УИХ 2024 оны ээлжит сонгуулийнхаа өмнөхөн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг яаралтай горимоор хэлэлцэн баталснаар Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сангаас бүрдэх Үндэсний баялгийн сангийн тогтолцоо бүрдэв. Байгалийн баялгийн орлогыг хуримтлуулах, хуваарилах, хөрөнгө оруулах чиг үүрэгтэй эдгээр төрөлжсөн сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг өнөө ба ирээдүй үед хүртээмжтэй өсөлт хөгжлийг бий болгон тэгш шударга хуваарилах Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, иргэдийн амьдрал ахуй сайжирна гэсэн итгэл хүлээлт төрүүлж буй. Гэхдээ Хүний хөгжил сан, Үндэсний хөгжлийн сан, ЖДҮ, Хөгжлийн банкны гашуун туршлага, сургамж бидэнд бас бийг мартаж болохгүй.
Яаралтай горимоор олон нийтийн хэлэлцүүлэггүйгээр батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар шинэ тутам байгуулагдсан Хуримтлалын болон Хөгжлийн сангийн удирдлага, засаглал, хяналт, тайлагналын тогтолцоог нарийвчлан зохицуулаагүйгээс улс төрийн нөлөөлөл, авлига, ашиг сонирхлын зөрчил, үр ашиггүй зарцуулалт зэрэг зөрчил дутагдал давтагдан гарах эрсдэл хэвээр байна. Уг эрсдэлээс сэргийлж, сангуудын үйл ажиллагааг зөв оновчтой удирдан үр ашигтай ажиллуулахад судлаачид ямар шийдэл санал болгож буйг энэхүү тайлангаас авч үзнэ үү.