ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН СУДАЛГАА ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА.

A- A A+
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН СУДАЛГАА ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА.

Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь 2022 оныг дуустал Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд дараах чиглэлээр судалгаа хийх сонирхолтой, шалгуур хангасан судлаачдын судалгааны төсөл нээлттэй хүлээн авч эхэллээ. Үүнд:

  1. ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭРИЙН СУДАЛГАА

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 11-р зүйлд заасан шийдвэрт тавигдах шаардлагууд хангагдаж байгаа эсэхэддүн шинжилгээ хийж олон нийт, эрх зүйчид, бодлого хууль тогтоогчдын анхааралд хүргэхэд энэхүү судалгааны зорилго оршино. Судалгааны цар хүрээг 2019 оноос хойш гаргасан Үндсэн хуулийн цэцийн шийдвэрүүдээр хязгаарлах бөгөөд тодорхой сэдвээр бүлэглэн түүвэрлэх болон тухайлсан нэг шийдвэрийг сонгон судлах боломжтой;

  1. УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН СУДАЛГАА

Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдан хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой хуулийн зарим зохицуулалтын үр нөлөөг үнэлэн, хуулийн хэрэгжилтийг дэмжихэд энэхүү судалгааны зорилго оршино. Шүүхийн тухай хуулийн 4-р бүлгийн 25.7.5 зүйлийн дагуу Улсын дээд шүүхийн эрүү, иргэн, захиргааны танхимаас хэрэг маргааныг хяналтын журмаар хянан хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэж буй байдалд хийх дүн шинжилгээ;

  1. ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН СУДАЛГАА

Шүүхийн шийдвэрийн санг ашиглан дүн шинжилгээ хийх судалгааны тэтгэлгийн зорилго нь шүүхийн шийдвэрийн үндэслэл, бичилтийг сайжруулах, хуулийн хэрэглээг нэг мөр болгоход хувь нэмэр оруулах зорилготой. Дор дурдсан чиглэлээр шүүхийн шийдвэрээс түүвэрлэн судлах сонирхолтой судлаачдыг энэхүү тэтгэлэгт хамрагдахыг урьж байна. Үүнд:

  • Иргэний шүүхийн практик: Хувийн эрх зүйн  хууль тогтоомжийн шинэтгэлийг дэмжихэд  хувь нэмэр болохуйц шүүхийн шийдвэрүүдээс сонгон дүн шинжилгээ хийх
  • Захиргааны хэргийн шүүхийн практик: Төрийн захиргааны байгууллагын үйлдэл, эс үйлдлийн уршгаар иргэдэд учирч байгаа бэрхшээлийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүдийг сонгон дүн шинжилгээ хийх
  • Эрүүгийн хэргийн шүүхийн практик: Эрүүгийн хуульд шинээр тусгасан гэмт хэргийг шийдвэрлэж буй шүүхийн практикт дүн шинжилгээ хийх

Шүүхийн шийдвэрийн тэтгэлгийн төслийн өргөдлийн маягтыг эндээс татаж авна уу.

Дээр дурдсан судалгаа, мониторингийн тэтгэлгийн уралдаанд төсөл ирүүлэх судлаач, судалгааны баг нь дараах шалгуурыг хангаж буйгаа батлах өөрийн намтар, бүтээлийн жагсаалтыг төслийн саналд хавсаргана.

  • Эрх зүйн чиглэлээр магистр, түүнээс дээш цолтой байх /Багаар ажиллах тохиолдолд судалгааны багийн ахлагчид энэхүү шаардлага хамаарна. Холбогдох дипломын хуулбарыг хавсаргах/
  • Эрх зүйн чиглэлээр судалгаа хийж байсан туршлагатай байх /Судалгааны ажлын жагсаалтыг илгээхдээ бие даан хийсэн болон багийн гишүүнээр ажилласан эсэхээ тодорхой бичсэн байна. Дурдсан судалгааны талаар тодруулга мэдээлэл авах хүний холбоо барих мэдээллийг ирүүлнэ үү/
  • Тайлан, дүн шинжилгээний мөрөөр нөлөөллийн үйл ажиллагаанд оролцох боломжтой байх /Судалгааны хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг тодорхойлохдоо энэ чиглэлээр хийх нөлөөллийн стратегийг тодорхойлж ирүүлбэл давуу тал болно/
  • Аливаа хэлбэрийн сонирхлын зөрчилгүй байх  /Сонгон авсан хэрэг маргааны аль нэг талыг төлөөлж байгаагүй, хэрэг маргаан шийдвэрлэсэн шүүгчтэй аливаа төрлийн ашиг сонирхлын зөрчилгүй байх, нэг талыг хэт барьсан урьдчилсан байр сууринаас бус төвийг сахисан байр сууринаас судалгааны дүгнэлтийг гаргах боломжтой байх/

Сонирхсон судлаачид зохих төслийн өргөдлийн маягтыг зааврын дагуу бөглөж, өөрийн шалгуур хангаж байгааг илтгэх баримтын хамт  [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү. Хэвлэмэл төсөл хүлээн авахгүйг анхаарна уу. Бид хүлээн авсан талаар хариу өгөх бөгөөд тэтгэлгийн шийдвэр сонгон шалгаруулах уулзалтын тов, тэтгэлгийн шийдвэр гаргах үйл явцаас хамааран 2 сар хүртэл хугацаанд үргэлжлэх боломжтойг анхаарна уу.

ННФ-ын дэмжлэгтэй өмнө хийгдсэн шүүхийн шийдвэрийн судалгааны жагсаалтыг энд дарж харна уу. Сэдэв давхардсан тохиолдолд төслийн чанараас үл хамааран сонгон шалгаруулалтад орох боломжгүй болохыг анхаарна уу.