Манай улсын хувьд 2015 он хүний эрхийг баталгаажуулах, ардчиллын үнэт зүйлсийг үйл хэрэг болгох, сайн засаглалыг бэхжүүлэхэд чухал жил байлаа. Нийтийн сонсголын тухай, Хууль тогтоомжийн тухай хуулиуд болон Захиргааны ерөнхий хууль Улсын Их Хурлаар батлагдан хэрэгжиж эхэллээ. Эдгээр хууль нь бодлого боловсруулах, шийдвэр гаргах бүхий л түвшинд олон нийт болон эрх ашиг нь хөндөгдсөн талуудын оролцоог баталгаажууллаа. Тэрчлэн, Шилэн дансны хууль хэрэгжсэнээр төрийн дансны ил тод байдал эрс дээшиллээ. Нээлттэй Нийгэм Форум (НН Ф) энэ бүхий л үйлсэд өөрийн хувь нэмэр оруулж ирсэндээ баяртай байна.Ийнхүү багцлан нэгтгэж, товчлон дүгнэж Та бүхний гарт хүргэж буй энэхүү тайланг уншиж танилцаад санал бодлоо хуваалцах аваас бид туйлын баяртай хүлээн авах болно. Түүнчлэн тодорхой үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.forum.mn сайт руу орж үзнэ үү.