МЭДЭЭЛЛИЙН ТҮГЭЭМЭЛ ХҮРТЭЭМЖИЙН ОЛОН УЛСЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН “ЦАХИМ ҮНДЭСТНИЙ МЭДЭХ ЭРХ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

A- A A+
МЭДЭЭЛЛИЙН ТҮГЭЭМЭЛ ХҮРТЭЭМЖИЙН ОЛОН УЛСЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН  “ЦАХИМ ҮНДЭСТНИЙ МЭДЭХ ЭРХ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

Глоб Интернэшнл төв нь ЮНЕСКО-гийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форумтай хамтран “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн Олон улсын өдрийг тохиолдуулан “Цахим үндэстний мэдэх эрх” хэлэлцүүлгийг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 14:00-16:00 цагт зохион байгуулна. Тус хэлэлцүүлэгт Хууль зүй дотоод хэргийн яам, Цахим хөгжил харилцаа холбооны яам, Авлигатай тэмцэх газрын төлөөлөл оролцож илтгэл хэлэлцүүлэн оролцогчдын асуултад хариулна. Мөн Глоб Интернэшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэн, Удирдах зөвлөлийн гишүүн, хуульч, судлаач Л.Галбаатар нар оролцон “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн мониторинг”-ийн дүнгээс танилцуулах юм. 

Глоб Интернэшнл Төв нь 2016 оноос хойш энэхүү өдөрт зориулан олон талт үйл ажиллагаа зохион байгуулсаар ирсэн бөгөөд энэ жил долоо дахь удаагаа уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Дэлхийн дахинд энэ өдрийг “Хиймэл оюун ухаан болон Цахим засаглал” сэдвийн хүрээнд тэмдэглэн, шинэ тутам өөрчлөгдөж буй нийгмийг хөгжүүлэх, мэдээлэл олж авах таатай орчныг бүрдүүлэхэд цахим засаглал, хиймэл оюун ухааны олгож буй боломжуудыг онцолж байна. “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-ийг хэрэгжүүлэх нийтлэг зорилгын хүрээнд мэдлэг, мэдээлэл солилцоход туслах олон улсын хамтын ажиллагаа болон түншлэлийг хөшүүрэг болгох арга замыг авч үзэж байна. ЮНЕСКО, Харилцаа Холбоо Хөгжүүлэх Олон Улсын Хөтөлбөрөөр дамжуулан гишүүн орнуудаас тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтэд хяналт тавьж, тайлагнах эрхийг олгосон.

Төрийн байгууллагууд цахим засаглалын системийг дэмжих замаар, шийдвэр гаргахад туслах зорилгоор хиймэл оюун ухааныг ашиглан цахим шийдлүүдийг ихээр ашиглаж байгаа тул эдгээр үйл явц нь уламжлалт захиргааны үйл явцтай адил ил тод, эгэх хариуцлагатай байх нь чухлыг тэмдэглээд, Засгийн газрын зарим салбарт мэдээлэл хомс, мэдээлэлд тулгуурласан нотолгоотой шийдвэр хэтэрхий бага байгаа тул төрийн үйлчилгээг цахимжуулах ажил хангалтгүй байна гэж дүгнэжээ.

Түүнчлэн, төрийн байгууллагууд цахим засаглал болон хиймэл оюун ухаан ашиглахтай уялдсан ёс зүй, үндсэн эрхийн талаарх олон асуулт дагуулж байна. Хиймэл оюун ухаан иргэдийн мэдээллийг ашиглаж байгаа тохиолдолд бид иргэдийн хувийн мэдээллийг хэрхэн хамгаалах вэ? Бидний  мэдээлэл авах сонголтыг хиймэл оюун ухаан тодорхойлж байгаа үед  ямар ёс зүйн зарчмаар үүнийг тодорхойлох ёстой вэ гэсэн асуулт хөвөрч буйг анхааруулав.

Цахим эрин үеийн иргэний орон зай, эгэх хариуцлага, олон нийтийн оролцоог онцолсон 2021 оны Нээлттэй засгийн түншлэлийн дэлхийн дээд хэмжээний уулзалтын дүгнэлтэд үндэслэн, цахим орон зайд суурилсан засаглалын өнөөгийн байдлын талаар илүү тодорхой дүр зургийг олж авах болон НҮБ-ын байгууллагууд, Засгийн газар, иргэний нийгмийн зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээний тодорхой асуудлууд, зөвлөмжийг тодорхойлох нь чухал хэмээжээ.

Иймд, энэхүү Олон улсын өдөр нь иргэдийн мэдээлэл авах, түгээх, боловсруулах эрх чөлөөг хамгаалахын тулд хууль тогтоогчид, шийдвэр гаргагчид, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм болон олон нийтийн анхаарлыг хандуулж, мэдлэг ойлголтыг нь нэмэгдүүлэхэд чиглэж байна.