Засгийн газар болон нийслэл Улаанбаатар хотоос 2024-2040 он хүртэл хугацаанд нийт 38 мега төслийг хэрэгжүүлэхээр зарласан. Эдгээр төслийн эдийн засгийн үндэслэл, нийгмийн үр нөлөө, хэрэгжилтийн явц, санхүүжилтийн үндэслэл, хууль эрх зүйн дагалдах процесс, олон нийтэд нээлттэй байдлын түвшний зураглалыг Нээлттэй нийгэм форумын захиалгаар судлаач А.Батпүрэв боловсруулсныг танилцуулах уулзалтыг 2025 оны 10-р сарын 9-ний өдөр зохион байгууллаа. Уулзалтад Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, УИХ-ын Тамгын газрын Төсвийн хяналт шинжилгээний хэлтэс, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Сангийн яам зэрэг төрийн байгууллага, Нийслэлийн МАН-ын хороо, 20 минутын хот хөгжлийн төв, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцлоо.
Засгийн газрын болон нийслэлийн мега төслүүдийн мэдээллийг олон нийт нэг дороос үзэх боломжтой мэдээллийн цахим санг Нээлттэй нийгэм форумаас бий болгохоор зорьж буй бөгөөд эхний ээлжинд 38 мега төслийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр нөлөө, хэрэгжилт, санхүүжилт, хууль эрх зүйн дагалдах процесс, мэдээллийн ил тод байдлын түвшинд хийсэн зураглалыг инфографик хэлбэрээр цахим санд байршууллаа. Цаашид төслүүдтэй холбоотой сүүлийн үеийн мэдээллийг энэхүү санд нийтлэхээр төлөвлөж байна.
Засгийн газар болон нийслэл Улаанбаатар хотоос зарласан нийт 38 мега төслийн нэгдсэн зураглал нь төрийн болон орон нутгийн түвшинд томоохон төсөл хэрэгжүүлэх бодлогын төлөвлөлт, хэрэгжилтийн чадавхад олон талын дутагдал, сорилт байгааг харуулж байгааг судлаачийн зүгээс онцоллоо. Open Contracting for Infrastructure Data Standard (OC4IDS), мөн Олон улсын валютын сангийн Public Investment Management Assessment (PIMA) аргачлалд тулгуурлан төсөл тус бүрийн өгөгдлийг нэгтгэж, ерөнхий үнэлгээ хийхэд дараах нийтлэг төлөв ажиглагджээ. Үүнд:
- Төсөл хэрэгжилтийн байдал хангалтгүй байгааг анхаарах шаардлагатай. Засгийн газрын төслүүдийн тал орчим нь хэрэгжиж эхэлсэн ч дийлэнх нь он удаан жилээр яригдсан, үлдсэн хэсэг нь чухам хэзээ хэрэгжих нь тодорхойгүй байна. Нийслэлийн төслүүдийн ихэнх нь зөвхөн судалгаа, бэлтгэл, төлөвлөлтийн шатанд буюу нэг ч төсөл бүрэн хэрэгжилтийн шатандаа ороогүй байна. Энэ байдал нь нийслэлийн мега төслүүд 2040 он хүртэл хэрэгжихээр төлөв харагдаж байна.
- Ил тод байдал хангалтгүй байх дутагдал төсөл бүрд ажиглагдаж байна. Үйл ажиллагааны тайлан нийт төслийн 92 хувьд байхгүй, сонгон шалгаруулалтын мэдээлэл төслийн талаас илүү хувьд ил биш, олон нийттэй хийсэн хэлэлцүүлэг, нутгийн иргэдтэй байгуулсан зөвшилцлийн баримт бичиг бараг бүх төслийн хувьд бүртгэгдээгүй байна. Энэ нь төслүүдийн үр ашиг, хариуцлагын тогтолцоонд эргэлзээ үүсгэж, хөрөнгө оруулагч болон иргэдийн итгэлийг алдагдуулах эрсдэлтэй.
- Санхүүгийн баталгаа сул буюу зарласан төслүүдийн дийлэнх нь багцаа эсвэл урьдчилсан ТЭЗҮ-ээр тооцсон төсөвтэй ч тухайн төсвийн эх үүсвэр тодорхойгүй, баталгаажаагүй байна. Тодруулбал, нийт 23.2 их наяд төгрөгийн төсөв бүхий Засгийн газрын 9 төсөл, 38.8 их наяд төгрөгийн төсөв бүхий нийслэлийн 14 төсөлд санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй хэвээр байна.
- Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, менежментийн тогтолцоо сул, төслийн дийлэнх олонхын хувьд энэ чиглэлийн үнэлгээ, төлөвлөгөө хийгдээгүй эсвэл бүртгэгдээгүй байна. Үүнээс үүдэн мега төслүүдийн хэрэгжилт байгаль орчны хууль, тогтоомж, олон улсын хэм хэмжээтэй зөрчилдөх эрсдэлтэй.
- Энэхүү тойм зураглалын үр дүн нь Монгол Улсад томоохон төсөл хэрэгжүүлэх институцийн чадавх, бодлогын уялдаа холбоо, хөрөнгө оруулалтын орчны итгэлцлийн түвшин, хяналт-шинжилгээ, тайлагналын стандарт зэрэг систем сул байгааг харуулж байна.
Зураглалд үндэслэн цаашид мега төслүүдийн менежментийг сайжруулах чиглэлээр судлаачид дараах зөвлөмжийг дэвшүүллээ. Үүнд:
I. Бодлогын уялдаа, төлөвлөлтийн чанарыг сайжруулах:
- Төслүүдэд хөгжлийн бодлогын баримт бичгийн үе шат, шаардлагыг бүрэн дагаж мөрдөх;
- Мега төслүүдийг Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн заалтын дагуу үндэсний болон салбарын хөгжлийн баримт бичгүүдтэй уялдуулан батлах;
- Зорилго, үр дүн, шалгуур үзүүлэлт, эрсдэл, санхүүжилтийн загвар зэрэг элементүүдийг бүрэн тодорхойлж, бодлогын баримт бичигт тусгах;
- Нэгдсэн дүн шинжилгээ, эрэмбэлэлтийн тогтолцоог хэрэгжүүлэх;
- Мега төслүүдийг төсвийн хүрээнд уялдуулах “нэг цонхны үнэлгээний тогтолцоо” бий болгож, техникийн үндэслэл, санхүүжилтийн чадавх, нийгмийн хэрэгцээ зэргээр эрэмбэлэх журам хэрэгжүүлэх;
- УИХ ба НИТХ-аар төслийг хэлэлцэн батлах эрх зүйн зохицуулалтыг чанд мөрдүүлэх;
- Нийслэлийн төслүүдийг албан ёсны баримт бичгээр баталгаажуулахгүйгээр хэрэгжүүлэхээс татгалзах.
II. Ил тод байдлыг системчилсэн шинэчлэлээр бататгах:
- Төслийн мэдээллийн ил тод, нээлттэй байдал, олон нийтийн оролцоог хангаж “нийгмийн зөвшөөрлийг” бататгах чиглэлээр хууль, журмыг боловсронгуй болгох; Энэ хүрээнд төслийн анхан шатнаас орон нутгийн иргэд, мэргэжлийн холбоод, ТББ-уудыг оролцуулах олон нийтийн хэлэлцүүлэг, зөвшилцлийг хуульчилж, баримтжуулах FPIC30 зарчмыг хэвшүүлэх;
- OC4IDS ба PIMA стандартуудыг эрх зүйн түвшинд нэвтрүүлж, нээлттэй өгөгдлийн олон улсын стандартыг мөрдүүлэх;
- Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, салбарын яамд зэрэг байгууллагууд хуулийг хэрэгжүүлж, төслүүдийн иж бүрэн мэдээллийн санг бүрдүүлэх, нийтэд ил болгох, хэлэлцүүлэх үүргийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх;
- Хөгжлийн бодлогын мэдээллийн нэгдсэн сантай уялдуулан мега төслүүдийн тусгай мэдээллийн платформ (dashboard) байгуулж, төслийн хэрэгжилтийн мөчлөгийн бүх үе шатыг олон нийтэд ил тод байлгах.
III. Санхүүжилтийн баталгаат байдлыг сайжруулах:
- Санхүүжилтийн эх үүсвэрийг баталгаажуулж байж төслийг батлах журам хэрэгжүүлэх;
- Санхүүгийн эх үүсвэр нь тодорхойгүй, баталгаажаагүй төслийг хөрөнгө оруулалтын хөтөлбөрт хамруулахгүй байх зарчмыг хуулиар тодорхой болгох;
- Эх үүсвэр болон үр өгөөж тодорхойгүй төслүүдэд ТЭЗҮ, эрсдэлийн үнэлгээ хийх зардлыг төсөвт тусгах үйл ажиллагааг хязгаарлан, шаардлага, шалгуурыг сайжруулах;
- Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдэд тусгайлсан үнэлгээний аргачлал (Value- for-money г.м) нэвтрүүлж, төслийн урт хугацааны нийгэм, эдийн засгийн үр өгөөж, нийт зардал, санхүүгийн эрсдэл зэргийг харгалзан шалгаруулах, сонгон шалгаруулалтын үр дүн, гэрээний нөхцөл, ханган нийлүүлэгчийн мэдээллийн нийтэд ил тод байдлыг сайжруулах.
IV. Хариуцлагын тогтолцоо, хяналтын механизмыг сайжруулах:
- Төслийн хэрэгжилтийн явцын тайланг улирал эсвэл хагас жил тутам, гэрээний гүйцэтгэлийг жил бүр олон нийтэд мэдээлэх үүргийг төсөл хэрэгжүүлэгчдэд хүлээлгэх;
- Хяналт-шинжилгээ, аудитын үр дүнг төслийн санхүүжилтийн үндсэн шалгуур болгох;
- Бүх мега төсөлд байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, менежментийн төлөвлөгөө заавал боловсруулж, олон нийтэд тайлагнах хуулийн үүргийг илүү тодорхой болгож хэрэгжүүлж хэвшүүлэх.
Судалгааны тайлантай эндээс танилцана уу.
Мега төслийн зураглалын уулзалтад оролцогсдын зүгээс дараах асуудлыг онцоллоо. Үүнд:
- Засгийн газар болон нийслэлээс хэрэгжүүлэх төслийн сонголт оновчгүй байгаа нь авлигын эрсдэлийг бий болгож байгааг анхаарах;
- Олон тооны ТЭЗҮ судалгааг ихээхэн хэмжээний санхүүжилтээр хийж байгаа боловч ихэнх судалгаа төсөл болж хэрэгжээгүй байгаад анхаарах;
- ТЭЗҮ баталдаг субъект маш олон болсныг цэгцлэх, ТЭЗҮ хийх зардлыг хяналттай болгох;
- Засгийн газраас хэрэгжүүлэх төслийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох аргачлал бий болгох, Эдийн засаг, хөгжлийн яам бүх том төслийг үнэлдэг болох;
- Мега төсөлд төр, иргэн, аж ахуйн нэгж хэрхэн оролцох талаар хууль эрхзүйн зохицуулалт бий болгох;
- Ямар төслийн мэдээллийг ил болгох талаар хууль эрхзүйн зохицуулалт бий болгох;
- Мега төслүүдийг эрэмбэлэх, төслийг бэлэн болсны дараа ЗГ олон нийтэд зарлах;
- Төслийн нэгжийн үүргийг тодорхой болгох;
- Том төсөл хэрэгжсэн боловч ашиглагдахгүй байгааг анхаарах. Жишээ нь Эрдэнэс таван толгойн логистикийн төв ашиглалтад орсон боловч нүүрс ачилт хийгдээгүй байна.
- Монгол Улсын хөгжлийн 5 жилийн үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны 4 жилийн хөтөлбөрийн давхардлыг арилгах;
- Нийслэл ирэх оны төсвийн мэдээллээ ил болгох;
- Авлигатай тэмцэх газрын зүгээс УИХ-ын гишүүдэд авлигын эсрэг сургалт хийх тус тус болно.