Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийтийн баялгийн зохистой удирдлагыг дэмжих, хөгжлийн бодлогыг оновчтой тодорхойлоход хувь нэмэр оруулах, үүнд судлаачид, иргэний нийгмийн бүтээлч оролцоог дэмжих үүднээс бодлогын судалгаа, шинжилгээг дэмжиж ирлээ. Энэ хүрээнд шийдвэр гаргах үйл явцыг судалгаа, дүн шинжилгээнд суурилсан олон талт мэдээллээр хангахыг зорьдог бөгөөд энэ удаа дор дурдсан асуудлаар бодлогын судалгаа, шинжилгээний төслийн шалгаруулалт зарлаж байна.
- Төсвийн ил тод байдлыг сайжруулах чиглэлээр баталж гаргасан хууль, тогтоомжийн холбогдох зүйл заалт, үндэсний хөтөлбөрүүдэд улс, орон нутгийн төсвийн ил тод байдал, удирдлагын чиглэлээр туссан зорилтуудын хэрэгжилтийн дүн шинжилгээ
- Нээлттэй засгийн түншлэлийн 2024-2027 оны Үндэсний үйл ажиллагааны 5 дугаар төлөвлөгөөний Зорилт 5-ын хүрээнд улс, орон нутгийн төсвийн ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас авсан амлалтуудын хэрэгжилтийн шинжилгээ
- Засгийн газраас 2020 оноос хойш хөгжүүлсэн цахим системүүдийн зорилго, үр нөлөө, зарцуулсан төсөв, үр ашиг, гүйцэтгэгч сонгон шалгаруулалтын судалгаа хийх, газрын мэдээллийн egazar.gov.mn цахим систем газар олголтын хувьд дэвшүүлсэн зорилгодоо хүрч байгаа эсэхэд шинжилгээ хийх
- Улс, орон нутгийн төсвийн худалдан авах ажиллагааны процессын зураглал хийх, худалдан авах ажиллагааны авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж боловсруулах
- Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн дагуу Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, арчлалтын санг аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэд байгуулж, аймаг, нийслэлийн төсвийн бүрэлдэхүүнд оруулах зохицуулалтын үр дагаврын шинжилгээ
- Нийслэлийн бонд гаргалт Төсвийн тухай хуулийн төсөв нэгдмэл байх зарчимд нийцэж буй эсэхэд дүн шинжилгээ хийх
- Мега төслийн санхүүгийн мэдээллийн ил тод байдлын үнэлгээ
- Дунд хугацааны хөгжлийн бодлого буюу Хөгжлийн зорилтот хөтөлбөр боловсруулах үйл явцын шинжилгээ: Ил тод, нээлттэй байдал, бүх талын оролцоог хангах, судалгаа шинжилгээнд үндэслэх зарчмын хэрэгжилтийг тодорхойлох
- ТӨК-ийг худалдан авах ажиллагааны төлөвлөлтийн үйл явцад шинжилгээ хийх
- Уул уурхайн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын мэдээллийн ил тод байдалд үнэлгээ хийх
- Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилт: Хууль тогтоомжийн төсөлд эрх зүйн дүгнэлт өгөх үйл явцад шинжилгээ хийх
Судлаач, судалгааны багт тавигдах шаардлага:
- Судлах асуудал, судалгааны ажлын цар хүрээнээс шалтгаалан бие даасан судлаачаас гадна судалгааны байгууллага, судлаачдын баг төслийн уралдаанд оролцож болно.
- Судалгаа, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай байх.
- Сонгон авсан сэдвээр болон төстэй асуудлаар судалгаа хийж байсан бол давуу тал болно.
- Судлаач нь сонгон авсан сэдвээр хараат бусаар бодлогын судалгаа хийхэд аливаа ашиг сонирхлын зөрчилгүй буюу нийтийн ашиг сонирхлын үүднээс судалгаа, шинжилгээ хийх эрмэлзэлтэй байх.
Судалгааны төслийн баримт бичиг:
- Судалгааны сэдэв, цар хүрээ, зорилго, арга зүй, төсөв, хугацаа зэргийг багтаасан төслийг ННФ-ын судалгааны төслийн маягтын дагуу боловсруулсан байх шаардлагатай бөгөөд маягтыг дараах холбоосоор татаж авна уу. Cудалгааны төслийн маягт
Судалгааны төслийн санал ирүүлэх хугацаа, хаяг:
Судалгааны төслийн баримт бичгийг 2026 оны 5-р сарын 1-ний Баасан гарагийн 17 цагаас өмнө Нээлттэй Нийгэм Форумын [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.
Санамж: Судалгааны саналыг зөвхөн цахимаар хүлээн авах ба дээрх чиглэлүүдээс сонгосон чиглэлийнхээ нэрийг и-мэйлийн Subject хэсэгт бичиж илгээнэ үү.


