"Монгол Улсын эдийн засаг дахь төрийн оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг боллоо

A- A A+

Монгол Улсын эдийн засаг дахь төрийн оролцоохэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт тус байгууллагын захиалгаар “Ай Би Менежмент Консалтинг” ХХК-ийн судалгааны багийн зүгээс хийсэн “Монгол Улсын төрөөс төсөв болон төрийн өмчит аж ахуйн нэгжээр дамжуулан эдийн засагт оролцож буй оролцооны түвшний судалгаа”-ны дүнг танилцуулж, эдийн засаг дахь төрийн оролцоог оновчтой болгох чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт  Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, Удирдлага, төлөөллийн албаны дарга В.Дарханбаатар, УИХ-ын Төсвийн байнгын хороо, Үндэсний аудитын газар зэрэг төрийн байгууллагын төлөөллөөс гадна Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Нийслэлийн МАН-ын хороо болон иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо. 

“Монгол Улсын төрөөс төсөв болон төрийн өмчит аж ахуйн нэгжээр дамжуулан эдийн засагт оролцож буй оролцооны түвшний судалгаа”-г гүйцэтгэсэн багийн зүгээс дараах дүгнэлтийг хийжээ. Үүнд:

  • Монгол Улсын эдийн засаг дахь төсвийн оролцоо хэт өндөр байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын төсвийн орлого, зарлага, төсвийн алдагдал, өрийн түвшин хэт нэмэгдэж, эдийн засаг дахь төрийн оролцооны түвшин харьцангуй өндөр түвшинд хүрчээ. Татварын орлого ДНБ-ий 34.2 хувьд хүрч, зарлага 30 их наяд төгрөг давсан нь зах зээлийн механизм, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд ачаалал үүсгэж байна. Төсвийн алдагдал тогтмол, санхүүгийн сахилга сул байгаа нь эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлсэн. Мөн төсвийн бодлого мөчлөг дагасан хэвээр байгаа нь тогтвортой өсөлтийн баттай суурь бүрдэхгүй байх шалтгаан болж байна.
  • Үр ашиг муутай ТӨААН-үүдийн эдийн засаг дахь байр суурь их байна. ТӨААН-үүдийн хөрөнгө ДНБ-ий гуравны нэг орчим, орлого ДНБ-ий 33.2 хувьд хүрч, нийт ажиллагсдын 10 хувийг ажиллуулж буй нь тэдний эдийн засаг дахь давамгай байр суурийг илтгэнэ. Гэвч ТӨААН-үүдийн бүтээмж, өгөөж, засаглалын хариуцлага нь хувийн хэвшилтэй харьцуулахад сул, төрөөс татвар төлөгчдийн мөнгөөр алдагдлыг нөхөх, татаас олгох хэлбэрээр үр ашиггүй үйл ажиллагааг үргэлжлүүлж байна. Үүний улмаас төсвийн нөөцийг үр дүнгүй хуваарилж, бизнесийн өрсөлдөөнд сөрөг нөлөө үзүүлж байна.
  • Бизнесийн  орчин дахь төрийн оролцоо үр ашиггүй байна. Хууль, эрх зүйн орчныг үнэлэхэд зохицуулалт олон давхаргатай, зааг тодорхойгүй, хэрэгжилт сул, ТӨААН-үүдийн статус тодорхойгүй байгаа нь институц хоорондын уялдаагүй байдал, хариуцлагын механизм сул байгааг харууллаа. Хөгжлийн банкны зээлийн бодлого, ТУЗ-ийн хараат байдал, тусгай зөвшөөрлийн хэт төвлөрөл зэрэг жишээгээр төрийн оролцоо бизнесийн чөлөөт, шударга өрсөлдөөнийг хязгаарлаж, хөрөнгө оруулалтын орчинд эрсдэл үүсгэж байна гэж үзэж болохоор байна. Эдийн засгийн эрх чөлөө, өрсөлдөөний индексүүд буурсан нь төрийн зохицуулалт үр ашиггүй, дарамт үүсгэх чиглэлд байгааг нотолно.

Олон улсын туршлагыг авч үзвэл, төрийн оролцоо нь дийлэнхдээ стратегийн шинжтэй эрчим хүч, дэд бүтэц, тээвэр, байгалийн баялаг зэрэг салбаруудад тавлөрдөг. Ингэхдээ хөгжингүй орнуудад энэ оролцоо өндөр хяналт, нарийн зохицуулалттай, зах зээлийн өрсөлдөөнтэй хослон явагддаг бол хөгжиж буй орнуудад ил тод байдал, үр ашиг муу, улмаар төсвийн дарамт ихэсдэг байна.

Төсөв, ДНБ-ий хэмжээгээр авч үзвэл, OECD-ийн дундаж 2023 онд ДНБ-ий 42 орчим хувьд хүрсэн бол Швед зэрэг улс орнуудын төсвийн зардал ДНБ-ий талаас илүүг бүрдүүлдэг. Шведийн хувьд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал зэрэг хүний хөгжилд чиглэсэн салбарууд төсвийн зардлын хамгийн том хэсгийг эзэлдэг. Харин хөгжиж буй орнуудад төсвийн зардал илүүтэйгээр дэд бүтэц, суурь үйлчилгээнд чиглэж, нийгмийн хамгааллын хамралт харьцангуй бага хэвээр байна.

Судалгааны багийн зүгээс Монгол Улсын төрийн эдийн засаг дахь оролцоог оновчлох (1) төсвийн хэмжээ ба бүтээмж, (2) ТӨААН-үүдийн реформ, (3) бизнесийн орчны зохицуулалт гэсэн гурван гол чиглэлд нийт 8 бодлогын хувилбарыг дэвшүүлж харьцуулан үнэлэв. Үнэлгээний үр дүнд боломжит бодлогуудыг 3 үе шатад хувааж болохоор байна. Үүнд:

  • Шуурхай хэрэгжих боломжтой: Зөвшөөрлийн шинэчлэл, KPI суурьтай санхүүжилт, чиг үүргийн оновчлол;
  • Дунд хугацааны реформ: ТӨААН-үүдийг нээлттэй хувьцаат компани болгох, мөчлөг сөрсөн сангийн бодлогыг нэвтрүүлэх;
  • Стратегийн шинэчлэл: Төрийн өмчлөлийн дээд хязгаар тогтоох, ТӨААН-үүдийг татан буулгах бодлогууд стратегийн үр ашиг өндөртэй ч улс төр, институцийн сорилт ихтэй байна.

Монгол Улсад төрийн эдийн засаг дахь оролцоо нь институцийн сул чадавх, бодлого төлөвлөлтийн алдаа, хариуцлагын механизмгүй байдлаас шалтгаалан үр ашиггүй, зах зээлийн гажуудал үүсгэх түвшинд хүрээд байгааг судалгааны баг онцоллоо. Тухайлбал, төсөв болон ТӨААН-үүдээр дамжсан оролцоо хэт өндөр, үр ашиг багатай байгаа нь хувийн хэвшлийн өрсөлдөх чадвар, бүтээмж, эдийн засгийн тогтвортой өсөлтөд саад болж байгаа ба төрийн оролцоо зайлшгүй байх нөхцөл (нийтийн үйлчилгээ, стратегийн салбар) байх ч, зах зээлийн механизм давамгайлсан, хязгаарлагдмал, чанартай оролцоо руу шилжих шаардлагатай байна. Цаашид санал болгож буй бодлогын хувилбаруудыг үе шаттай хэрэгжүүлснээр төрийн оролцоог үр ашигтай, хариуцлагатай, судалгаа шинжилгээнд суурилсан оновчтой түвшинд хүргэж, урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлт, иргэдийн амьдралын чанар, төрд итгэх итгэлийг бэхжүүлэх боломж бүрдэнэ гэж судалгааны багийн зүгээс үзэж байна.

Судалгааны тайлантай эндээс танилцана уу.

Эдийн засаг дахь төрийн оролцооны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогсдын зүгээс дараах асуудлыг онцоллоо. Үүнд:

  • Төрийн өмчит компанитай байх эсэх нь тухайн орны геполитикийн онцлогоос их хамаардаг. Монгол Улс хоёр том хөрштэй, далайд гарцгүй, том газар нутагтай, цөөн хүн амтай. Иймд төрийн өмчит компани аль салбарт байх нь зохистой талаарх шийдвэрийг УИХ, Засгийн газар нарийн судалгаа, шинжилгээнд үндэслэн гаргах нь зүйтэй.
  • Олон улсад эрчим хүч, тээвэр, харилцаа холбоо, уул уурхайн салбарт төрийн өмчит компани байх нь түгээмэл байна.
  • Төрийн өмчит компанийг хувьчлахын өмнө зохих бэлтгэлийг сайтар хангах хэрэгтэй.
  • Орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийг байгуулах шийдвэрт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар оролцохгүйгээр орон нутаг өөрөө бие даан шийддэг болсноор хувийн хэвшил үйл ажиллагаагаа явуулах боломжтой салбаруудад орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн тоо ихээр өсөж, одоогийн байдлаар 300 орчим орон нутгийн өмчит аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, ихээхэн хэмжээний зардал гарч байна. Жишээ нь орон нутгийн төсвөөр худалдааны зах барих зэрэг ажлуудыг хийж, орон нутгийн өмчийн компани үүсгэж байна. Энэ нь төрийн өмчит компанийн тоог цөөрүүлэх Засгийн газрын зорилтод нийцэхгүй байгааг анхаарч, холбогдох хууль эрхзүйн зохицуулалтад зохих өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Монгол Улс нэгдсэн улс учир орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүд нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хамаардаг болох хэрэгтэй байна.
  • Төрийн өмчийн компанийн чиглэлээрх хуульд төрийн өмчийн эрх хэрэгжүүлэх этгээд, Төлөөлөн удирдах зөвлөлийн зохион байгуулалт, компанийн менежментийн баг, аудитын асуудлыг тусгах хэрэгтэй. Төрийн өмчийн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд яамдаас ямар хэмжээнд оруулах талаар нарийн зохицуулах, төрийн өмчийн компанийг улс төржилтөөс хол байлгах асуудлыг хэрэгтэй.
  • Төр зах зээлийг зөв гольдролоор явах замыг л зааж өгөх хэрэгтэй болохоос хувийн хэвшил үйл ажиллагаагаа явуулах боломжтой салбаруудад төр өөрөө төрийн өмчит компаниуд байгуулж, хөтөлбөрүүд хэрэгжүүлж оролцох нь зохисгүй. Хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд тус салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад хүрч байгаа эсэх нь эргэлзээтэй байна.
  • Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах, төсвийн урсгал зардлыг бууруулах, төсвийн шинэчлэл хийх зэрэг ажлуудыг Засгийн газар хийх хэрэгтэй байна.
  • Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд төрийн өмчийн талаар дэвшүүлэх зорилго, зорилтыг сайжруулах хэрэгтэй байна.
  • Төрийн өмчит компанийг хувьчилсны орлогыг төсөвт бүртгэдэггүй болсон нь зохисгүй байна. Хувьчлалын орлого хаана бүртгэгдэж байгаа нь тодорхойгүй байна.
  • Төрийн өрд Засгийн газрын өрөөс гадна Монгол банк, төрийн өмчит компаниудын өр зэргийг хамруулан төрийн өрийн статистик гаргах хууль эрхзүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатай байна.
  • Төрийн байгууллагуудын чиг үүргийн давхардал их байгаа тул чиг үүргийн шинэчлэл хийх хэрэгтэй.
  • Улсын төсөвт иргэдийг оролцуулах хүрээнд салбараар хэлэлцүүлэг хийх, саналыг төсөвт тусгах үйл ажиллагааг чанаржуулах тус тус болно.