Нээлттэй нийгэм форум Монголын Хуульчдын холбоотой хамтран Захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаанд иргэний оролцооны шаардлагыг хангах чиглэлээр төрийн захиргааны төв болон бусад байгууллагын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, захиргааны байгууллагаас гаргах шийдвэрт нийтийн ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх арга замыг таниулах, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг бий болгох зорилгоор яам, агентлагуудын хуульч нарт зориулсан сургалт, хэлэлцүүлгийг 2026 оны тавдугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа.

Сургалт, хэлэлцүүлгийг нээж Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг нар үг хэлсэн бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн Т.Мөнх-Эрдэнэ “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа: Захиргааны акт, Захиргааны хэм хэмжээний акт, Төлөвлөлт” сэдвээр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Урангуа “Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах: Захиргааны хэргийн шүүхийн процесс” сэдвээр, Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Б.Энхчимэг “Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах: Кэйс судлал” сэдвээр тус тус сургалт орлоо.

Тус хэлэлцүүлгээр захиргааны хэм хэмжээний акт, төлөвлөлтийн эрх зүйн асуудал, нийтийн ашиг сонирхлыг тодорхойлох онол арга зүйн асуудал, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах, хууль тогтоомжийн төсөл судалгааны тайлангийн асуудлаар санал солилцсон юм.

Энэхүү сургалт, хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялагийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Зам тээврийн яам зэрэг 13 яамны 60 орчим төлөөлөл хамрагдлаа.


