ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ БА МЭДЭХ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ-2023 ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

A- A A+
ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ БА МЭДЭХ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ-2023 ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Нээлттэй Нийгэм Форум, Глоб Интернэшнл төвтэй хамтран “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба мэдэх эрхийн хэрэгжилт-2023” хэлэлцүүлгийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

2023 онд авлига, ашиг сонирхлын зөрчлийн хэд хэдэн томоохон хэрэг олны анхааралд өртөн илэрч, тэдгээртэй холбоотой төрийн тендер, тусгай зөвшөөрлийг тойрсон мэдээллийн ил тод байдлын талаар талууд шүүмжлэн хэлэлцэх нь нэмэгдэв. Үүнд, ялангуяа төрийн нууцыг тогтоох шалгуур, процесс, түүнд тавих хяналт, үндэсний аюулгүй байдлын ойлголтын хүрээнд мэдээлэл нууцлах асуудал анхаарал татах боллоо. Үүнтэй холбоотой мэдээллийн ил тод байдал, иргэдийн мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийн хэрэгжилт 2023 онд ямар түвшинд байсан талаар дүгнэн хэлэлцэж, холбогдох эрх зүйн орчин, хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлууд, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцох зорилгоор дээрх хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийн эхэнд Глоб Интернэшнл төвийн хуульч, судлаач Л.Галбаатар “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба мэдэх эрхийн хэрэгжилтэд хөндлөнгийн дүгнэлт” сэдвээр илтгэл танилцуулав.

Үндсэн илтгэлийн дараа Авлигатай тэмцэх газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг холбогдох төрийн байгууллагууд мөн төсөв, шүүх, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын асуудлаар ажилладаг мэргэжилтнүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгууллаа. Мэргэжилтнүүдийн зүгээс тус тусын салбарт мэдээллийн ил тод байдлыг хангахад тулгарч буй асуудлуудын талаар дүгнэн танилцуулж цаашид авах арга хэмжээний талаар байр сууриа илэрхийлсэн юм. ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг “Төрийн нээлттэй өгөгдлийн сангуудын "хаалттай" байдлыг арилгахгүйгээр авлигаас ангижирч чадахгүй. Жишээ нь, эцсийн өмчлөгч, шилэн данс, худалдан авах ажиллагаа, ХАСХОМ  зэрэг  мэдээллийн сангууд ихэнх нь машинаар унших боломжгүй, шалган баталгаажуулалт хийгддэггүйгээс бүрэн бус, алдаа ихтэй, хоорондоо холбоогүй учраас энгийн хүн тэр бүр ашиглах боломжгүй байдаг” гэсэн юм.

Мөн ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам “Төсвийн мэдээллийг нээлттэй өгөгдлийн шаардлагад нийцүүлэх, тусгай сангуудын зарцуулалт, төрийн өмчит компаниудын худалдан авалтад холбогдох шийдвэрийг ил тод болгох зохицуулалтыг бий болгох, аймаг, нийслэлийн төсвийн төлөвлөлтийн баримт бичиг,  зарцуулалтад холбогдох шийдвэрийн ил тод байдлыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Төсвийн санхүүжилтээр шинээр хэрэгжих хөрөнгө оруулалтын төслүүдийн үр ашиг, эрэмбийн мэдээлэл, төсвийн тодотгол хийгдэх тохиолдолд хөрөнгө оруулалтын нэмэгдсэн, хасагдсан төслүүд болон санхүүжилтийн дүнд нь өөрчлөлт орсон төслүүдийг шууд харах боломжтой байдлаар ил болгох эрхзүйн зохицуулалтыг бий болгох нь зүйтэй байна” гэсэн юм.

Хэлэлцүүлэгт төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, судлаачдын 50 гаруй төлөөлөл оролцсон бөгөөд хэлэлцүүлгийн тэмдэглэлийг ННФ-аас гаргадаг “Чухал сэдэв”-ээр онцлон хүргэхээр төлөвлөж байна.