Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо Төсвийн тогтвортой байдлын зөвлөлтэй хамтран “Төсвийн бодлогын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж хэлсэн үгэндээ, Төсвийн бодлогын хувьд ойрын хугацаанд төсвийн орлогыг боломжтой бүх түвшинд нэмэгдүүлж, зардлыг бууруулах нь зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээ болохыг онцоллоо. Үүний тулд халамжийг зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлэх, цаашид хөдөлмөр эрхлэлттэй уялдуулах, хүүхдийн мөнгөний тогтолцоог оновчтой болгох, хэмнэлтийн хуулийг бүх түвшинд хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтаар дамжуулан дотоодын эх оронч худалдан авалтыг дэмжих зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэлээ.
Хэлэлцүүлэгт Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер, Төсвийн зөвлөлийн зохицуулагч Д.Оюунбадам “Монгол Улсын төсвийн нээлттэй байдал” сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн юм. Тэрбээр илтгэлдээ “Монгол Улсын төсвийн ил тод байдал дээшилж байгаа боловч төсвийн үйл явцад иргэд оролцох боломжийг олгох байдал хангалтгүй хэвээр байна. “Төсвийн нээлттэй байдлын олон улсын судалгаа 2021”-ийн дүнгээс харахад нийт авбал зохих 100 онооноос манай улс төсвийн нээлттэй байдлаар 60 оноо авсан бол төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцоогоор дөнгөж 13 оноо авсан байна. Төсвийн хяналтын тогтолцооны үзүүлэлтээр 76 оноогоор үнэлэгджээ. Төсвийн баримт бичгийн агуулгын иж бүрэн байдлын хувьд Монгол Улс Нэгдсэн төсвийн Хагас жилийн тайланг олон улсын стандартын дагуу боловсруулаагүй ба батлагдсан төсвийн мэдээллийн иж бүрдэл доогуур үзүүлэлттэй байна. Мөн төсвийн тоон мэдээллийг PDF, Word хэлбэрээр нийтэлж буй нь компьютероор боловсруулалт хийхэд хялбар бус тул .csv, .xls/.xlsx, .json гэх мэт форматаар нийтлэх хэрэгтэй байна” гэсэн юм. Тэрчлэн илтгэлд, УИХ, Сангийн яам, Үндэсний аудитын газрын зүгээс дараах асуудалд анхаарал хандуулбал төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцооны үзүүлэлт сайжрахаар байгааг дурдав. Үүнд:
Улсын Их Хурлын зүгээс:
- Олон нийтийн, эсвэл иргэний нийгмийн байгууллага (ИНБ)-ын төлөөлөгч төсөв батлагдахаас өмнөх болон нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн аудитын тайлангийн сонсголд оролцож, мэдүүлэг өгөх боломж бүрдүүлэх;
- Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны төрөл бүрийн сувгаар дамжуулан Төсвийн төслийн талаар олон нийтийн зүгээс санал бодлоо илэрхийлэх боломжийг олгох.
Сангийн яамны зүгээс:
- Төсөв боловсруулах үе шатанд олон нийтийн оролцоог хангах;
- Эмзэг болон төлөөлөл багатай бүлгийг шууд, эсвэл тэдгээрийг төлөөлдөг ИНБ-уудаар дамжуулан төсвийн хэлэлцүүлэгт оролцуулах,
Үндэсний аудитын газрын зүгээс:
- Аудитын шалгалт хийх үйл явцад олон нийт хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлсэн албан ёсны механизмыг бий болгох;
- Аудитын сэдвийн чиглэлээр иргэдээс өгсөн саналыг аудитын хөтөлбөр боловсруулахдаа хэрхэн ашигласан талаарх тайланг иргэдэд хүргэх зэрэг болно.
Цаашилбал, Монгол Улс Нээлттэй засаглалын түншлэлийн 2022-2023 оны үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөнд төсвийн чиглэлээр туссан амлалтуудаа хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлт, мэдээллийн нээлттэй байдлыг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. (Илтгэлийг бүрэн эхээр нь хавсаргав.)
Үргэлжлүүлэн Дэлхийн банкны суурийн төлөөлөгч Андрей Михнев, Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир, Стратеги судалгааны хүрээлэнгийн Эдийн засгийн судалгааны төвийн дарга Н.Энхбаяр, Үндэсний статистикийн газрын дарга Б.Батдаваа нар илтгэл хэлэлцүүлэв.