(Бодлогын шинжилгээ)
МУИС-ийн Социологийн тэнхмийн багш Ц.Болд, Ч.Тамир
Нэг. Түүх өгүүлэхүй буюу 10000 яаж үүссэн бэ?
2004 онд УИХ-ийн сонгууль ойртож байлаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрх баригч МАХН-ын нэр хүнд маш өндөр, төрөл бүрийн судалгаагаар 48 хувиас огтхон ч буухгүй байв. Сөрөг хүчний хувьд байдал туйлын хүнд байлаа. Чухамдаа 1996 онд эвслийн анхны супер ялалтаас хойш бараг 8 жилийн туршид бүхий л сонгуульд ялагдал хүлээжээ. Тиймээс 2004 оны УИХ-ын сонгуульд эвсэн оролцох нь чухал байв. Сонгуулийн өмнө сөрөг хүчний намууд хүчээ нэгтгэх хүнд хүчир ажил удаан хугацаанд явагдав. Эрх баригч МАХН-ын хувьд сонгуульд сайтар бэлтгэн нийгэм тэр аяараа МАХН дахин ялна, засгийн газраа байгуулна гэсэн хүлээлттэй байв, сөрөг хүчин сайндаа 20-30 орчим суудал авна гэж таамаглаж байв. Сонгуульд МАХН асар их хөрөнгөөр хүчтэй суртал ухуулгын ажлыг явуулахаар бэлдэж байсан бөгөөд сөрөг хүчинд ямар нэгэн шинэ зүйл хэрэгтэй байсан. Чухам ийм үед АН-ын үндэсний зөвлөлдөх хорооны чуулган дээр эрхэм гишүүн Х.Гүндалай "Итгэлийн мөнгө"-ний санааг гаргасан. Намын нөхөд нь эл санааг шүүрэн авч сар болгон, хүүхэд бүрт өгье хэмээн улам баяжуулах нь тэр. Yүнийг зарим боловсролтой, алсыг хардаг хэсэг нь эсэргүүцсэн хэдий ч энэ амлалтыг шууд зарлах нь тэр. Ингэж л хүүхдийн 10000 гэж алдаршсан амлалт үүсчээ. Yүнийг германы жишээ гэж алдаршуулсан ч Германы нийгмийн ажлын сургуулийн профессорууд ингэж бэлэн мөнгө хүүхэд бүрт өгч байсан тийм жишээ манай оронд хэзээ ч байгаагүй хэмээн онцолсон байдаг.
Сонгуульд хүүхдийн 10000 төгрөгийг гол стратеги болгож үндэс угсаа, хүйс зэргийг харгалзахгүйгээр өгнө хэмээн сурталчилж эхлэх нь тэр. МАХН-ын хувьд уг амлалтыг дарах гэж шинээр гэрлэсэн залууст өгөх мөнгө, шинээр төрсөн хүүхэд бүрт өгөх мөнгө, гурваас дээш хүүхэдтэй айлд жил бүр өгөх мөнгө төрлөө. Энэ нь ч мөн адил тооцоо судалгаагүй амлалт байсан хэдий ч итгэлийн мөнгөний тоосонд дарагдаад нэг их газар аваагүй юм. Сонгуулийн өмнө иргэдийн зүгээс 10000 төгрөгөнд эргэлзэж байвч өгөөсэй хэмээн хүсч байсан. Сонгуулийн өмнө явуулсан судалгаанд оролцогчдын дийлэнх хувь нь итгэлийн мөнгөнд итгэхгүй байна хэмээн хариулж байв.
Сонгуулийн дүн гарлаа. Улстөрийн хүчнүүдийн хүч тэнцвэржиж зөвшилцөл эхэллээ. Өрсөлдөгч хоёр хүчин Засгийн газраа зохион байгуулав. Энэ үеэс эхлэн Итгэлийн мөнгө тэдний сэтгэлийг хөндсөн шүдний өвчин болж хувирах нь тэр. Тэдэнд юу юугүй засгийн эрх ороод ирнэ гэж хэн нь ч санасангүй. Гүйцэтгэх эрх мэдлийн төлөө тэмцэл эхэлж Засгийн газрын бүтцээс шахуулсан хэсэг нь итгэлийн мөнгийг заавал өгөх ёстой хэмээн нөгөө хэсгээ дарамталдаг зүйл болж эхлэв.
Сонгогчдын хувьд хоёр гол хүчний сонгуулийн мөрийн хөтөлбөрийн нийгмийн чиглэлтэй заалт гол жин дарж анхаарлын төвд байв. Тэд Итгэлийн 10000 төгрөг болон шинээр гэр бүл бологчдод өгөх 500000 төгрөгний амлалтыг их эвслийн Засгийн газар хэрхэх вэ гэсэн эргэлзээ олон түмний дунд төрж, энэ асуудлыг хүн бүр анхааралтай ажиглаж байв. Нэгэнт эвслийн Засгийн Газар байгуулагдсан болохоор мөрийн хөтөлбөр нь ч гэсэн аль алиний амлалтыг тусгасан эвслийн мөрийн хөтөлбөр байх учиртай. Хэрвээ хоёр талын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн улс төрийн ашиг сонирхлыг нь гээж харьцуулан үзвэл Эх орон-Ардчилал эвслийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан итгэлийн мөнгөний талаарх заалт нь МАХН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан гурав болон түүнээс дээш хүүхэдтэй айлд жилд нэг удаа олгох 100000 төгрөгийг агуулгаараа багтааж байна. Учир нь МАХН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан дээрх тусламжуудыг хүртэгчид итгэлийн мөнгө хүртэгчдийн тоонд багтах юм.
Сонгуулийн дараахан, Засгийн газар байгуулагдаж хараахан амжаагүй байх үед Сэлэнгэ, Булган, Архангай, Өвөрхангай аймгуудын нийт 500 орчим оролцогчтой судалгааг явуулсан юм. Судалгаанаас үзэхэд иргэдийн хамгийн их сонирхож байгаа асуудал нь тэтгэвэр тэтгэмж, цалин нэмэх бөгөөд (нийт судалгаанд оролцогчдын 67 хувь) "Шинээр ажлын байр бий болгох" хэрэгтэй хэмээн хоёр хүн тутмын нэг нь буюу 52 хувь нь дэмжжээ. Харин иргэд итгэлийн Итгэлийн мөнгийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаасай гэж судалгаанд оролцогчдын бараг тал нь (49.7%), хүссэн байлаа.
|
Эндээс үзэхэд хоёр талын амлалтаас нэг нэг заалтыг иргэд нийтлэг сонирхон хүлээж байгаа гэж дүгнэж болно.
Хоёр. Итгэлийн мөнгө ба инфляци
Хүүхэд болгонд сар бүр 10000 төгрөг олгодог болбол энэ нь баялгийг дахин хуваарилж байгаа алхам мөн ч өнөөгийн Монгол Улсын эдийн засгийн чадавхийг тооцож үзвэл гарах үр дагавар нь нэлээд хор, урхагтай инфляцийг хөөрөгдөх аюултай байж болзошгүй юм. Нэлээд хэдэн жилд тогтвортой байсан (тогтвортой байлгасан) инфляц өсөх бодитой хүчин зүйл нийгэмд бүрдээд байна. Yүнийг дараахь байдлаар үндэслэж болох юм.
Нэгд, Монгол банкнаас гаргасан мэдээнээс үзвэл мөнгөний нийлүүлэлт сүүлийн дөрвөн жилд эрс өссөн. Yүнийг зөвхөн өнгөрсөн дөрвөн жилээр таслан харъяа.
|
Хоёрт, сонгуулийн дараа төсвийн зарлага буурахгүй, харин ч нэмэгдсэн, зөвшилцөлтэй холбоотой яамдын тоо өсч тэр хэрээрээ төрийн байгууллагад ажиллагсдын тоо, төрөл бүрийн зардал ихсэх нь мэдээж. Дээр нь энэ жилийн сонгуульд далд байсан асар их бэлэн мөнгө зах зээлд гарсныг тооцоолох хэрэгтэй. Парламентын сонгуулийн эцсийн дүн гараагүй байхад залгаад орон нутгийн, удалгүй ерөнхийлөгчийн сонгуулийн буухиа залгана. Мөн хэрүүлийн алим болоод байгаа 2003 онд "Их өрийг тэглэсэн" явдлын нөлөө мэдэгдэж эхэлнэ. Бид их өрийг тэглэсэн нь зөв үү буруу юу гэдэг маргааныг дэмжих юм уу үгүйсгэх гэсэнгүй нэгэнт гарсан шийдвэрийн үр нөлөөг л ярьж байна. Гуравт, сүүлийн хэдэн сард нефть бүтээгдэхүүний үнэ өсөж дотоодын зах зээлд бараа үйлчилгээнд нөлөөлж байна. Удахгүй цахилгаан, дулаан, автобус унаа, талх махны үнэ өсөх нь хэнд ч ойлгомжтой болж байна. Учир нь суурь үнэ нэмэгдэхээр инфляци дагалдах нь зүй тогтол. Дөрөвт, Засгийн газар 3000 төгрөгийг зарим хүүхдүүдэд өгч эхлэх нь тодорхой болсон. Хамгийн наад зах нь сард 1710 сая төгрөгтэй тэнцэх бэлэн мөнгө зах зээл дээр шууд гарах гэж байна. Мөн цалин тэтгэвэр тэтгэмжийг маш бага хэмжээгээр нэмэх асуудал шийдэгдсэн гэж байгаа юм.
Дурдсан үндэслэл дээр тулгуурлан ойрын үед инфляци нэмэгдэж эхэлбэл гайхах хэрэггүй. Чухам яг үүнтэй давхцаад 2005 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн иргэдийн хадгаламжийн хүү, үл хөдлөх хөрөнгөөс татвар авч эхэлнэ. Yр дүнд нь иргэд мөнгөө гар дээгүүр дамжуулан эргүүлж, тэртээ 90-ээд оны зарим нэг үйл явдал давтагдаж болзошгүй байна. Цалин тэтгэвэр цагтаа тавигдахгүй, цалингийн өсөлтийг инфляци хэд дахин гүйцэж түрүүлээд, эргэн тойрон найдваргүй зээл, дампуурсан банкууд, хадгаламж зээлийн хоршоод, битүү хэлхэлдсэн өрийн сүлжээ үүсч хямрал нүүрлэх вий дээ. Инфляци өсөхөд хамгийн их хохирдог хүмүүс бол нийгмийн эмзэг хэсэг, тэтгэврийнхэн, төсвийн ажилчид юм. Олон улсын байгууллагын мэргэжилтнүүд итгэлийн мөнгөний талаар хэрвээ та нар мөнгө өгвөл түүнийг дагаад инфляци ихэсч наад хүмүүсийн амьдрал тэрнээсээ дордоно хэмээн хатуу анхааруулсан байдаг. Yүнийг цалин 10 хувь нэмэхэд бараа үйлчилгээний үнэ наад зах нь 30 хувь өсдөг жишгийг хүмүүс сайн мэднэ.
Гурав. Бодлогын хувилбар: асуудал ба шийдэл.
Итгэлийн мөнгө нь нийгмийн бодлогын цоо шинэ хандлага мөн боловч үүнийг хэрэгжүүлэх бодлогыг сайтар боловсруулах учиртай юм. Гурван мянган төгрөгийг өгөхөд ямар шалгуураар ядуу гэж үзэх, гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх хэд байгааг тогтоох хэрэгтэй болох юм. Статистикийн төв газар өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Гэвч энэ нь амаргүй ажил юм. Хүмүүс төр, нийгмийн хангамжаас тусламж дэмжлэг авах болохоор бараг бүхий л өрх албан ёсоор ядуу гэсэн тоонд орчихдог, иргэний бүртгэл мэдээллийн систем ч туйлын хүнд байдалтай байгааг саяны сонгууль харуулсан. Хамгийн энгийн жишээ дурдахад дээд сургуульд ирсэн орон нутгийн хүүхдүүд бүгд л төрийн сангаас тусламж авах бичиг баримт бүрдүүлээд ирдгийг санах хэрэгтэй. Бодлогыг хэрэгжүүлэх шат дамжлагаа эргэн харах хэрэгтэй. Хорооны дарга, дүүргийн албадын бас нэгэн авилгын эх сурвалж үүсэх вий. Нөгөө талаас итгэлийн мөнгийг нийгмийн бодлого гэдэг утгаар нь сайтар боловсруулах шаардлагатай. Асуудлыг томъёолохоос эхлээд зорилгыг нь тодорхойлох хэрэгжүүлэх үе шат, үнэлгээ, мониторинг гэх мэт олон асуудлыг эхнээс нь дуустал сайтар судлах учиртай юм. Наад зах нь Итгэлийн мөнгө нь өрхийг дэмжих зорилготой юм уу, эсвэл хүүхдийн төлөө зориулагдах ёстой юм уу гэдгийг ялгах, хэрэгжих арга зам нь ч өөр өөр байх юм.
Одоогоор Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдаад байгаа "гурав ба түүнээс дээш хүүхэдтэй, амьжиргааны баталгаажих доод түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхэд тус бүрт сард 3000 төгрөг олгох "санхүүгийн тооцоо нь 20 тэрбум төгрөг байхаар яригдаж байгаа. Энэ хэр их мөнгө вэ? Эх үүсвэр гээд яриад байхааргүй бага мөнгө гэж ойлгож болно. Хэрвээ андуураагүй бол 2004 оны төсөв 650 орчим тэрбум төгрөг болж байсан. Улсын төсвийн урьдчилсан дүнгээс харвал 2005 оны төсөв 700 орчим тэрбум төгрөгт багтах ажээ. Энэхүү нэмэгдэж байгаа 50 тэрбум төгрөг нь дээрх 20 тэрбум зэрэг зардал нэмэгдээд ингэж өсч байгаа хэрэг биш, харин мөнгөний ханшны уналттай уялдан нэмэгдсэн дүн гэж ойлгож болно. Тэгвэл тэр сүр бадруулаад яриад байгаа 20 тэрбум төгрөгний асуудлыг мөнгөний ханшны уналтаас бий болох мөнгөний зөрүүний ердөө 40 орчим хувиар л санхүүжүүлнэ. Эцэст нь Монголын хүн амын насны бүтцээс харахад 14 -өөс доошхи (90-ээд оноос төрөлт буурсантай холбоотойгоор) насныхны тоо буурсан байдаг. Энэ нь дөрвөн жилийн дараагаас эхлээд тэтгэмж авах хүүхдүүдийн тоо буурч, үүнтэй холбоотойгоор хүүхдэд олгох мөнгөний төсөвт учруулах дарамт багасна гэсэн үг. Тиймээс жил болгоны төсөвт суулгах хүүхдийн мөнгөний бодит хэмжээг бууруулахгүй байж чадвал энэ нь хүүхдүүдэд очих бодитой тусламж болж чадах хэтийн төлөв байгааг харуулна.
Сонгуульд улстөрийн хүчнүүд амлалт өгч болно, өгөх ч ёстой юм. Хэрвээ сайн боловсруулж чадвал итгэлийн мөнгө ч огт бүтэхгүй зүйл биш юм. Гагцхүү бэлэн мөнгө өгөхийг ямар ч тохиолдолд дэмжиж болохгүй. Ийм практик нийгмийн бодлогод байдаггүй. Энэ амлалт улс төрийн хүчнүүдийн хувьд сургамжтай зүйл боллоо. Тэд хойшид ямар амлалтыг яаж дэвшүүлэх вэ гэдгийг мэддэг болно биз. Сонгогчдын хувьд ч цаашид улс төрчдийн амлалтыг хянуур нухан эрэгцүүлдэг болох бизээ.