Улс төрийн намын санхүүжлийн ил тод байдал, хяналтын асуудлаар Австралийн сонгуулийн хорооноос туршлага судлав

A- A A+
Улс төрийн намын санхүүжлийн ил тод байдал, хяналтын асуудлаар Австралийн сонгуулийн хорооноос туршлага судлав

2025-08-11

Нээлттэй Засгийн түншлэлээс 2024 онд эхлүүлсэн Нээлттэй засгийн сорилт санаачилгад Монгол Улс Азийн гишүүн орнуудаа түүчээлэн нэгдэж Улс төрийн санхүүжилтийн тайлан, мэдээллийн цахим систем хөгжүүлж нэвтрүүлэх амлалт аваад байгаа билээ. Энэхүү сорилтыг биелүүлэхэд ННФ-ын зүгээс Сонгуулийн ерөнхий хороонд бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд 2025 оны 8- сарын 11-нд Австралийн сонгуулийн хорооны цахим системийн талаар туршлага судлах цахим уулзалтыг Нээлттэй засгийн түншлэл байгууллага, Сонгуулийн ерөнхий хороотой той хамтран зохион байгууллаа.  Энэхүү уулзалтад СЕХ-г төлөөлөн Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаа нар, Австралийн сонгуулийн хороог төлөөлөн Намын санхүүжилтийн ил тод байдал, намын бүртгэл, мэдээллийн хэлтсийн дэд комиссар Жоан Рид, дарга Трейси Вассало, цахим системийн хөгжүүлэлт хариуцсан ажилтан Фил Рейний, Гадаад харилцааны хэлтсийн дарга Жоан Ридолфи, ажилтан Чарлотте Гранди нар оролцов. Хэлэлцүүлэгт Нээлттэй Засгийн Түншлэлийн Ази-Номхон далай хариуцсан ахлах Свати Мехта, Бодлого, түншлэл хариуцсан зөвлөх Лин Паняасеванамит, Транспарэнси Интэрнэшнл олон улсын байгууллагын Улс төрийн шударга байдлын ахлагч Хорхе Валладарес нараас гадна Австралийн Элчин сайдын яам, ННФ-ын төлөөлөл, програм хангамж, нээлттэй өгөгдлийн чиглэлээр мэргэшсэн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Австрали Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг зохицуулж буй хуулиа 1984 онд анх баталснаас хойш 40-д жилийн дараа буюу 2025 оны 2-р сард анхны томоохон шинэчлэлийг хийн шинээр баталжээ.  Энэхүү шинэ хууль нь 2026 оны 7-р сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд хуульд зарим хандивыг хориглохын зэрэгцээ, хандивын дээд хязгаар мөрдөж эхлэх аж. Австралийн Сонгуулийн хороо (АСХ) нь улс төрийн намын санхүүгийн тайланг хүлээн авч хянах, нийтэд мэдээлэх үүргийг хуулиар хүлээдэг. Энэ чиг үүргийнхээ хүрээнд 2018 онд улс төрийн санхүүжилтийн цахим систем буюу Transparency Register  системийг хөгжүүлэн ашиглаж эхэлсэн байна. Үүнээс өмнө санхүүжилтийн мэдээллийг цахим хуудсандаа pdf хэлбэрээр нийтлэх замаар олон нийтэд танилцуулдаг байсан боловч мэдээллийг татаж ашиглахад бэрхшээл тулгарч байгаа тухай хэрэглэгчдийн гомдол хүсэлтийг шийдвэрлэхийн тулд дээрх цахим системийг нэвтрүүлсэн байна. 

АСХ нь одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд хоёр төрлийн тайлан хүлээн авдаг байна. Үүнд, улс төрийн намын санхүүгийн жилийн эцсийн тайлан болон сонгуулийн тайлан тус тус хуульд заасан хугацаанд цахимаар хүлээн авч хянах ажиллагааг явуулдаг аж. Transparency Register  цахим системээс хувь хүн болон хуулийн этгээдийн нэрээр улс төрийн санхүүжилтийн зорилгоор өгсөн хандивыг шүүн шалгах боломжтой. Үүнд зөвхөн улс төрийн нам төдийгүй улс төрийн зорилгоор хандив хүлээж авсан гуравдагч этгээдүүд ч багтана. Хууль туссан өөрчлөлттэй холбоотой намууд сонгуулийн үеэр хүлээн авсан хандиваа хүлээн долоо хоногийн дотор мэдээлж, түүнийг АСХ 24 цагийн дотор олон нийтэд мэдээлэх үүрэг хүлээж болжээ. Сонгуулийн бус үед хүлээж авсан тайлангийн мэдээллийг олон нийтэд 10 хоногийн дотор танилцуулж мэдээлдэг байна. Хуулиар улс төрийн санхүүжилтээ тайлагнах үүрэг хүлээсэн этгээд санхүүгийн тайлангаа E-returns хэмээх платформ ашиглан, тухайн платформ дээр бүртгэлтэй төлөөлөгчөөрөө дамжуулж илгээх бөгөөд мэдээллийг АСХ-ны Customer Relationship Management (CRM) platform ашиглан хянаж баталгаажуулсны дараа Transparency Register дээр байршуулан нийтэлдэг.

АСХ-ны зүгээс намууд хуулийн хүрээнд тайлангаа хүргүүлсэн эсэх болон хяналт шалгалтын үр дүнгийн талаар олон нийтэд тайлагнаж мэдээлэх үүрэгтэй аж.

АСХ-ын зүгээс танилцуулга хийсний дараа Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны төлөөллөөс асуулт асуун хэлэлцүүлэг өрнүүлэв. Үүнд, улс төрийн санхүүжилтийн хяналт хэрэгжүүлэхтэй холбоотой бусад төрийн байгууллагуудтай мэдээлэл солилцож хамтарч ажилладаг эсэх, улс төрийн намуудад хэдэн харилцах данстай байхыг зөвшөөрдөг болон хүний нөөцийн талаар асуултууд тавьсан юм. Эдгээрт өгсөн хариултыг тоймловол:

Одоогийн байдлаар АСХ бусад төрийн байгууллагуудтай улс төрийн санхүүжилтийн хяналт хэрэгжүүлэх хүрээнд мэдээлэл солилцдоггүй боловч тагнуул, үндэсний аюулгүй байдлын агентлагуудын төлөөлөл оролцсон Electoral Integrity Assurance Taskforce буюу сонгуулийн шударга байдлын баталгааг хангах ажлын хэсэг сонгуулийн болон сонгуулийн бус үеэр тогтмол уулзан ажилладаг.

Улс төрийн санхүүжилтийн бүртгэл нь олон нийтэд нээлттэй өгөгдөл тул бусад төрийн байгууллагуудаас заавал албан ёсоор хүсэлт гаргах шаардлагагүй танилцах боломжтой. Харин АСХ-ны зүгээс тайланг хянахдаа AusTRAC – (the Australian Transaction and Analysis Centre and AML/CTF regulator)-ийн өгөгдөлтэй харьцуулж дүн шинжилгээ хийдэг байна.

  • Улс төрийн намын санхүүгийн тайлан хянахад
    • АСХ бие даасан хяналт хийдэг. Хөндлөнгийн аудитын хийсэн хяналт, дүгнэлтийг нэмэлт эх сурвалж болгон ашигладаг.  
    • АСХ ны Улс төрийн намын санхүүжилтийн хяналтын хэлтэс нь 16 ажилтантай. Ил тод байдлыг хангах, өгөгдлийг харьцуулж хянах баг мөн давхар ажиллах бөгөөд 3 ажилтантай. Хуулийн хүрээнд улс төрийн санхүүжилтийн тайлан гаргах үүрэгтэй этгээд бүгд бүртгүүлэн тайлангаа хүргүүлж буй эсэх, гадаадын хуулийн этгээд хандив өгч буй эсэхийг  эсэхийг хянах  үүрэгтэй Хуулийн хэрэгжилтийг хангах баг нь 4 ажилтантай аж.

Одоогоор АСХ нь шинэчлэгдсэн хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах ажлын хүрээнд шинэ цахим систем хөгжүүлж байна.

Уулзалтад оролцсон СЕХ-ны мэргэжилтнүүдийн зүгээс Австралид намууд хэдэн харилцах данстай байж болдог, хяналт хийхэд ямар бэрхшээл тулгардаг талаар асуухад одоогийн хуулиар хэд хэдэн данстай байж болох бөгөөд Холбооны түвшний сонгуулийн зардлын нэг данстай байхыг шаарддаг. Гэвч шинэ хуулийн хүрээнд зардлын дээд хязгаар гэх мэт зохицуулалт туссантай холбоотой хяналт тавих асуудал өргөжиж буй тул зарим бэрхшээл тулгарч болзошгүй байгаа талаар санал солилцов.

АСХ-ын хувь эрсдэлд суурилсан хяналт шалгалт явуулах бөгөөд хуульд тодорхой хугацаа заагаагүй. Зөрчил илэрсэн тохиолдолд эхний ээлжинд сануулах арга хэмжээ авах бөгөөд алдаагаа залруулах 14 хоногийн хугацаа олгоно. Энэ хугацаанд алдаа, зөрчлөө залруулаагүй бол хууль хяналтын байгууллагад зөрчлийг хянан шалгуулж хариуцлага тооцуулахаар шилжүүлдэг байна.