Газар чөлөөлөхөд нийгмийн зайлшгүй хэрэгцээг тодорхойлох нь - Бодлогын асуудал №47
Хөгжлийн томоохон төсөл хөтөлбөр, Улаанбаатар хотын дахин төлөвлөлттэй холбоотой дэд бүтцийн бүтээн байгуулалт эрчимжиж буй энэ цаг дор нийтийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөхөд оршин суугчид, бизнес эрхлэгчдийн эрх, хууль ёсны эрх ашиг зөрчигдөхөөс сэргийлэх нь чухал юм. Үүний тулд шийдвэр гаргах үйл явцад газар чөлөөлөлтөд өртөх иргэд, хуулийн этгээдийн оролцоог хангах, нөхөн олговрыг шударгаар тооцон олгох, тухайн төсөл хөтөлбөрийн “зайлшгүй байдал” буюу нийтийн хэрэгцээ, ашиг сонирхолд оруулах хувь нэмэр, газар чөлөөлөхөөс өөр аргагүй нөхцөл байдал бодитоор үүссэн эсэхийг тодорхойлох учиртай.
Энэхүү бодлогын шинжилгээгээр хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөхөд “зайлшгүй байдал”-ыг бодитойгоор үнэлэн тогтоох чиглэлээрх өнөөгийн эрх зүйн зохицуулалтыг хүний эрхийн зарчим, стандарт, бусад улс орны туршлагатай харьцуулан шинжилж, тодорхой шийдлүүдийг санал болгохыг зорилоо.