Монгол Улсын төрийн гадаад өрийн судалгааг Нээлттэй Нийгэм Форумын захиалгаар "Сэргэлт Консалтинг Групп" ХХК-ийн судалгааны баг хийж гүйцэтгэн төрийн гадаад өрийн хэмжээ, түүний цаашдын төлөв байдлыг тооцоолж, өрийн тогтвортой байдалд хийсэн дүгнэлт, зөвлөмжөө өнөөдөр танилцуулж, хэлэлцүүллээ.
Судалгаагаар Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 2023 оны хагас жилийн байдлаар 33.8 тэрбум ам.доллартой тэнцэж байгаагаас 8 тэрбум ам.долларыг Засгийн газрын гадаад өр, 2 тэрбум ам.долларыг Төв банкны өр тус тус эзэлж байна. Засгийн газрын өр нь өнөөгийн үнэ цэнээр дотоодын нийт бүтэгдэхүүний 43 хувьтай тэнцэж байна. Төсвийн орлогын 30 орчим хувийг, нийт экспортын 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт бүрдүүлж байгаа өнөөгийн нөхцөлд уул уурхайн салбараас төсөвт төвлөрөх орлого нь түүхий эдийн үнэ, эрэлтээс шалтгаалан ихээхэн хэлбэлзэх эрсдэлтэй юм. Өрийн зохистой удирдлагын хүрээнд Засгийн газрын болон Төв банкны өр, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн өрийг нэгтгэн авч үзэхийг олон улсын байгууллагуудын зүгээс зөвлөдөг байна.
Засгийн газрын өрийн удирдлагын өнөөгийн тогтолцоонд Монгол Улсын төрийн өрийг бүрэн хэмжээнд авч үзэхгүй байгааг судлаачид хэлж байлаа. Монгол Улсын Засгийн газрын өрийн статистик мэдээлэл, бүртгэлийг Өрийн удирдлагын тухай хуулийн дагуу Сангийн яам бүртгэж, мэдээлэх, тайлагнах үүрэгтэй. Монгол Улсын гадаад өрийн статистикийг Төв банкны тухай хуулийн дагуу Монголбанк хариуцан бүртгэж, тайлагнах үүргийг хүлээдэг. Гэвч эдгээрийн аль нь ч төрийн нийт өр болон төрийн гадаад өрийг илэрхийлэхгүй. Төрийн өрийн бүртгэл, мэдээллийг хэн хөтлөх, тайлагнах нь тодорхойгүйгээс өрийн удирдлагын хуульд ч, өрийн удирдлагын стратегийн баримт бичигт ч төрийн гадаад өрийн удирдлагын асуудал тусгагдаагүй байна гэсэн юм.
Энэхүү судалгаагаар Монгол Улсын “төрийн гадаад өр”-ийг анх удаа тооцож гаргаснаараа онцлог болсныг судлаачдын зүгээс онцоллоо. Судалгааны дүгнэлт, зөвлөмжийг бодлого боловсруулагчид хүргэх юм байна. Шинэ судалгаатай Мэдээллийн сан цэсээс танилцана уу.