Иргэний нийгмийн байгууллагууд нээлттэй засаглалыг бэхжүүлэхэд нээлттэй өгөгдлийг ашиглах боломжийн талаар хэлэлцэв

A- A A+
Иргэний нийгмийн байгууллагууд нээлттэй засаглалыг бэхжүүлэхэд нээлттэй өгөгдлийг ашиглах боломжийн талаар хэлэлцэв

2023.01.31

Иргэний нийгмийн байгууллагуудад нээлттэй өгөгдлийн талаар мэдээлэл өгч, нээлттэй засаглалыг бэхжүүлэхэд нээлттэй өгөгдлийг ашиглах боломжийн талаар хэлэлцэв

Монгол Улсад төрийн нээлттэй өгөгдлийн дэд бүтэц, стандартыг бий болгох анхны зохицуулалтыг тусгасан Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 2021 оны 12 дугаар сарын 17-нд батлагдаж, 2022 оны 05 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуулиар нийтийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгох, үүнд нээлттэй өгөгдлийн жагсаалт батлах болон бусад харилцааг тусган зохицуулсан ба мэдээлэл хариуцагч төрийн байгууллагуудад өгөгдлөө нээлттэй болгох үүрэг хүлээлгэсэн билээ.

Төрд цугларсан суурь өгөгдлүүд нээлттэй болсноор төрийн үйл ажиллагаанд хяналт тавих, оролцоог хангах, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих, улмаар ил тод, нээлттэй засаглалыг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй.

Үүнтэй холбоотой Нээлттэй нийгэм форумаас Тунгаахуй өгөгдлийн урлан байгууллагад дэмжлэг үзүүлэн "Нээлттэй өгөгдөлд суурилсан нээлттэй засаглалыг бэхжүүлэх нь" төслийг хэрэгжүүлж буй юм. Төслийн хүрээнд нээлттэй өгөгдлийг сурталчлах, нээлттэй өгөгдлийн үр дүнтэй хэрэглээг дэмжих цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд 2023 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр Нээлттэй нийгэм форум, Тунгаахуй өгөгдлийн урлан, Бодлогод залуусын хяналт ТББ хамтран "Нээлттэй засаглалыг бэхжүүлэхэд нээлттэй өгөгдлийг ашиглах нь" сэдвээр иргэний нийгмийн байгууллагуудад зориулан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Сургалт, хэлэлцүүлгээр иргэний нийгмийн байгууллагуудад нээлттэй өгөгдөл, нээлттэй өгөгдлийн эрх зүйн орчны талаар мэдээлэл өгч, нээлттэй засаглалыг бэхжүүлэхэд нээлттэй өгөгдлийг ашиглах боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Нээлттэй өгөгдлийн гол хэрэглэгч талуудын нэг нь иргэний нийгмийн байгууллагууд юм. Иргэний нийгмийн байгууллагууд нэг талаас хүртээмжтэй, чанартай нээлттэй өгөгдөл бий болоход хяналт тавих, нөгөө талаас нээлттэй өгөгдлийг ашиглан сайн засаглалыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах боломж бий. Цаашид засаглалын нээлттэй байдлыг бэхжүүлэх, олон талын оролцоо хяналтыг хангахын тулд иргэний нийгмийн байгууллагууд нээлттэй өгөгдлийн хэрэглээний хүрээг тэлэх, төр өгөгдлөө нээлттэй болгоход нөлөөлөл үзүүлэх, нээлттэй өгөгдлийг хайж олоход тулгарч буй бэрхшээлүүдийг хамтран арилгах чиглэлээр ажиллах нь чухал ач холбогдолтой билээ.