card
2021Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт#НийтийнЭрхАшгийнӨмгөөлөлМэдээллийн хуудас

ӨӨРЧЛӨЛТИЙН ТҮҮХҮҮД - Баялгийн эздэд ээлтэй хуулийн зохицуулалтын төлөө ажилласан нь

Зохиогч:
Хэвлэн нийтэлсэн:
Он: 2021
Төрөл:
Файл татах: Үзэх
Түлхүүр үг:
Хөтөлбөр: Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь

ӨӨРЧЛӨЛТИЙН ТҮҮХҮҮД - Баялгийн эздэд ээлтэй хуулийн зохицуулалтын төлөө ажилласан нь

 

 

Ub.life сайт “Нээлттэй нийгэм форум” ТББ-тай хамтран үнэт зүйлийнхээ төлөө тэмцэн, манлайлж буй салбар бүрийн түүчээлэгчдийн түүхийг цувралаар танилцуулж байна. 

Энэ удаагийн нийтлэлээр Буйр нуур, Халх гол, Нөмрөгийн сав газарт үйл ажиллагаа явуулж буй газрын тосны компаний байгалийн баялгийн зүй бус олборлолтын эсрэг тэмцэн, баялгийн эзэд нутаг оронд ээлтэй хууль зүйн зохицуулалт бий болгохоор 2007 оноос хойш тууштай ажиллаж буй Буйр нуур, Халх гол, Нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөн” ТББ-ын үүсгэн байгуулагч, тэргүүн Д.Ганцогт болон түүний хамт олны үйл хэргийг онцлон хүргэж байна.  


 

Дорнод аймгийн иргэдэд ямар асуудал тулгарсан бэ?

"Буйр нуур, Халх гол бол Монголын түүхэн дурсгалт газруудын нэг бөгөөд дэлхийд ганц хялганат хээрийн экосистем юм. Гэтэл "Петрочайна Дачин Тамсаг" ХХК нь өнгөрсөн 20 гаруй жил Дорнод аймгийн Матад, Халхгол сумдад хор хөнөөлтэй үйл ажиллагаа явуулж, байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаад байна. Ундны усанд ч хэрэглэж болдог байсан цэнгэг Буйр нуурын ус хужиртан булингартаж, тал нутаг минь талхлагдаж, байгалийн баялгийг ухаж зөөсөн атал нутаг орон минь огт хөгжсөнгүй. Эсрэгээрээ нутгийн иргэдийн амьдрал ахуй улам доройтож, хүн байгальд хортой орчны бохирдол нэмэгдсээр байна. Тэд тээвэрлэлт хийж байгаа замаа ч барьсангүй. Тосны хаягдлаа шууд газарт асгадаг байснаас хөрсний бохирдол асар ихээр нэмэгдсэн" гэж “Буйр нуур, Халх гол, Нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөн” ТББ-ын үүсгэн байгуулагч, тэргүүн Д.Ганцогт хэллээ. Түүний хэлснээр нутгийн иргэдэд дараах асуудлууд тулгарсан юм. 

Асуудал 1: 

"Петрочайна Дачин Тамсаг" компани нь 2005 оны наймдугаар сард Тамсагийн сав газарт газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргийг АНУ-ын “СОКО Интернейшнл” ХХК-иас шилжүүлэн авчээ.  АНУ-ын тус компани нь 40/60 хувиар ашгаа хуваах гэрээтэй ажиллаж байсан бол "Петрочайна Дачин Тамсаг" компани Монголын талд хоёр дахин бага буюу 25 хувиар тооцох гэрээ байгуулсан нь баялгийн эздэд асар халтай гэрээ болжээ. 

Асуудал 2: 

Матад сумдын нутагт орших XIX талбайд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг "Орон Нутгийн Хөгжлийн Сан"-д 10-20 хувиар тооцон төлөх ёстой боловч "Петрочайна Дачин Тамсаг" компани өнгөрсөн хугацаанд зохих ёсоор төлөөгүй байна. 

Асуудал 3: 

Байгаль орчинд хөнөөлтэй үйл ажиллагаа эрхэлсний улмаас байгаль орчин доройтож, газар нутаг талхлагдан нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас орчны бохирдол асар их нэмэгджээ. Гэвч Ашигт малтмалын тухай хуульд энэ талаар зохицуулалт хангалттай тусгагдаагүйн дээр хуулийн хэрэгжилт сул байна.

БНХАУ-ын Үндэсний газрын тосны корпорацын харьяа "Петрочайна Дачин Тамсаг" компани нь 2005 онд байгуулагдсан БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани юм. Дорнод аймгийн Халх гол, Матад сумдын нутагт орших Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайнуудад газрын тос олборлодог. 

Тэд энэ асуудалд ямар шийдэл олсон бэ?

Д.Ганцогт болон түүний хамт олон анх 2007 оноос эхлэн нутаг орондоо тулгарч буй дээрх шударга бус байдал, байгаль орчны доройтлыг шийдвэрлэхээр удаа дараа төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн, төр засгаас эхлээд НҮБ-д хүртэл ханджээ. Ингээд 2009 онд мониторинг хийн, Газрын тосны хайгуул олборлолтын тухай хууль зүйн орчин хангалттай бус, "Петрочайна Дачин Тамсаг" компани нь хайгуулын лицензтэй боловч олборлолт хийж буйг шийдвэрлүүлэхээр зорьжээ. 

Мөн “Байгалийн баялгийг ашиглаж бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г хийлгүүлэн, нөхөн сэргээлт хийлгэх, нутгийн иргэд болон Монгол Улсад ашигтай гэрээлэхэд чиглэсэн ажлууд хийх болов. Газрын Тосны хуульд газрын тос олборлож буй компани тухайн үйл ажиллагаа явуулж байгаа орон нутагтай хамтраад “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулна гэж заасан байдаг. Энэ нь орон нутгийн хөгжил, байгаль орчинд хөрөнгө оруулалт хийх заалттай юм. Гэтэл "Петрочайна Дачин Тамсаг" компани хийгээгүй байна.

Тэд ямар үр дүнд хүрсэн бэ?

“Буйр нуур, Халх гол, Нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөн"-өөс 2019 онд Монгол Улсын Дээд Шүүхэд хандан "Петрочайна Дачин Тамсаг" компанийг олон улсын жишиг, зах зээлийн шаардлагад нийцсэн гэрээ байгуулахыг шаардаж, 3 шатны шүүхэд ялалт байгуулжээ. 2014 оны шүүхээр байгаль орчин бохирдуулсан гэх төлбөрийг анх удаа гаргуулан 1.3 тэрбумийг төгрөгийг олгуулахаар болсон нь Монгол Улсад анх удаа байгаль орчин бохирдуулсан төлбөрийг олгосон явдал болжээ.

Мөн нутгийн иргэд, “Буйр нуур, Халх гол, Нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөн" ТББ-ын хамт олон жагсаал хийн тэмцсэний үр дүнд  "Петрочайна Дачин Тамсаг" компаниас "Орон Нутгийн Хөгжлийн Сан"-д 2018, 2019 оны төлбөр болох 3 тэрбум төгрөгийг нөхөн олгуулахаар тохилцов. 

Мөн тус ТББ иргэний нийгмийн бусад байгууллагуудтай хамтран удаа дараа хурал цуглаан зохион байгуулж, жагсаж, холбогдох албан тушаалтнуудад хандсаны үр дүнд 2014 онд Газрын тосны тухай бие даасан хуулийг батлуулжээ.

Тэд одоо юу хийж байгаа вэ?

"Хуулийн дагуу хийх ёстой хамтын ажиллагааны гэрээг "Петрочайна Дачин Тамсаг" өнөөдрийг хүртэл хийгээгүй хэвээр байна. Дээр дурдсан 2018, 2019 оны төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Шаардлага хүлээж аваагүй хэвээр. 2014 онд батлагдсан хуулинд ч нэмэлт, өөрчлөлт шаардлагатай байна. “Байгалийн баялгийг ашиглаж бүтээгдэхүүн хуваах гэрээ” нь олон улсын жишгээр 40/60 хувь байдаг атал "Петрочайна Дачин Тамсаг" компанитай байгуулсан гэрээнд 24-28 хувь нь Монголын тал, үлдсэн нь Хятадынх гэж хуваасан. Одоо бид 2018, 2019 оны хууль бус гэрээг хүчингүй болгох, шүүхийн шийдвэрт нийцүүлэх, Монголын талд ашигтай гэрээ байгуулах, нөхөн сэргээлт хийлгэх, дээрх төлбөрийг нөхөн төлүүлэхийн төлөө явж байна" гэж Д.Ганцогт хэлсэн юм.

 

Энэ асуудал бидэнд яагаад хамаатай вэ? 

Бид байгалийн баялгаа ашиглаж болох ч нөхөн сэргээлт хийн, нутаг орондоо хөгжил авчран, зөв зохистой ашиглах хэрэгтэй байна. Эс бөгөөс байгалийн баялаг гэдэг нэг л өдөр шавхагдаж дуусах нөөц шүү дээ. Хятад улсын жишээг харвал байгалийн баялгийг ашиглах тусам нутаг орон нь хөгжин цэцэглэдэг. Гэтэл манай улсад эсрэгээрээ байгаа нь харамсалтай. Орон нутгийн удирдлагатай гэрээ байгуулж, нийгмийн хариуцлагатайгаар баялаг олборлож, ашиглаж байгаа компани тухайн бүс нутгийн хөгжилд тустай үйл ажиллагаа хийдэг олон улсын жишиг бий. Тэр стандартын дагуу орон нутагт юм хийж өгөх шаардлагатай байна. 

Зохиогч:
Хэвлэн нийтэлсэн:
Он: 2021
Төрөл:
Файл татах: Үзэх
Түлхүүр үг:
Хөтөлбөр: Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь