"Улсын төсвийн хөрөнгө оруулалтад анхаарах асуудал" сэдэвт хэлэлцүүлэг боллоо

A- A A+

Улсын төсвийн хөрөнгө оруулалтад анхаарах асуудлаарх хэлэлцүүлгийг Нээлттэй нийгэм форумаас 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт тус байгууллагын захиалгаар “Зэт Файнаншил энд Инвестмент Консалтинг” ХХК-ийн судалгааны багийн зүгээс хийсэн “2020-2024 онд эхэлсэн улсын төсвийн хөрөнгө оруулалтын судалгаа”, судлаач Д.Баярмаа “Монгол Улсын 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын төсөл ба батлагдсан төсвийн харьцуулсан шинжилгээ”-ний дүнг тус тус танилцуулж, улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлт, хэрэгжилт, хяналтыг оновчтой болгох чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлэгт Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын газар, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар, Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газар, Шадар сайдын Ажлын алба, Авлигатай тэмцэх газар, Монголын барилгачдын нэгдсэн холбоо болон иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо. 

Улсын төсвийн хөрөнгө оруулалт нь Засгийн газрын зүгээс дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах зэрэг замаар эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын чухал хэрэгсэл юм.

Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдэж байна. Тухайлбал, хөрөнгө оруулалтын зардал 2020 онд 1.3 их наяд төгрөг байсан бол 2024 онд 3.8 их наяд төгрөг болжээ. Хөрөнгө оруулалтын төслүүд холбогдох хуульд заасан төлөвлөлтийн шаардлагыг хангахгүй байх, хэрэгжилт удаашрах, улмаар төсөвт өртөг нэмэгдэх зэрэг асуудал гарч байгааг төрийн аудитын дүгнэлт болон иргэний нийгмийн зүгээс хийсэн ажиглалт, судалгаанаас харж болно. Ийнхүү төсвийн хөрөнгө оруулалт, төлөвлөлт оновчтой бус, үүнээс улбаалан хэрэгжилтийн явцад  төслүүдийн өртөг зардал өсөн нэмэгдэж байгаа нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр нөлөөг бууруулахад хүргэж ирлээ.

Засгийн газраас улсын төсвийн хөрөнгө оруулалтад 2020-2024 онд нийт 10.4 их наяд төгрөг зарцуулсан байна. Иймээс улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлт, хэрэгжилт сүүлийн жилүүдэд ямар түвшинд байгааг судлах зорилгоор Нээлттэй нийгэм форумын захиалгаар “Зэт Файнаншил энд Инвестмент Консалтинг” ХХК-ийн А.Мөнхцог ахлагчтай судалгааны баг Монгол Улсын  төсвийн санхүүжилтээр 2020-2024 онд эхэлсэн хөрөнгө оруулалтын судалгааг хийж, манай улс төсвийн хөрөнгө оруулалт хийхэд ашиглаж буй аргачлалыг олон улсын аргачлалтай харьцуулж, улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, төлөвлөлт болон хэрэгжилтийн уялдааг сайжруулахад чиглэсэн зөвлөмж боловсруулсан юм.

Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг зөвхөн тоон гүйцэтгэлээр бус, эдийн засаг, нийгмийн бодит нөлөөллөөр хэмжих шаардлага улам бүр нэмэгдэж байгаа болон хөрөнгө оруулалтын бодит үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд төсөл сонголт, төлөвлөлтийн ил тод байдал, гүйцэтгэлийн хяналт, бодлогын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай зэрэг олон асуудлыг судалгааны багийн зүгээс онцолжээ.

Судалгааны тайлантай эндээс танилцана уу.

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг Засгийн газар 2025 оны 9 дүгээр сарын 1-нд УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-иас уг хуулийг 2025 оны 11 дүгээр сарын 12-нд баталсан билээ. Монгол Улсын 2026 төсвийн төсөл болон батлагдсан төсөвт туссан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдэд ННФ-ын захиалгаар судлаач Д.Баярмаагийн хийсэн харьцуулсан дүн шинжилгээгээр 2026 оны төсвийн төсөлд тусаагүй байсан хөрөнгө оруулалтын 155 шинэ төслийг УИХ-аас 2026 оны төсөвт нэмж баталсан байна. Зам, тээврийн сайд, Боловсролын сайд, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын багцад хамгийн олон төслийг УИХ-аас нэмжээ.

Дүн шинжлгээний тайлантай эндээс  танилцана уу.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтад анхаарах асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогсдын зүгээс дараах асуудлыг онцоллоо. Үүнд:

  • Улсын төсвийн төсөлд УИХ-аас нэмсэн төслүүдэд үнэлгээ хийх журам бий болгох асуудлыг УИХ-ын Дэгийн тухай хуульд тусгах;
  • Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд Эдийн засаг, хөгжлийн яамны үүрэг, оролцоог нэмэгдүүлэх;
  • Жилийн төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралт дахь Төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрэх үр дүнгийн үзүүлэлтүүдийг шаардагдах зардалтай нь хамт тусгадаг болох;
  • Төсвийн хөрөнгө оруулалтаар олон тооны цахим аппликэйшн хөгжүүлж, санхүүжилт олгосон боловч зарим аппликэйшн огт ашиглагдахгүй байгаад хяналт хэрэгжүүлж, зохих арга хэмжээг авах;
  • УИХ-ын сонгуулийн жилд төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ огцом өсч, олон тооны жижиг төсөлд бага хэмжээний хуваарилалт хийж, дараа жилүүдийн төсөвт ачаалал нэмж байгааг анхаарах;
  • ТЭЗҮ-ийн судалгаа хийх хөрөнгө оруулалтын хэмжээ эрс өсч байна. ТЭЗҮ-ийн  судалгааны төслүүдийн гүйцэтгэл, хийгдсэн ТЭЗҮ-ийн  судалгааны төслүүдийн  хэд нь бодит төсөл болсон талаар судалгаа, мэдээллийг Засгийн газрын зүгээс ил болгох;
  • УИХ-ын зүгээс гаргасан төсвийн зөрчилд хариуцлага тооцох зохицуулалт бий болгох. Үүнд, Үндэсний аудитын газар УИХ-ын харьяа байгууллага боловч УИХ төсвийн хууль, тогтоомжийг зөрчсөн тохиолдолд УИХ-д хариуцлага тооцдог болох;
  • Төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэхдээ Төсвийн ерөнхийлөн захирагчид  ямар мэдээлэл өгөх талаар Төсвийн тухай хуульд тусгах;
  • Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, тайлагналыг нийцүүлж, сайжруулах;
  • Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдуулах;
  • Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн төлөвлөлтийг сайжруулах;
  • Төсвийн төсөл хэлэлцэхдээ өмнө батлагдсан Төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулсаар байгааг зогсоох;
  • Аль салбарт улсын төсвөөс хөрөнгө оруулахыг тодорхой болгох;
  • Хөрөнгө оруулалтын төслүүдийн ач холбогдлын эрэмбийг ЭЗХЯ тогтоох;
  • Хувийн салбар хийх боломжтой төслүүдийг төсвөөс санхүүжүүлэхгүй байх. Жишээ нь нийслэлээс орон сууцны төслүүд хэрэгжүүлж байгаа нь зохисгүй юм.
  • Төсвийн зарлагын зөрчил гаргасан боловч ажлаас гарсан албан тушаалтанд хариуцлага тооцох зохицуулалт бий болгох;
  • Чөлөөт бүс байгуулах ажил удааширч байгаад анхаарах;
  • Төсвийн хөрөнгө оруулалтын төслийн өртгийг Захиалагч нэмэгдүүлэх асуудлын зохицуулалтыг бий болгох;
  • Төсвийн ерөнхийлөн захирагчид үр дүнгээ төлөвлөлттэйгөө харьцуулан тайлагнах;
  • Хүн амын нутагшил, суурьшлын бүсийг тодорхойлох;
  • Улаанбаатар хотыг 14 хот болгон хуваах нь нийгэм, эдийн засгийн ач холбогдолгүй гэдгийг анхаарах;
  • Төсвийн хөрөнгө оруулалтын төслийн элэгдэл тооцох, мэдээллийг ил болгох;
  • Төсвийн хариуцлагыг дээшлүүлэхэд Үндэсний аудитын газраас иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах тус тус болно.

********