Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал сэдэвт хэлэлцүүлэг боллоо

A- A A+
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Хэвлэлийн мэдээ 

Асуудлын танилцуулга:

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл (ЭБМЗ)-ийн ил тод байдал сэдэвт бодлогын шинжилгээний тайланг өнөөдөр хэлэлцүүллээ. Тус судалгааг хийж, гүйцэтгэсэн судлаач Уул уурхайн инженер, ШУТИС-ийн ахлах багш М.Дагва, Эрдэс баялгийн эрх зүйн судлаач, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторант Г.Сурахбаяр, Хууль зүйн магистр, судлаач Ч.Болормаа нар илтгэл танилцуулсан юм. Хэлэлцүүлэгт эрдэс баялгийн салбарын мэргэжилтнүүд болон хэвлэл мэдээллийн салбарын 40 гаруй төлөөлөл оролцлоо. 

ЭБМЗ нь: 

  • Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн ажлын төлөвлөгөө, үр дүнгийн тайлан ,
  • Ашигт малтмал, газрын тосны хайгуулын үр дүн буюу тогтоогдсон нөөцийг баталгаажуулах,
  • Нөөц нь тогтоогдсон орд ашиглах болон боловсруулах, баяжуулах үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), хаалтын төлөвлөгөө,
  • Газрын тос дамжуулах хоолойн ТЭЗҮ зэрэг олборлох үйлдвэрлэлийн  төслүүд биеллээ олон амжилттай хэрэгжих суурийг тавих гол шийдвэрийг гаргадаг,  тус салбарын хөгжил дэвшилд онцгой ач холбогдолтой голлох шийдвэрүүдийг гаргадаг, салбарын удирдлагын тогтолцоонд чухал байр суурь эзэлдэг онцлог бүтэц/институт юм. 

Өөрөөр хэлбэл, Монгол Улс  нөөц баялгаа судлан тогтоох, батлагдсан нөөцийг ашиглах эсэх, ингэхдээ эдийн засгийн үр өгөөж, байгаль орчин, нийгмийн хариуцлагыг харилцан тэнцвэртэй хангаж чадах эсэх нь бүхэлдээ ЭБМЗ-ийн шийдвэрээс хамааралтай. 

Энэхүү чухал институтийн мэргэшсэн бөгөөд хараат бус үйл ажиллагаа, хариуцлагатай байдлыг хангахад ил тод байдал нэн чухал.

Иймд Уул уурхайн эрх зүй судлалын сан ТББ нь ННФ-ын дэмжлэгтэйгээр ЭБМЗ-ийн шийдвэр, үйл ажиллагааны ил тод байдалд дүн шинжилгээ хийж, хууль тогтоомж, түүний практик хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн тодорхой санал, зөвлөмж гаргалаа.

Уг шинжилгээний дүнг тоймловол,

  • ЭБМЗ-ийн томилгоо, шинжээч томилох үйл явц, дүгнэлт, шийдвэр, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах эрх зүйн орчин дутмаг буюу энэ чиглэлээрх олон улсын стандарт, сайн жишигт бүрэн нийцэхгүй,
  • Эрх зүйн орчны дутмаг байдлаас шалтгаалан ЭБМЗ-ийн гишүүд, шинжээчдийн нэрс, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэхэд ач холбогдол бүхий мэдээлэл болох хамаарал бүхий этгээдийн мэдээлэл, гаргасан шийдвэр, тэмдэглэлийг бүрэн, хүртээмжтэй байдлаар нийтлэгддэггүй байна.

Уул уурхайн эрх зүй судлалын сангийн хийж гүйцэтгэсэн Бодлогын шинжилгээний тайлантай доорх холбоосоор танилцана уу.