Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үйл явцад (1) хэвлэл мэдээллийн мониторинг, (2) сонгуулийн автоматжуулсан системийн мониторинг, (3) сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторинг, (4) нийгмийн сүлжээн дэх сонгуулийн сурталчилгааны мониторинг, (5) санал хураах, дүнг гаргах үйл явцын ажиглалт гэсэн таван чиглэлээр мониторинг хийн хяналт тавьж эхлээд байна.
ЗАЛУУС САНАЛ АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХӨНДЛӨНГИЙН АЖИГЛАЛТ ХИЙЛЭЭ
Төрийн бус байгууллагын 107 ажиглагчийн ирүүлсэн мэдээллийг нэгтгэн үзвэл 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах, тоолох, дүнг гаргах, хяналтын тооллогын үйл явц хуулийн хүрээнд явагдсан ба сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гарааагүй гэж дүгнэж байна. Ажиглалт хийсэн хэсгийн хороод дээр зохион байгуулалтын болон тохиолдлын чанартай зөрчлүүд гарсан ч энэ нь санал тооллогын дүнд сөрөг нөлөө үзүүлээгүй байна.
Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн Бодлогод залуусын хяналт ТББ-ын 107 ажиглагч 2021 оны 6-р сарын 9-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн cанал хураах, тоолох, дүнг гаргах үйл явц Сонгуулийн тухай хуулийн дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавьлаа.
Ажиглалтыг нийт 57 хэсгийн хороонд зохион байгуулснаас нийслэлийн 48, Баянхонгор, Дархан-Уул, Төв, Увс аймгуудын 5 хэсэгт тасралтгүй зохион байгуулсан.
Санал авах байр, орчин
Санал авах байрны орчин, дотоод зохион байгуулалт, аюулгүй байдал, сонгогчийн бүртгэл дэх зургийг нийтэд үзүүлэх дэлгэцийг бэлдсэн зэрэг хэсгийн хороодын зохион байгуулалт сайн байсан ч дараах дутагдлууд ажиглагдсан. Үүнд:
- Ажиглалт хийсэн 5 хэсгийн хороонд санал өгөх бүхээгийн ард хяналтын камер байрлуулсан байсан ба энэ нь саналын нууцлал алдагдах эрсдэл үүсгэх магадлалтай гэж үзсэн тулд СЕХ-нд гомдол гаргаж мэдээлсэн. Энэ дагуу СЕХ шалган үзээд 3 камерын байршлыг өөрчилж, нууцлал алдагдахаас сэргийлсэн бөгөөд 2 камерыг өөрчлөх боломжгүй ба камерын дуранг халхлахыг хэсгийн хороодод сануулжээ.
- Тэргэнцэртэй иргэдийг зорчих налуу замыг хэсгийн хороодын 24-т нь буюу 42%-д нь урьдчилан бэлтгээгүй байсан. Эдгээр санал авах байрууд нь 2, 3 давхарт байрлаж байсан нь тэргэнцэртэй иргэд саналаа өгөхөд хүндрэл учруулжээ.
- ТББ-ын ажиглагчдыг санал авах үйл явцыг саадгүй ажиглах боломжийг 8 хэсэгт бүрдүүлээгүй бөгөөд сонгогчийн бүртгэлийн дэлгэцээс хол суух, хэсгийн хорооны үйл ажиллагааг бүрэн ажиглах боломж олгоогүй зөрчил гарлаа.
Санал хураах үйл явц:
Ажиглалт явагдсан хэсгийн хороодын санал хураах үйл явцыг ерөнхийд нь дүгнэхэд хуульд заасан журмын дагуу хэвийн явагдсан. Хэсгийн хороод хуульд заасан цагт санал авах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд зарим газарт санал авах төхөөрөмжийг угсрах, ажиллуулах зэрэгт их цаг зарцуулсны улмаас хожимдож эхлүүлсэн тохиолдол гарав.
Санал авах ажиллагааг зохион байгуулах хэсгийн хорооны зохион байгуулалттай холбоотой дараах зөрчил, дутагдлууд гарсан байна. Үүнд:
- Сонгогчийн саналын нууцлалыг хангах хавтсыг ашиглаагүй гэж 46 ажиглагч мэдээлжээ. Ажиглагчдын тайлангаас нэгтгэж үзвэл 5000 гаруй иргэн саналын хуудсаа төхөөрөмжид уншуулахдаа зориулалтын хавтас ашиглаагүй байна. Энэ зөрчлийг арилгах шаардлагыг ажиглагчдаас хэсгийн хороодод тавьсан боловч зарим хэсгийн хороо хүлээж аваагүй. Хэсгийн хорооны зүгээс КОВИД-19-ын халдвар дамжих эрсдэлтэй тул хавтас ашиглахгүй байж болно гэсэн тайлбарыг өгч байв.
- Хан-Уул дүүргийн 7 хэсэг, Сүхбаатар дүүргийн 2 хэсэг, Баянзүрх дүүргийн 1 хэсэг ариутгал хийх шалтгаанаар санал авах ажиллагааг 5-40 хүртэл минут завсарлуулсан. Хан-Уул дүүргийн 1 хэсэгт 55 минут санал авах ажиллагааг завсарласан тохиолдол гарчээ. Санал хураалт завсарласан асуудлыг тухай бүр СЕХ-нд мэдэгдсэн бөгөөд СЕХ-ноос зөрчлийг арилгах талаар хэсгийн хороодод шаардлага тавин ажилласан боловч Хан-Уул дүүргийн 1 хэсэг санал хураалтыг дахин завсарлуулж зөрчлийг арилгаагүй байна.
- 15 ажиглагч буруу сонгогч буруу тэмдэглэгээ хийсэн саналын хуудсыг тухай бүр хайчилж хүчингүй болгох журмыг зөрчсөн гэж мэдээлэв.
- Сонгогчдын зүгээс КОВИД-19-ын халдвар тарах эрсдэлтэй гэж үзэн саналын хуудасны хавтсыг хэрэглэхээс татгалзах, санал тоолох төхөөрөмжид саналын хуудсыг уншуулах талаар мэдлэггүйгээс туслалцаа авах үедээ саналаа хэсгийн хорооны ажилтанд харуулах гэх мэт тохиолдол мөн гарсан ба ийнхүү мэдээлсэн 38 ажиглагчлагчийн мэдээллийг нэгтгэн үзвэл 3000 орчим сонгогчийн саналын нууцлал алдагдаж болзошгүй нөхцөл үүсчээ. Мөн 24 ажиглагч 110 гаруй сонгогч санал өгч буй болон саналын хуудасны зургаа авах, саналын хуудсаа бусдад үзүүлэх гэж оролдсон ба эдгээр тохиолдлыг хэсгийн хороо, цагдаагийн албан хаагчид таслан зогсоожээ.
Санал тоолох төхөөрөмж болон хурууны хээ таних төхөөрөмжийн ажиллагаа
Ажиглагчдаас хурууны хээ таних төхөөрөмжийн ажиллагаатай холбоотой ирүүлсэн мэдээллээс үзвэл 57 хэсгээс 9 хэсэгт нь төхөөрөмж гацах, ачаалах, унтрах зэргээр 3-35 минутын хооронд санал хураалтыг явуулаагүй тохиолдол гарчээ. Санал тоолох төхөөрөмжтэй холбоотой ноцтой эвдрэл, гэмтэл гараагүй бөгөөд гэмтэл гарсан тохиолдлуудад мэдээллийн технологийн даамал тухай бүр нь засварлаж, асуудлыг шийдвэрлэжээ.
Санал тоолох үйл явц
Санал тоолох үйл явц болон хяналтын тооллогын үйл явцыг иргэний нийгмийн ажиглагчид тасралтгүй ажиглаж хянав. Ажиглагчдын мэдээлснээр санал тоолохтой холбоотой ноцтой зөрчил дутагдал гараагүй бөгөөд нээлттэй, ил тод явагдсан байна.
Хэсгийн хороодын 91%-д нь санал тоолох ажиллагааны үед санал тоолох төхөөрөмж эвдэрч, гацаагүй, бүх хэсгийн хороодод санал тоолох ажиллагаа завсарлалгүй шууд явагдсан. Зарим тохиолдолд интернэтийн хурдаас шалтгаалж дүн дамжуулах үйл явц 10-30 минутаар хүлээгдсэн тохиолдол гарсан байна.
Нийт хэсгийн хороод төхөөрөмжөөс хэвлэсэн саналын хуудасны дүнг ажиглагчдад өгсөн боловч 9 хэсэг буюу 15%-д нь саналын хуудасны зурган файлыг ажиглагчдад CD дээр хуулж өгөөгүй байна. Үүнийг тайлбарлахдаа улс орон даяар сүлжээ тасарсан учир зурган файлыг хуулах боломжгүй, маргааш очиж төв хороон дээрээс ав зэрэг тайлбарыг хэлжээ.
Хяналтын тооллого
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу санал авах бүх хэсэгт хяналтын тооллого явагдсан. Ажиглагчид 56 хэсэгт явагдсан хяналтын тооллогыг бүрэн ажиглалаа. Хяналтын тооллогын үйл явц 100% ажиглагчдад нээлттэй, ил тод явагдсан.
Хяналтын тооллого дунджаар 4-5 цаг үргэлжилсэн байх бөгөөд сүүлийн ажиглагч өглөөний 4 цаг 47 минутад ажиглалтаа өндөрлөсөн. Цөөн нэр дэвшигч өрсөлдсөн сонгуулийн хувьд энэ нь урт хугацаа бөгөөд удааширсан шалтгаан нь СЕХ-ноос баталсан “Хяналтын тооллогын журам”-д заасан ажиллагааг хэсгийн хороодод харилцан адилгүй хэрэгжүүлснээс үүдэлтэй байна. Тодруулбал, хяналтын тооллогын журамд заасан саналын хуудсыг 25, 25-р нь багцлан дугаарлах ажиллагааг түрүүлж хийлгүй, эхлээд саналыг тоолсны дараа багцалсны улмаас удаашрах тохиолдол цөөнгүй гарсан байна.
Хяналтын тооллого хийсэн нийт хэсгийн хороодод төхөөрөмжөөс хэвлэсэн санал тооллогын дүнтэй зөрөх тохиолдол гараагүй.
Ажиглалт хийхэд учирсан хүндрэл бэрхшээл
Санал авах ажиллагааны бэлтгэл, санал хураах, тоолох, хяналтын тооллогын үйл явцад ажиглагчдад шаардлагатай зарим мэдээллийг дутуу хэлэх, орхих, санал тоолох төхөөрөмжийн гэрчилгээ, серийн дугаарыг тэмдэглэж, мэдээлэл авах, саналын хуудасны зурган файлыг хуулбарлан авах боломжоор зарим хэсгийн хороо хангаагүй. Ажиглагчид хуульд заасан эрхийн үндсэн дээр мэдээлэл авахыг хүсэхэд хэсгийн хороодоос төвөгшөөх, дургүйцэх хандлага үзүүлэх тохиолдол хэд хэд гарав. Ялангуяа, СЕХ-нд ТББ-ын зүгээс гомдол гаргасантай холбогдуулан, тойргийн хорооны дарга болон хэсгийн хорооны ажилтнууд өрөөнд дуудан оруулж загнах, гомдол гаргаснаа тайлбарлахыг шаардах тохиолдол гарсан. Мөн санал тоолох, хяналтын тооллогын үйл явцад иргэний нийгмийн ажиглагчийг оруулцуулахгүй байхаар хуваарь гарган баталсан 1 хэсгийн хороо байсныг шаардлага тавьж, хүчингүй болгуулсан.
Ц. Мандхайхатан
Бодлогод Залуусын Хяналт ТББ
СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫГ ГАРГАХ ҮЙЛ ЯВЦЫГ НАРИЙВЧИЛЖ ЗОХИЦУУЛАХ ШААРДЛАГА БАЙНА
Сүлжээний гишүүн МИДАС ТББ нь сонгуулийн автоматжуулсан системийн мониторингийг 2012 оны УИХ-ын сонгуулиас эхлэн хариуцан хэрэгжүүлсэн билээ. 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар автоматжуулсан системийн нэг бүрдэл хэсэг болох сонгогчдын нэрийн жагсаалтад хяналт тавьж ажиллалаа.
Сонгуулийн хууль тогтоомжийн хүрээнд ажиглалт хийхээр бүртгэгдсэн ТББ-ууд сонгогчдын нэрийн жагсаалттай зөвхөн танилцах бололцоотой бөгөөд тулгалт хийж хянах бололцоо хомс байдаг. Иргэний нийгмийн ажиглагчдын хувьд сонгогчдын нэрийн жагсаалттай “танилцах” эрхтэй боловч бүрэн гүйцэд мэдээлэл авч хянах боломж хомс байна.
Энэ удаагийн сонгуулиар хамгийн олон сонгогчтой Баянзүрх дүүрэгт дараах шалгууруудад үндэслэн сонгогчдын бүртгэлээс мэдээлэл түүвэрлэн авч шалгав. Баянзүрх дүүрэг нь нийт 28 хороотой бөгөөд эдгээрт 103 хэсгийн хороо байгуулагдан ажилласан. Мониторингийн явцад баримтжуулж буй жишээг үзэхэд хаягаар нь очиж шалгах үед сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс цөөн тооны хүн амьдардаг, илүү бүртгэлтэй иргэдийн талаар оршин суугчид нь мэдэхгүй байх, хаяг дээр амьдардаггүй, шилжилт хөдөлгөөн хийхгүйгээр шилжсэн гэх мэт тохиолдлууд нэлээд гарч байна. Тухайлбал:
- Шар хоолойн Халзангийн аманд 4-2 тоотод 19 хүн бүртгэлтэй байсан. Овог нэрсээс нь харахад хамаатнууд байж магадгүй шинж ажиглагдсан. Энэ тоотыг Шар хоолойн амыг дуустал самнаж хайгаад олоогүй. Ойр хавийн айлуудаас нь асуухад мэдэхгүй байсан бөгөөд ихэвчлэн тэндхийн айлууд 2-3 насанд хүрсэн тэтгэврийн голдуу хөгшчүүл байдаг, ийм олон хүнтэй айлыг мэдэхгүй гэж байсан.
- Жанжны 2-58 тоотод 29 хүн бүртгэлтэй байсан. Хаягаар нь очиход эзэнгүй байсан ба эздийнх нь утасны дугаарыг олж ярихад ТББ байдаг бөгөөд 42 хүн бүртгэлтэй байх ёстой гэж байв. Тус хашаанд 1 байшин, 1 хоол цай хийдэг бололтой амбаар байсан бөгөөд 42 хүн амьдардаг шинж огт байгаагүй.
- 17-р хороо Эрдэнэ толгой 29 гудамж 735 тоот {18) Хашаандаа нэг байшин, нэг гэртэй. 60 настай эмээ, өвөө хоёр нь анхнаасаа энэ хаяг дээрээ амьдарч байсан. Энэ хаяг дээрээс хоёр хүн л сонгуульд оролцоно. Манайх хөдөөнөөс шилжиж ирээгүй байгаа. Энэ хаяг дээр байгаа 18 хүнийг танихгүй гэж мэдэгдсэн.
- 9-р хороо Шар хад 58 гудамж 803 тоот 17 хүн бүртгэлтэйгээс 3 нь амьдардаг бусдыг нь танихгүй мэдэхгүй.
- 9-р хороо ээж хайрхан 6 гудамж 127 тоотод 11 сонгогч бүртгэлтэй байсныг очиж нягтлахад хүмүүс нь нүүсэн байсан.
- 9-р хороо Ээж хайрхан 7-р гудамжны 145 тоотод 10 хүн бүртгэлтэй байгааг нягтлахад 3 нь шилжсэн бусад нь хаяг дээрээ байсан.
- 9-р хороо ээж хайрхан 181 тоот 3 гудамж хаяг нь олдоогүй
- 9-р хороо ээж хайрхан 8 гудамж 12 тоот хаягаар очиход айл нь байгаагүй.
Нийслэлийн хэмжээнд хаягжилт замбараагүй байгаа нь сонгогчдын нэрийн жагсаалтыг үнэн зөв гаргахад болон хяналт тавихад бэрхшээл учруулж буйг юуны өмнө анхааралдаа авах шаардлагатай байгааг онцлох нь зүйтэй. Тухайлбал, захын, алслагдмал хороодын хувьд:
- Зохион байгуулалт муутай хашаанууд (1587 тоот айлыг хайх үед 1581 тоот хашаа байрлах гудамжаар ороод хайх үед тус гудамжинд нь 1440 тоот, 1864 тоот дугаартай айлууд байсан) Сэлбийн 33-р гудамж нь 808 тоотоор дуусаад 34-р гудамж 812 байхгүй
- Хаягжилтгүй
- Хаягжилт тэмдэг тэмдэглэгээ нь олон жилийн хугацаанд бүдгэрч, харагдахгүй болсон
- 1 хаягийн бүртгэлтэй 2 тусдаа хашаа (хоорондоо хол зайтай) байсан
- 1 хаяг дээр хашааг хуваасан, 2 тусдаа айл амьдардаг.
Цаашид сонгогчдын нэрийн жагсаалтын ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар хяналтыг сайжруулах, нэрийн жагсаалтыг аль болох шинэчлэн үнэн зөв гаргахад бүх талууд хамтран ажиллах шаардлагатай байна.
Сонгогчдын нэрийн жагсаалтын хяналт, үнэн зөв байдлыг сайжруулахад:
- Сонгогчдын нэрийн жагсаалтыг нам, эвслүүдээс гадна СЕХ-нд ажиглагчаар бүртгүүлсэн ТББ-д хянах боломж олгох, ингэхдээ санал хураалтаас 3 хоногийн өмнө биш 30-аас доошгүй хоногийн өмнө өгөхөөр зохицуулах
- Нэрийн жагсаалтад гарч буй өөрчлөлтийн мэдээг ил тод танилцуулах,
- Статистик гаргахдаа “Сонгуулийн насны иргэн”, “Сонгогч”, “Түр хасав” тэмдэгтэй, “Сонгуульд оролцсон” гэж ойлгомжтой гаргадаг байх
- Шилжилт хөдөлгөөнийг хялбар хийдэг болгох – ялангуяа Ерөнхийлөгчийн сонгуульд улсаараа нэг тойрог болж буй нөхцөлд
Хаягжилттай холбоотой
- Хаягжилтыг нэгдсэн журмаар зохицуулдаг болох
- УБЕГ, ИТХ-ын ажлын уялдааг сайжруулж хаягжилтын шинэ стандарт мөрдүүлэх
- Хаягийн шинэ систем – регистр, код нэвтрүүлэх
- Газрын зурагжуулах http://www.manaikhoroo.ub.gov.mn гудамж, айлын түвшинд хүргэн хөгжүүлэх
Гадаадад байгаа сонгогчдын бүртгэл
- Гадаадад байгаа сонгогчдын бүртгэлийг цаашид цахим хэлбэрээр хийх боломжийг судалж сонгуульд идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах нь зүйтэй.
С. Энхжаргал
МИДАС ТББ
НЭР ДЭВШИГЧДИЙГ МАГТАЖ САЙШААСАН, ЭЕРЭГ ӨНГӨ АЯСТАЙ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ДАВАМГАЙЛАВ
“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн Глоб Интернэшнл төв нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийж Сонгуулийн тухай хууль болон СЕХ, ХХЗХ-оос хамтран баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллав. Мониторингийн зорилго нь МУ-ын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүргийг сайжруулах, иргэд, сонгогчдыг сонгуульд үнэн бодит мэдээлэлтэйгээр оролцоход нь хувь нэмэр оруулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулж буй сурталчилгааны тэгш, тэнцвэрт байдал хэрхэн хангагдаж буйг олон нийтэд ойлгуулах, далд сурталчилгааг илрүүлэх, Сонгуулийн тухай хууль болон ХХЗХ, СЕХ-ны хамтран баталсан “Радио телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих” журмын хэрэгжилтэд хяналт тавих явдал юм.
МУ-ын Ерөнхийлөгчийн 2021 оны телевизийн мониторингд “МҮОНТ”, “ТV9”, “25 дугаар суваг”, “NTV”, “Монгол HD” гэсэн 5 телевизийг хамруулав. Дээрх телевизүүдийг сонгохдоо “Максима” ХХК-ны 2020 оны судалгаанд суурилж, олон нийтийн санхүүжилт ашигладаг, хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, цаг үеийн мэдээний хөтөлбөр нэвтрүүлдэг, зах зээлд 4-өөс дээш жил оршин тогтносон зэрэг шалгуурыг үндэслэв.
2021 оны 5 дугаар сарын 24-өөс 6 дугаар сарын 09-ний өдрийг дуустал үргэлжилсэн 3 үе шаттай хийгдсэн судалгааны нэгдсэн дүн урьдчилсан байдлаар гарлаа. Судалгаанд олон нийтийн болон төсвийн санхүүжилт ашигладаг, зах зээл дээр удаан хугацаанд оршин тогтнож буй, үзэгчдийн рейтинг өндөр зэрэг шалгуураар сонгогдсон 5 телевиз хамрагдав. Үүнд: МҮОНТ, “Монгол HD ” телевиз, “NTV” телевиз, “ТV9” телевиз, “25 дугаар суваг” телевиз зэрэг багтав. Судалгааны хугацаанд 5 телевизийн 1401 цаг 48 минут 29 секундийн нэвтрүүлэгт мониторинг хийснээс 6% нь сонгуультай холбоотой мэдээлэл байв.
Сонгуультай холбоотой нийт мэдээллийг агуулгын хувьд ангилан үзвэл 46% нь захиалгатай буюу төлбөртэй сурталчилгаа, 39% нь сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл, 15% хувь нь далд сурталчилгаа байв. Энэ удаагийн сонгуулийн сурталчилгаанд “TV9” телевиз хамгийн их сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл нэвтрүүлсэн нь тус телевизийн сонгуультай холбоотой мэдээллийн 48%-ийг эзэлж байна. Харин хамгийн их далд сурталчилгааны шинжтэй мэдээллийг “25 дугаар суваг” телевиз нэвтрүүлсэн нь 16% болов.
МҮОНТ болон бусад арилжааны телевизүүд нэр дэвшигчдийн талаар ялгаатай мэдээлэв. МҮОНТ телевизийн сонгуультай холбоотой мэдээллийн хамгийн их цаг МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхэд оногдсон нь 40%-ийг эзэлсэн бол бусад хоёр нэр дэвшигчид ойролцоо цаг оноосон нь ЗХЭЭ-ээс нэр дэвшигч Д.Энхбатад 31%, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэд 29% болов. Арилжааны бусад телевизүүдийн хувьд мөн л хамгийн их цагийг МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүхэд зарцуулсан нь дунджаар 55%-ийг эзэлсэн бол АН-д аас нэр дэвшигч С.Эрдэнэ 42%, ЗХЭЭ-ээс нэр дэвшигч Д.Энхбатад 3%-тай тэнцэх цаг оногджээ.
Энэ удаагийн сонгуулийн сурталчилгааны хувьд хэт магтаж сайшаасан, эерэг өнгө аястай мэдээлэл дийлэнх буюу 89% болж сөрөг мэдээлэл 6%-д хүрчээ. Төвийг сахисан мэдээлэл хамгийн бага буюу ердөө 5% болов. Өмнөх МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаатай харьцуулахад нэр дэвшигчдийн нэг нэгнээ дайрсан, доромжилсон, баримт нотолгоогүйгээр гутаах гэсэн оролдлого буурсан үр дүн харагдав.
Хамгийн их магтаж сайшаасан мэдээллийг Монгол HD нэвтрүүлсэн нь 94% болж, хамгийн их сөрөг хандлагатай мэдээллийг “25 дугаар суваг” телевиз нэвтрүүлсэн нь тус телевизийн сонгуулийн тухай мэдээллийн 10%-ийг эзэлжээ.
Сонгуулийн сурталчилгааны хугацаанд гарсан сонгуультай холбоотой мэдээллийн агуулгад шинжилгээ хийхэд нийт мэдээллийн 18% нь нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулсан, сурталчилсан, 15% нь гэр бүл, өөрийн намтар танилцуулсан, 10% нь уриа лоозонгийн шинжтэй, 5% хувь нь хийсэн ажлаа танилцуулсан мэдээлэл байв. Харин нийгмийн асуудлыг хөндсөн, бодлогын шинжтэй агуулга маш бага байв. Уул уурхайн асуудал 3%, боловсролы асуудал 2%, хууль эрх зүйн асуудал 2% байсан нь бусдаасаа өндөр байв.
Телевизүүд хуульд заасан 60 минут, нэг нам эвсэл, нэр дэвшигчид оногдох 15 минутыг зөрчсөн 1 тохиолдол бүртгэгдсэн бол мэдээний хөтөлбөрөөр нэвтрүүлэх 5 минутын хязгаарлалтыг зөрчсөн нийт 30 тохиолдол мониторингийн урьдчилсан дүнгээр бүртгэгдэв.
Энэ жилийн сонгуулийн сурталчилгаанаас ажиглагдсан эерэг хандлага бол арилжааны телевизүүд сонгогчдын боловсролд зориулсан хараат бус нэвтрүүлэг бэлтгэх хандлага нэмэгдсэн явдал юм.
Телевизүүд мэдээний хөтөлбөрөөрөө далд сурталчилгаа нэвтрүүлсэн нь илрэв. МҮОНТ-ийн мэдээний хөтөлбөрөөр гарсан сонгуультай холбоотой мэдээллийн 57% нь далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл байв. Харин NTV телевизийн мэдээний хөтөлбөрт хийсэн шинжилгээгээр 80%-тай тэнцэх далд сурталчилгааны шинжтэй мэдээлэл илэрсэн нь бусдаас өндөр байна
Глоб Интернэшнл төв
Утас: 11-324627, 99170361
НИЙГМИЙН СҮЛЖЭЭН ДЭХ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ МОНИТОРИНГ
Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ нь 2021 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үед нийгмийн мэдээллийн сүлжээ (фэйсбүүк)-нд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хэрэгжилт хэр түвшинд байгаа, мөн хүний эрхийн зөрчлүүдэд мониторинг хийж буй бөгөөд энэ ажлыг Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв хариуцан ажиллав. Мониторинг үргэлжилсэн 15 өдөрт нийт 579 мэдээлэл (пост) бүртгэгдэв. Эдгээр бүртгэгдсэн мэдээлэлд нийт 705,750 хариу үйлдэл үзүүлжээ. Өөрөөр хэлбэл нэг постод дунджаар 1218 хариу үйлдэл үзүүлэв. Энэ нь нийгмийн хэвлэл мэдээлэлд иргэдийн оролцоо өндөр бөгөөд санал бодлоо илэрхийлэх, хуваалцах өргөн боломж буйг харуулж байна.
Хамгийн олон хариу үйлдэлтэй постуудын 70 хувь нь сонгуулийн сурталчилгааны эхний 7 хоногт хамаарч байна. Эдгээр хамгийн олон хариу үйлдэл авсан постууд нь нийт хариу үйлдлийн 52 хувийг эзэлж байна.
Мөн хамгийн их хариу үйлдэлтэй постуудын хариу үйлдлийн хэлбэрийг задалж харвал Эдгээрийн 57 хувь шейр хийх, 31 хувь эможи дарсан, 12 хувь нь сэтгэгдэл бичсэн хэлбэрээр илэрчээ. Сонгуулийн сурталчилгааны мэдээллийг шэйр хийж бусаддаа хуваалцах хандлага түгээмэл ажиглагдав.
Хамгийн их хариу үйлдэлтэй постуудын 75 хувь нь У.Хүрэлсүх, 20 хувь нь Д.Энхбат, 5 хувь нь С.Эрдэнэ нэр дэвшигчийн тухай мэдээллүүд байв.
Сонгуулийн сурталчилгааны хугацаанд хоёр мэдээлэл тутмын нэг нь эерэг, гурван мэдээлэл тутмын нэг нь сөрөг хандлагатай байна.
Сонгуулийн сурталчилгааны сүүлийн 7 хоногт эерэг, сөрөг хандлагатай мэдээлэл аль аль нь өсчээ. Тухайлбал сүүлийн 7 хоногт эерэг мэдээллийн давтамж 32 хувиар, сөрөг мэдээллийн давтамж 16 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл сонгуулийн сурталчилгааны эхний 7 хоногт төвийг сахисан мэдээлэл зонхилж байсан бол сүүлийн долоо хоногт эерэг, сөрөг гэсэн туйлруу тэмүүлсэн тэнцвэргүй мэдээллийн давтамж огцом нэмэгдэв.
Нэр дэвшигч С.Эрдэнийн тухай хамгийн их эерэг (72.2%), нэр дэвшигч У.Хүрэлсүхийн (45.3%) тухай хамгийн их сөрөг мэдээлэл түгжээ. Эерэг мэдээллээс илүү сөрөг мэдээллийг шейр хийх тохиолдол 2 дахин их байна. Харин сөрөг мэдээллээс илүү эерэг мэдээллийг лайк дарж дэмжих нь 3 дахин их байна. Үүнээс дүгнэвэл фэйсбүүкийн хэрэглэгчид сонгуулийн сурталчилгааны үеэр нэр дэвшигчдийн тухай сөрөг мэдээллийг хамгийн их шейр хийсэн бол эерэг мэдээллийг хамгийн их лайк дарж дэмжжээ. Сэтгэгдлийн хувьд эерэг, сөрөг мэдээлэл аль аль нь байна. Харин сөрөг мэдээллийг шейр (66.6%) хийж хуваалцдаг хандлага түгээмэл ажиглагдав.
Сэтгэгдэл хэсэгт нэг ижил агуулгатай үг, өгүүлбэр олон дахин давтагдав.
Тухайн сэтгэгдлүүдийг сонгохдоо тус мониторингийн хүрээнд бүртгэгдсэн хүний эрхийн зөрчилтэй постууд болон хамгийн их хариу үйлдэлтэй постуудын сөрөг сэтгэгдлүүдээс агуулгын давтамжаар нь сонгон авсан болно.
Ц. Тамир
Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв
Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ нь Нээлттэй Нийгэм Форумын санаачилгаар 2008 оны 3 дугаар сард байгуулагдсан, нийгэмд ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зорилго санаа нэгтэй төрийн бус байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн сүлжээ юм. Уг сүлжээний гишүүнээр Глоб Интернэшнл ТББ, МИДАС ТББ, Сонгогчдын Боловсрол Төв, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд, Бодлогод залуусын хяналт, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв зэрэг иргэний нийгмийн байгууллагууд ажилладаг бөгөөд 2008, 2012, 2016, 2020 оны УИХ-ын болон 2009, 2013, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиудад хамтран хараат бусаар хяналт тавьж, ажиглалт хийсэн туршлагатай. Сүлжээнд нэгдсэн иргэний нийгмийн байгууллагууд нь сонгуулийн үйл явцад хяналт тавихдаа аливаа улстөрийн нам, эвсэл холбоод, нэр дэвшигчийн нөлөөнөөс ангид, хараат бус байж зөвхөн сонгогчдын эрх ашгийг төлөөлөн, хуулийн хүрээнд, ил тод ажиллах ёс зүйн дүрмийг чанд баримтлан мөрдлөг болгодог.