Нээлттэй Нийгэм Форумаас 2024 оны 10-р сарын 3-ны өдөр “Авлигын хэргийн дагнасан шүүх хэр үр нөлөөтэй вэ?” асуултын хүрээнд Украин, Армени, Филиппин улсуудын хуулийн салбарын мэргэжилтнүүдийг оролцуулсан вебинар зохион байгуулав.
Монгол Улсад авлигын асуудал байнга тулгамдсан асуудал байсаар ирсэн нь Transparency International байгууллагын жил тутам гаргадаг авлигын төсөөллийн индексээс тодорхой харагдана. Сүүлийн жилүүдэд нийтийн баялгийг зохисгүй зарцуулж хууль бусаар хөрөнгөжсөн, нийтийн эрх ашгийг бусад хэлбэрээр хохироосон хэргүүдийн дуулиан тасрахгүй гарсаар ирсэн. Үүнтэй зэрэгцэн гэм буруутай этгээдэд тохирсон шийтгэл, хатуу хариуцлага хүлээлгэх асуудлыг мөн тал талаас шүүмжлэн хэлэлцэх нь нэмэгдсээр ирлээ.
2023 оны 6-р сарын 30-ны өдөр УИХ-аас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр (2023-2030) баталсанд авлигын гэмт хэргийн шинжийг хийдэлгүй тодорхойлох, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилт тусгасан байхын зэрэгцээ шүүхтэй холбоотой “Авлигын гэмт хэрэг хянан шийдвэрлэх чиглэлээр шүүгчийг мэргэшүүлж, орон тоог үйл ажиллагааны онцлог, ажлын ачааллыг харгалзан нэмэгдүүлнэ” (5.3.1) гэж тусгажээ.
Үүнтэй зэрэгцэн шүүхийн тогтолцоонд тодорхой өөрчлөлт оруулах бодлогын шийдэл 2023 оноос эрчимтэй яригдаж эхэлсэн нь авлигын хэргийн дагнасан шүүх байгуулах эсэх асуудал юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны 11 сарын 30-нд УИХ-ын чуулганд хандан хэлсэн үгэндээ “Авлигатай хийх тэмцэл эрчимжиж, эдийн засгийн тоон үзүүлэлтүүд сэргэж байгаа ч, авлигачдад эцсийн хариуцлага тооцох ажил шүүхийн шатанд удааширч байгааг дахин онцолж байна. Монгол Улсад авлигын дагнасан шүүх байгуулах нь зайлшгүй шаардлагатай хэмээн Ерөнхий сайдын хувьд үзэж байна.”[1] гэсэн нь анхаарал татаж байна.
Норвегийн авлигын судалгааны U4 байгууллагын мэдээлснээр 2022 оны байдлаар дэлхийн 27 улсад авлигын хэргийн дагнасан шүүх үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс хамгийн эртнийх нь 1973 онд байгуулагдсан Филиппин Улсын Сандигабаяан шүүх юм. Авлигын хэргийн дагнасан шүүхүүд нь бүтэц зохион байгуулалт, эрх, чиг үүрэг, хүний нөөц зэрэг институцийн чанартай хүчин зүйлсээс гадна тухайн улсын улс төрийн ерөнхий нөхцөл байдлаас хамааран үр дүнгийн хувьд харилцан адилгүй ажээ.
Шүүх шинээр байгуулах нь шүүхийн тогтолцоонд бүхэлд нь нөлөөлөх томоохон өөрчлөлт тул дээрх хүчин зүйлүүд улс төрийн нөхцөл байдалтай хэрхэн уялдаж дагнасан шүүхийн үйл ажиллагаа, үр дүнд нөлөөлж буйг юуны өмнө олон талаас нь нухацтай судлах нь зүйтэй. Иймд авлигын хэргийн дагнасан шүүх бүхий зарим улсын туршлагын талаар мэдээлэл авах зорилгоор ННФ-аас тухайн улсын мэргэжилтнүүдийг оролцуулсан цахим хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.
Эхний илтгэлийг Украины хуульч, шүүхийн шинэчлэлийн асуудлаар мэргэшсэн судлаач Михайло Жернаков танилцуулав. Украин Улс нь 2018 оны 6 дугаар сарын 21-нд Авлигын хэргийн дээд шүүх байгуулах тухай хууль баталсан ба үүнээс өмнө 6-р сарын 07-нд дагнасан шүүхийн шүүгчдийг сонгон шалгаруулж, томилох асуудлыг зохицуулсан тусдаа хууль баталжээ. Ингэснээр Авлигын хэргийн дээд шүүх нь 2019 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Энэхүү шүүх нь анхан шатны журмаар өндөр албан тушаалтнуудын холбогдсон, эсхүл 39,500 ам.доллар түүнээс дээш үнийн дүн бүхий авлигын хэргийг хянан, анхан болон давж заалдах шатны шүүхийн чиг үүрэг хэрэгжүүлдэг юм байна.
Олон Улсад амжилттай жишээнд тооцогддог уг шүүхийн хувьд үр дүнтэй ажиллахад нь хоёр хүчин зүйл онцгой чухал нөлөө үзүүлснийг илтгэгч онцолсон юм. Үүнд:
- Дагнасан шүүхийн шүүгчийг томилоход Канад, Их Британи, Литва зэрэг улсуудаас хараат бус зөвлөхүүдийг урин авчирч сонгон шалгаруулалт хийсэн нь улс төрийн нөлөөгүй чадварлаг хүний нөөц бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ.
- Шинэчлэлийн хүрээнд авлигын хэргийг хянан шийдвэрлэх цогц экосистем бүрдүүлсэн байх ба үүнд Авлигын эсрэг үндэсний товчоо (мөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгууллага), Дагнасан авлигын прокурорын газар буюу УЕПГ-ын нэг хэлтэс, Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний агентлаг буюу авлигын эсрэг бодлого боловсруулагчдын хөрөнгө орлогыг мэдүүлэх системийг хариуцах чиг үүрэгтэй, Алдагдсан хөрөнгийг буцаан төвлөрүүлэх агентлаг зэргийг цогц байдлаар байгуулжээ.
Эдгээр байгууллагуудыг байгуулахад Европын холбоо, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, зэрэг донор байгууллагууд ихээхэн дэмжлэг үзүүлсэн байна.
Филиппин улсын авлигын дагнасан шүүхийн туршлагыг Иргэдийн эрх ашгийн төлөөх өмгөөлөгчдийн холбооны Манила хотын салбарын Ерөнхий нарийн бичгийн дарга, хуульч, өмгөөлөгч Кристина Конти танилцуулав.
Филиппиний улс төрийн түүхэнд хамгийн урт буюу 20 гаруй жил дангаар эрх барьсан дарангуйлагч, улс төрийн авлигын томоохон гэмт хэрэгтэнд тооцогддог Ерөнхийлөгч асан Фердинанд Маркосын шийдвэрээр 1973 онд Авлигын хэргийн дагнасан шүүхийг байгуулсан нь авлигатай тэмцэхээс илүүтэй “улс төрийн оноо авах” бэлэг тэмдгийн шинжтэй шийдвэр байсныг илтгэгч онцлов. Тус шүүх нь авлигын гэмт хэргийн шинж, хэрэгт холбогдсон албан тушаалтны цалингийн түвшнээс хамаарч иргэний болон эрүүгийн журмаар хэрэг хянан шийдвэрлэдэг байна. Гэвч шүүгчдийн томилгоо, хууль тогтоомжийн уялдаагүй байдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан өнөөг хүртэл авлигатай тэмцэхэд дорвитой хувь нэмэр үзүүлж чадахгүй байж ирсэн ажээ.
Армени Улсын авлигын хэргийн дагнасан шүүхийн талаарх мэдээллийн Ардчиллын төлөөх үндэсний хүрээлэнгийн мэргэжилтэн Вардан Партамъян танилцууллаа. (Танилцуулгыг энд дарж үзнэ үү.)
2018 онд авлигатай тэмцэх шинэчлэлийн хүрээнд Авлигын дагнасан шүүх байгуулах асуудал яригдаж 2021 оны 4-р сард шүүх байгуулах тухай хууль баталсан ба 2022 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Бүрэлдэхүүний хувьд 15 шүүгчтэйгээс 10 нь эрүүгийн хэргээр, 5 нь иргэний хэргээр дагнан ажилладаг байна.
Украины Авлигын дээд шүүхээс ялгаатай нь шүүхээс өмнөх болон шийдвэр гүйцэтгэх тусдаа институциуд шинээр бий болголгүй, тухайн чиг үүргийг хэрэгжүүдэг холбогдох байгууллагуудтай үйл ажиллагааг нь уялдуулах байдлаар зохион байгуулжээ. Тус шүүх нь байгуулагдаад удаагүй боловч ил тод байдал хангалтгүй, шүүгчдийн томилгоонд улс төрийн нөлөө тусдаг, хэрэг хянан шийдвэрлэх тогтолцооны бусад байгууллагуудтай үйл ажиллагаа нь уялдаа муутай гэх мэт шүүмжлэлд өртөх болжээ. Түүнчлэн одоогийн байдлаар авлигын хэргийг хянан шийдвэрлэх байдалд дорвитой ахиц гараагүйг мөн илтгэгч онцлов.
[1] Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсад авлигын дагнасан шүүх зайлшгүй шаардлагатай гэж Ерөнхий сайдын хувьд үзэж байна. 2023 оны 11-р сарын 30. <https://mongolia.gov.mn/news/view/26866 > Сүүлд үзсэн огноо 2024 оны 10-р сарын 14