Хэвлэлийн мэдээ
Улаанбаатар хот,
2024 оны 6 дугаар сарын 20
Телевизүүд сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл түгээх нь нэмэгджээ
"Глоб Интернэшнл төв" ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Онон:
“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн Глоб интернэшнл төв нь УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийж Сонгуулийн тухай хууль болон СЕХ, ХХЗХ-оос хамтран баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
Мониторингийн зорилго нь УИХ-ын 2024 оны сонгуулийн үеэр ХМХ-ийн гүйцэтгэх үүргийг сайжруулах, ХМХ-ээр явуулж буй сурталчилгааны тэгш, тэнцвэрт байдал хэрхэн хангагдаж буйг олон нийтэд ойлгуулах, далд сурталчилгааг илрүүлэх, Сонгуулийн тухай хууль болон ХХЗХ-ны саналыг үндэслэн СЕХ баталсан “Радио телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах” журмын хэрэгжилтэд хяналт тавих явдал юм.
УИХ-ын 2024 оны сонгуулийн үеэрх телевизийн мониторингд МҮОНТ, ТV9, Монгол TV, NТV, Eagle news гэсэн 5 телевизийг хамруулав. Дээрх телевизүүдийг сонгохдоо Хэвлэлийн хүрээлэн болон MMCG судалгааны байгууллагын гаргасан мониторингд суурилж, олон нийтийн санхүүжилт ашигладаг, хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх албан ёсны эрхтэй зэрэг шалгуурыг үндэслэв.
6 сарын 10-26-ныг дуустал үргэлжлэх 3 үечлэлээр хийгдэж буй судалгааны нэгдүгээр үе буюу 6 сарын 10-16-ны өдрийг хүртэлх хугацаанд хийгдсэн мониторингийн урьдчилсан дүнг танилцуулж байна.
Нэгдүгээр үе буюу 6 сарын 10-16 өдрүүдийн дүн
1.Судалгааны хугацаанд 5 телевизийн 1450 цаг 51 минут 41 секундын нэвтрүүлэгт мониторинг хийснээс 14% нь сонгуультай холбоотой мэдээлэл байв.
МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээллийн 19%-ийг МАН, 16%-ийг ХҮН нам эзэлсэн бол АН, ИХН-д адил тэнцүү 12%-тай тэнцэх цаг оногджээ. Харин 5 телевизийн дүнгээс харахад МАН-ын тухай мэдээлэл дунджаар 31%-ийг эзэлсэн нь давамгай байна. МҮОНТ-ийн мэдээний хөтөлбөрийн талаас илүү буюу 52%-ийг МАН дангаараа эзэлжээ. Харин ХҮН нам 17%-ийг эзэлж байна. Бие даагчдын талаарх мэдээлэл МҮОНТ дээр 5% гарсан бол арилжааны телевизүүдэд 1%-иас хэтэрсэнгүй.
2. Нийт 5 телевизийн дунджаар төвийг сахисан мэдээлэл 44% байна. МҮОНТ-ийн нам, эвсэл, нэр дэвшигчидтэй холбоотой мэдээллийн 91% нь төвийг сахисан хандлагатай байсан бол сөрөг мэдээлэл 15% байна. Арилжааны сувгийн хувьд TV9 телевизийн мэдээллийн 86% нь эерэг хандлагатай, Монгол TV телевизийн мэдээллийн 76% байна. Сөрөг өнгө аястай мэдээлэл мөн л ТV9 телевизэд 8% хүрсэн нь бусдаасаа өндөр байна.
3. МҮОНТ-ийн сонгогчдын боловсролд зориулсан мэдээллийн хэмжээ өсөж 56%-д хүрсэн нь сайшаалтай юм. Харин арилжааны телевизүүдийн далд сурталчилгаа 6-28%-ийг эзэлж байна.
4. Телевизүүдийн далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэлд МАН 52%-иар тэргүүлж байгаа бол АН 12%-иар удаалж байна.
5. Телевизүүд сонгуулийн хуулийн цагийн хязгаарлалтыг чанд баримталж байгаа нь мониторингоор харагдаж байна. Сонгуулийн тухай хуулийн 46.6 /60 минут/, 46.7 /15 минут/-д заасныг зөрчсөн тохиолдол илэрсэнгүй.
6. Сонгуулийн тухай хуулийн 46.2, 46.17 дахь заалтыг үндэс болгон мэтгэлцээн зохион байгуулах, сонгогчдын боловсролд зориулсан хараат бус сэтгүүл зүйн бүтээл бэлтгэн нэвтрүүлж буй нь сайшаалтай боловч зохион байгуулалтыг илүү боловсронгуй болгох шаардлагатай байна.
Та сонгогч мөн үү? Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой УБЕГ-ын ажиллагаа ил тод байна уу? Гадаадад байгаа иргэдийн сонгуулийн оролцоо яагаад дорвитой нэмэгдэхгүй байна?
"МИДАС" ТББ - ын Захирал С.Энхжаргал:
(FACTCHECK.MN)
Сонгуулийн хуулийн 3.1.6-д зааснаар сонгогч гэж “сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгуулийн эрх бүхий иргэнийг”, 3.1.7 сонгуулийн эрх бүхий иргэн гэж 18 насанд хүрсэн эрх зүйн чадамж бүхий иргэнийг хэлнэ. Та сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй бол сонгогч биш болно. Сонгууль болоход хэдхэн хоног үлдээд буй энэ үед сонгогчдын нэрийн жагсаалт мэдээллээ шалгаж, аль тойрог, аль хэсэгт саналаа өгөхөө мэдэж авахыг нийт сонгогчдод зөвлөн уриалж байна. Энэ удаагийн сонгуулиар нэг хэсэгт ногдох сонгогчдын тоог бууруулж шинэ хэсгүүд нэмсэн учир санал өгч ирсэн хуучин хэсэгтээ бус өөр хэсэгт хуваарилагдсан ч байх магадлалтай. Сонгуулийн өдөр сонгогч буруу хэсэг дээр дугаарлаж цаг алдах, саналаа өгөх боломжгүй болох гэх мэт асуудал үүсэж болзошгүйг анхааруулж байна. Сонгогчдын нэрийн жагсаалтаар цахимаар болон холбогдох хэсгийн хороон дээрээ очиж шалгах боломжтой бөгөөд хаяг дээрээ бүртгэлтэй “царцаа” байгаа эсэхийг шалгаарай.
УИХ-ын сонгуулийн хуульд гадаадад байгаа сонгогчдын бүртгэлийн процессыг хялбаршуулж, санал өгөх хугацааг 4 өдөр болгосноор 13095 сонгогч санал өгөхөөр бүртгүүлээд байгааг СЕХ мэдээлсэн. Энэ нь гадаадад байгаа сонгуулийн насны иргэдийн 10 орчим хувь болно. Өмнөх сонгуулиар 7000 гаруй сонгогч бүртгүүлж байсантай харьцуулахад 40 гаруй хувиар нэмэгджээ. Гэхдээ гадаад байгаа 34 дипломат төлөөлөгчийн газар иргэдээ сонгуульд оролцуулах ажилд хайнга цалгар ханддаг нь хэвээр байна. Дипломат төлөөлөгчийн газар байрладаг хотод байгаа, саналаа өгөхийн тулд холоос очих шаардлагагүй сонгогчид ч бүрэн хамрагдахгүй байгаад дүгнэлт хийж улсын төсвөөс чамгүй мөнгө зарсан энэ ажлыг үр дүнтэй зохион байгуулахад анхаарах шаардлагатай.
Энэ удаагийн сонгуулиар УБЕГ сонгогчдын нэрийн жагсаалт, ирцийн мэдээллийг шуурхай шууд мэдээлэхээр болсон нь сайшаалтай. Гэвч нам, эвсэл, ТББ-уудын ажиглагчидтай нээлттэй хамтран ажиллана гэсэн амлалтаасаа ухарч байна. Тус байгууллага нь программын шинэчлэл хийснээ дэлгэцээр танилцуулж, удирдлага нь хүлээн авч тодруулга өгсөн. Гэвч мэдээллийн баазыг зөөврийн компьютер руу хуулах явцыг ажиглах хуваарьтай хоёр өдөр хүлээлгэсний эцэст иргэний нийгмийн болон намын ажиглагчдад ажиглах боломж олгосонгүй. Ардчилсан сонгуулийн нэг гол зарчим нь сонгуулийн үйл явцын ил тод байдал бөгөөд сонгуульд иргэний нийгмийн зүгээс идэвхтэй хяналт тавих нь ил тод байдлыг хангах чухал үүрэг гүйцэтгээд зогсохгүй сонгуулийн үйл явц, үр дүнд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлж, аливаа хардлага, маргаан, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой билээ.
Сонгогчдын нэрийн жагсаалтад бидний өмнө хийсэн ажиглалт, хэлэлцүүлгүүдийн үр дүн, зөвлөмжүүд УИХ-ын сонгуулийн хуульд тусаж, зохих сайжруулалт хийгдэж байгаад талархаж байна. Сонгогч өөрийн мэдээллээс гадна хамт нэг хаяг дээрээ бүртгэлтэй хүмүүсийн мэдээллийг цахимаар шалгах, сонгогчдын нэрийн жагсаалтын нэгдсэн баазтай байх, сонгогчдын нэрийн жагсаалтын хуулбарыг нам эвслүүдэд сонгуулийн өдрөөс 20 хоногийн өмнө, түүнчлэн эцэслэгдсэн байдлаар 3 хоногийн өмнө хоёр удаа өгөхөөр болсон нь үүний жишээ юм. Харин иргэний нийгмийн байгууллагууд сонгогчдын нэрийн жагсаалтын хуулбарыг авах боломжгүй тул нарийвчлан шалгах боломж хомс байна. Иймд улс төрийн нам, эвслүүдийг бидэнтэй хамтран ажиллаж хяналт тавихыг уриалж байна. Энэ удаагийн сонгуулиар бид Factcheck.mn –тэй хамтран нэг хаяг дээр хэт олон сонгогч байна гэх мэт маргаан дагуулсан мэдээллүүдийг хамтран хянан шалгаж, нягтлахаар ажиллаж байгаа болно.
Нам бус сайн дурын ажиглагчид АНУ, Япон, Солонгос улсуудад санал авах ажиллагааг хянаж байна
Бодлогод Залуусын Хяналт ТББ-ын Гүйцэтгэх захирал Ц. Мандхайхатан:
Сүлжээний гишүүн Бодлогод залуусын хяналт ТББ-ын томилсон иргэний нийгмийн ажиглагчид өнгөрсөн амралтын өдрүүдэд сонгуулийн ажиглагчдад зориулсан цахим сургалтад хамрагдан өнөөдрөөс эхэлсэн санал хураах үйл явцыг ажиглаж эхлээд байна.
Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий төв комисс Гадаад харилцааны яаманд ажиллаж байна. Төв комиссоор дамжуулан ажиглагчдыг бүртгүүлэхэд холбогдох хаяг, утас нь тодорхойгүй байх, гишүүдийнх нь хуулийн мэдлэг сул байгаагаас ажиглагчаар бүртгүүлэх хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хороонд дамжуулж, шийдэлгүй удаашруулсан зэрэг бэрхшээл тулгарлаа. Хуулийн дагуу гадаадад санал хураалт эхлэхээс 5-аас доошгүй өдрийн өмнө ажиглагчдын үнэмлэхийг гардуулах ёстой байтал санал хураалтыг тулгаж үнэмлэхийг олгов.
Дотоодын ажиглалтын хувьд Төв, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Хөвсгөл, Увс, Өвөрхангай, Ховд, Хэнтий, Сэлэнгэ 12 аймагт 25 ажиглагч ажиллах ба Улаанбаатар хотын 6 дүүргийн 120 хэсэгт 240 ажиглагч ажиллахаар бэлтгэл хангагдлаа.
Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдал
Бодлогод залуусын хяналт ТББ-ын байгууллага нь сонгуульд оролцож буй нийт 21 нам, эвслээс нэр дэвшиж буй 1336 нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй мэдээллийн хайлтын сан www.opendatalab.mn сайтад нэгтгэн, төрийн худалдан авалт болон бусад нээлттэй эх сурвалжуудтай харьцуулах боломжтой болгов.
Үндэсний аудитын газраас сонгуулийн хуулийн 38.8 болон 38.13-т заасны дагуу нам, эвслийн хандивын тайланд хийсэн дүгнэлтээ 6-р сарын 14-ний өдөр буюу хуульд заасан хугацаанаас 4 өдрийн дараа www.audit.mn сайтад байршууллаа. Уг тайлан нь 2022 оны 1-р сарын 1-ний өдрөөс 2023 оны 2-р сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааг хамарсан болно. Тус мэдээллийг үзвэл нийт 30 нам, эвслийн хандивын тайланд дүгнэлт хийжээ. Үүнд, жишээ нь Монгол ардын нам 155,840.000 төгрөг, Сайн ардчилсан иргэдийн төлөө нам 1,500,000 төгрөгийн хандив хүлээн авсныг баталгаажуулсан байна. Түүнчлэн, мөрийн хөтөлбөрийн дүгнэлт, нэр дэвшигчдийн хандивын дансны мэдээллийг ил тод байршуулжээ.
Сонгуулийн зардлын тайлангийн мониторингийн хүрээнд цаашид сонгуулийн санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө нэр дэвшигчдийн явцын зардлын тайлангаа хэрхэн тайлагнаж буйд хяналт тавин ажиллах болно.
Хэвлэлийн хурлын шууд дамжуулалтыг доорх холбоосоор үзнэ үү.