Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийтийн баялгийн зохистой удирдлагыг дэмжих, хөгжлийн бодлогыг оновчтой тодорхойлоход хувь нэмэр оруулах, үүнд судлаачид, иргэний нийгмийн бүтээлч оролцоог дэмжих үүднээс бодлогын судалгаа, шинжилгээг дэмжиж ирлээ. Энэ хүрээнд шийдвэр гаргах үйл явцыг судалгаа, дүн шинжилгээнд суурилсан олон талт мэдээллээр хангахыг зорьж байна.
Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлийн Засаг дарга нийслэлийн жилийн төсвийн төслийг 11 дүгээр сарын 25-ны дотор иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(ИТХ)-д өргөн мэдүүлэх, нийслэлийн ИТХ жилийн төсвийн төслийг хэлэлцэн 12 дугаар сарын 5-ны дотор батлах хуваарьтай. Түүнчлэн дүүргийн Засаг дарга дүүргийн жилийн төсвийн төслийг 12 дугаар сарын 10-ны дотор дүүргийн ИТХ-д өргөн мэдүүлэх, ИТХ жилийн төсвийн төслийг хэлэлцэн 12 дугаар сарын 20-ны дотор батлах хуультай. Иймд нийслэл, дүүргийн 2026 оны төсвийн төлөвлөлтөд доорх сэдвээр шуурхай дүн шинжилгээ хийх төслийн шалгаруулалт зарлаж байна. Үүнд:
Урсгал зардлын төлөвлөлт
- Нийслэлийн 2026 оны төсвийн урсгал зардлын төлөвлөлтийн дүн шинжилгээ (төсвийн төсөл болон батлагдсан төсөвт дүн шинжилгээ хийх)
- Дүүргүүдийн 2026 оны төсвийн урсгал зардлын төлөвлөлтийн дүн шинжилгээ (төсвийн төсөл болон батлагдсан төсөвт дүн шинжилгээ хийх)
Хөрөнгө оруулалтын зардлын төлөвлөлт
- Нийслэлийн 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн дүн шинжилгээ (төсвийн төсөл болон батлагдсан төсөвт дүн шинжилгээ хийх)
- Дүүргүүдийн 2026 оны хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн дүн шинжилгээ (төсвийн төсөл болон батлагдсан төсөвт дүн шинжилгээ хийх).
Судалгааны ажлын төсөв: Судалгааны хүрээнээс хамаарч судалгааны төсвийн дээд хязгаар 5 сая төгрөг байна.
Судлаач, судалгааны багт тавигдах шаардлага:
- Судлах асуудал, судалгааны ажлын цар хүрээнээс шалтгаалан бие даасан судлаачаас гадна судлаачдын баг төслийн уралдаанд оролцож болно.
- Судалгаа, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай байх.
- Сонгон авсан сэдвээр болон төстэй асуудлаар судалгаа хийж байсан бол давуу тал болно.
- Судлаач нь сонгон авсан сэдвээр хараат бусаар бодлогын судалгаа хийхэд аливаа ашиг сонирхлын зөрчилгүй буюу нийтийн ашиг сонирхлын үүднээс судалгаа, шинжилгээ хийх эрмэлзэлтэй байх.
Судалгааны төслийн баримт бичиг:
- Судалгааны сэдэв, цар хүрээ, зорилго, арга зүй, төсөв, хугацаа зэргийг багтаасан төслийг ННФ-ын судалгааны төслийн маягтын дагуу боловсруулсан байх шаардлагатай бөгөөд маягтыг дараах холбоосоор татаж авна уу.
Судалгааны төслийн санал ирүүлэх хугацаа, хаяг: Судалгааны төслийн баримт бичгийг 2025 оны 11 сарын 11-ний Мягмар гарагийн 17 цагаас өмнө Нээлттэй Нийгэм Форумын [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү. Судалгааны саналыг зөвхөн цахимаар хүлээн авна.


