ӨӨРЧЛӨЛТИЙН ТҮҮХҮҮД - 800 иргэний газар өмчлөх эрхийг хамгаалахаар ажилласан нь
ӨӨРЧЛӨЛТИЙН ТҮҮХҮҮД - 800 иргэний газар өмчлөх эрхийг хамгаалахаар ажилласан нь
Орон нутгийнхаа тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд санаачилга гаргаж, бусдадаа нөлөөлж, үр дүнд хүрсэн хамт олон, иргэний нийгмийн байгууллагуудыг Ub.life сайт “Нээлттэй нийгэм форум” ТББ-тай хамтран танилцуулж байна.
Энэ удаа газар өмчлөх эрх нь зөрчигдсөн 800 иргэний эрх ашгийг хамгаалж, хуулийн хэрэгжилтийг хангуулахын тулд 3 жилийн турш тууштай ажиллаж буй "Хотол-Чойр" иргэний нийгмийн сүлжээ ТББ-ыг онцоллоо.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдэд ямар асуудал тулгарсан бэ?
"2013 онд манай суманд иргэдэд газар өмчлөхөөр болсон тухай мэдээ тарлаа. Тухайн үед би ам бүлийн 6 гишүүнийхээ материал бүрдүүлэн шөнийн турш дугаарлаж зогссоны эцэст газартай болсон юм. Гэрээсээ цай хоолоо зөөн хөнжил гудсаа тэврэн ирж, шил шилээ харан дугаарласан хүмүүсээс ердөө 200 хүн л тэр үед газартай болж чадсан. Бид зам дагуу, сумандаа ойрхон байршил сайтай газар авсандаа баярлаж, удалгүй бүгд газрын гэрчилгээгээ авцгаасан" хэмээн Сүмбэр сумын иргэн Б.Цэцгээ ярьсан юм.
"Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлнэ" гэж Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу ийнхүү Б.Цэцгээ газраа өмчилжээ. Гэтэл 2018 оны есдүгээр сард иргэдийн өмчлөлийн газар болох Сүмбэр сумын суурьшлын бүсэд уурхайн ам нээж, хашаа барин овоолго шороо асгаж байгаа тухай иргэд сонссон байна.
Яагаад ийм нөхцөл байдал үүссэн талаар тодруулбал:
2013 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргын захирамжаар Сүмбэр сумын 4-р багийн суурьшлын бүс болох "Өехий" гэх газарт 200 иргэнд газар өмчлүүлсэн аж. Гэтэл 2015 оны арванхоёрдугаар сард Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэс иргэдийн өмчлөлийн газрын кадастрын зураглалтай давхцуулан “Эйкүсора” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгожээ. Ийнхүү газар давхцуулан олгосныг тухайн үед газраа өмчилсөн 200 иргэн, Говьсүмбэр аймгийн төр, захиргааны байгууллага ч мэдээгүй өнгөрчээ.
Учир нь, Ашигт малтмал, газрын тосны газар нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш ажлын 7 өдөрт багтаан зөвшөөрөл олгогдсон талбай байрлах аймаг, сумын засаг дарга, мэргэжлийн хяналтын албанд энэ тухай мэдэгдэх ёстой байтал энэ үүргээ биелүүлээгүй байна. Үүний улмаас 2016-2017 онд "Өехий" гэх газарт нэмж 600 иргэн өмчлөлийн газар олгожээ. Ингээд нийт 800 иргэний газар өмчлөлийн эрх зөрчигдсөн ноцтой асуудал үүсжээ.
Энэ асуудалд ямар шийдэл олсон бэ?
Энэ асуудал сөхөгдөж эхэлснээс хойш "Хотол-Чойр" ТББ нутгийн иргэдтэй хамтран иргэдийн өмчлөх эрхийг хамгаалах, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр өргөн хүрээтэй нөлөөллийн ажлыг тууштай хийсээр иржээ. Тухайлбал:
- Орон нутгийн төр, захиргааны байгууллагатай хамтран уулзалт зохион байгуулж, өмчлөлийн газар дээр нээгдсэн уурхайн үйл ажиллагаатай удаа дараа танилцан тус уурхайн үйл ажиллагаа нь иргэдийн газар өмчлөх эрхийг зөрчиж байгаа тул уурхайг зогсоох шаардлагатайг холбогдох албан тушаалтанд уламжилжээ.
- УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Болд болон БОАЖЯ-ны мэргэжилтэн зэрэг албаны хүмүүстэй уулзаж, Ашигт малтмал, газрын тосны газраас олгосон ашиглалтын тусгай зөвшөөрөл нь иргэдийн газар өмчлөх эрхийг зөрчиж байгааг дуулгаж, TV-8 телевиз, ТУГ.mn, Үнэн худлын дэнс сайт зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан энэ тухай мэдээллийг олон нийтэд хүргэсэн байна.
- Түүнчлэн “Чойрын Богдоо аваръя” нэртэй жагсаал, уурхайн аман дээр “Хүрз” акцыг тус тус зохион байгуулжээ.
- Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон "Өехий" гэх газарт уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа нь хүн амын суурьшил, байгаль орчны тэнцвэрт байдал цаашлаад Чойрын Богд уулын эко системд хохирол учруулах эрсдэлтэй байгааг Сүмбэр сумын 1,2,3,4,5-р багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэн тус газрыг улсын тусгай хамгаалалтад авах тогтоолыг гаргуулж, Сүмбэр сумын ИТХ-д хүргүүлжээ.
- “Эйкүсора” ХХК-д олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох зорилгоор Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхэд албан шаардлага, УУХҮЯ-ны сайд асан Д.Сумъяабазарт гомдол, 1000 гаруй иргэний гарын үсэг бүхий албан шаардлагыг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд тус тус хүргүүлсэн.
Тэд ийнхүү 800 иргэний өмчилсөн газрын кадастр нь “Эйкүсора” ХХК-д олгосон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй давхцаж байгааг олон нийтэд мэдээлж, уг асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд хүргэхийг зорьж байна.
Ямар үр дүнд хүрсэн бэ?
Дээрх нөлөөллийн үйл ажиллагаанаас гадна нэр бүхий 24 иргэн 2019 оны долоодугаар сард Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба одоо захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа аж.
Энэ талаар "Хотол-Чойр" иргэний нийгмийн сүлжээ ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Э.Сайханаа "Бид 2018 оноос хойш энэ асуудлаар хууль тогтоох, төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж, өргөдөл, гомдлоо хүргүүлсэн. Харамсалтай нь нэг ч байгууллагаас тодорхой хариу өгөөгүй. Тиймээс бид шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Захиргааны хэргийн процедур хүнд учраас хэргийг хянан шалгах үйл ажиллагаа одоо ч үргэлжилж байна" гэлээ.
Өөрөөр хэлбэл, Сүмбэр суманд газар өмчилсөн 800 иргэний асуудал өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй байна.
Тэд одоо юу хийж байгаа вэ?
Нийгэмд шударга ёсыг тогтоох, иргэдийн дуу хоолойг төрд хүргэх, тэдний зөрчигдсөн эрхийг хамгаалах нөхөн сэргээхийн төлөө ажиллах нь "Хотол-Чойр" ТББ-ын үйл ажиллагааны үндсэн зорилго аж.
"Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо тухайн газар нь иргэдийн өмчлөлийн газар эсэхийг лавлах тухай Ашигт малтмалын тухай хуульд ямар ч зохицуулалт тусгаж өгөөгүй юм билээ. Мөн Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд ч энэ асуудлыг зохицуулах шийдэл байхгүй байна" гэж Э.Сайханаа ярьсан юм.
Иймд Монгол улсын иргэн хууль тогтоомжийн дагуу өмчилж авсан газар нь төрийн байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүчин төгөлдөр бус болох аливаа айдасгүй амар тайван аж төрөх дараах нөлөөллийг хийж байна.
"Хотол-Чойр" ТББ Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлд өөрчлөлт оруулж, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо иргэдийн өмчлөлийн газар эсэхийг шалгаж, давхардуулахгүй байх заалтыг нэмэхээр хуулийн төслийн санал боловсруулсан байна. Энэ саналыг УИХ-ын 50 гишүүнд хаяглаж илгээх төлөвлөгөөтэй байгаагаа тэрбээр бидэнд дуулгалаа.
Тодруулбал:
-
Хуулийн сул зохицуулалтын улмаас иргэдийн өмчлөлийн газрын кадастрын зураглалтай давхцсан өөр бусад тусгай зөвшөөрөл гарч иргэдийн эрх ашиг хохирогч байгааг иргэд олон нийт болон шийдвэр гаргах түвшний албан тушаалтны анхааралд хүргэх
-
Ашигт малтмалын тухай хуульд дараах өөрчлөлтийг оруулах:
Ашигт малтмалын тухай хуульд оруулах нэмэлт:
1.Тус хуулийн 25 дугаар зүйлд 25.1.9 дэх заалтаар “Тухайн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолд үндэслэсэн Аймгийн даргын зөвшөөрөл” гэж,
2.Тус хуулийн 26 дугаар зүйлд 26.1.13 дэх заалтаар “Энэ хуулийн 26.3-т заасныг зөрчсөн нь тухайн төрийн албан хаагчийг төрийн албанд 5 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно” гэж,
3.Тус хуулийн 26 дугаар зүйлд 26.2.4 дэх заалтаар “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших хугацаанд энэ хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх” гэж тус тус нэмэгдүүлэх.
Ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт:
1.Тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2 дахь заалтыг “тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчинтөгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй” гэснийг “тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчинтөгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбай, иргэдийн ашиглалт, эзэмшил, өмчлөлийн газартай давхцаагүй” гэж өөрчлөн найруулах саналтай байна.
Энэ асуудал бидэнд яагаад хамаатай вэ?
Хуульд заасан үүргээ биелүүлдэггүй албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас иргэдийн газар өмчлөх эрх зөрчигдөж, кадастрын зураг давхацсан байхад хэн ч хариуцлага хүлээхгүй, энэ асуудлыг шийдвэрлэх талаар бодитой алхам хийлгүй өдийг хүрчээ.
Төрийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой ажилладаггүй, холбогдох хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлдэггүйн улмаас иргэдийн эрх ашиг зөрчигдсөөр байгаагийн нэг жишээ нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд газар өмчилсөн 800 иргэнд тулгараад байгаа асуудал юм.
Цуврал №1 ӨӨРЧЛӨЛТИЙН ТҮҮХҮҮД |- Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоон байгаль орчноо хадгалж үлдэх нь
Цуврал №2 ӨӨРЧЛӨЛТИЙН ТҮҮХҮҮД - Нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал олборлосныг зогсоожээ
Цуврал №3 Өөрчлөлтийн түүхүүд - Хууль бусаар ажлаасаа халагдсан иргэд хохирлоо барагдуулсан нь