Эдийн засгийн зөвлөлөөс Улсын Их Хурал, Засгийн газарт хандан төсвийн төлөвлөлтийн асуудлаар дүгнэлт, санал, зөвлөмж хүргүүллээ - ENG

A- A A+
Эдийн засгийн зөвлөлөөс Улсын Их Хурал, Засгийн газарт хандан төсвийн төлөвлөлтийн асуудлаар дүгнэлт, санал, зөвлөмж хүргүүллээ - ENG

Download the English version.

МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, 2025 ОНЫ ТӨСВИЙН АСУУДЛААР

УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗАРТ ХҮРГҮҮЛЖ

БУЙ ДҮГНЭЛТ, САНАЛ, ЗӨВЛӨМЖ

2024.09.27

Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл нь ээлжит хэлэлцүүлгээ Монгол Улсын төсвийн төлөвлөлт, 2025 оны төсвийн төслийн асуудлаар 2024 оны 9 дүгээр сард хийж, Улсын Их Хурал, Засгийн газарт хандан төсвийн төлөвлөлтийн асуудлаар дараах дүгнэлт, санал, зөвлөмжийг хүргүүлээд байна. Үүнд:

Нэг. Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн тухайд:

1.1. Сангийн яамнаас Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг боловсруулахдаа үндэслэсэн макро эдийн засгийн төсөөлөл нь хэт өөдрөг болсон байна.

Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг боловсруулахад Сангийн яамнаас дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий өсөлтийг 8 хувь байхаар тооцож, нэрлэсэн ДНБ-ий хэмжээ 95 их наяд төгрөгт хүрэх тооцоолол дээр үндэслэсэн байна. Энэ нь 2024 оны ДНБ-ий хүлээгдэж буй гүйцэтгэл болох 79 их наяд төгрөгөөс даруй 15.7 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.

Сангийн яамнаас төсвийн төслийг боловсруулахдаа үндэслэсэн макро эдийн засгийн тооцооллыг сайжруулах чиглэлээр дараах арга хэмжээг авахыг санал болгож байна. Үүнд:

  • Төсвийн төслийг үндэслэх ДНБ-ий хэмжээг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс боловсруулсан макро эдийн засгийн төлөв байдал, дүн шинжилгээ, тооцоонд үндэслэх;
  • Эдийн засгийн төлөв байдлын хувилбартай таамаглал, тооцоолол хийх (өөрөөр хэлбэл, нүүрс 80 сая тонныг экспортолж чадахгүй бол орлого хэрхэх вэ гэдгийг танилцуулах).

1.2. 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг боловсронгуй болгох хэрэгтэй байна.

Монгол Улсын 2025 оны төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга, байгууламжийн жагсаалтаас харахад нийт 639 төсөл, арга хэмжээ тусгагдсан байна. Үүний 108 нь шинэ төсөл, арга хэмжээ бол 531 нь шилжих арга хэмжээ байна. Эдгээр төсөлд 2025 онд 4.1 их наяд төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн нь 2024 онд олгохоор төлөвлөсөн санхүүжилт болох 3.8 их наяд төгрөгөөс өссөн үзүүлэлт юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалт 2020 онд 1.3 их наяд,  2023 онд 2.86 их наяд байсантай харьцуулахад төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ эрс өсөөд байна. 2025 оны улсын төсвийн төслөөс харахад өмнөх онуудад эхэлсэн зарим төслийн хэрэгжилт удааширсан, төсөвт өртөг нь ихээхэн нэмэгдсэн нь ажиглагдаж байна. Хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах ажиллах хүч, капитал, нөөцийг харахад 4 их наяд гаруй төгрөгийн санхүүжилт бүхий их хэмжээний ажлыг ирэх онд Засгийн  газраас хэрэгжүүлэх боломж сул юм. Иймд төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлтийг сайжруулах хэрэгтэй байна.

Хөрөнгө оруулалтын зарим төслийг улсын төсвөөс бус хувийн хэвшлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх Засгийн газрын үйл ажиллагааны орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, газрын тосны үйлдвэр, гангийн үйлдвэр гэх мэт төслүүдийг хувийн хэвшил хэрэгжүүлэх нь зүйтэй.

1.3. Монгол Улсын 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтын зардалд гадаад зээлийн санхүүжилтийн дүнг багтаах хэрэгтэй.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн санхүүжилтийг улсын төсвөөс болон гадаадын зээлээр санхүүжих гэж ангилсан нь зохисгүй байна. Учир нь гадаад зээлийн зардал төсвийн зардалд орох ёстой. Гадаад зээлийн баталгаа гэдэг нь өр учир, төсвөөс гадуур авч үзэх нь төсвийн нэгдмэл байдал болон өрийн тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй.

1.4. Монгол Улсын 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэлийн мэдээллийг ил болгох хэрэгтэй байна.

Төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах нь чухал юм. Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд өндөр төсөвт өртөгтэй хөрөнгө оруулалтын олон төсөл тусгагдсан байна. Эдгээр төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн мэдээллийг ил болгож, олон нийт, УИХ-ын гишүүдийг мэдээллээр бүрэн хангаж, хэлэлцүүлэг өрнүүлэх нь төсвийн хөрөнгийг оновчтой зарцуулах шийдвэр гаргахад чухал юм.

Хоёр. Улсын төсвийн төлөвлөлтийг боловсронгуй болгох чиглэлээр цаашид авах арга хэмжээний тухайд:

2.1. Улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдийг төлөвлөх аргазүйг шинэчилж, эрхзүйн орчныг сайжруулах шаардлагатай байна.

Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг сайжруулах чиглэлээр дараах арга хэмжээг санал болгож байна. Үүнд:

  • Өнөөгийн байдлаар Монгол Улсын төсвөөс төсөвт өртөг нь харилцан адилгүй үнийн дүнтэй олон төрлийн хөрөнгө оруулалтын төслүүдийг санхүүжүүлж байна. Бусад улс орны туршлагаас харахад улсын, салбарын болон орон нутгийн төсвөөс ямар төслийг санхүүжүүлэхийг тодорхой ангилдаг байна. Тухайлбал, Вьетнамын Улсын Хөрөнгө оруулалтын хуульд улсын төсвөөс улсын хэмжээний ямар төслүүдийг санхүүжүүлэхийг заасан байдаг.
  • Манай улсад төсвийн хөрөнгөөр баригдах барилга байгууламжийн төслийг төсвийн ерөнхий захирагчид хэрэгжүүлж байна. Үүнийг зогсоож Их Британи Улсын сайн туршлагаар улсын хөрөнгө оруулалт хариуцсан корпорац улсын төсвөөс санхүүжих бүх барилга байгууламжийн төслийг хариуцдаг болох нь зүйтэй байна. Ингэснээр төсвийн ерөнхийлөн захирагч нар салбарын бодлогодоо илүү төвлөрч, улсын хөгжлийн бодлого илүү сайжрах юм.
  • Аль салбарт, ямар үйл ажиллагааг төр цаашид санхүүжүүлэхгүй вэ гэдгийг шийдэх.

2.2. Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагыг оновчтой болгох шаардлагатай байна.

Өнгөрсөн жилүүдэд хөрөнгө оруулалтын объектыг сонгохдоо улс төрийн ач холбогдол, сонгуулийн тойргийг харж сонголт хийснээс бус нийгэм, эдийн засгийн үр ашгийг зөв тооцоолж байгаагүй нь хөрөнгө оруулалтын бодлогыг томоохон алдаанд хүргэсэн.

Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагыг сайжруулах чиглэлээр дараах арга хэмжээг санал болгож байна. Үүнд:

  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан барилга, объектуудын эдийн засгийн үр ашиг, ашиглалтын байдлыг эргэн дүгнэж үзэх;
  • Чанар муутай барилга, объект барьж, хүлээн авч байгаагийн улмаас улсын төсвийн хөрөнгийг дахин дахин зарцуулах, үр ашиггүй зарцуулах нэг нөхцөл болж байна. Иймд чанар, стандартыг цоо шинээр мөрдүүлэх;
  • Төрийн өмчийн ашиглалт, бүртгэлийг сайжруулах.

2.5. Улсын төсвийг Засгийн газар хэлэлцэхэд тавигдах шаардлагыг хуульд тусгах нь зүйтэй байна.

Төсвийн төлөвлөлтийг сайжруулах шаардлагатай байгаа нь харагдаж байгаа тул Сангийн яамнаас өргөн барьж буй ирэх оны улсын төсвийг Засгийн газар нухацтай хэлэлцэж байх нь чухал юм. Иймд төсвийг Засгийн газар хэлэлцэхэд тавигдах шаардлагыг Төсвийн тухай хуульд тусгах хэрэгтэй байна.

2.6. Татварын хуулиудыг ирэх оны төсвийн тухай хуулиас тусад нь хэлэлцдэг байх нь зүйтэй байна.

Татварын хуулийн өөрчлөлт нь иргэн, аж ахуйн нэгжийн орлого, үйл ажиллагаанд нөлөөлөл үзүүлэх тул нухацтай хэлэлцэн гаргах шийдвэр юм. Энэхүү чухал асуудлыг ирэх оны төсвийн тухай хуулийг хэлэлцэх нэг сар гаруйн маш богино хугацаанд хэлэлцэн шийдвэрлэх нь учир дутагдалтай юм. Татварын хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг нарийн судалгаа, тооцоолол хийж, олон нийтийн оролцоог хангасны үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй.  

 

НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ДЭРГЭДЭХ

ЭДИЙН ЗАСГИЙН ЗӨВЛӨЛ