элементийн хувьд 2009 онд БНХАУ-аас 93 хувийн хамааралтай байсныг 2025 он гэхэд 66 хувь болгон бууруулж чаджээ.(Лунбери 2026)

БНСУ нь батерей, цахилгаан автомашин, электроникийн дэлхийн тэргүүлэх үйлдвэрлэгчдийн нэг боловч ашигт малтмалын нөөцөөр харьцангуй хязгаарлагдмал учир нийлүүлэлтийн тогтвортой байдлыг үндэсний аж үйлдвэрийн өрсөлдөх чадварын гол хүчин зүйл гэж үздэг. Тиймээс сүүлийн жилүүдэд Засгийн газар нь Чухал ашигт малтмалын стратеги болон Нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулах стратеги зэрэг бодлогыг хэрэгжүүлж, түүхий эдийн эх үүсвэрийг төрөлжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг эрчимжүүлж байна.

БНСУ нь Австрали, Канад, Индонез, Чили зэрэг улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ төр, хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгө оруулалтаар уул уурхайн болон боловсруулах төслүүдэд оролцож байна. Мөн стратегийн ашигт малтмалын улсын нөөцийг нэмэгдүүлэх, дахин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, батерейн материалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхэд онцгой анхаардаг.

Баялаг ихтэй хөгжиж буй орнууд: Дотоодын өгөөж, хамтын хүч

Аж үйлдвэржсэн улс орнуудын бодлого чухал ашигт малтмалын хувьд бусдаас хамаарах байдлаа төрөлжүүлэн багасгахад чиглэж байгааг дээр өгүүлэв.Тэгвэл байгалийн баялаг ихтэй улс орнууд ч энэ геополитикийн нөхцөлд өөрсдийн орон зайг эрэлхийлэх алхмуудыг идэвхтэй хийж байна. Өмнө нь эдгээр улсуудыг зөвхөн түүхий эд нийлүүлэгч гэж үздэг байсан бол өнөөдөр нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдал, боловсруулах хүчин чадал, стратегийн хөрөнгө оруулалттай холбоотойгоор тэдний геостратегийн ач холбогдол эрс нэмэгджээ. Ялангуяа дээр дурдсан өндөр хөгжилтэй улс орнуудтай хоёр талын дипломат, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээнд алхам урагшилж байр сууриа эзлэх, тухайлбал боловсруулах үйлдвэрлэлтэй болохыг зорьж байна.

Африк тивд гэхэд Ардчилсан Конго кобальтын дэлхийн олборлолтын дийлэнхийг, Өмнөд Африк улс платины бүлгийн металлын ихээхэн хэсгийг, Мозамбик болон Мадагаскар бал чулууны томоохон нөөцийг эзэмшдэг. Гэвч эдгээр оронд боловсруулах үйлдвэр, үйлдвэрлэлийн технологи, дэд бүтэц хангалтгүй хэвээр байгаа тул олборлосон бүтээгдэхүүнээ боловсруулалт хийлгэхээр БНХАУ зэрэг улс орнууд руу экспортолдог. Үүний улмаас байгалийн баялаг ихтэй боловч нэмүү өртгийн сүлжээний доод шатанд үлдэж хоцрох асуудал нийтлэг байна. Гэхдээ сүүлийн үед Африкийн холбооны байгууллага болон бусад механизмыг ашиглан өөрсдийн эрх ашгийг урагшлуулахыг зорин ажиллаж буй нь илт ажиглагдаж байна.

Латин Америкт Чили, Аргентин, Болив зэрэг улсыг хамарсан “литийн гурвалжин” дэлхийн литийн нөөцийн хамгийн том төв болж байна. Мөн Перу, Чили нь дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгчдийн тоонд ордог. Эдгээр улс уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татахын зэрэгцээ боловсруулах үйлдвэр байгуулах, үндэсний оролцоог нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингээх бодлогыг улам идэвхтэй хэрэгжүүлж эхэлжээ.

Иймэрхүү өөрчлөлтүүд нь “баялгийн үндсэрхэг үзэл”-ийг дахин идэвхжүүлэх хандлагыг бий болгодог. Зарим улс лицензийн нөхцөлийг чангатгахын зэрэгцээ төрийн өмчит компанийн оролцоог нэмэгдүүлэх, экспортын татвар тогтоох, эсвэл дотооддоо боловсруулах үйлдвэр байгуулсны дараа экспортлох шаардлага тавих болсон. Жишээлбэл, Индонез никелийн хүдрийн экспортыг хориглож, дотооддоо хайлуулах үйлдвэрүүдийг хөгжүүлснээр дэлхийн никелийн боловсруулах салбарт гол тоглогч болж чадсан. Үүнтэй төстэй бодлогыг лити, газрын ховор элемент зэрэг бусад ашигт малтмалын хувьд хэрэгжүүлэх сонирхол олон оронд нэмэгдэж байна.

Гэхдээ томоохон гүрнүүдийн өрсөлдөөний төвд орсноор эдгээр улсуудын хувьд боломж болон эрсдэл зэрэгцэн үүсэж байна. Нэг талаас, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, технологийн шилжилт, төсвийн орлого нэмэгдэх боломж бүрдэж байгаа бол нөгөө талаас нэг улсын хөрөнгө оруулалтаас хэт хараат болох, геополитикийн шахалтад орох, өрийн дарамт нэмэгдэх, байгаль орчин болон орон нутгийн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөө ихсэх зэрэг асуудал тулгарч байна.

Ийм нөхцөлд эдгээр улс гадаад бодлогоо илүү тэнцвэртэй явуулахыг эрмэлзэж байна. Өөрөөр хэлбэл, нэг том гүрэн дээр төвлөрөхөөс зайлсхийж, АНУ, Хятад, Европын Холбоо, Япон, БНСУ, Энэтхэг зэрэг олон түнштэй зэрэг хамтран ажиллах замаар хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ төрөлжүүлэх, хэлэлцээний байр сууриа бэхжүүлэхийг зорьж байна. Тухайлбал, урд бүс нутгийн орнууд хамтран ажилласнаар стратегийн тэнцвэрийг хадгалах боломжтой гэх санааг үндэслэн Шилжилтийн ашигт малтмалын тухай Өмнө зүгийн орнуудын суралцах талбар гэх санаачилгыг Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ)-ээс эхлүүлсэн байдаг.9 Энэхүү “олон түнштэй стратеги” нь өнөөгийн чухал ашигт малтмалын геополитикийн нэг онцлог чиг хандлага болж байна. Тухайлбал, зэсийн салбарт Чили, Перу зэрэг Латин америкийн том үйлдвэрлэгчид БНХАУ-аас гадна АНУ болон ЕХ-той хамтран ажиллахад сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарч байна.

Хүснэгт 3-д аж үйлдвэржсэн болон баялаг ихтэй улс орнуудын чухал ашигт малтмалын талаар хэрэгжүүлэх бодлого, стратегийг нэгтгэн харьцуулав.

Хүснэгт 3. Чухал ашигт малтмалын бодлого, стратегийн харьцуулалт
  Аж үйлдвэржсэн орнууд Баялаг ихтэй хөгжиж буй орнууд
Үндсэн зорилго Түүхий эдийн нийлүүлэлтийн аюулгүй байдлыг хангах Эрдэс баялгаас бий болох эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх
Гол бодлогын хэрэгсэл Стратегийн түншлэл, стратегийн нөөц бүрдүүлэх, гадаад дахь хөрөнгө оруулалт, дахин боловсруулалт Дотоодын оролцоог нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингээх боловсруулах үйлдвэр хөгжүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, аж үйлдвэрийн бодлого
Гол сорилт Нийлүүлэлтийн тасалдал, геополитикийн хамаарал Түүхий эдийн хэт хамаарал, дотоодын нэмүү өртөг бага, орлогын тогтворгүй байдал
Хүлээгдэж буй үр дүн Тогтвортой, эрсдэлд тэсвэртэй нийлүүлэлтийн сүлжээ Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, тогтвортой хөгжил

Баялаг ихтэй улс орнуудын хувьд чухал ашигт малтмалын зах зээлд байр сууриа бэхжүүлэх нэг хөшүүрэг нь бүс нутгийн хамтын ажиллагаа байж болох юм. Улс бүр дангаараа хөрөнгө оруулалт, технологи, зах зээл болон боловсруулах хүчин чадлын төлөө өрсөлдөхийн оронд нөөц, үйлдвэрлэлийн чадавх, дэд бүтэц, зах зээлийн боломжоо харилцан нөхөж, бүс нутгийн хэмжээнд нийлүүлэлтийн сүлжээ бий болгох нь эдийн засгийн цар хүрээг нэмэгдүүлэхээс гадна олон улсын хөрөнгө оруулагч, технологи нийлүүлэгч болон эцсийн худалдан авагчидтай хийх хэлэлцээнд хамтын байр сууриа бэхжүүлэх боломжтой. Ялангуяа чухал ашигт малтмалын хувьд олборлолтоос гадна баяжуулалт, боловсруулалт, дахин боловсруулалт, эрчим хүч, тээвэр ложистик зэрэг нийлүүлэлтийн сүлжээний үе шатууд улс орнуудад харилцан адилгүй хөгжсөн байдаг тул бүс нутгийн хамтын ажиллагаа нь давуу талаа нэгтгэх боломжийг олгоно. Ийм хамтын ажиллагааны эхлэл Африк, Латин Америкт тод ажиглагдаж байна.

Африк: бүс нутгийн үнэ цэнийн сүлжээ болон хамтын байр суурь

Африкийн орнууд энэ чиглэлээр харьцангуй идэвхтэй байгаа бөгөөд Африкийн Холбоо 2025 онд Африкийн Ногоон ашигт малтмалын стратегийг баталж, тивийн хэмжээнд лити, кобальт, никел, газрын ховор элемент, платины бүлгийн метал зэрэг ногоон шилжилтэд шаардлагатай ашигт малтмалын олборлолтоос илүүтэйгээр боловсруулалт, нэмүү өртөг шингээлт, бүс нутгийн үйлдвэрлэлийн сүлжээг хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Стратегийн нэг гол чиглэл нь улс орнуудын ашигт малтмалын нөөцийг тус тусад нь экспортлох бус, бүс нутгийн болон тивийн зах зээлтэй холбосон үнэ цэнийн сүлжээ бий болгох явдал юм. Тухайлбал, стратегид ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх, баяжуулалт болон нэмүү өртөг шингээлтийг нэмэгдүүлэх, улмаар Африк тивийн худалдааны чөлөөт бүсээр дамжуулан илүү өргөн бүс нутгийн зах зээлд хүрэхийг тусгажээ. Уг стратеги нь Африкийн нөөцийг түүхий эдийн экспортод төвлөрүүлэх бус бүс нутгийн хэмжээнд аж үйлдвэржилт, үнэ цэнийн сүлжээ бий болгох замаар ашиглах бодлогын суурь баримт бичиг болж байна.

Энэхүү санаа нь зөвхөн үйлдвэрлэлийн бодлогоор хязгаарлагдахгүй, хамтын дуу хоолой, байр суурийг бэхжүүлэх зорилготой болж эхэллээ. 2025 оны Африкийн уул уурхайн форумын үеэр Африкийн Холбоо “Африкийн чухал ашигт малтмалын дээд хэмжээний дипломат ажиллагаа” гэх санаачилгыг бий болгохыг санал болгож, тивийн хэмжээнд бодлогын зохицуулалтыг сайжруулах, олон улсын хэлэлцээнд Африкийн байр суурийг бэхжүүлэх, ашигт малтмалын гэрээнүүдэд дотоодын нэмүү өртөг шингээлтийг илүү хүчтэй тусгах шаардлагыг онцолсон.

Өмнөд Америк: зэс, литийн нөөцөө бүс нутгийн давуу тал болгох зорилт

Өмнөд Америкийн зэс, литийн нөөц ихтэй орнууд мөн ижил чиглэлд алхаж байна. Чили, Аргентин, Боливи, Перу стратегийн ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах тухай хамтарсан тунхаглалыг 2026 онд байгуулжээ. Эдгээр улс дэлхийн зэс, литийн нийлүүлэлтэд чухал байр суурь эзэлдэг бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд хөрөнгө оруулалт татах, техникийн болон санхүүгийн дэмжлэг авах, судалгаа, инноваци болон чадавхыг хамт хөгжүүлэх, бүс нутгийг дэлхийн эрчим хүчний шилжилтэд шаардлагатай найдвартай стратегийн ашигт малтмалын нийлүүлэгч болгон бэхжүүлэхийг зорьж байна. Энэ нь нөөц ихтэй улс орнууд тус тусдаа хөрөнгө оруулагч болон худалдан авагчтай хэлэлцэхээс илүүтэйгээр нийлбэр нөөцийнхөө давуу талыг бүс нутгийн түвшинд ашиглах оролдлого юм.

Чили, Аргентины хил дамнасан уул уурхайн хамтын ажиллагаа нь үйлдвэрлэл, дэд бүтцийн түвшинд хоёр улс хамтрах сонирхолтой жишээ юм. Тэд 1997 оны Уул уурхайн нэгдэх болон харилцан нөхөх хэлцэл 10-г дахин идэвхжүүлж, хил дамнасан төслүүдэд хоёр талын дэд бүтэц, нөөцийг хамтран ашиглах боломжийг өргөжүүлж байна. Тухайлбал, Аргентины уул уурхайн төслүүд Чилийн боомт болон тээврийн дэд бүтцийг ашиглах замаар экспортын зардлыг үлэмж хэмжээгээр бууруулах боломжтой бол Чили улсын хувьд тээврийн зардлаас өгөөж хүртэхээс гадна арвин туршлагаа хөрш улсынхаа зэсийн салбарыг хөгжүүлэхэд ашиглах давуу талтай юм. 2026 онд гурван том зэсийн төслийн хүрээнд ийм зохицуулалтыг урагшлуулсан бөгөөд нийтдээ 20.7 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалтыг татах боломжтой гэж мэдээлсэн. Энэ нь бүс нутгийн хамтын ажиллагаа нь зөвхөн дипломат харилцаа гэхээс илүүтэйгээр дэд бүтцийн харилцан нөхөлт, технологи шилжилтээр дамжуулан төслийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх бодит механизм болж болохыг харуулж байна.

Төв Ази: бүс нутгийн хамтын ажиллагааг бодитой нэмэгдүүлэх боломж

Монгол Улсад газарзүй, хөгжлийн хувьд ойр бүс нутаг болох Төв Азийн орнууд сүүлийн жилүүдийн чухал ашигт малтмалтай холбоотой хамтын ажиллагаагаа тэлэхийг зорьж буй. Тухайлбал, АНУ-тай бүс нутгийн түвшинд хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх үүднээс Казахстан, Кыргызстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан улсууд C5+1 (Төв Азийн 5 + АНУ) хэлбэрээр хамтран ажиллах санаачилга гаргаж, 2024 оны 2 дугаар сард C5+1 Чухал ашигт малтмалын яриа хэлэлцээний хүрээнд анхны уулзалтыг зохион байгуулсан. Зорилго нь Төв Азийн орнуудын дэлхийн чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээнд оролцоог нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, цэвэр эрчим хүчний шилжилтийг дэмжих явдал гэж АНУ-ын зүгээс тодорхойлжээ. Төв Азийн энэ жишээ нь бүс нутгийн хамтын ажиллагаа нь зөвхөн хөрш орнууд хоорондын худалдаа биш, томоохон зах зээлтэй хамтын хэлэлцээ хийх талбар болж болохыг харуулж байна.

Түүнчлэн энэ бүс нутагт хоёр талын хамтын ажиллагаа нэмэгдэх хандлагатай байна. Ялангуяа Казахстан болон Узбекистан улсууд хамтын ажиллагаагаа албажуулж, 2025 онд хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар геологи, ховор болон газрын ховор металл олборлолтын чиглэлээр хоёр талын ажлын хэсэг байгуулахаар тохирсон. Мөн уул уурхайн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх санамж бичиг, хамтарсан хөрөнгө оруулалтын талбар байгуулах тухай ерөнхий хэлэлцээрийг байгуулсан байна. Монгол Улсын хувьд ч чухал ашигт малтмалын чиглэлд эдгээр хоёр улстай хамтран ажиллах талаар санал санаачилга гарган ажиллаж буй. Тухайлбал, Казахстан улстай стратегийн түншлэл тогтоосон байдаг ба 2026 онд “Эрдэнэс Монгол”-“Самрук Казына” хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, тээвэр ложистикийн коридор байгуулах талаар судалж буй. Мөн Узбекистан улстай иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхийг зорилтын хүрээнд уул уурхайн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулаад буй.

Эдгээр жишээнээс харахад Монгол Улсын хувьд Төв Азийн орнуудтай чухал ашигт малтмалын чиглэлээр мэдээлэл, геологийн судалгаа, боловсруулах технологи, дэд бүтэц, хөрөнгө оруулалт болон зах зээлийн асуудлаар хамтран ажиллах боломж нээгдэж байна. Гагцхүү геополитикийн өрсөлдөөний хувьсан буй орчинд Монгол Улс өөрийн байр суурийг тодорхой болгож, чухал ашигт малтмалын талаарх бодлогоо боловсруулан, хэрэгжүүлэх сорилт тулгарч байна. Үүнд ялангуяа хоёр хөршөөс хамаарсан далайд гарцгүй байдал, эдийн засгийн цөөн улсаас хэт хараат байдал зэрэг хүчин зүйлийг хамтад нь тооцох ёстой. Монгол Улсын эдийн засгийн бүтцийн талаарх асуудлыг дараачийн хэсэгт авч үзэх болно.

3.3 Монгол Улсын эдийн засгийн бүтэц

Монгол Улсын эдийн засаг нь уул уурхайн салбарт төвлөрсөн явцуу бүтэцтэй бөгөөд энэ нь эдийн засгийн өсөлт, төсвийн орлого, экспорт, гадаад валютын урсгал, хөрөнгө оруулалтад шийдвэрлэх нөлөө үзүүлдэг. Сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд томоохон төслүүд ашиглалтад орсноор уул уурхайн салбар эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон боловч үүний зэрэгцээ эдийн засгийн төрөлжилт сул, цөөн нэр төрлийн түүхий эдийн экспортод хэт түшиглэсэн бүтэц бүрэлдсэн байна.

Экспортын орлогын дийлэнхийг нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, алт зэрэг ашигт малтмал бүрдүүлдэг бөгөөд экспортын гол зах зээл нь БНХАУ хэвээр байна. Ийм хэт хамаарал бүхий бүтэц нь Монгол Улсыг дэлхийн түүхий эдийн үнийн хэлбэлзэл, хөрш орны эдийн засгийн нөхцөл байдал, худалдааны бодлогын өөрчлөлтөд хэт мэдрэмтгий болгож байна. Тухайлбал, зэс болон нүүрсний үнийн өөрчлөлт нь эдийн засгийн өсөлт, төсвийн орлого, төлбөрийн тэнцэл, төгрөгийн ханшид шууд нөлөөлөх хандлагатай. Зураг 9-т эдийн засгийн өсөлт зэс, нүүрсний үнийн хэлбэлзэлтэй шууд уялдаатай байгааг харуулсан болно.

Зураг 9. ДНБ болон түүний өсөлтийн хувьсал

Уул уурхайн салбарын өндөр ашиг, экспортын орлого нь үйлдвэрлэлийн бусад салбарын өрсөлдөх чадварыг сулруулах, хөдөлмөр болон хөрөнгө уул уурхайн салбарт төвлөрч, эдийн засгийн төрөлжилтийг сааруулах эрсдэлийг дагуулдаг. Иймээс уул уурхайн өсөлтөөс бий болсон орлогыг урт хугацааны бүтээмжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт болгон хувиргах нь хөгжлийн бодлогын чухал асуудал хэвээр байна. Зураг 10-т эдийн засгийн салбарын бүтцийг харуулсан бөгөөд үүнд ДНБ-д уул уурхайн салбарын эзлэх жин улам бүр нэмэгдэж, эдийн засгийн эмзэг байдлыг тэр хэмжээгээр ихэсгэж байна.

Зураг 10. ДНБ-ий салбарын бүтэц

Улс орон экспортын тоо хэмжээгээ нэмэгдүүлж, бүтцийг олон төрөл болгож байж ДНБ-ийг дорвитой өсгөх боломжтой. Зураг 11-т Монгол Улсын экспортын бүтэц ашигт малтмалаас ихээхэн хамааралтайг харуулав. Экспорт уул уурхайн бүтээгдэхүүнээс, тэгэхдээ бүр цөөн тооны ашигт малтмал, тухайлбал нүүрс, зэсийн баяжмалаас хамаарч, түүнчлэн борлуулалтын хувьд бараг бүхэлдээ БНХАУ буюу нэг орны зах зээлд чиглэж байгаа нь эдийн засгийн эмзэг байдлыг улам бүр гүнзгийрүүлж байна.

Зураг 11. Экспортын хэмжээ ба бүтэц

Монгол Улсын уул уурхайн үйлдвэрлэлийн бүтэц нь олборлолт давамгай, харин боловсруулах үйлдвэрлэл сул хөгжсөн онцлогтой. Зэс, нүүрс зэрэг бүтээгдэхүүнийг ихэвчлэн анхан шатны боловсруулалттайгаар экспортолж байгаа бөгөөд өндөр нэмүү өртөг бүхий боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл хязгаарлагдмал байна. Үүний улмаас дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд Монгол Улс гол төлөв түүхий эд нийлүүлэгчийн байр суурийг эзэлж, нэмүү өртгийн ихэнх хэсэг гадаадын боловсруулах үйлдвэрүүдэд бий болж байна. Зураг 12-т Монгол Улсын эдийн засгийн нийлмэл байдлыг зарим улс оронтой харьцуулав. Үүнээс үзэхэд Монгол Улсын эдийн засаг хамгийн энгийн хэвээр төдийгүй сайжирсан байдал ажиглагдахгүй байна.

Зураг 12. Эдийн засгийн нийлмэл байдлын индекс

Тиймээс Монгол Улсын хувьд эдийн засгаа төрөлжүүлэх, боловсруулалтын түвшинг нэмэх хэрэгцээ шаардлага өндөр байна.Ийм нөхцөлд чухал ашигт малтмалын эрэлт хэрэгцээ нь нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болж хувирах, тухайлбал, зэс, молибден зэрэг экспортын чухал бүтээгдэхүүний хувьд олборлолтыг нэмэгдүүлэхээс гадна баяжуулах хүчин чадлыг өргөжүүлэх, хайлуулах болон боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ханган нийлүүлэлтийн дотоод сүлжээг бэхжүүлэх боломжийг нээж байна.

Гэхдээ ийм бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд эрчим хүчний хүртээмж, тээвэр, ложистикийн дэд бүтэц, усны нөөц, санхүүжилт, технологи, хүний нөөц зэрэг олон хүчин зүйлс нөлөөлнө. Түүнчлэн хөрөнгө оруулалтын орчин, төрийн өмчит компаниудын засаглал, бодлогын тогтвортой байдал, татварын болон зохицуулалтын тогтолцоо нь олборлох болон боловсруулах үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтыг тодорхойлох үндсэн нөхцөл болж байна. Дэд бүтцийн харьцуулсан судалгаагаар Монгол Улс мөн л сайн үзүүлэлттэй биш байгааг Зураг 13-аас харж болохоор байна. Өөрөөр хэлбэл, чухал ашигт малтмалын боломжийг ашиглан хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгох зорилгод хүрэхэд дэд бүтэц болон засаглалын асуудлууд хүндрэл учруулахаар байгаа юм.

Зураг 13. Ложистик гүйцэтгэлийн индекс, Монгол Улс

Монгол Улсын эдийн засгийн бүтэц нь чухал ашигт малтмалын хөгжлийн чиглэл, бодлогын сонголт, оролцогч талуудын ашиг сонирхлыг тодорхойлох хүчин зүйл мөн. Экспортын бүтцээ төрөлжүүлэх, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тээвэрлэхэд дөхөм экспортын бүтээгдэхүүнийг дэмжих зэрэг бодлого нь дэд бүтцийн дутагдал, ажиллах хүчний ур чадвар, санхүүгийн боломж зэрэг хүчин зүйлсээр хязгаарлагдаж, улмаар чухал ашигт малтмалын олборлолт, боловсруулалтыг өртөг өндөртэй болгож, өрсөлдөх чадварыг хумих эрсдэлийг дагуулж байна.

3.4 Чухал ашигт малтмалын тархалт ба нөөц баялаг

Монгол Улсын нутаг дэвсгэр нь геологийн тогтцын хувьд зэс, молибден, лити, манган зэрэг олон чухал ашигт малтмалыг нэгэнт илрүүлсэн төдийгүй эрэл хайгуул харьцангуй бага хийгдсэн гэж үздэг. Тухайлбал, геологийн зураглалыг 1:50000 масштабаар нийт газар нутгийн 33.7 хувийг хамруулан хийсэн гэх мэдээ бий.11 Харин цаашдаа ашигт малтмал олдох магадлал өндөр бүс нутагт тооцогддог бөгөөд геологийн энэ давуу талыг ашиглаж чадвал эрчим хүчний шилжилтийн үед стратегийн ач холбогдолтой түүхий эд нийлүүлэгч орны нэг болох боломжтой.

Харин эрэл, хайгуулын ажил сүүлийн жилүүдэд хангалтгүй түвшинд хийгдэж ирсэн нь чухал ашигт малтмалыг эргэлтэд оруулах боломжийг хойшлуулж буй. Тухайлбал, хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо сүүлийн жилүүдэд бараг өсөөгүйг Зураг 14-аас харах боломжтой. Ийм нөхцөлд чухал ашигт малтмалын шинэ ордуудыг ойрын жилүүдэд илрүүлэх боломж хязгаарлагдмал юм. Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо ашиглалтын тооноос бага байгаа нь салбарын тогтвортой өсөлтөд сөргөөр нөлөөлнө. Аливаа төслийн эрэл хайгуулын ажлаас үйлдвэрлэлд шилжтэл олон жил шаардагддаг болохыг олон судалгаа, мэдээлэл харуулдаг билээ.

Зураг 14. Хүчинтэй тусгай зөвшөөрлийн тоо

Хайгуулын ажлын эрчмийг харуулах нэгэн үзүүлэлт бол тавьсан өрмийн тоо байдаг. Монгол Улсын хувьд өрөмдлөгийн тоо мэдээлэл хязгаарлагдмал бөгөөд гадаад эх сурвалжаас авсан мэдээлэлд үндэслэн сүүлийн жилүүдийн чиг хандлагыг Зураг 15-т үзүүлэв. 2024 оноос өмнөх жилүүдэд өрмийн тоо бага, мөн эрдэс илэрсэн цооногийн тоо цөөн байжээ. 2025 онд ч мөн адил.

Зураг 15. Монгол Улс дахь өрөмдлөгийн үйл ажиллагаа

Тэгвэл дээрх өрөмдлөгийн үйл ажиллагааг ашигт малтмалын төрлөөр нь нэгтгэсэн дүнг Хүснэгт 4-т үзүүлэв. Үүнд алт, зэс, төмрийн хүдэртэй холбоотой өрөмдлөг зонхилж байгаа бөгөөд газрын ховор элемент зэрэг чухал ашигт малтмалтай холбоотой өрөмдлөг бага байна.

Хүснэгт 4. 2011 оноос хойш хийсэн өрөмдлөгийн тоо, ашигт малтмалын төрлөөр
Ашигт малтмал Эрдэс илэрсэн цооног Бусад цооног Нийт
Алт 555 1037 1592
Зэс 154 413 567
Төмрийн хүдэр 1 117 118
Мөнгө 14 18 32
Цайр 8 24 32
Молибден 3 28 31
Лантан 0 9 9
Лити 0 3 3
Тугалга 0 1 1
Эх сурвалж: Эс Пи Капиталын өгөгдөл

Хайгуулын ажилд зарцуулах хөрөнгө мөнгө ихэвчлэн гадаадаас хөрөнгө татах замаар орж ирдэг бөгөөд гол төлөв хувийн компаниуд уг хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулах байдлаар хэрэгжүүлдэг. Ер нь баялаг ихтэй улс орнууд хайгуулын хөрөнгө оруулалтын төлөө бодлогоор уралдан өрсөлдөж байдаг. 2025 оны байдлаар хайгуулын ажилд зарцуулагдсан хөрөнгийг ямар улс орнууд түлхүү татаж буйг Хүснэгт 5-үзүүлэв. Монгол Улсын хувьд 47-д жагсаж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын дүнгээр тэргүүлэгч улс орнуудтай харьцуулахад чамлахаар байна.

Хүснэгт 5. Хайгуулын ажлын төсөв, улс орноор, 2025 он
Улс
Хайгуулын төсөв
Компанийн тоо Дэлхийн чансаа
сая доллар эзлэх хувь
Монгол 26.9 0.2 10 47
Канад 2,321.6 18.7 633 1
Австрали 1,859.7 15.0 561 2
АНУ 1,464.6 11.8 330 3
Чили 874.7 7.1 89 4
Перу 573.5 4.6 95 5
Мексик 561.6 4.5 97 6
Аргентин 430.8 3.5 74 7
Хятад 400.9 3.2 55 8
Бразил 347.0 2.8 79 9
Саудын Араб 235.9 1.9 9 10
Бусад улс 3,304.2 26.6 134  
Нийт 12,401.4 100.0 2166  
Эх сурвалж: Эс Пи Капитал-ын өгөгдлийг зохиогч боловсруулав

Одоогоор хүчинтэй тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгдсэн геологийн судалгаагаар Монгол Улсад газрын ховор элемент, лити, графит, никель, кобальт, жонш, гянтболд зэрэг чухал ашигт малтмалын шинэ илрэл, ордууд тогтоогдож, хайгуулын ажил эрчимжиж байна. АМГТГ-ын судалгаагаар газрын ховор элементийн хэд хэдэн орд ашиглалтад бэлтгэгдэж, шинэ төслүүд хайгуулын шатандаа явж байгаа бөгөөд эдгээр нь Монгол Улсын уул уурхайн салбарын бүтэц нүүрс, зэсээс хальж төрөлжих боломжтойг илтгэж байна.12

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсыг дэлхийн хамгийн том ашиглагдаагүй чухал ашигт малтмалын нөөцтэй орнуудын нэг гэж үнэлсэн бөгөөд зэс, газрын ховор элемент, жонш, бал чулуу, гянтболд, никель зэрэг ашигт малтмал нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд стратегийн ач холбогдолтой болохыг онцолсон. Гэвч эдгээр нөөцийн эдийн засгийн үр өгөөжийг бүрэн хүртэхэд зөвхөн геологийн боломж хангалтгүй бөгөөд бодлогын тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын орчин, боловсруулах үйлдвэрлэл, дэд бүтэц, хүний нөөц зэрэг хүчин зүйлс шийдвэрлэх ач холбогдолтой гэж дүгнэжээ.13

Гэхдээ Монгол Улсын ашигт малтмалын нөөц, баялгийн хэмжээтэй холбоотой мэдээлэл ил биш байгаа бөгөөд Үндэсний геологийн албаны вэб хуудсанд нээлттэй статистик алга байна. Олон улсад байгаа мэдээллээс харахад цөөн тооны ашигт малтмалын хувьд нөөцийн мэдээлэл байгаа бөгөөд нөөцөөрөө дэлхийд харьцангуй дээгүүр байр эзэлж буй Хүснэгт 6-т үзүүлэв.14

Хүснэгт 6. Зарим ашигт малтмалын Монгол Улсын нөөц, баялгийн хэмжээ ба дэлхийн чансаа
мян.тонн
Зүйл Нөөц Дэлхийн чансаа
Вольфрам 295.2 6
Иттри 100.0 7
Тантал 35.0 10
Лантаноид 6,205.2 12
Молибден 976.3 12
Ниобий 601.2 13
Зэс 59,971.0 14
Сурьма 37.0 14
Эх сурвалж: Эс Пи Капитал-ын өгөгдөл

Геологийн нөөц боломж нь төр, хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагчид, орон нутгийн иргэд болон олон улсын түншүүдийн ашиг сонирхлыг нэг цэгт төвлөрүүлэх суурь нөхцөл болдог. Монгол Улсын геологийн давуу байдал нь нэг талаас хөрөнгө оруулалт, экспорт, аж үйлдвэржилтийн боломжийг нэмэгдүүлж байгаа бол нөгөө талаас стратегийн ордуудын эзэмшил, төрийн оролцоо, байгаль орчны хамгаалал, орон нутгийн ашиг хүртээмж, геополитикийн өрсөлдөөн зэрэг олон хамаарал гарч ирнэ. Геологийн нөөц нь дангаараа өрсөлдөх давуу тал болохгүй бөгөөд дэд бүтэц, институцын чадавх, хөрөнгө оруулалтын орчинтой хослон байж эдийн засгийн үнэ цэнийг бүрдүүлнэ.

Зарим чухал ашигт малтмал, тухайлбал газрын ховор элементийн хувьд бусад төрлийн ашигт малтмалыг дагалдах байдлаар олборлолт нь явагддаг тул боловсруулах шатанд ялгаж авах шаардлага үүсдэг. Мөн чухал ашигт малтмалын гүн боловсруулалтад олон төрлийн ашигт малтмал ордог. Жишээ нь батарейн үйлдвэрлэлийг хөгжүүлье гэвэл лити, кобальт, никель зэрэг хэд хэдэн төрлийн ашигт малтмал шаардагдах нь бий. Энэ тохиолдолд боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд түүхий эдийн хангамж чухал. Өөрөөр хэлбэл, олборлолт, боловсруулалтыг нэгтгэх, дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эрдэс баялгийн кластер хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Нөгөө талаас олборлолт, боловсруулалтын эрчим нэмэгдэхийн хэрээр ус ашиглалт, газрын доройтол, биологийн олон янз байдал, орон нутгийн амьжиргаанд үзүүлэх нөлөөлөл зэрэг байгаль орчин, нийгмийн асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлага нэмэгдэнэ.

Эрчим хүчний шилжилтийн улмаас зэсийн эрэлт тогтвортой өсөх төлөвтэй байгаа нь зэсийн нөөц ихтэй Монгол Улсад шинэ боломжийг нээж байна. Зэсийн олборлолт, боловсруулалтыг нэмэгдүүлэх, гидрометаллургийн аргаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар ББЗХ-ийн тайланд дурдсан байдаг.15 Ялангуяа зэс хайлуулах, цэвэршүүлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатайгаас гадна олон улсын түвшинд өрсөлдөхөд түүхий эдийн баталгаа, дэд бүтэц, төрийн өмчит компанийн засаглал зэрэг олон асуудалд давхар анхаарах ёстой.

Өөрөөр хэлбэл, олон улсын зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн онцлогоос хамаарч чухал ашигт малтмалыг бүгдийг нь дэмжсэн нийтлэг бодлого байхаас илүүтэйгээр нөөц арвин, эрэлт нийлүүлэлтийн зөрүү хадгалагдах магадлалтай ашигт малтмалыг сонгон бодлогын хувьд түлхүү дэмжих нь Монгол Улсын хувьд оновчтой байх магадлалтай.

3.5 Технологийн дэвшил

Эрчим хүчний шилжилт, дижитал технологийн хөгжил, үйлдвэрлэлийн автоматжуулалт нь дэлхийн чухал ашигт малтмалын зах зээл төдийгүй уул уурхайн үйлдвэрлэлийн бүтэц, өрсөлдөх чадвар, нэмүү өртгийн сүлжээг эрс өөрчилж байна. Зэс, лити, никель, кобальт, газрын ховор элемент зэрэг ашигт малтмал нь зөвхөн уламжлалт үйлдвэрлэлийн түүхий эд бус, цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээ, хиймэл оюун ухаан, дата төв, батлан хамгаалах үйлдвэрлэлийн стратегийн орц болж хувирсан. Үүний зэрэгцээ хүдэр баяжуулах, хайлуулах, металл боловсруулах, батарейн материал үйлдвэрлэх технологиуд хурдацтай хөгжиж дэлхийн нэмүү өртгийн сүлжээ ихээхэн өөрчлөгджээ.

Зураг 16-т зарим ашигт малтмалын эрэлтийн хүлээгдэж буй өөрчлөлтийг цэвэр эрчим хүч үйлдвэрлэх технологиор ангилж харьцуулан дүрсэлсэн болно.

Зураг 16. Чухал ашигт малтмалын эрэлт 2050 онд, технологийн төрлөөр

Бас технологийн хөгжил нь зарим чухал ашигт малтмалын эрэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ, шинэ материал, орлуулах технологи нэвтрэхийн хэрээр зарим ашигт малтмалын стратегийн ач холбогдлыг бууруулах боломжтой. Тухайлбал, литийн ион батарейг натрийн ион эсвэл бусад шинэ үеийн батарейн технологи өргөнөөр орлох тохиолдолд литийн эрэлт харьцангуй саарч болзошгүй бөгөөд цахилгаан хөдөлгүүрт байнгын соронзын хэрэглээг бууруулах шинэ технологи хөгжих нь газрын ховор элементийн зарим төрлийн эрэлтэд мөн нөлөөлж болно. Нөгөөтэйгүүр, технологийн хөгжлийн хурд ашигт малтмал бүр, боловсруулах арга технологи бүрийн хувьд өөр өөр байдаг тул чухал ашигт малтмалын бодлого нь технологийн өөрчлөлтийг тогтмол үнэлж, шаардлагатай үед тэргүүлэх чиглэлээ шинэчилж байх уян хатан байх шаардлагатай. Үүний зэрэгцээ технологийн хөгжлийг зөвхөн гадаадаас хүлээн авагч бус, үндэсний инновац, инженерийн чадавх, судалгаа хөгжүүлэлтээр дэмжигдсэн урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулах нь стратегийн ач холбогдолтой юм.

Технологийн хувьсал нь ашигт малтмал олборлох, боловсруулах үйлдвэрлэлд ч шууд нөлөөлж байдаг. Өмнө нь уул уурхайн өрсөлдөх чадварыг ихэвчлэн нөөцийн хэмжээ, олборлолтын өртгөөр хэмждэг байсан бол өнөөдөр олборлох болон боловсруулах технологи, эрчим хүчний үр ашиг, нүүрстөрөгчийн ялгаралт, бүтээгдэхүүний чанар, дижитал удирдлага зэрэг хүчин зүйлс илүү чухал болж байна. Эдгээр нь өртөг зардлыг бууруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх сайн талтай хэдий ч хөгжил буурай улс орны хувьд нэмэлт хөрөнгө оруулалтыг шаардах, патент зэрэг оюуны өмчийн саад тотгорыг бий болгох, бусдаас хамаарах байдлыг бууруулах бус нэмэгдүүлэх нөлөө үзүүлж болзошгүй.

Энэхүү чиг хандлагын хүрээнд олон улс орон чухал ашигт малтмалын боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ технологи хөгжүүлэх, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хангах бодлого хэрэгжүүлж байна. Жишээлбэл, АНУ нь Инфляцыг хумих тухай хууль, Хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг дэмжих ба шинжлэх ухааны тухай хууль гарч, бодлогоор дамжуулан боловсруулах үйлдвэр, батарейн үйлдвэрлэл, дахин боловсруулах технологид их хэмжээний санхүүжилт олгож байна. Европын Холбоо Чухал түүхий эд, материалын тухай хуулиар стратегийн түүхий эдийн олборлолт, боловсруулалт, дахин боловсруулалтын зорилтот түвшнийг тогтоож, гадаад хамаарлыг бууруулахыг зорьж байна. Япон, БНСУ зэрэг орон боловсруулах технологи, материалын шинжлэх ухаан, нийлүүлэлтийн сүлжээний төрөлжилтөд урт хугацааны хөрөнгө оруулалт хийсээр байна.

Үүний зэрэгцээ технологийн өрсөлдөөн нь олон улсын хамтын ажиллагааны шинэ хэлбэрүүдийг бий болгож байна. Өмнө дурдсан Ашигт малтмалын аюулгүй байдлын түншлэл, түүнийг залгамжлах Баялгийн геостратегийн хамтын ажиллагааны форум зэрэг санаачилга, хоёр болон олон талт чухал ашигт малтмалын түншлэлүүд өргөжин хөгжиж, олборлолтыг дэмжихээс гадна боловсруулах үйлдвэр байгуулах, хоёр болон олон талын хамтын ажиллагааг өрнүүлэх, шинэ түнш улс орнуудыг идэвхтэй хайх явдал ажиглагдаж байна. Ирээдүйн ашигт малтмал, дэлхий ертөнцийн ашигт малтмал зэрэг нэр томьёо, шинэ түншлэлүүдийг үүсгэх болсон нь ажиглагдаж байна.

Технологийн өөрчлөлтийн өөр нэг чухал чиглэл нь уул уурхайн дижитал шилжилт юм. Хиймэл оюун ухаан, автоматжуулалт, алсын удирдлага, үйлдвэрлэлийн өгөгдлийн шинжилгээ зэрэг технологиуд нь олборлолт, баяжуулалт, хайлуулах үйлдвэрлэлийн бүтээмж, аюулгүй байдал, эрчим хүчний хэрэглээний үр ашгийг сайжруулах боломжийг бүрдүүлж байна. Үүний зэрэгцээ нүүрстөрөгч багатай үйлдвэрлэл, усны хэрэглээг бууруулах технологи, хаягдал дахин боловсруулах шийдлүүд нь олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг шинээр тодорхойлж байна.

Технологийн голлох өөрчлөлт, чухал ашигт малтмалд нөлөөлөх байдлыг Хүснэгт 7-д тоймлон танилцуулав. Үүнд ОУЭХА-ийн Дэлхийн чухал ашигт малтмалын төлөв(ОУЭХА 2025a), Дэлхийн цахилгаан машины төлөв(ОУЭХА 2025b), мөн Дэлхийн банкны Уур амьсгалын ажилд тустай ашигт малтмал(Банк 2025) зэрэг чухал судалгаанд дурдагдсан технологийн тухай мэдээллийг ашигласан болно.

Хүснэгт 7. Чухал ашигт малтмалын эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлөх технологийн гол өөрчлөлтүүд
Технологийн өөрчлөлт Үзүүлэх нөлөө Хамаатай ашигт малтмал Технологийн бэлэн байдал
Эрэлт
LFP (литийн төмөр-фосфат) батарей Никель, кобальтын эрэлт буурна. Ni, Co, Li Үйлдвэрлэл
Натрийн ион батарей Литийг хэсэгчлэн орлох боломжтой. Li, Na Үйлдвэрлэлийн эхний шат
Хатуу электролитын батарей Батарейн материалын бүтэц өөрчлөгдөж, лити, никель, кобальтын эрэлтэд нөлөөлнө. Li, Ni, Co Туршилт–үйлдвэрлэл
Газрын ховор элемент бага эсвэл огт ашиглахгүй цахилгаан хөдөлгүүр Газрын ховор элементийн эрэлт буурч болзошгүй. REE Үйлдвэрлэлийн эхний шат
Нийлүүлэлт
Литийн шууд ялгалт (DLE) Литийн олборлолтын үр ашиг, нийлүүлэлт нэмэгдэнэ. Li Туршилт–үйлдвэрлэл
AI-д суурилсан хайгуул Шинэ орд илрүүлэх магадлал нэмэгдэж, хайгуулын үр ашиг сайжирна. Бүх ашигт малтмал Үйлдвэрлэл
Хүдрийн ялгалт, мэдрэгчийн тусламжтай баяжуулалт Бага агуулгатай хүдрийг эдийн засгийн хувьд ашиглах боломжийг нэмэгдүүлнэ. Cu, Ni, Li Үйлдвэрлэл
Био уусгалт гэх мэт гидрометаллургийн шинэ технологи Металл авалтыг нэмэгдүүлж, ус, эрчим хүчний хэрэглээг бууруулна. Cu, Ni, REE Үйлдвэрлэл / хөгжүүлэлт
Дахин боловсруулах дэвшилтэт технологи Анхдагч олборлолтын эрэлт буурна; Хоёрдогч нийлүүлэлт нэмэгдэнэ. Cu, Li, Ni, Co, REE Арилжааны
Нүүрстөрөгч багатай хайлуулах технологи Үйлдвэрлэлийн ялгарлыг бууруулж, боловсруулах үйлдвэрийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Cu, Ni Үйлдвэрлэл / хөгжүүлэлт
Эх сурвалж: ОУЭХА (2025), Дэлхийн банк (2020)

Монгол Улсын хувьд энэхүү технологийн өөрчлөлт нь боломж болон сорилтыг зэрэг авчирна. Жишээ нь Монголд элбэг ашигт малтмалын эрэлт өсөж, түүнийг хайх, олборлох, боловсруулах сонирхол нэмэгдэж байгаа нь илүү өгөөж хүртэх, нэмүү өртөг шингээх боломжийг өргөжүүлж байна. Зэс зэрэг зарим ашигт малтмалын хувьд эрэлт нь технологиос хамаарч их өөрчлөгдөхгүй байх магадлалтай. Нөгөө талаас, технологи хөгжихийн хэрээр өрсөлдөөнд хоцрохгүйн тулд олборлох болон боловсруулах төслүүд патент, тогтвортой эрчим хүч, мэргэшсэн хүний нөөц, байгаль орчны стандарт зэрэг чиглэлд их хэмжээний нэмэлт хөрөнгө оруулалт хийх шаардлага үүснэ. Технологийг зөвхөн худалдан авах бус, эзэмших, нутагшуулах, цаашид сайжруулах үндэсний чадавх бэхжүүлэх нь томоохон сорилт болно.

Мөн чухал ашигт малтмалын олборлох болон боловсруулах салбарт Монгол Улсын төрийн өмчит компаниуд түүчээлэн оролцож байгаа. Ерөнхийдөө тэд хувийн хэвшлийн ижил төстэй байгууллагуудаас бүтээмжээр хоцрох явдал ажиглагддагийг дурдах хэрэгтэй.

3.6 Байгаль орчин, нийгмийн шинэ шаардлага

Байгаль орчны асуудал нь чухал ашигт малтмалын салбарын хөгжлийг тодорхойлж буй бүтцийн гол хүчин зүйлсийн нэг болж байна. Эрчим хүчний шилжилтийг дэмжих ашигт малтмалын эрэлт эрчимтэй өсөж байгаа боловч тэдгээрийг олборлох, баяжуулах, боловсруулах үйл ажиллагаа нь усны хэрэглээ, эрчим хүчний хэрэглээ, хүлэмжийн хийн ялгаралт, хаягдлын менежмент, биологийн олон янз байдал зэрэг байгаль орчны томоохон асуудлыг дагуулдаг. Иймээс чухал ашигт малтмалыг олборлох, боловсруулах нь нэг талаас дэлхийн ногоон шилжилтийн үндэс болж байгаа боловч нөгөө талаас энэхүү шилжилтийн байгаль орчны өртгийг нэмэгдүүлэх эрсдэлтэй.

Ашигт малтмалын олборлолт, боловсруулалттай холбоотой өөр нэг чухал асуудал бол нийгмийн нөлөөлөл юм. Үүнийг эдийн засаг, байгаль орчны асуудлаас салгах боломжгүй юм. Түүнчлэн нийгмийн нөлөөллийг уурхай, үйлдвэрлэлийн орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалахаас эхлээд улс орны түвшинд авч үзэх нь ч бий. “Баялгийн хараал”, авлига, засаглалын доройтол зэрэг нь баялаг ихтэй улс орны хөгжилд саад болж ирсэн туршлагаас сургамж авч, эрсдэлийг тодорхойлон бууруулах, урьдчилан сэргийлэх санал санаачилгууд гарах болсон. Үүнд ялангуяа мэдээллийн ил тод байдлыг хангах, шийдвэр гаргалт, хэрэгжилт, хяналтад иргэд, сонирхлын талуудын оролцоог бүрдүүлэх, засаглалын стандартуудыг тогтоон хэрэгжүүлэх зэргийг дурдаж болно.

Гэхдээ эдгээр идэвх санаачилга улс орон болон компаниудын хувьд ихээхэн ялгаатай түвшинд байгаа. Зарим санаачилга сайн дурын шинжтэй бол зарим улс оронд эдгээрийг хууль, дүрэм болгон заавал хэрэгжүүлдэг. Ялангуяа байгаль орчны асуудлаар Европын холбооны дүрэм журмыг дэлхийн сайн туршлагын түүчээ гэж үздэг. Хүснэгт 8-д Европын холбооны зарим дүрэм журмыг, мөн ОҮИТБС-ын талаар товч танилцуулав.

Хүснэгт 8. Байгаль орчин, засаглалтай холбоотой олон улсын зарим дүрэм журам
Дүрэм журам Товч агуулга
ОҮИТБС-ын Стандарт Олборлох салбарын ил тод байдлыг хангахад чиглэсэн, 50 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн уг санаачилгын стандартад эрчим хүчний шилжилттэй холбоотой нэмэлт мэдээллийг тайлагнах шаардлагыг тавьж буй. Тухайлбал, компаниуд авлигын эсрэг бодлого, хүлэмжийн хийн ялгарал, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, орон нутгийн олон нийттэй хийсэн зөвшилцөл зэрэг мэдээллийг ил болгох бол улс орнууд тусгай зөвшөөрлийг шуурхай олгох, иргэний нийгмийн ажилах орчныг хангах зэрэг мэдээллийг тайлагнана.
Европын холбооны компанийн тогтвортой байдлын тайлагналын журам Европын холбооны 2022/2464 журам нь компаниудын ил тайлагнах нийгэм, байгаль орчны чиглэлийн мэдээллийн талаарх дүрмийг тогтоосон. Олон компаниуд тайлан гаргах шаардлагатай. Мэдээллийг жигдрүүлснээр тайлагнах зардал буурах юм.
Газрын ховор элементийн тогтвортой байдлыг хангах блокчэйнд суурилсан тойргийн тогтолцоо ЕХ, Европын Түүхий эд материалын шинэчлэл, технологийн нийгэмлэгийн хамтарсан санаачилга нь газрын ховор элемент болон соронзын хувьд чухал ашигт малтмалыг тогтвортой байдал талаас мөшгөх боломжийг олгоно. Ил тод байдлыг хангахдаа тухайн ашигт малтмалын нийлүүлэлт нь байгаль орчин, нийгэм, засаглалын стандартыг хангасан байхад анхаарна.
Тогтвортой чухал ашигт малтмалын нэгдэл Монреал хотод болсон КОП-15-ын үеэр зарласан уг санаачилгад өндөр хөгжилтэй 7 улс орон нэгдсэн бөгөөд байгаль орчин, орон нутаг, тойргийн эдийн засаг, уул уурхайн компанийн ёс зүйт ажиллагаа зэрэг сэдвээр тогтвортой, оролцоотой үйл ажиллагааг дэмжихээр болсон. НҮБ-ийн Байгаль орчны чуулган, Дэлхийн банк, ЭЗХАХБ зэрэг олон улсын байгууллагатай хамтарч, уул уурхай, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой туршлага, дүрэм журмыг бэхжүүлнэ. Олон улсын санаачилгуудад идэвхтэй оролцох байдлаар ажиллахыг зорьж буй.
Европын холбооны төрийн болон хувийн салбарын зарим төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлэх 2011/92 журам 2014 онд шинэчлэгдсэн уг журмын дагуу уул уурхайн компаниуд био төрөл зүйлийн үнэлгээ хийх шаардлагатай. Энд хүн, ургамал, амьтан, хөрс, ус, агаар, уур амьсгал, газар нутгийн унаган төрх, соёлын өв болон материаллаг баялагт үзүүлэх шууд болон шууд бус нөлөөг тоймлон, үнэлэх ёстой.
Аж үйлдвэрийн ялгарлын тухай журам (2010/75/ЕХ) Энэ журмын дагуу хүний эрүүл мэнд, байгаль орчныг өндөр түвшинд хамгаалахыг зорьж буй бөгөөд үүнд ЕХ-ны бүх улсад аж үйлдвэрийн хортой ялгарлыг бууруулах юм. Нийт 50 мянга гаруй аж үйлдвэрийн нэгжийг хамрах бөгөөд үүнд эрчим хүч, металл, ашигт малтмал, химийн болон хог хаягдлын үйлдвэр хамарна.
Олборлох салбарын хог хаягдлын журам (2006/21/ЕХ) Уул уурхайн хог хаягдал гаргагч нь зөвшөөрөл авч, хаягдлын менежментийг эрэл хайгуулаас боловсруулалт хүртэл бүх шат дамжлагад хийх бөгөөд үүнд хаягдлын далан, хуулсан хөрс зэрэг хамаарна.
Эх сурвалж: ОУЭХА-ийн Чухал ашигт малтмалын бодлогын өгөгдлийн сан, зохиогчийн нэгтгэл

Олон улсад хэрэгжих эдгээр санал санаачилгаас гадна тухайн улс болон орон нутгийн түвшинд үйлчлэх хууль, дүрэм, журмыг улс орнууд жилээс жилд чамбайруулж байна. Эдгээр нь гол төлөв уул уурхай, боловсруулах салбарт нийтлэг үйлчлэх бөгөөд чухал ашигт малтмалд ч хамаарна.

Түүнчлэн уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчид ч бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг зөвхөн үнэ, чанараар бус, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үзүүлэлтээр үнэлэх хандлага эрчимтэй нэмэгдэж байна. Томоохон үйлдвэрлэгчид болон хөрөнгө оруулагчид нүүрстөрөгчийн ялгаралт багатай үйлдвэрлэл, усны үр ашигтай хэрэглээ, хаягдлын аюулгүй менежмент, уурхайн нөхөн сэргээлт, хүний эрх болон орон нутгийн оролцоог хамарсан байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын шаардлагыг улам өндөр түвшинд тавих болсон. Үүний зэрэгцээ нийлүүлэлтийн сүлжээний ил тод байдал, гарал үүслийн баталгаажуулалт, тогтвортой үйлдвэрлэлийн стандартыг үйлдвэрлэл, худалдаа, хөрөнгө оруулалтын бодлоготойгоо уялдуулан хэрэгжүүлж байна.

Хүснэгт 9-д улс орнуудын чухал ашигт малтмалтай холбоотой БОНЗ-ын хэчнээн тооны бодлого хэрэгжүүлж байгааг нэгтгэн харуулав. Үүнд зөвхөн үндэсний хэм хэмжээг авч үзсэн болно. Ил тод байдлын хэм хэмжээг дэмжих чиглэлд ихээхэн ахиц гарч байгаа бол байгаль орчны чиглэлээр ч олон тооны бодлого бүртгэгдсэн байна.

Хүснэгт 9. Чухал ашигт малтмалын талаарх үндэсний хэмжээний бодлогын тоо, төрөл болон улс орноор
Улс орон Нийлбэр тоо
Ил тод байдлын хэм хэмжээ
Австрали, Америкийн Нэгдсэн Улс, Бельги, Бүгд Найрамдах Доминикан Улс, Герман, Европын Холбоо, Замби, Зимбабве, Индонез, Их Британи, Канад, Колумби, Конго-Киншаса, Малави, Мексик, Перу, Руанда, Танзани, Филиппин, Финлянд, Франц, Хятад, Чили, Эквадор, Энэтхэг, Өмнөд Африк 70
Байгаль орчны стандарт
Австрали, Америкийн Нэгдсэн Улс, Аргентин, Боливи, Гренланд, Европын Холбоо, Замби, Индонез, Испани, Их Британи, Канад, Колумби, Малайз, Мексик, Норвеги, Панам, Перу, Филиппин, Финлянд, Франц, Хятад, Чили, Швед, Шинэ Зеланд, Эквадор, Эстони, Япон, Өмнөд Африк, Өмнөд Солонгос 57
Нийгмийн стандарт
Австрали, Америкийн Нэгдсэн Улс, Аргентин, Боливи, Герман, Гренланд, Европын Холбоо, Канад, Монгол, Норвеги, Перу, Сьерра-Леоне, Филиппин, Финлянд, Чили, Эквадор 27
Эх сурвалж: ОУЭХА-ийн Чухал ашигт малтмалын бодлогын өгөгдлийн сан, зохиогчийн нэгтгэл

Байгаль орчны шаардлага чамбайрч буй нь аж үйлдвэр, технологийг мөн өөрчилж байна. Жишээ нь хайлуулах үйлдвэрүүдийн хувьд хүхрийн давхар ислийн ялгаралт, эрчим хүчний хэрэглээ, усны хэрэглээ, хаягдал шаарын менежмент нь төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн салшгүй хэсэг болжээ. Орчин үеийн технологи хүхрийн хий ялгарлыг бараг бүрэн барьж хүхрийн хүчил үйлдвэрлэх, эрчим хүчний хэрэглээг бууруулах, усны эргэлтийн системийг ашиглах, үйлдвэрлэлийн автомат удирдлагыг нэвтрүүлэх зэрэг шийдлийг санал болгож байгаа, эдгээр нь төслийн хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлдэг боловч олон улсын зах зээлд бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг хадгалах зайлшгүй нөхцөл болж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн бодлого нь ч уул уурхайн салбарт нөлөөлж буй. Олон улс нүүрстөрөгчийн тэг ялгарлыг хангах зорилт дэвшүүлж, үйлдвэрлэлийн салбарын ялгарлыг бууруулах хатуу шаардлага тавьж эхэлсэн. Энэ нь уул уурхайн компаниудыг сэргээгдэх эрчим хүч ашиглах, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, үйлдвэрлэлийн нүүрстөрөгчийн ул мөрийг бууруулах зорилготой шинэ хөрөнгө оруулалт хийхэд түлхэж байна. Цаашид экспортын бүтээгдэхүүний нүүрстөрөгчийн ул мөр нь худалдааны өрсөлдөх чадварт нөлөөлөх хүчин зүйл болох төлөвтэй байна.

Монгол Улсын хувьд байгаль орчны хүчин зүйл нь чухал ашигт малтмалыг олборлох, боловсруулахад олон боломж ба эрсдэлийг зэрэг дагуулах юм. Нэг талаас Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй бөгөөд урт хугацаанд нүүрстөрөгийн ул мөр багатай цахилгаан ашиглан боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтой. Нөгөө талаас усны нөөцийн хомсдол, хуурай бүсийн эмзэг экосистем, агаарын чанарын асуудал, уурхайн хаягдлын менежмент зэрэг нь томоохон боловсруулах үйлдвэрийн байршил, технологийн сонголт, үйл ажиллагааны зардалд шууд нөлөөлнө. Ялангуяа говийн бүсэд төлөвлөж буй төслүүдийн хувьд усны хэрэглээ, ус дахин ашиглах технологи, бүс нутгийн усны нөөцийн менежмент нь төслийн гол нөхцөл байх болно. Мөн зэс хайлуулах зэрэг чухал төслийн хувьд ялгарах хүхрийн хийг хэрхэх зэрэг нь төслийн эдийн засгийн үр дүнд нөлөөлөх, онцгой анхаарах асуудал болж хувирч байна.

Байгаль орчны шаардлагын өөр нэг чухал чиглэл нь нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдал юм. Томоохон үйлдвэрлэгчид болон олон улсын санхүүгийн байгууллагууд олборлолтоос эцсийн бүтээгдэхүүн хүртэлх нийлүүлэлтийн бүх үе шатанд байгаль орчны болон нийгмийн стандарт мөрдөхийг шаардах болсон. Энэ нь олборлогч орнууд зөвхөн байгалийн баялагтай байх бус, олон улсын тогтвортой хөгжлийн шаардлагыг хангах институц, хяналтын тогтолцоотой байх ёстойг харуулж байна.

Чухал ашигт малтмалыг тойрсон шинэ орчин нөхцөл нь байгаль орчны асуудлыг хоёрдугаарт тавих, зөвшөөрөл хяналтыг сулруулах явдалдхүргэх эрсдэл байгаад улс орнууд болон олон улсын хамтын нийгэмлэг байнга анхаарч ирсэн юм. Монгол Улсын төрийн бодлого ч үүнд онцгой анхаарах шаардлагатай нь зүйн хэрэг.

ДҮГНЭЛТ

Чухал ашигт малтмалын бодлогын хүрээг тодорхойлогч улс төр, эдийн засгийн бүтцийн шинжтэй хүчин зүйлсийг ийнхүү зургаан бүлэгт хуваан нарийвчлан авч үзлээ. Хүснэгт 10-т эдгээр хүчин зүйлсийг тоймлов.

Хүснэгт 10. Чухал ашигт малтмалын бодлогод нөлөөлөх бүтцийн хүчин зүйл
Бүтцийн хүчин зүйл Бодлогод үзүүлэх нөлөө Монголын нөхцөл дэх онцлох асуудал
Эрчим хүчний шилжилтийг дагах эрэлтийн өсөлт Цэвэр эрчим хүч болон эрчим хүч хадгалах технологийн хөгжил нь зэс, лити, никель, газрын ховор элемент зэрэг ашигт малтмалын эрэлтийг нэмэгдүүлж байна. Эрэлт өсөн нэмэгдэж байгаа боловч ашигт малтмал тус бүрийн хувьд үнийн мөчлөг болон зах зээлийн нөхцөл өөр болохыг харгалзан урт хугацааны бодлого боловсруулах шаардлагатай.
Геополитикийн өрсөлдөөн ба олон улсын бодлогын орчин Томоохон улс орон нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэх, стратегийн түүхий эдийн хүртээмжийг баталгаажуулах, баялаг ихтэй улс орнууд өгөөжөө нэмэх, боловсруулах шатанд шилжих бодлого хэрэгжүүлж байна. Монгол Улс хоёр том зах зээлийн дунд байрладаг тул экспорт, хөрөнгө оруулалт болон боловсруулах үйлдвэрлэлийн бодлогод геополитикийн нөлөө өндөр байна.
Дотоод эдийн засгийн бүтэц Дэд бүтэц, эрчим хүч, санхүүжилт, хүний нөөц болон институцын чадавх нь салбарын өрсөлдөх чадварыг тодорхойлдог. Мөн олон тооны, боловруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эрсдэлийг бууруулах боломжтой. Эрчим хүч, тээвэр болон үйлдвэрлэлийн хүчин чадлын хязгаарлалт нь эдийн засгаа тэлэх, нэмүү өртөг шингээх бодлогын хэрэгжилтэд сорилт болж байна.
Чухал ашигт малтмалын тархалт, нөөц Олборлолт, боловсруулалт болон худалдаанд цөөн улс давамгайлдаг бөгөөд үнэ болон нийлүүлэлтийн нөхцөлд хүчтэй нөлөө үзүүлдэг. Геологийн судалгааг өргөжүүлэх, хайгуулаас үйлдвэрлэл, боловсруулалтад шилжих эдийн засгийн хөшүүргийг бодлого болгох шаардлагыг бий болгож байна.
Технологийн хувьсал Шинэ олборлолт, боловсруулалт, дахин боловсруулах болон орлуулах технологийн хөгжил нь ашигт малтмалын эрэлт, үйлдвэрлэлийн бүтцийг өөрчилж байна. Дэвшилтэт технологи, инноваци болон хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх шаардлага улам нэмэгдэж байна.
Байгаль орчин, нийгэм, засаглалын шинэ шаардлага Олон улсын хөрөнгө оруулалт болон нийлүүлэлтийн сүлжээ БОНЗ-ын шаардлагыг улам чангатгаж, ил тод байдал, хариуцлагыг чухалчилж байна. Байгаль орчны хамгаалалт, олон нийтийн оролцоо, ил тод байдал болон олон улсын стандартыг хангах нь өрсөлдөх чадварыг тодорхойлох хүчин зүйл болж байна.
Эх сурвалж: Зохиогчийн нэгтгэл.

Эдгээр хүчин зүйлс нь Монгол Улсын чухал ашигт малтмалын салбарын хөгжилд нөлөөлөх гадаад болон дотоод орчны үндсэн нөхцөлүүдийн илэрхийлэл юм. Мөн бүтцийн хүчин зүйлс нь бодлогын хэлбэр, агуулгыг дангаараа тодорхойлохгүй бөгөөд тэдгээрийн нөлөө нь институцын зохион байгуулалт, эрх зүйн орчин, төрийн байгууллагуудын чадавх, төр-хувийн хэвшлийн харилцаа, оролцогч талуудын ашиг сонирхлоор дамжин бодит хэлбэрээ олно. Иймээс дараагийн бүлэгт эдгээр бүтцийн нөхцөл байдлын хүрээнд чухал ашигт малтмалын бодлогыг тодорхойлох Монгол Улсын институцын орчин ямар байгааг авч үзэх болно.

4 Институцын тогтолцоо

Институцын хүчин зүйлсийн шинжилгээ нь чухал ашигт малтмалын салбарын бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, хянах үйл явцыг тодорхойлдог албан болон албан бус дүрэм, институцын зохион байгуулалт, дүрэм журмыг хэрэгжүүлэх чадавх, хариуцлагын тогтолцоог үнэлэхэд чиглэнэ. Энэхүү бүлэгт эрх зүй, бодлогын хүрээ, байгууллагуудын чадавх, баялгийн удирдлагад хамрах бодлогын хэрэгслүүд, мөн хариуцлага, тайлагналын тогтолцоо гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр институцын орчны давуу болон сул тал, бодлогын хэрэгжилтэд үзүүлэх нөлөөллийг авч үзнэ.

4.1 Хууль, эрх зүйн орчин

Энэ хэсгийн зорилго нь чухал ашигт малтмалын салбарт хамаарах эрх зүйн орчныг тоймлож, тэдгээрийн уялдаа холбоо, эрэмбэ дарааллыг төрийн бодлогын ерөнхий хүрээнд судлан улс төр, эдийн засгийн үүднээс үнэлэхэд оршино.

Монгол Улс чухал ашигт малтмалын салбарыг зохицуулах бие даасан хууль, үндэсний стратегитай хараахан болоогүй боловч уг салбарын эрх зүйн орчин нь Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон бусад салбарын хууль тогтоомж, урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн хүрээнд бүрэлдэн тогтож байна. Иймээс чухал ашигт малтмалын салбар нь шинэ институц байгуулагдахаас илүүтэйгээр одоо мөрдөгдөж буй уул уурхай, байгаль орчин, хөрөнгө оруулалт, худалдааны эрх зүйн зохицуулалтын хүрээнд хөгжих нөхцөлтэй байна.

Голлох хууль тогтоомж

Монгол Улсын чухал ашигт малтмалын салбар нь Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Газрын тухай хууль, Усны тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль зэрэг олон тооны хууль тогтоомжийн хүрээнд зохицуулагдаж байна. Эдгээр нь хамтдаа газрын хэвлийн баялгийг эзэмших, хайх, ашиглах, хамгаалах, үр өгөөжийг хуваарилах, байгаль орчин, орон нутгийн эрх ашигтай уялдуулах эрх зүйн үндсэн тогтолцоог бүрдүүлдэг. Чухал ашигт малтмал нь стратегийн ач холбогдол бүхий бодлогын шинэ чиглэл болон хөгжиж байгаа энэ үед өнөөгийн ашигт малтмалыг зохицуулж буй эрх зүйн тогтолцоо хангалттай бус бөгөөд улмаар чухал ашигт малтмалыг зохицуулсан тусгай хуультай болох санал санаачилга гарч байгаа хэдий ч хараахан ажил хэрэг болоогүй байна.16

Эрх зүйн тогтолцооны суурь нь Монгол Улсын Үндсэн хууль юм. Үндсэн хуулийн 6 дугаар зүйлээр газрын хэвлий, түүний баялаг нь төрийн нийтийн өмч болохыг тогтоож, “байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлах, одоо болон ирээдүй үеийн иргэдийн эрх ашгийг хамгаалах, байгаль орчны тогтвортой байдлыг хангах, байгалийн баялгийн үр өгөөжийг нийт иргэдэд шударгаар хүртээхэд чиглэх ёстой” гэсэн үндсэн зарчмыг тодорхойлсон. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндэсний баялгийн сангийн үзэл баримтлалыг хуульчилж, “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох” эрх зүйн үндсийг бүрдүүлсэн нь уул уурхайн салбарын бодлогыг шинэ шатанд гаргасан. Чухал ашигт малтмалын бодлого нь эдгээр үндсэн зарчмыг хэрэгжүүлэх хүрээнд боловсруулагдах ёстой бөгөөд энэ нь зөвхөн олборлолтын асуудал бус үндэсний хөгжлийн, үндэсний аюулгүй байдлын болон үе хоорондын шударга ёсны асуудал болохыг Үндсэн хууль сануулж буй.

Чухал ашигт малтмалын салбарын үйл ажиллагааг шууд зохицуулдаг гол хууль нь Ашигт малтмалын тухай хууль (2006) юм. Энэхүү хууль нь хайгуул, ашиглалт, тусгай зөвшөөрөл, стратегийн ач холбогдол бүхий орд, төрийн эзэмшлийн хувь хэмжээ, ашиглалтын гэрээ зэрэг уул уурхайн салбарын үндсэн харилцааг зохицуулдаг. Хуульд саяхныг хүртэл “чухал ашигт малтмал” гэсэн нэр томьёо, түүнийг тодорхойлох шалгуур, төрөөс хэрэгжүүлэх тусгай бодлогын зохицуулалт огт тусгагдаагүй байв. Харин “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэсэн ойлголтыг ашигладаг бөгөөд энэ нь тухайн ордын Монгол Улсын эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд үзүүлэх ач холбогдлоор тодорхойлогддог. Олон улсад ашигт малтмалыг төрлөөр нь чухалчилж байхад Монгол Улсын хууль тогтоомж ордыг стратегийн ач холбогдолтой гэж томьёолж буй гэх шүүмжлэл их байдаг. Нөгөөтэйгүүр, стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордын жагсаалтыг шинэчлэх замаар зарим ашигт малтмалыг олборлох төслүүдийг үнэн хэрэгтээ чухалчлах боломж нээлттэй байна.

Байгаль орчны хууль тогтоомж нь ашигт малтмалын бодлогын салшгүй хэсэг болно. Байгаль орчныг хамгаалах тухай хууль нь байгалийн нөөцийг зохистой ашиглах, экосистемийг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үндсэн зарчмыг тогтоодог бол Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль нь уул уурхайн төслүүдийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийг урьдчилан үнэлэх, олон нийтийн оролцоог хангах, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах эрх зүйн үндсийг бүрдүүлдэг. Зураг 17-т байгаль орчныг хамгаалах талаарх тус хуулийн ерөнхий зохицуулалтыг дүрслэн үзүүлэв. Энэ зохицуулалтууд чухал ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтад ч хамаатай.

Зураг 17. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн ерөнхий зохицуулалт
 

Чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээнд тавигдах БОНЗ-ийн шаардлага олон улсад улам бүр өндөр болж байгааг өмнөх хэсэгт дурдсан. Ийм нөхцөлд эдгээр хууль нь зөвхөн байгаль хамгаалах бус олон улсын зах зээлд өрсөлдөх чадварт нөлөөлөх институцын хүчин зүйл болж байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн судалгаанд Монгол Улс дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд өрсөлдөхийг зорьж байгаа бол байгаль орчин, хүний эрх, хөдөлмөрийн стандарт, ил тод байдлыг олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатайг онцлон сануулсан байдаг. Гэтэл чухал ашигт малтмалыг дэмжих зорилгоор эдгээр хуулийн шаардлагыг сулруулж болзошгүй гэх болгоомжлол ялангуяа иргэд, иргэний нийгмийн дунд бий. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тухай хуульд сүүлд орсон нэмэлт өөрчлөлтөөр хэрэгжих төслүүдийг гурав ангилж, үнэлгээ хийх аргачлал, шаардлагыг гурван өөр түвшинд тавих болсон бөгөөд төсөл хэрэгжих орон нутгийн иргэд, засаг захиргаанаас санал авах хугацааг харьцангуй богино болгож өгчээ. Гол нь төслийг ангилах, үнэлгээд тавигдах аргачлал, шаардлагыг Засгийн газар дангаараа шийдэхээр байгаа нь анхаарал татаж байна.17

Мөн Газрын хэвлийн тухай хууль, Газрын тухай хууль, Усны тухай хууль зэрэг нь ашигт малтмалын төслийн газар ашиглалт, усны хэрэглээ, газрын хэвлийн хамгаалалттай холбоотой суурь зохицуулалтыг бүрдүүлдэг. Ялангуяа усны нөөц хязгаарлагдмал бүс нутагт хэрэгжих зэс, газрын ховор элемент, литийн төслүүдийн хувьд ус ашиглалтын эрх зүйн зохицуулалт төслийн үр ашигт онцгой нөлөөтэа. Цаашид боловсруулах үйлдвэрүүд хөгжихийн хэрээр ус, эрчим хүч, дэд бүтцийн зохицуулалтын ач холбогдол улам нэмэгдэх төлөвтэй байна.

Үүний зэрэгцээ Цөмийн энергийн тухай хууль нь ураны хайгуул, олборлолтыг бусад ашигт малтмалаас тусад нь зохицуулж байгаа нь төрөөс стратегийн ач холбогдол өгч ирсний илэрхийлэл гэж үзэх нь бий.18 Мөн цөмийн бодис гэдэгт газрын ховор элемент агуулсан бодисыг хамруулахаар тодорхойлсон нь ийм төрлийн хайгуул, ашиглалтад сөргөөр нөлөөлнө гэсэн болгоомжлол бий.

Монгол Улсын чухал ашигт малтмалын салбарын эрх зүйн орчныг зөвхөн эдгээр хууль бүрдүүлэхгүй бөгөөд Хөрөнгө оруулалтын тухай, Зөвшөөрлийн тухай, Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Татварын багц хууль, Үндэсний баялгийн сангийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Авлигын эсрэг, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Шилэн дансны тухай зэрэг төрийн санхүү, хөрөнгө оруулалт, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог зохицуулдаг олон хууль тогтоомж шууд болон шууд бусаар нөлөөлж байна. Төрийн хяналт зохицуулалт чамбайрч, төрийн өмчийн оролцоот аж ахуйн нэгжүүд уг салбарт онцгой үүрэг гүйцэтгэх болсон энэ үед эдгээр хуулийн ач холбогдол улам нэмэгдэх юм. Дээрх хуулиуд хамтдаа газрын хэвлийн баялгийг эзэмших, ашиглах, үр өгөөжийг хуваарилах, хөрөнгө оруулалт татах, төрийн өмчийг удирдах, орлогыг төвлөрүүлэх, иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах зэрэг институцын үндсэн дүрмийг бүрдүүлдэг.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад чухал ашигт малтмалын асуудлаар хийгдсэн судалгаанууд гол төлөв Ашигт малтмалын тухай хууль, байгаль орчны зохицуулалт болон салбарын бодлогын баримт бичгүүдэд төвлөрсөн байна. Харин төрийн санхүүгийн удирдлага, татварын бодлого, төрийн өмчит аж ахуйн нэгжийн засаглал, хөрөнгө оруулалтын орчин, ил тод байдал, авлигын эсрэг тогтолцоо, маргаан шийдвэрлэх тогтолцоо зэрэг аль нэг салбарын бус, нийтлэг зохицуулалтыг чухал ашигт малтмалын бодлоготой уялдуулан цогцоор нь авч үзсэн судалгаа байхгүй байна. Иймээс чухал ашигт малтмалын салбарт нөлөөлөх эрх зүйн орчныг зөвхөн уул уурхайн салбарын хүрээнд бус, төрийн засаглал, төсөв, татвар, хөрөнгө оруулалт, хариуцлага, ил тод байдлын институцын өргөн хүрээтэй тогтолцооны нэг хэсэг болгон авч үзэх шаардлага бий. Хүснэгт 11-д эрдэс баялгийн салбарт үйлчлэх гол хууль тогтоомжийг ангилан харуулав.

Хүснэгт 11. Чухал ашигт малтмалын үйл ажиллагааг зохицуулах зарим хууль тогтоомж
Үйлчлэх хүрээ Холбогдох хууль
Ерөнхий Үндсэн хууль; Газрын хэвлийн тухай
Хайгуул, олборлолт, боловсруулалт Ашигт малтмалын тухай; Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай
Татвар, төсөв санхүү Үндэсний баялгийн сангийн тухай; Татварын ерөнхий хууль; Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай; Төсвийн тухай; Төсвийн тогтвортой байдлын тухай
Байгаль орчин, нийгэм, засаглал Байгаль орчныг хамгаалах тухай; Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай; Авлигын эсрэг хууль; Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай; Газрын тухай; Усны тухай; Шилэн дансны тухай; Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай; Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай
Бусад Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай; Төрийн болон орон нутгийн өмчийн тухай; Хөрөнгө оруулалтын тухай; Зөвшөөрлийн тухай
Эх сурвалж: legalinfo.mn, зохиогчийн нэгтгэл

Ерөнхийд нь авч үзвэл Монгол Улс уул уурхай, аж үйлдвэрийн салбарыг зохицуулах өргөн хүрээтэй эрх зүйн тогтолцоотой бөгөөд байгалийн баялгийн өмчлөл, хайгуул, ашиглалт, байгаль орчны хамгаалал, орон нутгийн оролцоо, үр өгөөжийн хуваарилалт зэрэг үндсэн асуудлыг хуульчилсан байна. Гэсэн хэдий ч эдгээр зохицуулалт нь уламжлалт уул уурхайн салбарын хүрээнд төлөвшсөн бөгөөд эрчим хүчний шилжилт, нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдал, стратегийн түншлэл, боловсруулах үйлдвэрлэл зэрэг чухал ашигт малтмалын шинэ бодлогын шаардлагыг бүрэн тусгаж чадахгүй гэж үзэх нь бий. Иймээс одоо мөрдөгдөж буй эрх зүйн орчныг шинэчлэхдээ чухал ашигт малтмалын бодлогын зорилттой нийцүүлэн уялдуулах, шаардлагатай тохиолдолд тусгай зохицуулалт бий болгох асуудал институцын шинэчлэлийн нэг чиглэл болж байна.

4.2 Бодлого төлөвлөлтийн хүрээ

Чухал ашигт малтмалын салбарын хөгжлийг зөвхөн хууль тогтоомж бус, хөгжлийн урт, дунд хугацааны бодлого, салбарын стратеги, төсөв, хөрөнгө оруулалтын бодлого, үйлдвэрлэл, худалдааны бодлого, тэдний хоорондын уялдаа болон нийлмэл үр нөлөө тодорхойлдог. Монгол Улсад өнөөдрийн байдлаар чухал ашигт малтмалын талаар бие даасан үндэсний стратеги батлагдаагүй боловч тус салбарын хөгжлийн чиглэл нь 30 жилийн төлөвлөлтийг агуулсан “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлого, 10 жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны бодлого болох Шинэ сэргэлтийн бодлого, мөн Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, түүнийг дагалдах хөрөнгө оруулалтын хөтөлбөр, дөрвөн жил хэрэгжих 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө аж үйлдвэржилт, эрдэс баялгийн салбарын бодлогын баримт бичгүүдийн хүрээнд тодорхойлогдож байна. Түүнчлэн богино хугацаанд Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон улсын төсөв зэрэгт тодорхой төслүүдийн төлөвлөлт, санхүүжилт агуулагдах боломжтой. Бодлого төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоог Зураг 18-д үзүүлэв. Эдгээр бодлогын баримт бичиг нь ихэвчлэн уул уурхайн салбарыг бүхэлд нь авч үздэг бөгөөд чухал ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт, нийлүүлэлтийн сүлжээний онцлогийг тусгайлан харгалзсан бодлогын тогтолцоо хараахан бүрдээгүй байна. Монгол Улсад чухал ашигт малтмалын үндэсний бодлого, тэргүүлэх ашигт малтмалын жагсаалт, урт хугацааны хөгжлийн стратегийг боловсруулах шаардлагатайг зарим судлаач тэмдэглэсэн байна.19

Урт хугацааны бодлого болох “Алсын хараа-2050”-д хариуцлагатай уул уурхайг дэмжих, геологийн судалгаа, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх, ашигт малтмалыг гүн боловсруулах, өндөр технологийн үйлдвэрлэлийг дэмжих, байгалийн баялгийн өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг заалтууд орсон байдаг. Үүнд “технологийн” болон “дэвшилтэт технологийн” түүхий эд гэх нэр томьёог хэрэглэж, түүнийг үйлдвэрлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих, тусгайлсан бодлого боловсруулах тухай дурдсан байдаг. Мөн зэс, цахиур, лити, газрын ховор элементийн ордуудыг ашиглалтад оруулж, боловсруулах зорилтыг дэвшүүлсэн байдаг.20

Дунд хугацаанд хэрэгжих “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хувьд мөн л ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт, хөрөнгө оруулалт, боловсруулалтыг дэмжих тухай байдаг хэдий ч зэсээс бусад чухал ашигт малтмалыг тусгайлан дурдаагүй байдаг. Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хувьд боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, түүнд зориулсан түүхий эдийг найдвартай хангах, үүнд ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлж ордуудыг ашиглах тухай дурдсан бий. Мөн зэс, ураны нэр бүхий төслүүдийг хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгасан. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих Засгийн газрын мөрийн хөтөлбөрт зэс, жонш, газрын ховор элемент зэргийн боловсруулалтыг дэмжих, уран, молибденийн олборлолтыг нэмэгдүүлэх, геологийн ажлыг дэмжих тухай орсон байдаг. НҮБ-ын гаргасан салбарын эрх зүйн орчны харьцуулсан судалгаанд үндэсний ашиг сонирхлыг хангах, хөрөнгө оруулагчдыг татах гэсэн зорилтуудыг тэнцвэржүүлэх шаардлагатай гэж дүгнэжээ.21 Мөн ТАН эвслийн захиалгаар хийгдсэн судалгаанд чухал ашигт малтмалын хууль тогтоомж бүрэлдэх явц удаан, байгаа хууль тогтоомж нь тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдаагүй зэрэг дүгнэлтийг хийхийн сацуу тусгайлсан хуулийн зохицуулал бий болгох, чухал ашигт малтмалын жагсаалт батлах зэрэг зөвлөмжүүдийг өгсөн байдаг.22

Бодлого, төлөвлөлтийн өнөөгийн тогтолцоо нь хайгуул, олборлолтын үе шатыг харьцангуй сайн хамардаг боловч нэмүү өртөг шингээх дараагийн үе шатуудад бодлогын тусгайлсан зохицуулалт сул байна. Хайгуулын хувьд геологийн зураглал, улсын төсвийн санхүүжилттэй суурь судалгаа, эрдэс баялгийн нөөцийн мэдээлэл, хайгуулын тусгай зөвшөөрлийн тогтолцоо зэргээр дамжиж төрийн бодлого хэрэгжиж ирсэн. Харин олборлолтын шатанд тусгай зөвшөөрөл, татвар, роялти, байгаль орчны зохицуулалт, орон нутгийн оролцоо зэрэг институцын тогтолцоо боломжийн түвшинд хөгжсөн бөгөөд чухал үүрэг гүйцэтгэж байна. Үүний эсрэгээр баяжуулалт, металлургийн боловсруулалт, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, дахин боловсруулалт, нийлүүлэлтийн сүлжээ зэрэг хайгуул, олборлолттой холбоотой үе шатуудад чиглэсэн бодлогын хэрэгслүүд хязгаарлагдмал бөгөөд хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд гол төлөв нийтлэг зорилтуудын түвшинд тусгагдсан байдаг. Эдгээрийг хэрэгжүүлэх механизм, санхүүжилтийн эх үүсвэр, байгууллагын хариуцлага төдийлөн тодорхой бус байна. Үүний зэрэгцээ ийм бодлого тусгайлан байх шаардлагатай эсэхэд эргэлзэх байр суурийг зарим талууд илэрхийлдэг.

Дэлхийн улс орнууд чухал ашигт малтмалын бодлогыг зөвхөн олборлолтыг нэмэгдүүлэх төдий бус, хайгуул, олборлолт, баяжуулалт, боловсруулалт, дахин боловсруулалт, технологийн инноваци, хүний нөөц, дэд бүтэц, олон улсын худалдаа, нийлүүлэлтийн сүлжээг нэг бодлогын хүрээнд авч үзэх хандлагатай болжээ. Харин Монгол Улсад эдгээр асуудал өөр өөр салбарын бодлого, байгууллагын хүрээнд салангид төлөвлөгдөж байгаа нь бодлогын уялдаа, хэрэгжилтийн үр нөлөөг бууруулах эрсдэлтэй. Тухайлбал, эрдэс баялгийн бодлого, аж үйлдвэржилтийн бодлого, эрчим хүчний бодлого, экспортын бодлого, шинжлэх ухаан, инновацын бодлого, боловсрол, хүний нөөцийн бодлого зэргийн хоорондын уялдаа сул байгаа нь дотооддоо нэмүү өртөг шингээх зорилтыг хэрэгжүүлэхэд эрсдэл учруулна. Энэ талаар АХБ, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллагын хийсэн судалгаанд боловсруулах үйлдвэрлэл, дэд бүтэц, хүний нөөц, технологийн бодлогыг эрдэс баялгийн бодлоготой нэгдсэн байдлаар хөгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.23

Төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөлт нь бодлого хэрэгжүүлэх чухал институцын нөхцөл юм. Монгол Улсын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль нь урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгүүдийн уялдаа, үр дүнд суурилсан төлөвлөлтийн зарчмыг тогтоодог бол Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хууль нь эдгээр бодлогыг санхүүжүүлэх хүрээг тодорхойлдог. Гэвч чухал ашигт малтмалын салбарт хайгуулын геологийн судалгаа, боловсруулах үйлдвэрлэл, технологийн инноваци, дэд бүтэц зэрэг урт хугацааны хөрөнгө оруулалтыг нэгтгэсэн, тогтвортой санхүүжилтийн тогтолцоо хараахан бүрдээгүй байна. Үүний улмаас төрийн хөрөнгө оруулалтын шийдвэрүүд ихэвчлэн жилийн төсвийн мөчлөгөөс хамаарч, стратегийн зорилгоос илүү богино хугацааны төсвийн боломжид нийцүүлсэн хандлага ажиглагддаг.

Гэхдээ тусгайлсан бодлого гараагүй хэдий ч практик дээр бодлогын төлөвлөлт, хэрэгжилтийг хангахыг зорьж ажиллаж буй зохион байгуулалт нь төрийн өмчит компаниуд болж байна. Үүнд ялангуяа “Эрдэнэс Монгол” компанийн хүрээнд аж үйлдвэрийн парк байгуулах асуудлыг ялангуяа зэсийн хувьд анхаарч ажилласнаас гадна чухал ашигт малтмалтай холбоотой нэгдэл компанийн дотоод бодлогыг гарган ажиллаж буй.24 Үүнд арван ашигт малтмалыг “критикал”, мөн таван ашигт малтмалыг “дэд критикал” гэж томьёолж, 2025-2030 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргасан байна. Түүнчлэн тус нэгдэлд томоохон байр суурийг эзэлдэг “Монголросцветмет” компани “Эрдэнэс Критикал Минералс” нэрийн дор хэсэг хугацаанд үйл ажиллагаагаа явуулсан нь чухал ашигт малтмалд анхаарч буй нэг хэлбэр гэж хэлж болно. Цаашилбал, Чухал ашигт малтмалын ассоциаци гэх байгууллага хүртэл бий болж, 11 ашигт малтмалыг чухалд тооцох болон стратеги, бодлогын төслийг санал болгожээ. Үүнээс үзэхэд чухал ашигт малтмалтай холбоотой төрийн бодлого гараагүй хэдий ч төрийн өмчит компани, төрийн бус байгууллагын түвшинд тодорхой ажил хийгдээд байна.

Дүгнэхэд, чухал ашигт малтмалын бодлого нь зөвхөн уул уурхайн бодлого биш бөгөөд аж үйлдвэр, эрчим хүч, тээвэр, гадаад худалдаа, шинжлэх ухаан, инноваци, боловсрол, байгаль орчин, санхүүгийн бодлогоор давхар тодорхойлогдох тул эдгээрийн уялдаа холбоог хангах шаардлага үүсэж байна. Үүнийг тусгайлсан хууль тогтоомж гарган хэрэгжүүлж болох хэдий ч өнөөгийн хууль эрх зүйн орчны хүрээнд бодлогыг тодорхойлж ажиллах боломж ч бий. Гагцхүү салбар хоорондын бодлого, хууль тогтоомжийн уялдаа, залгамж чанар, хэрэгжилтийг зөв зохицуулах нь чухал сорилт юм. Түүнчлэн чухал ашигт малтмалын чиглэлийг тодорхойлж хөгжүүлэх талаар олон санал, санаачилга гарч байгааг цаашид оновчтой зохицуулах хэрэгцээ шаардлага тод харагдаж байна.

4.3 Голлох үүрэгтэй байгууллага

Чухал ашигт малтмалаас хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхэд төрийн олон байгууллагын чиг үүрэг, уялдаа холбоо шийдвэрлэх үүрэгтэй. Салбарын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтын орчин, өгөөжийг нэмэгдүүлэхэд тэдгээр байгууллагын чиг үүргийн тодорхой байдал, зохицуулалтын уялдаа, шийдвэр гаргалтын үр дүн маш чухал. Түүнчлэн аливаа бодлого боловсруулахад төрийн бус болон олон улсын байгууллага, бизнесийнхэн оролцдог. Монгол Улсад ашигт малтмалын салбарын удирдлага нь хууль тогтоох, бодлого боловсруулах, зохицуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих, орлого төвлөрүүлэх зэрэг чиг үүргийг олон байгууллад хамаарна. Улсын Их Хурал эрх зүйн орчныг бүрдүүлж, Засгийн газар бодлогыг хэрэгжүүлдэг бол салбарын яам, агентлагууд лицензийн удирдлага, геологийн судалгаа, олборлолтын зохицуулалт, боловсруулах үйлдвэрлэлийн бодлого зэрэг үндсэн чиг үүргийг хариуцна. Үүний зэрэгцээ байгаль орчны асуудал, татварын удирдлага, экспортын хяналт, дэд бүтцийн төлөвлөлт, улсын төсөв болон Үндэсний баялгийн сангийн удирдлагад бусад төрийн байгууллагууд оролцдог.

Хүснэгт 12-д чухал ашигт малтмалын үнэ цэнийн сүлжээнд оролцдог төрийн байгууллагуудын үндсэн чиг үүргийг нэгтгэн үзүүлэв.

Хүснэгт 12. Чухал ашигт малтмалын бодлогод оролцох төрийн байгууллага, хамрах чиг үүрэг
Байгууллага Бодлого Хайгуул Олборлох Боловсруулах Татвар Орлогын удирдлага БОНЗ Хөрөнгө оруулалт Ил мэдээлэх Судалгаа шинжилгээ Хяналт ТӨК засаглал
хууль тогтоох
УИХ ***** * ** ** *** *** * ** ** ** *** ****
гүйцэтгэх
Монгол Улсын Засгийн газар **** *** *** **** *** **** *** *** ** ** *** *****
яам
Эдийн засаг, хөгжлийн яам *** ** * *** * ** ** **** ** *** * ***
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам **** **** **** **** *** *** *** *** **** ** **** ***
Сангийн яам **** ** *** ** ***** ***** * ** **** *** *** ***
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам **** *** *** *** * * ***** * *** ** **** *
Эрчим хүчний яам ** * * *     * * ** ** * **
Гадаад харилцааны яам **** *         * **** ** ** * *
агентлаг
Хөрөнгө оруулалтын газар ** ** ** * * * ** ***** *** ** ** **
Үндэсний геологийн алба ** ***** *** * *   ** *** *** *** *** *
Ашигт малтмал, газрын тосны газар *** *** ***** **** ** * ** *** ***** **** ***** **
Эрчим хүчний зохицуулах хороо ** * * **     * * ** ** * *
Гаалийн ерөнхий газар *   ** ** ***** *     **** ** ****  
Татварын ерөнхий газар ** * *** *** ***** * * ** ***** *** ***** **
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар *** * ** ** * ** *** *** *** *** **** *****
Стандарт, хэмжил зүйн газар * ** ** ***     *** ** *** *** ***  
хяналт
Авлигатай тэмцэх газар *** ** ** * *** * ** * *** **** ***** ***
Экологийн цагдаа   ** *** *     **   ** * ****  
Үндэсний аудитын газар *** * ** ** **** **** *** * ***** **** **** ***
бизнес
Үндэсний баялгийн сан ** * ** ** * *** ** **** *** **** * ***
Чингис хаан ҮБС нэгдэл *** **** **** ***** ** **** **** **** *** *** **** *****
Төрийн өмчит компани ** *** **** ***** *** *** **** *** *** ** * ****
орон нутаг
Аймгийн засаг дарга *** *** *** *** * ** **** * ** ** **** *
зөвлөл
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл *** *** ***** ***** * * ** ** ** **** ***  
Тайлбар: Цайвар өнгө нь бага, тод өнгө нь их хамаарлыг харуулна
Эх сурвалж: Зохиогчийн үнэлэлт

Хэдий шийдвэрлэх эрхтэй биш ч бодлогод шууд болон шууд бусаар нөлөөлөх боломжтой төрийн бус байгууллагуудын байр суурь, чадавх, оролцоо мөн чухал. Эдгээр байгууллагын мэдээллийг Хүснэгт 13-д үзүүлэв.

Хүснэгт 13. Чухал ашигт малтмалын бодлогод оролцох төрийн бус байгууллага, хамрах чиг үүрэг
Байгууллага Бодлого Хайгуул Олборлох Боловсруулах Татвар Орлогын удирдлага БОНЗ Хөрөнгө оруулалт Ил мэдээлэх Судалгаа шинжилгээ Хяналт ТӨК засаглал
зөвлөл
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга ** * ** * **** **** ** * ***** **** **** ***
олон нийт
Иргэний нийгмийн байгууллагууд *** ** *** ** *** *** **** * **** *** **** ****
Салбарын төрийн бус байгууллагууд *** *** **** *** ** *** *** **** ** *** * ***
олон улс
Олон улсын байгууллагууд **** *** *** ** ** *** ** **** *** *****   ***
бизнес
Компаниуд ** ***** ***** ***** ***** *** **** **** *** ** * **
Тайлбар: Цайвар өнгө нь бага, тод өнгө нь их хамаарлыг харуулна
Эх сурвалж: Зохиогчийн үнэлэлт

Дээрх хүснэгтүүдээс харахад чухал ашигт малтмалын үнэ цэнийн сүлжээний бүх үе шатанд төрийн болон төрийн бус олон байгууллага оролцож байгаа бөгөөд бодлого боловсруулах, зохицуулалт, зөвшөөрөл олгох, татвар, хяналтын чиг үүрэг харьцангуй төвлөрсөн байна. Харин боловсруулах үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт татах, инновац зэрэг чиглэлд тэдгээрийн оролцоо харьцангуй бага байгаа дүрслэл харагдаж байна.

Эдгээр байгууллагуудын оролцоо, эрх хэмжээ нь бодит үр дүнд хүрч хэрэгжихэд хариуцлага, тайлагнал, ил тод байдлын тогтолцоо чухал ач холбогдолтой тул эдгээр асуудлыг Бүлэг 4.5-д авч үзнэ.

4.4 Олон улсын харилцаа

Чухал ашигт малтмалын чиглэлээр олон улсын гэрээ, хэлэлцээр, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. Улс орнууд зарим ашигт малтмалыг сонгон авч хоёр болон олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх болсон. Геополитикийн өрсөлдөөний асуудлыг өмнө нь авч үзсэн бол энэ хэсэгт олон улсад бүрэлдэж буй харилцаа, эрх зүйн орчин нь Монгол Улсын чухал ашигт малтмалын бодлогод хэрхэн нөлөөлөх талаар авч үзнэ. Монгол Улсад олон улсын гэрээ хэлэлцээр дотоодын хууль тогтоомжоос давуу эрхтэй байх нийтлэг зохицуулалт үйлчилдэг. Түүнчлэн гадаад улс, олон улсын байгууллагуудын санал санаачилгууд чухал ашигт малтмалаар дамжин “зөөлөн хүчний” бодлогын нөлөө үзүүлж болох юм.

Монгол Улс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц болон Парисын хэлэлцээрийн оролцогч орны хувьд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих үүрэг хүлээдэг. Эрчим хүчний шилжилтийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Монгол Улс чухал ашигт малтмалын нийлүүлэлтийг хангах боломжтой улс орнуудын тоонд орно. Гэхдээ байгаль орчны хамгаалал, биологийн олон янз байдлыг хадгалах, усны нөөцийг зохистой ашиглах, хүний эрх, орон нутгийн оролцоог хангах зэрэг үүргийг ч давхар хүлээсэн байдаг. Иймээс Парисын хэлэлцээр болон Тогтвортой хөгжлийн зорилгууд нь чухал ашигт малтмалын хөгжлийн институцын хүрээг байгаль орчин, цэвэр эрчим хүч, хүний эрх гэх мэт олон өнцгөөс тодорхойлох, дотоодын бодлогод нөлөөлөх суурь баримт бичиг болж байна.

Олон улсын худалдааны эрх зүйн хүрээнд Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны хувьд худалдааг ялгаварлан гадуурхахгүй байх, тариф, тарифын бус зохицуулалтыг олон улсын дүрмийн дагуу хэрэгжүүлэх үүрэгтэй. Сүүлийн жилүүдэд олон улс орон экспортын хязгаарлалт, хөрөнгө оруулалтын шалгуур, дотоодын боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг өргөн ашиглаж ирсэн бөгөөд эдгээр нь тус байгууллагын дүрэмтэй хэр нийцэж байгаа нь олон улсын хэмжээнд өргөн хэлэлцэгдэх болжээ. Дэлхийн худалдааны байгууллагаас Чухал ашигт малтмалын худалдаа хэмээх өгөгдлийн санг үүсгэсэн бөгөөд үүнд худалдаа, тариф, бодлогын өгөгдлийг нэгтгэн харуулж буй.25 Энэ худалдаанд тус байгууллагын ерөнхий дүрмийг мөрдөх шаардлагатай бөгөөд тодорхой улс орнуудтай хөнгөлөлттэй нөхцөлөөр явуулах нь эрх зүйн үр дагавартай байж болно. Тухайлбал, чухал ашигт малтмалын геополитикийн идэвхтэй өрсөлдөөн өрнөхөөс өмнө буюу 2010-аад оны үед БНХАУ-ын экспортын хоригтой холбоотой хэд хэдэн гомдлыг АНУ тус байгууллагын хүрээнд гаргаж, маргаан шийдвэрлэх үйл явц багагүй хугацаанд үргэлжилсэн байдаг. Ийм нөхцөлд Монгол Улс үндэсний ашиг сонирхлоо хамгаалах, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоо олон улсын худалдааны эрх зүйн горимд нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай болж байна.

Дээрх заавал биелүүлэх шинжтэй олон улсын зохицуулалтуудаас гадна сайн дурын стандартуудын ач холбогдол уул уурхайн салбарт эрс нэмэгджээ. Монгол Улс ОҮИТБС-ыг олон жилийн турш хэрэгжүүлж ирсэн бөгөөд уул уурхайн орлого, лиценз, гэрээ, өмчлөл, төлбөрийн мэдээллийг нийтэд ил тод болгох чиглэлээр олон улсын жишигт нийцсэн нэлээд туршлага хуримтлуулсан. Үүний зэрэгцээ Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Бизнесийн хариуцлагатай ажиллагаа болон Уул уурхайн нийлүүлэлтийн сүлжээний зохих хяналтын удирдамж, НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн тухай удирдамж, олон улсын БОНЗ зарчим зэрэг нь хууль эрх зүйн хувьд заавал биелүүлэх албагүй хэрнээ хөрөнгө оруулагчид, боловсруулах үйлдвэрүүд, олон улсын худалдан авагчдын хувьд бодитой даган мөрдөх шаардлага болж байна. Ялангуяа Европын Холбооны Чухал түүхий эд материалын тухай хууль, Батерейн тухай зохицуулалт, компанийн тогтвортой хөгжлийн талаарх шаардлагууд, АНУ-ын нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлын бодлого нь Монголоос экспортлох эрдэс бүтээгдэхүүний гарал үүсэл, ул мөрийг тогтоох боломж, хүний эрх, байгаль орчны шаардлагыг улам өндөр түвшинд тавьж байна.

Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд чухал ашигт малтмал нь хоёр талын хамтын ажиллагааны шинэ чиглэл болж байна. АНУ-тай байгуулсан Чухал ашигт малтмалын хамтын ажиллагааны санамж бичиг, Стратегийн гуравдагч хөршийн яриа хэлэлцээ, Япон, БНСУ, Европын Холбоо, Канад, Австрали зэрэг улстай байгуулсан уул уурхай, геологи, хөрөнгө оруулалт, аж үйлдвэржилтийн талаар хамтран ажиллах баримт бичгүүд нь зөвхөн ашигт малтмал нийлүүлэх бус хайгуул, геологийн судалгаа, боловсруулах үйлдвэр, технологи дамжуулах, хүний нөөц хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, нийлүүлэлтийн сүлжээнд хамтран ажиллах зорилгыг агуулдаг. Монгол Улс геологийн их нөөцтэй боловч бодлогын чанар, дэд бүтэц, технологийн чадавх, институцын уялдаа сул байгаагаас эдгээр хамтын ажиллагааны боломжийг бүрэн ашиглаж чадахгүй байгааг зарим судалгаанд онцолсон байдаг.

Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээр, санамж бичиг зэрэг баримт бичгүүдийн нэгтгэлийг Хүснэгт 14-т үзүүлэв. Эдгээр гэрээ хэлэлцээр, баримт бичгийн хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодит ажил хэрэг болгоход энэхүү судалгаанд авч үзсэн улс төр-эдийн засгийн хүчин зүйлс нөлөөлөх нь гарцаагүй. Нөгөө талаас, дотоодын хууль тогтоомжийг хөрөнгө оруулалтыг татах зорилгоор өөрчлөхдөө шаардлагуудыг дордуулах, байгаль орчин, нийгмийн нөлөөллийг орхигдуулах эрсдэл бийг санах хэрэгтэй.

Хэдийгээр олон санал санаачилга өрнөж буй ч олон улсын хамтын ажиллагааны өнөөгийн тогтолцоо нь ихэвчлэн санамж бичиг, хамтарсан мэдэгдэл, хамтын ажиллагааны хөтөлбөр зэрэг сайн дурын шинжтэй улс төрийн баримт бичгүүдэд тулгуурлаж байгаа бөгөөд эдгээрийг хэрэгжүүлэх институцын механизм, санхүүжилт, байгууллага хоорондын зохицуулалт харьцангуй сул байна. Монгол Улс чухал ашигт малтмалын салбарт эхлүүлсэн олон улсын хамтын ажиллагааг бодитой хэрэгжүүлэх, эдийн засгийн болон гадаад бодлогын бодит өгөөжөө өгөх нөхцөлийг хангахын төлөө өргөн хүрээнд ажиллах шаардлагатай байна.

4.5 Тулгамдсан асуудлууд

Өнөөдөр Монгол Улсад аливаа бодлого, хууль тогтоомжийн тогтвортой байдал, түүний хэрэгжилттэй холбоотой олон сорилтууд тулгарч буй. Чухал ашигт малтмалд хамаарах бодлого, хууль тогтоомж ч эдгээр сорилтыг хэрхэн даван туулахаас шалтгаалж бодитой үр дүн авчирна. Энэ хэсэгт бодлого, хууль эрх зүйн орчинтой холбоотой зарим нэгэн сорилтуудыг авч үзэв.

Бодлогын уялдаа

Өмнөх хэсгүүдэд өгүүлсэнчлэн Монгол Улсын чухал ашигт малтмалыг зохицуулах бодлого, хууль тогтоомж, олон улсын хамтын ажиллагаа өргөн цар хүрээтэй, олон тооны баримт бичгээр янз бүрийн түвшинд баталгаажсан байдалтай байна. Эдгээрийн дунд давхцал, хийдэл үүсэх, хоорондоо уялдахгүй байх эрсдэл өндөр. Ашигт малтмалын асуудлыг дан салбарын асуудал мэтээр харж, арай өргөн хүрээнд гэвэл байгаль орчныг хамгаалах бодлоготой уялдуулан дүгнэн шинжилж байгаа дүр зураг ажиглагдаж байна. Гэтэл энэ асуудал нь хайгуул, олборлолт, боловсруулалт, худалдаа, байгаль орчин, нийгэм, төрийн өмчийн удирдлага, боловсон хүчний чадавх, гадаад харилцаа, төсөв санхүү, хууль хэрэгжүүлэлт гээд олон салбарын оролцоог өндөр түвшинд шаарддаг. Улмаар салбар хоорондын зохицуулалт нэн чухал юм. Ялангуяа боловсруулах үйлдвэр, дэд бүтэц, эрчим хүч, усан хангамж, хүний нөөцийн бодлого нь уул уурхайн бодлоготой зэрэгцэн төлөвлөгдөж хэрэгжихгүй бол чухал ашигт малтмалын салбар зөвхөн түүхий эд экспортлогч хэвээр үлдэх эрсдэлтэй. Нэгэн жишээ дурдахад ашигт малтмалыг гүн боловсруулах оролдлого байнга гарч байдаг бөгөөд зэсийн хувьд тодорхой ахиц дэвшил гарч байна. Гэхдээ гүн боловсруулалтын эдийн засгийн үр өгөөжтэй эсэх, дэд бүтэц, зах зээл нь хангалттай бэлэн эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Ийм нөхцөлд боловсруулалтын асуудлыг аж үйлдвэрийн нэгдсэн бодлоготой уялдуулахаас гадна гадаад бодлогын “сайн хөрш”-ийн бодлогын хүрээнд ч авч үзэх шаардлага үүснэ.

Монгол Улсад хөрөнгө оруулахыг сонирхогч талууд хэлэхдээ тэдэнд зориулсан ээлтэй бодлого зөвхөн амлалтын түвшинд байна, бодит байдал дээр татвар, дэд бүтэц, маргаан шийдвэрлэх зэрэг асуудлаар ахиц дэвшил гарахгүй байна гэдэг. Зураг 19-т улс орон, бүс нутгийн хөрөнгө оруулалтын талаарх уул уурхайн салбарын компаниудын төсөөллийн судалгааны дүнг танилцуулсан бөгөөд Монгол Улс нь геологийн хувьд харьцангуй таатай ч бодлогын орчны хувьд тийм ч таатай бус гэх үнэлгээ авсан нь анхаарал татаж байна. Бодлогын орчны үнэлгээнд хууль тогтоомжийн хэрэглээ, тайлбар, байгаль орчны зохицуулалт, зохицуулалтын давхардал, уялдаа, хуулийн тогтолцоо, татварын тогтолцоо, газрын маргаан, дэд бүтэц, орон нутгийн асуудал, худалдааны хориг, улс төрийн тогтвортой байдал, хөдөлмөрийн харилцааны зохицуулалт зэрэг асуудлаарх үнэлгээг хамруулдаг байна.(Фрэзер Хүрээлэн 2025)

Зураг 19. Хөрөнгө оруулалтын таатай орчин, 2025 он

Бодлогын тогтворгүй байдал

Бодлогын тогтворгүй байдал нь хөрөнгө оруулалтын орчныг тодорхойлох институцын хүчин зүйл мөн. Ашигт малтмалын салбар нь өндөр эрсдэлтэй, урт хугацааны хөрөнгө оруулалт шаарддаг тул хууль эрх зүй, татвар, лиценз, экспорт, байгаль орчны шаардлагын тогтвортой байдал хөрөнгө оруулагчдын шийдвэрт чухал нөлөө үзүүлдэг. Монгол Улсад сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд уул уурхайн салбарын хууль тогтоомжид олон удаагийн өөрчлөлт орсон бөгөөд стратегийн орд, татвар, лиценз, хөрөнгө оруулалтын бодлогын өөрчлөлтүүд нь хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлын талаар тодорхой бус байдал үүсгэж иржээ. Томоохон гадаадын хөрөнгө оруулагч болох “Рио Тинто”, “МоЭнКо” зэрэг компаниудын төслүүд дээр татварын болон бусад томоохон маргаан үүсэж, олон жил шийдэгдэхгүй явж буй нь үүнтэй бас холбоотой. Нөгөө талаас, бодлогын тогтвортой байдал нь зөвхөн хууль өөрчлөгдөхгүй байх асуудал бус, урт хугацааны хөгжлийн зорилго, төсөв, төрийн хөрөнгө оруулалт, байгууллагын үйл ажиллагаа хоорондоо залгамж холбоотой хэрэгжихийг мөн илэрхийлдэг. Үүнд ялангуяа улс төрийн орчин тогтворгүй, Засгийн газар ойр ойрхон солигддог зэрэг ч нөлөөлдөг.

Зураг 20-д чухал ашигт малтмалтай холбоотой голлох хууль тогтоомжид анх батлагдсанаас нь хойш орсон нэмэлт, өөрчлөлтийн тоог үзүүлэв. Тухайлбал, Төсвийн тухай, Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай зэрэг суурь хуульд олон тооны их бага нэмэлт, өөрчлөлт орж ирсэн нь бодлогын тогтворгүй байдлыг тодорхой хэмжээгээр илэрхийлнэ.

Зураг 20. Чухал ашигт малтмалтай холбоотой гол хууль өөрчлөгдсөн тоо

Дээрх дүрслэлд зөвхөн хуульд орсон өөрчлөлтийг үзүүлсэн бол УИХ-ын тогтоол, Засгийн газрын тогтоол шийдвэр, хуулийг хэрэгжүүлэх аргачлал зэрэгт олон тооны нэмэлт өөрчлөлт орж байсныг санах хэрэгтэй.

Монгол Улсын өмнө тулгарч буй үндсэн сорилт нь бодлогын баримт бичгийн тоо бус, харин тэдгээрийн эрэмбэ, уялдаа, хэрэгжилтийн тогтвортой байдал юм. Дэлхий дахинд чухал ашигт малтмалын төлөөх өрсөлдөөн эрчимжиж буй өнөө үед Монгол Улс хайгуул, олборлолтоос эхлээд боловсруулалт, нэмүү өртөг шингээх үйлдвэрлэл, дахин боловсруулалт, нийлүүлэлтийн сүлжээ хүртэлх үнэ цэнийн бүх үе шатыг хамарсан нэгдсэн бодлогын тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай. Үүний зэрэгцээ бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, санхүүжүүлэх, хянах үйл явцыг салбар хоорондын уялдаа, урт хугацааны хөгжлийн зорилттой нийцүүлэн зохион байгуулах нь чухал ашигт малтмалын салбарын өрсөлдөх чадварыг тодорхойлох институцын нэгэн чухал нөхцөл болно.

Институцын чадавх ба төрийн удирдлага

Аливаа бодлогын төлөвлөлт, чанар, хэрэгжилт нь түүнийг үр ашигтай удирдах институцын чадавх, төрийн удирдлагын чанараар тодорхойлогддог. Ялангуяа чухал ашигт малтмалын салбар нь лиценз олголт, хайгуул, олборлолт, байгаль орчны зохицуулалт, дэд бүтцийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын орчин, боловсруулах үйлдвэрлэлийн бодлого зэрэг олон асуудлыг уялдаа холбоотойгоор шийдвэрлэж байх учиртай. Иймээс бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ хийх төрийн байгууллагуудын чадавх, зохицуулалтын тогтвортой байдал, ил тод байдал, хариуцлагын тогтолцоо нь салбарын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтын орчинд шууд нөлөөлдөг.

Институцын чадавхыг олон улсын түвшинд хэмжих өргөн хэрэглэгддэг үзүүлэлтүүдийн нэг нь Дэлхийн засаглалын үзүүлэлтүүд юм. Энэхүү үзүүлэлтээр төр засгийн үр дүнтэй байдал, хууль дээдлэх ёс, зохицуулалтын чанар, авлигын хяналт зэрэг төрийн удирдлагын үндсэн хэмжээсийг харьцуулан үнэлдэг бөгөөд улс орны бодлого боловсруулах болон хэрэгжүүлэх чадавхыг үнэлэхэд түгээмэл ашигладаг. Зураг 21-д Монгол Улсын төр засгийн үр дүнтэй ажиллагааны үзүүлэлтийг бусад улстай харьцуулан, цаг хугацааны хувьд хэрхэн өөрчлөгдсөнийг харуулав.

Зураг 21. Даян дэлхийн засаглалын үзүүлэлтүүд

Монгол Улс ашигт малтмалын салбарыг удирдан зохион байгуулах тал дээр сүүлийн 30 жил чамгүй туршлага хуримтлуулсан бөгөөд гагцхүү төр засаг тогтмол солигддог, үүнийг дагаад салбарын дээд болон дунд түвшний удирдлага байнга өөрчлөгддөг нь анхаарал татдаг. Тухайлбал, Зураг 22-т 1990 оноос хойш ерөнхий сайд нарын ажилласан хугацааг харуулав. Үүнд дундаж хугацаа нь хоёр жил орчим байгаа нь анхаарал татаж байна.

Зураг 22. Монгол Улсын Ерөнхий сайд нарын ажилласан хугацаа

Удирдлагын ойр ойрхон өөрчлөлт нь бодлогын тогтвортой байдал, залгамж чанар, байгууллагын ой санамж, хариуцлагын тогтолцоог сулруулах эрсдэлд хүргэдэг. Ялангуяа ашигт малтмалын салбар шиг олон арван жилийн хугацаанд үргэлжилсэн хөрөнгө оруулалт шаардсан салбарт улс төрийн болон удирдлагын тогтворгүй байдал нь лицензийн бодлого, хөрөнгө оруулалтын орчин, томоохон төслүүдийн хэрэгжилтэд шууд нөлөөлөх боломжтой. Дараагийн хэсэгт уул уурхайн салбарын төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүрийг авч үзнэ.

Хариуцлага, тайлагналын тогтолцоо

Монгол Улс уул уурхайн салбарын ил тод байдал, хариуцлагыг бэхжүүлэх чиглэлээр сүүлийн хоёр арван жилийн хугацаанд тодорхой ахиц гаргасныг талууд хүлээн зөвшөөрдөг. Ашигт малтмалын тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны тухай хууль зэрэг нь төрийн байгууллагын үйл ажиллагаа, төсвийн зарцуулалт, тусгай зөвшөөрөл, гэрээ, орлогын мэдээллийг нийтэд нээлттэй болгох эрх зүйн үндсийг бүрдүүлж байна. Ялангуяа Шилэн дансны тухай хууль нь төрийн өмчит компаниудын санхүүгийн болон үйл ажиллагааны мэдээллийг нийтэд ил тод болгох эрх зүйн шаардлагыг бий болгосноор төрийн өмчит аж ахуйн нэгжийн засаглал, хариуцлагыг сайжруулахад чухал нөлөө үзүүлсэн. Мөн сүүлийн жилүүдэд УИХ-аас уул уурхайн асуудлаар зохион байгуулсан нээлттэй сонсголууд нь олон нийтийн мэдээлэл авах боломжийг өргөжүүлж, төрийн байгууллага, төрийн өмчит компаниудын үйл ажиллагаанд парламентын болон олон нийтийн хяналтыг бэхжүүлэх чухал хэрэгсэл болж байна.

Монгол Улс 2006 онд нэгдэн орсон ОҮИТБС-ын хэрэгжилтээр олон улсын хэмжээнд өндөр үнэлгээ авч, олборлох салбарын төлбөр, орлого, тусгай зөвшөөрөл, эцсийн өмчлөгч зэрэг өргөн хүрээний мэдээллийг тогтмол нийтэлдэг. Харамсалтай нь эдгээр мэдээлэл, дүн шинжилгээ нь төрийн байгууллагуудын бодлого боловсруулах, эрсдэлийг үнэлэх, шийдвэр гаргах үйл явцад хангалттай ашиглагдахгүй, тайлагнал нь бодлогын мөчлөгт бүрэн шингэж чадахгүй хэвээр байна. Үүний зэрэгцээ ил тод байдал нэмэгдэж байгаа нь хариуцлага бодитоор сайжирсан гэсэн үг биш бөгөөд ил болсон мэдээлэлд үндэслэн шийдвэрийг эргэн хянах, зөрчилд хариуцлага тооцох, байгууллагуудын хоорондын уялдаа холбоог хангах механизмыг цаашид бэхжүүлэх шаардлагатай.

Чухал ашигт малтмалын чиглэлд энэхүү асуудал улам бүр ач холбогдолтой юм. Учир нь стратегийн түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдал, хариуцлагатай олборлолт, БОНЗ-ын шаардлага, гарал үүслийг тогтоох, нийлүүлэлтийн сүлжээг эргэн нягтлах буюу мөшгөх тогтолцоо зэрэг нь олон улсын хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллага, худалдан авагчдын үндсэн шаардлага болж байна. Иймээс Монгол Улс мэдээллийг нийтэд ил болгоод орхих бус түүнийг бодлого боловсруулах, хяналт тавих, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэхэд үр ашигтай ашиглах нь чухал ашигт малтмалын салбарын өрсөлдөх чадвар, тогтвортой хөгжлийн тулгуур нөхцөл болно.

Тухайн улсын төрийн үйл ажиллагааны ил тод, хариуцлагатай байдлыг харьцуулсан чухал судалгаа олон улсад байдгаас гадна дотооддоо ч энэ чиглэлийн судалгаа шинжилгээг хийж байна. Олон улсад Баялгийн засаглалын үнэлгээ, Нээлттэй төсвийн индекс, Дэлхийн засаглалын үзүүлэлтүүд, Авлигын төсөөллийн индекс, Хуулийн засаглалын индекс, Ардчиллын индекс зэргээс гадна Эрчим хүчний шилжилтийн индекс, Уул уурхайн компаниудын судалгаа, Байгаль орчны ардчиллын индекс, Бертелсман индекс гэх мэт олон тооны судалгаа байдаг. Харин дотооддоо Засгийн газраас хяналт шинжилгээ тогтмол хийдэг бол Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг Үндэсний аудитын газраас, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг Авлигатай тэмцэх газраас тогтмол гүйцэтгэж ирсэн. Харин төр засгаас хараат бус, хөндлөнгийн хүлээн зөвшөөрөгдсөн дүн шинжилгээ тэр бүр гардаггүй.

Үүний зэрэгцээ чухал ашигт малтмалын нөөцийн үнэлгээ, гэрээ, хөрөнгө оруулалтын нөхцөл, эцсийн өмчлөгч, төрийн дэмжлэг зэрэг мэдээллийн хүртээмж, бүрэн байдал хангалтгүй, нээлттэй өгөгдлийн нэгдсэн стандарт төлөвшөөгүй хэвээр байгааг засаж сайжруулах нь бодлого боловсруулах, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх, олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх чухал боломжийн нэг юм.

ДҮГНЭЛТ

Монгол Улс чухал гэж онцлоогүй хэдий ч ашигт малтмалын салбарын хөгжлийг дэмжих эрх зүй, бодлого, институцын үндсэн тогтолцоог бүрдүүлж, үнэ цэнийн сүлжээний бүх үе шатыг хамарсан төрийн байгууллагын бүтэц, зохицуулалтын орчныг бий болгожээ. Мөн зарим бодлогын баримт бичигт чухал ашигт малтмалыг янз бүрийн нэр, томьёоллоор хамруулж, практик дээр зарим нэгэн бодлогыг хэрэгжүүлж эхлээд байна. Эдгээр баримт бичгүүдийн уялдаа, төрийн байгууллагуудын чиг үүргийн хуваарилалт, ил тод байдлын эрх зүйн орчин нь салбарын засаглалын чухал суурь болж байна.

Цаашид институцын тогтолцооны үр нөлөө нь бодлого, хууль тогтоомжийн хүрээнээс илүүтэйгээр тэдгээрийн хэрэгжилт, байгууллагуудын уялдаа холбоо, хариуцлагын тогтолцоо, мэдээллийн ашиглалтаас хамаарна. Ялангуяа чухал ашигт малтмалын салбар өсөн тэлэхийн хэрээр өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, төрийн байгууллагуудын зохицуулалт, төрийн өмчит компаниудын засаглал, нээлттэй өгөгдлийн тогтолцоог бэхжүүлэх нь салбарын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой болж байна.

5 Оролцогч талууд

Өмнөх хэсгүүдэд чухал ашигт малтмалын салбарын хөгжлийг тодорхойлж буй бүтцийн хүчин зүйлс болон эрх зүй, бодлого, институцын тогтолцоог авч үзсэн. Гэвч эдгээр хүчин зүйл нь дангаараа үр дүнг тодорхойлохгүй бөгөөд тэдгээрийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй оролцогч талуудын ашиг сонирхол, эрх мэдэл, нөлөөлөл, харилцан хамаарал нь шийдвэр гаргалт, бодлогын хэрэгжилтэд чухал нөлөө үзүүлдэг. Дээрх бүлгүүдэд чухал ашигт малтмалтай холбоотой бодлогын талбарыг олон улсад болон дотоодод тодорхойлж буй оролцогч талуудыг ерөнхийд нь танилцуулсан. Энэ хэсэгт оролцогч талуудыг аль болох бүрэн зураглах, тэдгээрийн эрх мэдэл, ашиг сонирхлыг бүлэглэн харуулах, улмаар иргэний нийгмийн байр сууринаас тэдгээртэй харилцах талаар авч үзэх юм.

Эхний ээлжид олон улсын тавцанд чухал ашигт малтмалын бодлогыг тодорхойлдог зонхилох байгууллагуудыг Зураг 23-т танилцуулав. Улс хоорондын олон байгууллага Монголд суурин байдлаар үйл ажиллагаа явуулж байгаагаас ОУВС, Дэлхийн банк болон НҮБ-ийн байгууллагууд бодлогод нөлөө үзүүлэх боломж харьцангуй өндөр юм. Мэргэжлийн болон салбарын төрийн бус байгууллагууд өөрсдийн стандарт, шаардлагуудыг нэвтрүүлэх тал дээр ажиллаж байгаа ч бодлогод шууд нөлөөлөх боломж дундаас доогуур түвшинд байна гэж дүгнэх үндэстэй. Монголд тогтмол үйл ажиллагаа явуулдаг олон улсын төрийн байгууллагууд бодлогод нөлөөлөх боломжийн хувьд суурин үйл ажиллагаа явуулдаггүй байгууллагатай харьцуулахад илүү өндөр түвшинд байдаг. Чухал ашигт малтмалын бодлогод оролцох чиг үүрэг, сонирхолтой олон улсын байгууллагуудын дэлгэрэнгүйг Бүлэг 8.3-д танилцууллаа.

Зураг 23. Олон улсын байгууллагуудын чухал ашигт малтмалын бодлогод оролцох орон зай

Зураг 24-т дотоодод үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын чухал ашигт малтмалын бодлогод нөлөөлөх орон зайг дүрслэв. Үүнээс үзэхэд эрдэс баялгийн салбарын шийдвэр гаргах эрх мэдэл цөөн тооны төрийн институтэд төвлөрсөн хэвээр байна. Хувийн хэвшлийн томоохон компаниуд энэ тал дээр өндөр сонирхолтой байдаг бөгөөд бодлогын хэрэгжилт, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар дамжуулан бодит нөлөө үзүүлж чаддаг. Харин иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, судалгааны байгууллагууд бодлогын асуудалд оролцох сонирхол өндөртэй боловч шийдвэр гаргах үйл явцад үзүүлэх нөлөө нь харьцангуй бага байгаа нь мэдээлэл, чадавх, институцын оролцооны хязгаарлалтыг илэрхийлж байна. Иймээс салбарын засаглалыг сайжруулахад зөвхөн өндөр нөлөөтэй оролцогчидтой ажиллахаас гадна дунд болон бага нөлөөтэй боловч өндөр сонирхолтой бүлгүүдийн оролцоог бэхжүүлэхийг орхигдуулж болохгүй.

Зураг 24. Дотоодод идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг талуудын чухал ашигт малтмалын бодлогод нөлөөлөх орон зай

Хүснэгт 15-т оролцогч талуудын байр суурийг дөрвөн үндсэн бүлэгт хувааж үзүүлэв. Манлайлагч бүлэгт Засгийн газар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, түүнчлэн төрийн өмчит уул уурхайн компаниуд болох “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Критикал Минералс” ХКК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ багтаж байна. Эдгээр байгууллага нь бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, стратегийн төслүүдийг удирдах үндсэн чиг үүрэг төдийгүй чухал ашигт малтмалын салбарын хөгжлийг идэвхтэй манлайлах сонирхолтой байдаг.

“Дэмжигч” бүлэг хамгийн өргөн хүрээг хамарч байгаа бөгөөд төрийн байгууллагууд, хувийн хэвшил, салбарын холбоод, олон улсын хөгжлийн байгууллагууд, судалгаа, иргэний нийгмийн зарим байгууллагуудыг багтааж болно. Эдгээр оролцогчид чухал ашигт малтмалын салбарыг хөгжүүлэхийг ерөнхийд нь дэмждэг боловч тэдний оролцоо, нөлөөлөл, хэрэгжүүлэх чадавх харилцан адилгүй юм. Ялангуяа олон улсын байгууллагууд бодлогын зөвлөгөө, техникийн туслалцаа, санхүүжилтээр, харин хувийн хэвшил хөрөнгө оруулалт, технологи, үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар дамжуулан хувь нэмэр оруулах боломжтой.

“Төвийг сахигч” бүлэгт хэвлэл мэдээллийн байгууллагууд голлон багтаж байгаа нь эдгээр байгууллагууд бодлогын тодорхой хувилбарыг шууд дэмжихээс илүүтэйгээр олон нийтийг мэдээллээр хангах, хэлэлцүүлгийн талбар бүрдүүлэх, бодлогын хэрэгжилтэд олон нийтийн хяналт тавих чиг үүрэгтэй холбоотой юм.

Харин “болгоомжлогч” бүлэгт байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагууд, байгаль хамгааллын төрийн бус байгууллагууд, орон нутгийн засаг захиргаа болон иргэд багтаж байна. Эдгээр оролцогчид чухал ашигт малтмалын эдийн засгийн ач холбогдлыг үгүйсгэдэггүй боловч байгаль орчин, усны нөөц, биологийн олон янз байдал, нутгийн иргэдийн эрх ашиг, нийгмийн үр өгөөж зэрэг асуудлыг хангалттай шийдвэрлэхгүйгээр төслүүдийг хэрэгжүүлэхийн эсрэг байр суурийг илэрхийлж болгоомжтой ханддаг.

Хүснэгт 15. Чухал ашигт малтмалын ашиглалтын талаарх оролцогч талуудын байр суурь
Манлайлагч
Монгол Улсын Засгийн газар; Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам; Ашигт малтмал, газрын тосны газар; Эрдэнэс Монгол ХХК; Эрдэнэс Критикал Минералс ХХК; Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ
Дэмжигч
Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Их Хурал; Сангийн яам; Гадаад харилцааны яам; Үндэсний геологийн алба; Үндэсний баялгийн сан; Оюу Толгой ХХК; Рио Тинто; Дотоодын хайгуулын компаниуд; Гадаадын хайгуулын компаниуд; Монголын үндэсний уул уурхайн ассоциаци; Монголын чухал ашигт малтмалын ассоциаци; Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим; Монгол Улсын Шинжлэх ухааны академи; Шинжлэх ухаан, технологийн их сургууль; Геологийн судалгааны байгууллагууд; Транспэрэнси Интернэшнл Монгол; Дэлхийн банк; Азийн хөгжлийн банк; Олон улсын валютын сан; Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр; Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн; Европын Холбоо; Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг; Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга; Салбарын сэтгүүл
Төвийг сахигч
Үндэсний телевиз, радио; Мэдээллийн агентлаг, өдөр тутмын хэвлэл; Цахим мэдээллийн хэрэгсэл; Сэтгүүлчдийн мэргэжлийн холбоо
Болгоомжлогч
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам; Төлсөн авснаа нийтэл эвсэл; Байгаль орчны төрийн бус байгууллагууд; Нээлттэй нийгэм форум; Аймгийн засаг даргын тамгын газар; Сумын засаг даргын тамгын газар; Иргэдийн төлөөлөгчдийн хурал; Орон нутгийн иргэд, малчид
Эх сурвалж: Зохиогчийн ангилал

Ерөнхийдөө энэхүү ангилал нь чухал ашигт малтмалын бодлогыг өргөн хүрээнд дэмжих суурь үндсэндээ бүрдсэн боловч талуудын зорилго, ашиг сонирхол, эрсдэлийн үнэлэмж ялгаатайг харуулж байна. Иймээс бодлогын хэрэгжилтийн дараагийн үе шатанд зөвхөн манлайлагч болон дэмжигч байгууллагуудтай ажиллахаас гадна болгоомжлогч бүлгийн санаа зовнилыг бодлогын хэлэлцүүлэгт зохистой тусгах, төвийг сахигч бүлгийг үнэн зөв мэдээллээр хангах нь саад тотгорыг багасгаж үр дүнд чиглэн урагшлах үндсэн нөхцөл юм.

6 Нэгдсэн дүр зураг

Энэхүү судалгаагаар Монгол Улсын чухал ашигт малтмалын салбарын бодлогын орчин, институцын тогтолцоо, олон улсын чиг хандлага болон оролцогч талуудын харилцааг улс төр, эдийн засаг, засаглалын өнцгөөс цогцоор нь авч үзэхийг зорив. Судалгааны дүнгээс харахад Монгол Улс эрчим хүчний шилжилт, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний өөрчлөлтөөс үүдсэн стратегийн шинэ боломжийн өмнө зогсож байна. Зэс, газрын ховор элемент болон бусад чухал ашигт малтмалын өсөн нэмэгдэж буй эрэлт нь уул уурхайн салбарыг өргөжүүлэхээс гадна боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортын бүтцийг төрөлжүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх орон зайг бий болгож байна.

Үүний зэрэгцээ энэхүү боломжийг бодит үр өгөөж болгон хувиргаж чадах эсэх нь геологийн нөөцөөс илүүтэйгээр төрийн бодлого, институцын чадавх, засаглалын чанараас хамаарах төлөвтэй байна. Хууль эрх зүйн суурь орчин бүрдсэн хэдий ч бодлогын хэрэгжилт нь олон тооны байгууллага, оролцогчийн чиг үүргийн уялдаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргах зохицуулалт, хяналт-шинжилгээний тогтолцооноос ихээхэн шалтгаална. Иймээс дараагийн шатны сорилт нь шинээр бодлого боловсруулах гэхээс илүүтэйгээр бодлогын хэрэгжилтийг институцын түвшинд үр ашигтай зохион байгуулах асуудал юм.

Оролцогч талуудын шинжилгээ нь чухал ашигт малтмалын хөгжлийг хүчтэй эсэргүүцэх институц одоогоор бүрдээгүйг харууллаа. Харин төрийн байгууллагууд, төрийн өмчит компаниуд, хувийн хэвшил болон олон улсын хөгжлийн байгууллагуудын зүгээс тус салбарыг хөгжүүлэх талаар өргөн хүрээний дэмжлэг байна. Нөгөө талаар байгаль орчны байгууллага, иргэний нийгэм, орон нутгийн төлөөлөллүүд байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлага, үр өгөөжийн шударга хуваарилалт зэрэг асуудлыг түлхүү анхаарахыг сануулж буй. Улмаар бодлогын хэлэлцүүлгийн гол агуулга нь тогтвортой, хариуцлагатай хэрэгжилтийг хэрхэн хангах тухай байх ёстойг илтгэж байна.

Түүнчлэн олон улсын геополитикийн өөрчлөлт нь Монгол Улсад хөрөнгө оруулалт, технологи, худалдааны шинэ боломжийг нээж байгаа хэдий ч гадаад харилцааны чухал сорилтуудыг дагуулж буй. Улс орнуудын хооронд чухал ашигт малтмалын хөрөнгө оруулалт, боловсруулах үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний төлөөх өрсөлдөөн эрчимжиж байгаа нөхцөлд Монгол Улсын өрсөлдөх чадвар нь зөвхөн ашигт малтмалын нөөцөөр бус, бодлогын тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын орчин, институцын үр ашиг, төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдал, дэд бүтцийн хөгжил зэрэг өргөн хүрээний хүчин зүйлсээр тодорхойлогдох болно.

Энэхүү судалгааны үндсэн үр дүнг дараах байдлаар нэгтгэн дүгнэж болох юм.

1. Монгол Улсад чухал ашигт малтмалын салбарыг хөгжүүлэх улс төрийн болон бодлогын үндсэн суурь бүрдсэн байна. Үндэсний хөгжлийн урт, дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд салбарын ач холбогдлыг тусгаж, төрийн байгууллагуудын дунд ерөнхий зөвшилцөл бий болжээ.

2. Салбарын хөгжлийн гол сорилт институцын чадавх, бодлогын хэрэгжилтийг тойрч буй. Чиг үүргийн давхардал, байгууллага хоорондын уялдаа, зохицуулалтын үр ашиг, хэрэгжилтийн чадавх нь цаашдын амжилтыг тодорхойлох гол хүчин зүйл юм.

3. Оролцогч талуудын дунд өргөн хүрээний дэмжлэг бий боловч ашиг сонирхол, хүлээлт нь ялгаатай байна. Өндөр нөлөөтэй төрийн байгууллагууд бодлогыг манлайлах байр суурьтай байгаа бол хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалт, технологийн хөгжлийг дэмжих үндсэн оролцогчид болж байна. Харин иргэний нийгэм, орон нутгийн төлөөлөл байгаль орчин, нийгмийн үр өгөөж, оролцооны асуудалд илүү өндөр шаардлага тавьж байна.

4. Олон улсын эрэлт, геополитикийн өөрчлөлт нь Монгол Улсад хөгжлийн шинэ боломжийг нээж байгаа боловч өрсөлдөөнийг мөн нэмэгдүүлж байна. Иймээс хөрөнгө оруулалтын орчин, институцын тогтвортой байдал, чадавх, дэд бүтцийн хөгжлийг нэгэн зэрэг шат ахиулах шаардлагатай.

5. Төрийн өмчит компаниудын засаглал, салбарын ил тод байдал, хариуцлага нь хөрөнгө оруулагчдын итгэл болон урт хугацааны тогтвортой хөгжлийн чухал нөхцөл хэвээр байна. Төрийн өмчийн компаниуд гадаадын хөрөнгө оруулагчдыг хамтрахыг урьж буй ч тоглоомын дүрэм тэр бүр тодорхой эсхүл таатай байж чадахгүй байна

6. Чухал ашигт малтмалын салбарын бодлого нь олборлолтыг нэмэгдүүлэх зорилгоор хязгаарлагдахгүй, харин боловсруулах үйлдвэрлэл, дотоодын нэмүү өртөг, технологийн хөгжил, бүс нутгийн хөгжил, ногоон шилжилтийн зорилтуудтай уялдах шаардлагатай байна. Энд ялангуяа мэдээллийн ил тод байдлыг дээд зэргээр хангаж, нийгмийн зөвшилцөл бий болгох дээр ажиллах боломж их бий.

Нэгтгэн дүгнэхэд, Монгол Улсын урт хугацааны өрсөлдөх чадвар нь байгалийн баялгийн хэмжээнээс илүүтэйгээр засаглалын чанар, институцын үр ашиг, бодлогын тогтвортой байдал, оролцогч талуудын хамтын ажиллагаанаас хамаарах болно.

Эдгээр ажиглалт, дүгнэлт дээр тулгуурлан хэд хэдэн зөвлөмжийг дэвшүүлж байгааг дараах хэсэгт танилцуулав.

7 Зөвлөмж

7.1 Ерөнхий зөвлөмж

Энэхүү судалгааны үр дүнгээс үзэхэд Монгол Улс чухал ашигт малтмалын салбарыг хөгжүүлэх бодлогын үндсэн чиглэлээ тодорхойлсон боловч дараагийн шатанд бодлогын хэрэгжилт, институцын уялдаа, засаглалын чанарыг сайжруулахад анхаарах шаардлагатай байна. Иймд дараах чиглэлүүдийг тэргүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.

Нэгдүгээрт, чухал ашигт малтмалын талаар төрийн нэгдсэн стратеги, институц хоорондын зохицуулалтыг бэхжүүлэх шаардлагатай. Салбарын асуудал нь зөвхөн уул уурхайн бодлогоор хязгаарлагдахгүй бөгөөд аж үйлдвэр, эрчим хүч, дэд бүтэц, байгаль орчин, боловсрол, худалдаа, гадаад харилцаа зэрэг олон салбарыг хамарч байна. Иймээс төрийн байгууллагуудын чиг үүргийн уялдаа, хамтарсан төлөвлөлт, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргах механизмыг сайжруулах нь чухал.

Хоёрдугаарт, олборлолтоос боловсруулах үйлдвэрлэл рүү чиглэсэн бодлогыг тодорхой болгох шаардлагатай. Монгол Улсын өрсөлдөх чадвар нь зөвхөн ашигт малтмалын нөөцөөр бус, нэмүү өртөг шингээх үйлдвэрлэл, технологи, хүний нөөц, инновацын хөгжлөөр тодорхойлогдох тул боловсруулах үйлдвэрлэлийн бодлого, хөрөнгө оруулалтын орчин, дэд бүтцийн хөгжлийг уялдуулан төлөвлөх шаардлагатай. Үүнд ялангуяа боловсруулах салбарын төслүүдийн үр өгөөжийг нээлттэй ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрэх шаардлага тулгамдаж буй.

Гуравдугаарт, салбарын засаглалын ил тод байдал, хариуцлагыг шинэ шатанд гаргах хэрэгтэй. Ил тод байдал нь зөвхөн орлого, гэрээ, лицензийн мэдээллээр хязгаарлагдахгүй бөгөөд стратегийн төлөвлөлт, төрийн өмчит компаниудын засаглал, ашиг хүртэгч өмчлөл, байгаль орчны мэдээлэл, олон нийтийн зөвлөлдөх үйл явцыг хамрах ёстой. Боловсруулах төслүүдийн хувьд эдгээрийг онцгой анхаарах нь зүйтэй.

Дөрөвдүгээрт, орон нутгийн оролцоо, үр өгөөжийн хуваарилалтын механизмыг сайжруулах шаардлагатай. Чухал ашигт малтмалын төслүүдийн урт хугацааны тогтвортой байдал нь орон нутгийн иргэдийн итгэл, оролцоо, хүртэх үр өгөөжтэй шууд холбоотой тул зөвхөн нөөц ашигласны төлбөр, татварын зохистой хуваарилалт бус, урт хугацааны хөгжлийн түншлэлийн шинэлэг зарчмыг баримтлах нь зүйтэй.

Тавдугаарт, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхдээ үндэсний хөгжлийн зорилтуудтай нягт уялдуулах шаардлагатай. Хөрөнгө оруулалт, технологи, санхүүжилт татах нь чухал боловч эдгээрийг боловсруулах үйлдвэрлэл, чадавх, дотоодын ханган нийлүүлэлт, технологи дамжуулалт зэрэг урт хугацааны зорилготой уялдуулах зайлшгүй шаардлага тулгарч байна.

7.2 Иргэний нийгэмд чиглэсэн зөвлөмж

Чухал ашигт малтмалын бодлого нь геологи, уул уурхайгаас давсан, эдийн засаг, байгаль орчин, нийгэм, худалдаа, аюулгүй байдал, эрчим хүчний шилжилтийг хамарсан стратегийн асуудал болж байна. Иймээс иргэний нийгмийн оролцоо нь төслийн түвшний хяналтаар хязгаарлагдахгүй, бодлогын бүх мөчлөгийг хамарсан байх шаардлагатай.

  1. Бодлогын шинжилгээний шинэ чиглэлүүдийг хөгжүүлэх

Иргэний нийгмийн байгууллагууд уул уурхайн төслийн нөлөөллийн үнэлгээнд төвлөрөхөөс гадна дэлхийн эрэлт, нийлүүлэлтийн сүлжээ, боловсруулах үйлдвэрлэл, худалдааны бодлого, эрчим хүчний шилжилт, геополитикийн өөрчлөлт зэрэг стратегийн асуудлаар судалгаа, бодлогын шинжилгээ хийх чадавхаа нэмэгдүүлэх нь зүйтэй.

  1. Мэдлэгийн болон хамтын ажиллагааны талбарыг бүрдүүлэх

Үндэсний хэмжээний байгууллагууд нь зөвхөн өөрсдөө судалгаа хийхээс гадна бусад иргэний нийгмийн байгууллага, судалгааны хүрээлэн, их сургууль, орон нутгийн байгууллагуудыг холбосон мэдлэгийн талбарыг үүсгэн ажиллуулах үүргийг гүйцэтгэх боломжтой. Үүнд:

  • олон улсын сайн туршлагыг нутагшуулах;
  • бодлогын судалгааны арга зүйг түгээх;
  • өгөгдөл, шинжилгээний нээлттэй сан бүрдүүлэх;
  • хамтарсан судалгаа, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулах;
  • онлайн хэрэгслүүдийг түлхүү ашиглах зэрэг хамарна.
  1. Иргэний нийгмийн чадавхыг бэхжүүлэх

Иргэний нийгэм чухал ашигт малтмалын талаар мэдлэг, чадавхаа бэхжүүлэх хэрэгтэй байна. Чухал ашигт малтмалын төслүүдийн нөлөө хамгийн түрүүнд орон нутагт мэдрэгдэх атал тэнд мэдээлэл, шинжилгээний чадавх бага учраас үндэсний хэмжээний байгууллагууд орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудыг сургалт, жижиг тэтгэлэг, зөвлөх үйлчилгээ, судалгааны хамтын ажиллагаагаар тогтвортой дэмжих нь зүйтэй.

  1. Олон улсын сүлжээтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх

Олон улсын судалгааны төвүүд, иргэний нийгмийн сүлжээ, хөгжлийн байгууллагуудтай тогтоосон хэлхээ харилцаандаа тулгуурлан Монголын туршлагыг олон улсын бодлогын хэлэлцүүлэгт хамруулахын зэрэгцээ бусад улс орны сургамж, сайн туршлагыг үндэсний бодлогод ашиглаж нутагшуулах боломжтой. Түүнчлэн санхүүжилт босгох, төсөл хамтран хэрэгжүүлэх өргөн боломжийг орхигдуулж болохгүй.

  1. Бодлогын яриа хэлэлцээг дэмжих талбар бий болгох

Чухал ашигт малтмалын асуудалд эдийн засгийн болон байгаль орчны ашиг сонирхол огтлолцдог тул төр, хувийн хэвшил, орон нутаг, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллагуудын хооронд тогтмол, нотолгоонд суурилсан хэлэлцүүлэг зохион байгуулах нь маш тустай. Чадавхтай иргэний нийгмийн байгууллагууд ийм хэлэлцүүлгийг зохион байгуулагч, мэдлэгийг түгээгч, итгэлцлийг бэхжүүлэгч зэрэг үүргийг гүйцэтгэж чадна.

  1. Ил тод байдал, хариуцлагыг үнэ цэнийн сүлжээний бүх үе шатанд авч үзэх

Иргэний нийгмийн байгууллагуудын хяналт, оролцоо нь зөвхөн лиценз, гэрээ, олборлолтоор хязгаарлагдахгүй, хайгуул, олборлолт, боловсруулалт, дэд бүтэц, төсвийн удирдлага, төрийн өмчит компаниудын засаглал, экспортын бодлого, орон нутгийн үр өгөөж, уурхайн хаалт хүртэлх эрдэс баялгийн үнэ цэнийн сүлжээний бүх үе шатыг хамрах шаардлагатай болжээ. Түүнчлэн зарим ашигт малтмалыг чухалчлах нэрээ салбарын бусад асуудлыг анхаарлын гадуур орхих, БОНЗ зэрэг чухал асуудлын хяналтыг сулруулах эрсдэлээс сэргийлэх нь зүйтэй. Энэ бүхэн салбарын засаглалыг илүү цогц, алс хэтийг харсан өнцгөөс үнэлэх боломжийг бүрдүүлэх юм.

8 Хавсралт

8.1 Улс төр-эдийн засгийн шинжилгээний аргачлал

Улс төр эдийн засаг (УТЭЗ)-ийн шинжилгээ гурван алхмаас бүрэлддэг. Үүнд:

  1. асуудлыг тодотгон томьёолох,
  2. институц, засаглалын тогтолцоог зураглах,
  3. тодорхойлсон асуудлыг шийдэхэд чиглэсэн бодлогыг сонгож, хэрэгжүүлэхэд нөлөөлөх улс төр, эдийн засгийн хүчин зүйлсэд дүн шинжилгээ хийх алхмууд орно.

УТЭЗ-ийн шинжилгээний өөрчлөлтийн онолыг тайлбарласан хүснэгтийг дор Зураг 25-т дүрслэв.

Зураг 25. УТЭЗ-ийн шинжилгээний өөрчлөлтийн онол

Энэхүү ерөнхий хүрээнд хэд хэдэн бүлэг үйл ажиллагааг УТЭЗ-ийн шинжилгээний хүрээнд хэрэгжүүлдгийг Зураг 26-д танилцуулав. Шинжилгээний эхний алхам бол тулгамдаад буй асуудлыг тодорхой тайлбарлах явдал юм. Судлаачид асуудлын томьёоллыг ноороглож, салбарын мэргэжилтнүүдтэй зөвлөлдөх замаар эцэслэн тогтоосон болно.

Дараагаар нь судлаачид өргөн хүрээний урьдчилсан судалгааг гүйцэтгэх ба үүнд гол төлөв эрх зүйн баримт бичиг, өмнө хийгдсэн судалгаа шинжилгээ зэрэгтэй танилцсан. Үүнд УТЭЗ-ийн шинжилгээний болон засаглалын судалгааны арга зүйгээ нягтлах, засаглалын шинэтгэлд хамааралтай гол талуудыг тодорхойлох, өгөгдөл мэдээлэл цуглуулах зэрэг ажлыг гүйцэтгэсэн.

УТЭЗ-ийн шинжилгээний дараачийн алхам бол судалгааны асуултуудыг нарийвчлан боловсруулж, өгөгдөл мэдээлэл цуглуулах ажлыг төлөвлөх явдал байв. Үүнд холбогдох талуудтай холбоо тогтоож, ярилцлага авч, мэдээллийн дутуу орон зайг тодорхойлсон.

Үүний дараагаар мэдээлэл, өгөгдөлд дүн шинжилгээ хийж, хүчин зүйлсийг томьёолох, холбогдох зураглалыг гаргах болон эрх мэдэлтэй болон нөлөөнд автах талуудыг тодорхойлох ажлыг гүйцэтгэв. Үүнд мөн бүтцийн шинжтэй хүчин зүйлсийн анхдагч таамаглалуудыг тодруулах, тодотгох ажлыг гүйцэтгэсэн болно.

Эцэст нь УТЭЗ-ийн шинжилгээний хүрээнд тодорхойлсон асуудал, бүтцийн болон институцын хүчин зүйлс, оролцогч талууд зэргийн харилцан уялдаа, холбоо хамаарлыг дүрсэлж, тайлбарлах ажлыг гүйцэтгэж, засаглалын шинэтгэл хийхэд тулгамдаж буй асуудлууд, талуудын байр суурь зэргийг дүрслэн харуулж, тодотгохыг зорив.

Энэ бүх алхмуудыг гүйцэтгэсний хүрээнд УТЭЗ-н шинжилгээг эцэслэн нэгтгэж, эцсийн тайлан болон холбогдох хавсралтуудыг бэлтгэсэн болно. Үүнд УТЭЗ-ийн тулгамдсан асуудал, гол нөлөөлөгч хүчин зүйлсийг эцэслэн тодотгож, гол дүгнэлт, зөвлөмжүүдийг танилцуулсан болно.

Зураг 26. УТЭЗ-н шинжилгээний үе шатууд

8.2 Ямар байгууллага ямар судалгаа хийсэн бэ?

Хүснэгт 16. Монгол Улсад чухал ашигт малтмалын чиглэлээр хийгдсэн голлох судалгаанууд
Байгууллага Он Судалгааны нэр Үндсэн агуулга Онцлог
АМГТГ 2025 Монгол Улсын газрын ховор элементийн хэтийн төлөвийн судалгаа Газрын ховор элемент, нөөц, хайгуул, төслүүд, зах зээл Төрийн байгууллагын хамгийн дэлгэрэнгүй техникийн судалгаа
Хүний эрх хөгжил төв / Уул уурхайн эрх зүй судлалын сан 2025 Чухал ашигт малтмалын нөхцөл байдлын үнэлгээ Бодлого, эрх зүй, олон улсын туршлага, иргэний нийгэм Иргэний нийгмийн байр суурийг тусгасан
НҮБХХ 2024 Монгол Улсын чухал ашигт малтмалын бодлого төлөвлөлт, засаглалыг бэхжүүлэх нь Бодлого, засаглал, олон улсын туршлага УТЭЗ-н шинжилгээ болон засаглалын чиглэлд хамгийн өргөн хүрээтэй
Азийн хөгжлийн банк 2026 Монгол Улсын чухал ашигт малтмалын зах зээлийн үнэлгээ Зах зээл, эрэлт нийлүүлэлт, СВОТ шинжилгээ Хөрөнгө оруулалтын боломж
Азийн хөгжлийн банк 2026 Чухал ашигт малтмалын уур амьсгалын мэдрэмжтэй олборлолт Бодлогын зөвлөмж, нийлүүлэлтийн сүлжээ Бодлогын хураангуй
Азийн хөгжлийн банк 2026 Монгол Улсын уул уурхайн салбарын БОНЗ-ын үнэлгээ БОНЗ буюу байгаль орчин, нийгэм, засаглал БОНЗ-ын үнэлгээ
Эрдэнэс Монгол 2025 Критикал ашигт малтмалын жагсаалт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр Үндэсний жагсаалт, төрийн бодлого Компанийн түвшний бодлогын баримт
Олон улсын эрчим хүчний агентлаг 2024 Чухал ашигт малтмалын дэлхийн төлөв Дэлхийн эрэлт, нийлүүлэлт Монголыг жишээ болгон дурдсан
Дэлхийн банк 2023 Уур амьсгалын үйл хэргийг дэмжих эрдэс баялаг Эрчим хүчний шилжилтийн эрдэс Дэлхийн түвшний судалгаа
ЭЗХАХБ 2023 Эрдэс баялгийн нийлүүлэлтийн хариуцлагатай сүлжээ БОНЗ, нийлүүлэлтийн сүлжээ Хариуцлагатай ул мөр
НҮБ-ийн Худалдаа, хөгжлийн байгууллага 2024 Түүхий эд ба хөгжил тайлан Чухал ашигт малтмал ба хөгжиж буй орнууд Геополитикийн үнэлгээ

8.3 Чухал ашигт малтмалын талаар ажилладаг олон улсын байгууллагууд

Хүснэгт 17. Чухал ашигт малтмалын талаар ажиллаж буй олон улсын байгууллагууд
 

8.4 Чухал ашигт малтмалын жагсаалтын харьцуулалт

Хүснэгт 18. Зарим улс орны чухал ашигт малтмалын жагсаалтын харьцуулалт
 

9 Ашигласан материал

АМГТГ. 2023. “Ашигт малтмалын хайгуулын мэдээлэл.” АМГТГ. https://mrpam.gov.mn/page/ashigt-maltmalyn-khaiguulyn-medeelel.
АХБ. 2026a. “Climate-Smart Critical Minerals Mining in Mongolia.” Asian Development Bank. https://www.adb.org/publications/climate-smart-critical-minerals-mining-mongolia.
АХБ. 2026b. “Чухал ашигт малтмалын бодлогын замын зураглал.” Азийн Хөгжлийн Банк.
Банк, Дэлхийн. 2025. “Minerals for Climate Action: The Mineral Intensity of the Clean Energy Transition.” World Bank. https://resourcegovernance.org/sites/default/files/2025-04/copper_expansion_mongolia_opportunities_challenges.pdf.
Г.Сурахбаяр. 2025. “Чухал Ашигт Малтмалын Нөхцөл Байдлын Үнэлгээ.” Уул уурхайн эрх зүйн судлалын сан.
ДХБ. 2026. “Trade in Critical Minerals.” World Trade Organization, Asian Development Bank. https://critmin.org/.
Дэвид Уитл, Мохан Еллишети. 2023. “Critical Minerals: A Criticality Assessment Approach.” Monash University. https://research.monash.edu/en/publications/critical-minerals-a-criticality-assessment-approach/.
Иеллэн, Жанет. 2022. “Remarks by Secretary of the Treasury Janet l. Yellen on Way Forward for the Global Economy.” Washington, DC: Atlantic Council. https://www.atlanticcouncil.org/news/transcripts/transcript-us-treasury-secretary-janet-yellen-on-the-next-steps-for-russia-sanctions-and-friend-shoring-supply-chains/.
Лунбери, Айла. 2026. “Beyond Aid and Trade: Japan, Mongolia, and the Critical Minerals Opening,” May. CSIS. https://www.csis.org/blogs/new-perspectives-asia/beyond-aid-and-trade-japan-mongolia-and-critical-minerals-opening.
Нафи Куарши, Томас Скурфилд, Мариа Па Гонзалес. 2025. “How South-South Learning Is Shaping Mineral Value Addition Strategies.” NRGI. https://resourcegovernance.org/articles/how-south-south-learning-shaping-mineral-value-addition-strategies.
Н.Дорждарь, Н.Золжаргал. n.d. “Copper Sector Expansion in Mongolia: Opportunities and Challenges.” NRGI. https://resourcegovernance.org/sites/default/files/2025-04/copper_expansion_mongolia_opportunities_challenges.pdf.
ОУЭХА. 2025a. “Global Critical Minerals Outlook.” International Energy Agency. https://www.iea.org/reports/global-critical-minerals-outlook-2025.
———. 2025b. “Global EV Outlook.” International Energy Agency. https://www.iea.org/reports/global-ev-outlook-2025.
———. 2026. “Critical Minerals Dataset.” International Energy Agency. https://www.iea.org/data-and-statistics/data-product/critical-minerals-dataset.
УИХ. 2026. “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай.” https://legalinfo.mn/mn/detail?lawId=17437758545622&showType=1.
Фрэзер Хүрээлэн. 2025. “Annual Survey of Mining Companies.” Fraser Institute. https://www.fraserinstitute.org/studies/annual-survey-mining-companies-2025.
Ц.Цэгц, У.Энхмаа. 2025. “Монгол Улсын газрын ховор элементийн хэтийн төлөвийн судалгаа.” АМГТГ. https://mrpam.gov.mn/public/pages/66/%D0%A5%D0%9C%D0%9C%D0%9C%D0%9C.pdf.
Ш.Байгалмаа. 2024. “Монгол Улсын чухал ашигт малтмалын бодлого төлөвлөлт, засаглалыг бэхжүүлэх нь: Өнөөгийн төлөв байдал.” НҮБХХ. https://www.undp.org/mn/mongolia/publications/mongol-ulsyn-chukhal-ashigt-maltmalyn-bodlogo-tolovlolt-zasaglalyg-bekhzhuulekh-n.

Footnotes

  1. Энэхүү тайланг бэлдэх явцад Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж буй бөгөөд чухал ашигт малтмалтай холбоотой зарим асуудлыг тусгасан төслийг хараахан батлаагүй байв.↩︎

  2. Энэ аргачлалын талаар Хавсралт Бүлэг 8.1-т танилцуулав.↩︎

  3. Ашигт малтмалыг чухалд тооцох тухай тоймыг Ш.Байгалмаа (2024)-ээс дэлгэрүүлэн авч үзэх боломжтой. Мөн энэ асуудлын онолын үндэслэлийн талаар Дэвид Уитл (2023)-д судалсан байдаг.↩︎

  4. Ц.Цэгц (2025)-г үзнэ үү.↩︎

  5. 2022 онд батлагдсан уг хуулийн эх нэр нь Inflation Reduction Act юм.↩︎

  6. Тухайлбал, “анхаарал татах гадаад нэгж” гэх томьёололд БНХАУ, ОХУ, БНАСАУ, Иран зэрэг улс орнууд багтана.↩︎

  7. Анх 1950 онд батлагдсан уг хуулийн нэр нь U.S. Defence Production Act бөгөөд 2022 онд тус хуульд орсон нэмэлт өөрчлөлт нь чухал ашигт малтмалтай холбоотой юм.↩︎

  8. Улс төрийн хувьд ойр, эдийн засгаар хамтран ажиллах боломжтой, нийлүүлэлт саатах эрсдэл багатай улс орнуудаас чухал ашигт малтмалыг хангах тухай энэ нэр томьёог АНУ-ын сангийн сайд асан Жанет Еллэн түгээсэн байдаг.(Иеллэн 2022)↩︎

  9. Өмнө зүгийн орнуудын харилцан суралцах санаачилгын тухай Нафи Куарши (2025)-аас үзэх боломжтой.↩︎

  10. 1997 оны уг хэлцлийн англи нэр нь Mining Integration and Complementation Treaty бөгөөд 2026 онд шинэчилсэн.↩︎

  11. АМГТГ (2023)-г үзнэ үү.↩︎

  12. Ц.Цэгц (2025)-г үзнэ үү.↩︎

  13. АХБ (2026a)-ийг үзнэ үү.↩︎

  14. Лити, кобальт, газрын ховор элемент зэрэг зарим ашигт малтмалын хувьд Монгол Улсын цөөн тооны төсөв бүртгэгдсэн байдаг ч нөөц, баялгийн хэмжээ уг өгөгдлийн санд тусаагүй байна.↩︎

  15. Н.Дорждарь (n.d.)-ыг үзнэ үү.↩︎

  16. Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл УИХ-аар хэлэлцэгдэж буй бөгөөд судалгаа хийх үед хараахан нийтлэгдээгүй байв.↩︎

  17. Дэлгэрэнгүйг УИХ (2026)-ээс үзнэ үү.↩︎

  18. Г.Сурахбаяр (2025)-г үзнэ үү.↩︎

  19. Г.Сурахбаяр (2025)-г үзнэ үү.↩︎

  20. Жишээ нь “Алсын хараа-2050”, Хавсралт 2, 4.1.17, 4.2.6 болон 4.2.14.↩︎

  21. Ш.Байгалмаа (2024)-г үзнэ үү.↩︎

  22. Г.Сурахбаяр (2025)-г үзнэ үү.↩︎

  23. АХБ (2026b)-г үзнэ үү.↩︎

  24. Тус компанийн нэрийг саяхан Чингис Хаан Үндэсний баялгийн сан нэгдэл хэмээн өөрчилсөн.↩︎

  25. ДХБ (2026)-г үзнэ үү.↩︎

 

 

Зохиогч: Судлаач Н.Дорждарь, Д.Эрдэнэчимэг
Хэвлэн нийтэлсэн: ННФ
Он: 2026
Төрөл: Судалгаа
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Эрдэс баялгийн салбарын засаглал, Чухал ашигт малтмал, Судалгаа
Хөтөлбөр: Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь