Монгол Улсын Засгийн газраас Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн өргөн мэдүүлсэн. Уг нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төрийн байгууллагад өргөдөл гомдол гаргаж шийдвэрлүүлэх харилцааг зохицуулахад гарч буй хуулийн давхардлыг арилгах, 1995 онд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль (ИТБАТГӨГШтХ)-ийг хүчингүй болгох саналыг хэлэлцэж байна.
Дээрх өөрчлөлт нь иргэдийн зүгээс төрийн байгууллагад өргөдөл гомдол гарган шийдвэрлүүлэх эрхийн хэрэгжилтэд ямар үр дагавар үзүүлэх талаар хийсэн судалгааны үр дүнг хуульч, судлаач болон иргэний нийгмийн төлөөлөлд танилцуулах хэлэлцүүлгийг Нээлттэй Нийгэм Форумаас зохион байгууллаа.
“Иргэний өргөдөл, гомдол гаргах эрхийн баталгаа” сэдвийн хүрээнд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, Хууль зүйн доктор (Dr.Jur) Д.Сүнжид танилцуулсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний үндсэн эрх болох төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрх, төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу хэрхэн шийдвэрлэх үүргийн талаар танилцуулсан.
Дараа нь “Иргэний өргөдөл, гомдлыг шийдвэрлэх процесс, практик үүсч буй асуудал”-ын талаар “Оюуны-Инноваци” ТББ-ын судлаач, хуульч Б.Төрболд танилцууллаа. Тэрбээр, ИТБАТГӨГШтХ, Захиргааны ерөнхий хууль хоорондын давхцал хийдлийг арилгаж захиргааны байгууллагад иргэн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх процессын зохицуулалтыг Захиргааны ерөнхий хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд боловсронгуй болгох нь зүйтэй. Ингэснээр өргөдөл, гомдол гаргах ажиллагаа төрөлжсөн хуулиар зохицуулагдах боломж нээгдэх сайн талтай гэсэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдын зүгээс дараах саналуудыг хэллээ. Иргэнээс гаргасан өргөдөл, гомдлыг төрийн байгууллагууд хоорондоо албан бичиг бие бие рүүгээ явуулж байгаад хэрхэн шийдвэрлэгдсэн эсэх нь тодорхойгүй, хугацаа их алдагдах нөхцөлийг үүсгэдэг. Иймд өргөдөл, гомдлыг хугацаанд нь шийдвэрлэж хариу өгөөгүй албан тушаалтанд хариуцлага тооцох механизмыг тодорхой болгох, түүнчлэн өргөдөл, гомдлыг шийдвэрлээгүйгээс гарсан хохиролыг тооцдог болох; Иргэн, хуулийн этгээдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаарх мэдээлэл нээлттэй, ил тод байдлаар мэдээлэгдэж, эргэх холбоо бий болгох; иргэнд хуулийг таниулах, сурталчилах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах шаардлагатай талаар санал бодлоо хуваалцлаа.